“Хариуцлага, хяналтыг сайжруулах жил” сэдэвт эрүүл мэндийн салбарын удирдах ажлын зөвлөлгөөн үргэлжилж байна.
Үдээс хойш өрнөсөн хуралдаанаар “Эрүүл мэндийн байгууллагын хөгжил” хөтөлбөрийн танилцуулгыг ЭМЯ-ны Байгууллагын удирдлага, хөгжлийн хэлтсийн дарга Д.Оюунцэцэг танилцуулсан бөгөөд “Төгсөлтийн дараах сургалтын шинэчлэл” сэдвээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ илтгэл тавьсан юм. Тэрбээр “Эмч, нарийн мэргэжлийн эмч хэт илүүдэлтэй байна. Бэлтгэж гаргаж байгаа эмч нарын тоо хэтэрхий олон байна. 2012 онд 887 их эмч, дээд мэргэжилтэн, 1618 сувилагч дунд мэргэжилтэн төгсөж гарсан. Улсын хэмжээнд эмч нарын хуваарилалт оновчтой бус, нийслэлд хэт олон хөдөө орон нутагт дутагдалтай байгаа”-г онцоллоо.
“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх иргэдийн санал, бодол” сэдвийн хүрээнд хийгдсэн судалгааны дүнг “Эрүүл мэндийн хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-ын тэргүүн Т.Оюунаа танилцууллаа. Эрүүл мэндийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаанд буй чирэгдэл, доголдол, хүлээгдэл, албан бус төлбөр, ашиг сонирхлын зөрчлийн талаарх мэдээллийг анхдагч эх үүсвэр болох иргэдээс авч, эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээнд иргэдийн өгч буй үнэлэлт дүгнэлтийг тодорхойлох зорилгоор хийгдсэн уг судалгаанд давхардсан тоогоор 19412 санал шүүмжлэлийг анхан шатны түвшнээс цуглуулж, эрүүл мэндийн үйлчилгээ иргэдэд хэрхэн хүрч, ямар үр дүнтэй байгааг бодитойгоор зурагласан байна. Тэрбээр “Иргэдийн санал шүүмжлэл болон асуумжид оролцсон байдлаас үзэхэд, манай эрүүл мэндийн салбарын байгууллагууд, эмнэлгүүд нөөц бололцоогоо дайчлан, боломжийн хэрээр ажиллаж байгаа ч зан харьцаа, хүлээгдэл, чирэгдэл гэх хэдхэн үзүүлэлтээс болоод л “дундаас муу” үнэлгээг авч байна. Мөн Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсан, ЭМД-ын систем үр ашиггүй байгаа нь тус салбарын үнэлэмжийг бууруулах бас нэгэн нөхцөл болоод байгааг энд цохон дурдах нь зөв байх” хэмээлээ.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хэлтсийн дарга Н.Сэвжид “Эмнэлгийн орны ашиглалт ба хэрэгцээний судалгаа”-г танилцууллаа. Орны ашиглалтын олон жилийн (2000-2011 он) динамикийг судлан, орны ашиглалт хэрэгцээг тодруулах замаар орны хүлээгдлийг бууруулах, тусламж, үйлчилгээний онцлог, эрэлтэд нийцсэн зөв зохион байгуулалт хийхэд баримт нотолгоогоор хангах үндэслэлээр хийгдсэн уг судалгаа нь Монгол улсад 2012 оны байдлаар 19582 эмнэлгийн ортой, 10000 хүн амд 69.8 ор ногдож, орны фонд ашиглалт 78.9% байгаа бол 2013 онд 4094 ор нэмэгдэж, 23656 ортой 10000 хүн амд 84.2 ор ногдож байгаа нь дахин ор нэмэх хэрэгцээ байхгүй, харин бодлогын түвшинд хүн амын өсөлт, орны ашиглалтын динамик, тусламж, үйлчилгээний онцлогт тулгуурлан орны зохицуулалт хийх, байгууллагын орны менежментийг сайжруулах нь чухал байгааг харуулж байна.
Мөн Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга С.Эвлэгсүрэн “Нийгмийн эрүүл мэндийн бодлогын шинэчлэл” сэдвээр илтгэл тавилаа. “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүтцийг зохистой санхүүжилтын механизмтай, тогтвор суурьшилтай, чадварлаг хүний нөөцтэй, боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай ажиллахуйц болгон шинэчлэнэ. Бусад салбарын бодлогод хүн амын эрүүл мэндийн асуудлыг тусган эрүүл мэндэд тэдний оролцоог нэмэгдүүлэн, хамтын ажиллагааг сайжруулан эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх замаар хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эрүүл мэндээ хамгаалахад иргэдийн оролцоог дэмжин сайжруулах, тэднийг идэвхижүүлэх, эрхийг нь хангах механизмуудыг бий болгоно. Иргэн, гэр бүл, хамт олны хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хүртээмжтэй, чанартай оролцоонд тулгуурласан эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хөгжүүлнэ” хэмээсэн шинэчлэлийн бодлогын зорилтуудаа танилцуулсан бөгөөд дээрх зорилтуудын хүрээнд хийгдэх ажлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.