УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ оны эхээр Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж УИХ-ын гишүүн М.Батчимэг хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ хэллээ. Түүнчлэн дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтын дагуу парламентад суудалтай намууд, бие даагчдын төлөөллийг оруулах боломжгүй, тооны хязгаар тавигдсан байдаг гэж төсөл санаачлагч танилцуулсан юм.
Хуулийн төсөлд УИХ-ын бүтэц дэх Ёс зүйн дэд хороk, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн тоог УИХ-ын Байнгын хороодын гишүүдийн гуравны хоёр хүртэл хэмжээнд нэмэгдүүлэхээр холбогдох өөрчлөлтүүдийг оруулахаар тусгажээ.
УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 8 гишүүнтэй ажилладаг байна. Тиймээс энэ дэд хороо өнөөдрийн байдлаар 5 гишүүнтэйгээр ирц бүрдэж, 3 гишүүний саналаар УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаарх дүгнэлтийг гаргах нөхцөл бүрдэж байгаа юм. Хэрэв хуулийн төсөл батлагдвал УИХ-ын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад Дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах байнгын хорооны гишүүдийн гуравны хоёроос илүүгүй, бусад дэд хороо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёроос илүүгүй тооны гишүүнтэй байх юм байна.
Шийдвэр гаргагчид нь намдаа удирдах байгууллагын гишүүн байх төсөл санаачилжээ
Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Г.Уянга нар өргөн мэдүүллээ.
Хуулийн төсөл санаачлагчид нам нь нийтийн эрх зүйн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг субьект бөгөөд намын бодлого, шийдвэр нь улсын болон орон нутгийн хэмжээний шийдвэр болж хэрэгжих боломжтой гэж үздэгээ энэ үеэр илэрхийллээ. Энэ утгаараа тухайн намыг төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүнд сонгогдсон, түүнчлэн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид сонгогдсон намын гишүүн нь намынхаа төв болоод орон нутгийн байгууллагын удирдах байгууллагад зайлшгүй гишүүнчлэлтэй байж, тухайн намын бодлого, шийдвэр гаргахад оролцож байх шаардлагатай байна гэж УИХ-ын гишүүн Р.Бурмаа хэллээ.
Хуулийн төсөлд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн зарим хэсгийг өөрчлөн найруулж, улсын болон орон нутгийн түвшний шийдвэр гаргагчид нь тухайн намын төв болон орон нутгийн удирдах байгууллагын гишүүн байж намын шийдвэрийг нийтийн эрх ашигтай уялдуулан улсын болон орон нутгийн хэмжээнд шийдэрлүүлэх боломжтой байхаар тусгасан байна.
Хүний эрх, эрх чөлөөний байдлаарх илтгэл боловсруулагджээ
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр мөн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын тэргүүн Ж.Бямбадорж өргөн барилаа.
Хүний эрхийн Үндэсний Комисс энэ удаа “Уул уурхай ба Хүний эрх”, “Хүүхдийн зарим эрхийн асуудал”, “Монгол Улс дахь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдал”, “НҮБ-ын Хүний эрхийн байгууллагуудаас Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт” гэсэн 4 бүлэг бүхий илтгэлийг бичиж өргөн барьж байгаа юм. Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж энэхүү илтгэлээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.
Мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан улс орны эдийн засгийн байдлыг УИХ-д танилцуулахаар парламентын тэргүүнд гардуулсан гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.