Барилгын салбарын удирдах ажилтны “Бүтээн байгуулалт-Хөгжил” зөвлөлгөөн энэ сарын 11 нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Нийслэл болон орон нутгаас 600 орчим төлөөлөгч оролцох уг зөвлөлгөөнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан салбарт баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар илтгэл тавих юм.
Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт, ажиллах хүчний талаар мэдээлэл хийхээр боллоо.
Барилга угсралт, нийтийн аж ахуй, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэл гээд салбарын бүхий л удирдах ажилтнууд цугларах энэ зөвлөлгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн удирдлагууд оролцож мэдээлэл өгнө. Зөвлөлгөөний үеэр хэлэлцүүлэг явуулж, зөвлөлгөөнөөс гарах шийдвэрийн төслийг батлахаар төлөвлөөд байна.