logo
Бүтэн нүүр шилжүүлэн суулгасан эр хуримаа хийлээ

Бүтэн нүүр шилжүүлэн суулгасан эр хуримаа хийлээ

2013/04/03
АНУ-ын хамгийн анхны бүтэн нүүр шилжүүлэн суулгах мэс засалд орсон Даллас Винс хуримаа хийлээ.Тэрээр гэргийтэйгээ түлэгдсэн хүмүүст дэмжлэг үзүүлэх бүлэгт явж байхдаа танилцжээ. Винс өдгөө 27 настай бөгөөд түүний гэргий Жейми Наш 29 настай. Хосууд өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Техас мужийн Форт-Уэрт хотод хуримаа хийсэн бөгөөд тэдний хуримын ёслолд оролцохоор 200 орчим зочид хүрэлцэн иржээ. Винс 2008 оны 11-р сард Форт-Уэрт хотын нэгэн баптист сүмийн ханыг будаж байхдаа өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нүүрээ түлж хүн харахын аргагүй болсон юм. Түлэгдэлтийн улмаас тэрээр хараагүй, хамар, уруулгүй  болсон байна. Түүний нүүрнээс зөвхөн уруулгүй ам л үлдсэн байжээ. Тэрээр гурван сарын турш үхэх сэхэхийн дэнсэн дээр комд байсан юм. Харин 2009 онд Винс бие даан алхах болсон бөгөөд 2011 онд 30 гаруй эмч нарийн бүрэлдэхүүнтэй баг түүнд нүүр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болжээ. Нүүр бүрэн шилжүүлэн суулгах энэ мэс засал АНУ-ын хувьд анхных байсан бөгөөд дэлхийн хэмжээнд нүүр бүтэн шилжүүлэн суулгасан гурав дахь мэс засал байсан. Винсид нүүр шилжүүлэн суулгах мэс засал Бостан дахь эмнэлэгт хийгдсэн бөгөөд түүнд шинэ нүүр бэлэглэх мэс засал 17 гаруй цагийн турш үргэлжилсэн юм. Винс нийт 22 мэс засалд орсон. Хуримын ёслол Винсийн түлэгдсэн сүмд боллоо. “Үнэхээр сайхан, энгийн хурим болж байна” хэмээн “Ridglea” баптист сүмийн пастер Скот Кокс “ABCNews” сайтад яриа өгч байлаа. Сүмийн пастор Кокс Винсийг түлэгдэх үед мөн энэхүү сүмд байж байсан бөгөөд энэ аймшигт явдал болсноос хойш ердөө хэдхэн минутын дараа түүн дээр очсон хүн. Хэдэн сарын өмнө Винс хуримын ёслолоо сүм дээр хийж болох эсэхийг асуухад пастор Коксын сэтгэл нь маш их хөдөлжээ. Тэрээр хэлэхдээ  “Нисдэг тэрэг ирээд түүнийг эмнэлэг рүү аваад явахад би дэргэд нь байсан. Түүний төлөө залбирч, бурхнаас түүний амийг аврахыг гуйж байлаа. Харин одоо энгээд түүнийг сүмийнхээ өмнө зогсоод хуримаа хийж байгааг харахад үнэхээр аз жаргалтай, сайхан байна” гэжээ. Хосууд өөрсдийнхөө хуримын бичлэгийг зовж шаналж байгаа хүмүүсд урам зориг өгөх зорилгоор олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байгаа хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш