Хойд Солонгос таван жилийн өмнө хаасан цөмийн зэвсгийн реактороо сэргээнэ гэдгээ мэдэгдмэгц АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Ян Бян-Се нар Вашингтон хотноо товч мэдэгдэл хийлээ. Мягмар гаригт хийсэн энэхүү мэдэгдэл дээр Жон Керри хэлэхдээ “Бид өнгөрсөн хугацаанд Хойд Солонгосоос байж боломгүй, хачин сонин зүйлсийг сонссоор ирлээ. Тиймээс өнөөдөр би энд нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. АНУ өөрийн холбоотон болох Өмнөд Солонгос болон Япон улсыг хамгаалах болно. Үүнийг БНАСАУ ойлгох байх гэж бодож байна. БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд болон миний бие Солонгосын хойгт энх тайван байдлыг бий болгох нь чухал гэдэгт санал нийлж байна” гэжээ. Мөн тэрээр ирэх долоо хоногт Казахстаны Алматы хотод болох “P5+1”цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт олон улсын анхаарлыг Иранд хандуулах талаар дурьдаж байсан юм. Жон Керри цааш нь хэлэхдээ “Хойд Солонгосын хувьд үндэсний нийгэмд дахин нэгдэх нь маш энгийн зам гэдэгт АНУ итгэж байна. Тус улс энх тайван байдлыг бий болгохыг хүсч байгааг мөн хэлэлцээрийн ширээний ард иргэн ирж, хамгийн ойрын хөрш болох Хятад болон бусад улс орнуудтайгаа нэгдэж чадна гэдгээ харуулах хэрэгтэй” гэжээ. Харин БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд хэлэхдээ “Миний бие Нэгдсэн улсын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй Хойд Солонгосын цөмийн туршилт болоод тус улсын удаа дараагийн сүрдүүлэг зэрэг Солонгосын хойгт бий болоод байгаа ноцтой нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Бид Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон өдөөн хатгалгын эсрэг хамтран ажиллана. Хойд Солонгос цөмийн зэвсэг хөөцөлдөхөө болон эзэрхэг түрэмгий байдлаа орхих хэрэгтэй гэдэг дээр бид хоёр санал нэг байна” гэжээ. Солонгосын хойгт түгшүүр зарласан Хойд Солонгосын энэхүү шийдвэр АНУ болон Өмнөд Солонгосын эсрэг дайн явуулах Ким Чен Уны занал, сүрдүүлгийг улам хурцатгасан. Солонгосын хойг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа энэ үед Хойд Солонгосын парламент цөмийн зэвсгийнхээ хүч чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжин баталсан. Үүнийхээ хүрээнд 2007 онд зогсоосон Ёнбён дахь цөмийн объектынхаа үйл ажиллагааг сэргээнэ гэдгээ мэдэгдсэн. Баяжуулсан уран үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү цөмийн реактораа Өмнөд Солонгос, АНУ зэрэг улстай хийсэн гэрээний дагуу хүнсний тусламж авах болзолтойгоор хааж 2007 онд хааж байсан юм. Хойд Солонгосын парламент цөмийн зэвсгийн хүч чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг дэмжин баталсантай зэрэгцэн АНУ Өмнөд Солонгос руу цэргийн хөлөг онгоцоо илгээжээ. Хэрэв Хойд Солонгосын зүгээс дайн өдөөж, түрүүлж гал нээвэл Өмнөд Солонгосыг хамгаалж хариу үйлдэл үзүүлэх Америкийн “Fitzgerald” нэртэй усан онгоц нь пуужинг замаас нь тосч, устгах чадалтай юм байна.
Д.Амар
Д.Амар