logo
Эх орноо сурталчлах ажилд иргэн бүрийн оролцоо чухал

Эх орноо сурталчлах ажилд иргэн бүрийн оролцоо чухал

2013/04/04
Монгол улс 2011 оноос дэлхийн 140 шахам орныг эгнээндээ нэгтгэсэн “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг”-ийг даргалж байна. Манай улс бүсийн болон дэлхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ  оруулахаар ажиллаж байгаагийн хувьд гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал”-ыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 04 сарын 27-оос 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болоод байгаа билээ. Дэлхийн 140 шахам орны 1000 гаруй зочид төлөөлөгчид нэгэн дор чуулах энэхүү бага хурал нь Монгол улсаа  дэлхий дахинд сурталчлах томоохон ажил болж байгааг зохион байгуулагчид онцлон хэлж байна.  А зэрэглэлийн хамгаалалтаар зорчих улс төрийн томоохон зүтгэлтэнүүд манай оронд айлчлах энэ үеэр эх орныхоо нүүр царай болсон Нийслэл хотоо сурталчилан таниулах  багагүй үүрэг бидэнд ногдож буй юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, нийслэлийн Засаг дарга энэхүү бага хурлын ажилд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр нийслэл хотын өнгө төрхийг сайжруулах, тохижилт, бүтээн байгуулалтын нэгдсэн ажлыг зохион байгуулах тухай хотын Захирагч захирамж гаргаж, захирамжийн дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил нийслэлд ид өрнөж эхэллээ. Тодруулбал Улаанбаатар хотын гадна байрлах зар сурталчилгааны самбаруудыг буулгаж цэгцлэх, Монголын Хүүхдийн ордон, Соёлын төв өргөөг засварлах, Сүхбаатарын талбай, Тусгаар тогтнолын талбайг тохижуулах, зочид төлөөлөгчид байрлах зочид буудлуудын цэцэрлэг, гудамжийг тохижуулах, ногоон байгууламжийн хайс, хашлагыг шинэчлэх, авто замын цагаан шугамыг шинэчлэн будах зэрэг ажлууд төлөвлөгдсөн хугацааны дагуу хийгдэж, энэ сарын 25 гэхэд бүрэн дуусахаар төлөвлөөд байна.  Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 1000 гаруй зочид төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд гурван өдрийн турш манай улсын хөгжил цэцэглэлтийн талаар дэлхий нийтэд мэдээлэх учир эх орноо сурталчлан таниулахад  холбогдох албан тушаалтнуудаас гадна Монгол Улсын иргэн бүрийн оролцоо нэн чухал юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш