Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 61 гудамж талбайг хамруулан нийт 318 га талбайд тохижилтын ажил хийх төслийн тухай Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. Тохижилтын ажлыг Нарны замаас хойш Их тойруугийн гудамж доторхи хотын гол гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамж, зам талбай бүхий газруудад хийхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтот хөтөлбөр болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Агаар цэвэр Улаанбаатар” зорилтын хүрээнд хотын орон зайн төлөвлөлтийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зам талбайг шинэчлэн сайжруулж, байнгын үйл ажиллагааг хангах тухай тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулахаар энэхүү тохижилтийн зураг төслийг боловсруулжээ. Ерөнхий архитекторын хэлж байгаагаар улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар жил бүр тохижилтын ажлыг хийдэг боловч байнгын үйл ажиллагааг хангаж ажилладаггүй, ашиглалтын хяналт хангалтгүй байгаагаас хийсэн ажлууд үр дүнгүй болох нь элбэг байдаг байна. Иймд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад ойр орчмын тохижилтыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх, байнгын ашиглалт хамгаалалтыг хариуцуулах боломжийг бүрдүүлэх нь тохижилтын ажлыг илүү үр дүнтэй болгоно гэж үзэж байгаа юм байна.
Энэхү төслийг боловсруулахдаа, Их тойруу доторхи гудамж талбайг 6 зэрэглэлд ангилан төлөвлөж, зэрэглэл тус бүрийн зам, ногоон байгууламж, хашаа хайс, гэрэлтүүлэг барилга, хаяг, сурталчилгаа болон бусад бүрдэл хэсэг бүрт тавигдах шаардлагыг нарийн зааж өгсөн байна. Тухайлбал нэгдүгээр зэрэглэлийн тохижилтод их тойруу, бага тойруу болон бусад өргөн чөлөөнүүд багтсан байна. Энэ хэсгийн тохижилтын ажлын цэвэр талбай нь 44,7 га байгаагаас явган зам 29,3 га, дугуйн зам 9,9 га, ногоон байгууламж 5,5 га талбай байгаа юм байна. Энэ хэсэгт 10 гүүрэн гарц, 6 нүхэн гарц хийхээр төлөвлөжээ. Харин 2 дугаар зэрэглэлийн тохижилтод хотын чанартай гол гудамжууд багтсан бөгөөд 12,2 га нь явган зам, 2,9 га талбайд дугуйн зам, 4,8 га талбайд ногоон байгууламж хийхээр төлөвлөж байгаа юм байна. Их тойруугийн хэмжээнд 6 байршилд газар доорх нүхэн гарц, 13 байршилд явган зорчигчийн гүүрэн гарц барихаар төлөвлөсөн байна.
Удирдлагын зөвлөлийн гишүүд Их тойруу доторхи тохижилтын ажлын талаар хэлэлцээд “Улаанбаатар метро” төсөл болон Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлэх “Гудамж” төсөлтэй уялдуулахыг санууллаа. Мөн энэ ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон иргэд оршин суугчид, аж ахуйн нэгж, байгууллагын хандив туслалцаа, оролцоотойгоор гүйцэтгэх ёстой гэсэн юм. Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас их тойруу доторхи 61 гудамж, талбайн 809 га талбайд батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэх тохижилтын хөрөнгийн эх үүсвэрийг НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр тогтлоо.