logo
Д.Эрдэнэбат: Төрийн тэргүүний шударга үгийг сонсох тэвчээр цөөнхөөс гараагүйд харамсаж байна

Д.Эрдэнэбат: Төрийн тэргүүний шударга үгийг сонсох тэвчээр цөөнхөөс гараагүйд харамсаж байна

2013/04/06
Хаврын чуулганы нээлт болоод улстөрийн хүрээнд болж буй зарим асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Төрийн тэргүүнийг үг хэлэх үед цөөнхийн бүлэг хаврын чуулганы нээлтийн үйл ажиллагааг орхин гарлаа.  Та үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Төрийн тэргүүн энэ төрийн алдаа оноотой зүйлүүдийг  хэлсэн.  Энэ нийгэмд үнэхээр болж бүтэхгүй хүлээгдээд буй иргэдийн хүсч хүлээж эмзэглэж байгаа зүйлүүдийг шударга хэлсэн. Ялангуяа УИХ, Засгийн газрын алдаа дутагдлыг хэллээ. Төрийн тэргүүний шударга үгийг  сонсох  тэвчээр манай цөөнхөөс гараагүй, арай яарчихав уу даа  гэж харамсаж байна. Төрийн тэргүүн урд өмнө нь болохгүй байсан зүйлийг өнөөдөр давтахгүйн тулд ямар өөрчлөлт гарч байгаа вэ гэдгийг хэлэх агшинд манай цөөнх хурлаа хаяж гарлаа.

-Хаврын чуулгантай зэрэгцүүлж МАН-ынхан жагсаж байна, иргэний хөдөлгөөнүүд бас нэгдчихэж. Дээр нь орон сууцны зээлээс болж хохирсон иргэд бас нэгдчихсэн жагсаж байна. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Орон сууцтай холбоотой асуудал өмнөх Засгаас өвлөгдөж ирсэн. Үүнд зөвхөн өнөөдрийн Засгийн газарт буруу өгөх нь хэр зөв юм бол. Гэхдээ бид  энэ хаврын чуулганаараа Моргейжийн зээлийн тухай хуулийг маш хурдан шуурхай баталж хэрэгжүүлэх ёстой. Болж өгвөл Засгийн газраас энэ сард багтаагаад УИХ-д хуулийн төсөл оруулж ирээсэй, түүнээс биш өмнөх хөнгөн хуумгай улстөрийн шинжтэй хийсэн үйлдлийг дахин давтаж өнөөдөр улс төрөөр дамжуулж иргэдийг хохироох ёсгүй гэсэн байр суурьтай байна.

-Танай бүлгийн нэг гишүүн Швейцарь улсад нууц данстай байсныгаа Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлдэггүй байсан нь батлагдлаа. Энэ асуудлыг бүлэг эхний байдлаар хэлэлцсэн үү?

-ХОМ-тээ өөрийнхөө оруулах ёстой хөрөнгөө  мэдүүлээгүй нь  тухайн гишүүний хариуцлагын асуудал учраас  бүлэг албан ёсоор авч үзэх нь зөв эсэхийг бодох  хэрэгтэй. Гэхдээ энэ бол нэлээн алсаас шийдэгдсэн зүйл юм болов уу гэж ойлгож байгаа. ХОМ-тээ гадаадад байгаа данс, компаниа бүртгүүлээгүй нь  яах аргагүй алдаа. Хариуцлага тооцох ёстой юу гэвэл ёстой.  Гэхдээ энэ нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Тиймээс УИХ  энэ тухай ойрын үед авч хэлэлцэх байх. Харин уг асуудалтай холбоотойгоор  бидэнд нэг сануулах зүйл юу вэ гэхээр Монголын төрийн албан хаагч гадаад улсад ямар нэг хэмжээгээр нууц  данстай, компанитай байгаа бол  үүнийг шийдэх эрхзүйн орчныг бий болгох нь зайлшгүй шаардлагатай гэдэг дохио. Манай улсын эдийн засаг өргөжиж, уул уурхай ашиг сонирхол дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа үед монголын улстөрчдийг ямар нэгэн байдлаар цаашид иймэрхүү асуудалд холбогдуулахгүй байх гэсэн баталгаа алга. Тийм учраас цаашдаа аль аль талдаа анхаарах ёстой. Энэ бол улс эх орны хувь заяатай холбоотой асуудал.  Хэдийгээр өнөөдөр асуудал С.Баярцогт дээр тусч байгаа ч цаашид хэн дээр тусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тийм учраас монголчууд энэ асуудалд маш няхуур хандах ёстой болов уу гэж үзэж байна.

-Увсын тойргийн сонгуулийн маргаантай холбоотойгоор хоёр өөр шийдвэрийг шүүхээс гаргалаа. Сонгуулийн ерөнхий хороо шийдвэр гаргах тухай мөн  яригдаж байна?

-Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр гэж ойлгож байгаа. Нийгэмд олон янзын хардлага явдаг ч гэсэн шүүхийн шийдвэр бол шүүхийн шийдвэр.  Үүнд  ямар нэг улс төрийн нөлөөлөл гараагүй гэдэгт найдъя. Шүүгч өөрөө ямар хэм хэмжээнд зөв гэж үзэж түүнийгээ нотлох нь өөрийнх нь эрхийн асуудал. Гэхдээ нэр дэвшигч нь зөрчил гаргаагүй гээд УИХ-д сууж байдаг, туслахууд нь мөнгө тараасан хэмээн нэр дэвшигчтэйгээ огт хамаагүй юм шиг хоёрдмол заалт гарч байгаа нь өнөөдрийн эрх зүйн орчин ямар байгаа юм бэ гэдгийг яруу тодоор нотолсон зүйл болсон гэж бид ойлгож байгаа.  Хамгийн  гол нь шүүхийн шийдвэр ямар байна, бид түүнийг хүндэтгэн үзэх ёстой.

-Өвөрхангайн асуудал юу болж байгаа вэ?

- Шүүхийн эцсийн шийдвэр юу гэж гараад Сонгуулийн ерөнхий хороо ямар шийдвэр гаргах нь тэдний асуудал. Эцсийн шийдвэр гарсан нөхцөлд Өвөрхангайн тойргоос хэн орж ирэх нь хамаагүй. Орж ирсэн нэр дэвшигчийг УИХ батламжлах нь үүрэг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш