logo
ХУДАЛДАА-90 аян амжилттай явагдаж байна

ХУДАЛДАА-90 аян амжилттай явагдаж байна

2011/08/02
Монгол Улсад Худалдааны салбар үүсч, хөгжсөний 90 жилийн ойг угтаж, ХХААХҮЯамнаас зарласан “Худалдаа-90” аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс нутаг дэвсгэрийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын дунд төрөл бүрийн ажлуудыг эхлүүлээд байна. Уг аяны хүрээнд дүүргийн худалдааны байгууллагуудын удирдлагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, аяны хүрээнд хийгдэж байгаа болон цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхбат, Засаг даргын зөвлөх Ц.Энхцогт, Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэр, Цагдаагийн хэлтсийн Олон нийттэй харилцахын ахлах Цагдаагийн дэд хурандаа Ш.Жамьяндорж нар оролцлоо. “ХУДАЛДАА-90” аяны нэрэмжит тугийг 2010 оны Нийслэл, дүүргийн шилдэг худалдааны газрууд тухайлбал Номин, Алтан жолоо, Бүрд, Саруул, Сэлбэ плаза зэрэг супермаркет, худалдааны төвүүдээр аялуулж, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор “Үйлчилгээний соёл-Харилцааны соёл”, “Инээмсэглэж угтах” зэрэг аян зарлаж, дүүргийн Саруул, Бүрд, Меркури, Бэлх захуудын нийт 600 гаруй худалдаа эрхлэгч нарт ХҮДС-ийн маркетингийн албатай хамтран дээрх сэдвүүдээр сургалт явуулж, “Худалдаа, үйлчилгээнд тавигдах үндсэн шаардлага”, “Харилцааны соёл” зэрэг гарын авлага материалаар хангаж ажиллалаа. Аяны хүрээнд Эх булаг ХХК, Алтан жолоо ХХК-ийн Маркетингийн албанаас үйлчлүүлэгчдийг хамарсан идэвхитэй үйл ажиллагаа явуулж, бусдыгаа хошуучлан ажиллаж байна.
.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш