logo
150 000 ажлын байр бий болгохын төлөө Хөдөлмөрийн яам ажиллаж байна

150 000 ажлын байр бий болгохын төлөө Хөдөлмөрийн яам ажиллаж байна

2013/04/03
Манай улсад хөдөлмөрийн насны 1,7 сая иргэн байна. Эдгээрийн нэг сая гаруй нь ажилтай. 688 мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам буюу суралцагч, тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан ба хүүхдүүд байдаг.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажил эрхлээгүй 87 мянган хүн байна. Энэ хавар МСҮТ-ийг 20, их, дээд сургуулийг 38 мянган залуучууд төгсөн, хөдөлмөрийн зах зээлд гарч энэ тоо нэмэгдэнэ. Энэ хүмүүсийг ажил, орлоготой болгох  нь Хөдөлмөрийн яамны зорилго гэж Я.Санжмятав сайд сэтгүүлчидтэй хийсэн нээлттэй ярилцлагынхаа эхэнд хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газрын “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд 2012-2016 онд 150 мянган ажлын байр бий болгоно.
Манай улсын 7000 гаруй залуучууд Солонгост ажилладаг байна. Ийм тооны иргэдийг энэ оны эхэнд бүртгэж, мэргэжлийн сургалтад хамруулж, аж ахуй нэгжүүдээс захиалга авч ажилд зуучилж, ажлын байраар хангаж байна. Нэг хүнийг ажлын байртай болгоход 1,2 сая төгрөгийн зардал гаргаж байгаа ажээ.
Хөдөлмөрийн зах зээл дээр мэргэжилтэй ажилтан авах 28 мянган захиалга байгаа бол ажил идэвхтэй хайж буй 30 мянган иргэн байна. Олонх нь мэргэжилгүйгээс гологддог. Захиалгаас харахад 25-30 хувь нь дээд боловсролтой ажилтан авна гэдэг бол 65-70 хувь нь мэргэжилтэй ажилчин авна гэсэн байдаг. Энэ хавар л гэхэд барилга, дэд бүтцийн салбарт 100 мянган мэргэжилтэй ажилчин шаардлагатай болно. Энэ бүхнээс харахад манай улсад мэргэжилтэй, чадвартай сайн ажилчид хэрэгтэй байна.  Тиймээс мэргэжил олгоход түлхүү анхаарч, богино хугацааны чанартай сургалтуудыг зохион байгуулж ажиллаж байна гэж Я.Санжмятав сайд тэмдэглэж хэлээд их,  дээд сургууль төгсчихөөд ажил олдохгүйгээс МСҮТ-д суралцах залуучууд нэмэгдэж байгааг онцолж хэллээ.
Иргэдээ ажилтай, орлоготой болгохын төлөө Хөдөлмөрийн яам үйлчилгээ, сургалт, дэмжлэг гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд тавьсан зорилтоо хангалттай биелүүлж ажиллах болно гэдгээ сайд мэдэгдээд Монголчууд баялгаа өөрсдөө бүтээж, эх орондоо сайхан амьдрах учиртай. Үүний төлөө Хөдөлмөрийн яам боломжоороо чармайж гэж хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш