logo
Тариалалтын бүс нутгийг нэмнэ

Тариалалтын бүс нутгийг нэмнэ

2013/04/06
Жил бүрийн хавар улс орон даяар өрнөдөг нэг том ажил бол хаврын тариалалт. Хаврын тариалалт эхлэх цаг ойртсонтой холбогдуулан бэлтгэл ажил ямар шатанд байгаа талаар ҮХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболдоос тодрууллаа. 

-Энэ жил хэдий хэмжээний ургац тариалахаар төлөвлөөд байна вэ?

-Улсын хэмжээнд нийт 393.5 мянган га тариалалт хийхээр төлөвлөөд байна. Тарималын төрлөөр нь авч үзвэл 324.7 мянган га талбайд үр тариа тариална. Энэ дотроо гурил үйлдвэрлэхэд зориулсан улаан буудайг 313.7 мянган га талбайд тариалахаар болоод байна. Төмс 15.5 мянган га, хүнсний ногоо 7.6 мянган га, 20.7 мянган га малын тэжээл, тосны ургамал 25 мянган га талбайд тариалахаар төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Нэгжийн ургацыг өнгөрсөн онд хураан авсан ургацын дунджаар тооцон энэ жилийн хураан авах ургацын хэмжээг урьдчилан байдлаар тооцон гарагасан. Үүнд нийтдээ 487 мянган тонн үр тариа авахаас 470.5 мянган тонн буудай хураан авах боллолцоотой гэж үзэж байгаа. Мөн 208 мянган тонн төмс, 107.9 мянган тонн хүнсний ногоо, малын тэжээл 51.7 мянган тонн, тосны ургамал 25 мянган тонныг хураан авахаар тооцоод байна. Мөн 2014 оны тариалалтанд зориулж 330 мянган га талбайн уриншийг бэлтгэх ажил энэ зун хийнэ.

-Одоогийн байдлаар тариа­лангйин бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ. Яамны зүгээс ямар, ямар ажил хийж байна вэ?

-Нэн тэргүүнд тариалангийн үрийн хэрэгцээг тооцох ёстой. Шаардлагатай буудайн үр 50.1 мянган тонн, бусад үрийн хэрэгцээ 1767 мянган тонн, төмсний үр 40 мянган тонн, тосны ургамлын үр 30 мянган тонн хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Үүнээс 41.1 мянган тонн үрийн нөөц нь бэлэн байна. Дутагдаж байгаа 13 мянган тонн үрийн 7-8 мянган тонныг нь тариалан эрхлэлтийг дэмжих сан болон ОБЕГ-ын үрийн нөөцөөс гаргуулахаар болсон. Харин үлдсэн 3-4 мянган тонн үрийг аж ахуйн нэгжүүдийн үлдсэн буудайнаас үрийн хянан баталгаа хийлгэж гаргах ажлыг хийж байна. Бусад үр тариалалтын дутагдалтай байгаа үрийг бид аж ахуйн нэгжүүдтэй хамтран гадаадаас инпортлох ажлыг хийж байна. Төмс, хүнсний ногооны тариалалтад энэ онд яамнаас онцгойлон анхаарч ажиллаж байгаа. Нийт хүн амынхаа дотоодынхоо хэрэгцээг өнгөрсөн онд төмс, буудайгаар 100 хувь хангасан бол хүнсний ногооны дөнгөж 52 хувийг хангасан. Иймээс 2016 он гэхэд дотоодынхоо хэрэгцээг хүнсний ногоогоор 100 хувь хан­гадаг болох зорилтыг тавин “Хүнсний ногоо” хөтөлбөрийг боловсруулан засгийн газарт өргөн барихаар хэлэлцэж байна.

-Хэрэгцээт шатахуунаа хэрхэн нийлүүлэхээр болсон вэ?

-Тариалалтын бүх үйл ажиллагаанд нийтдээ 20.3 мянан тонн шатахуун хэрэгцээтэй. Энэ шаард­лагатай түлшийг тариа­ланчддаа олгох асуудлаар нефть инпортлогч байгууллагуудтай гэрээ хийж ажилладаг. Өнөөдөр тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нефть импортлогч компаниудтай гэрээгээ байгуулаад урьдчилсан нөхцлөө тохирсон бай­гаа. Шатахууныг авахдаа 50 хувийн урьдчилгаа төлбөр төлөөд үлдсэн 50 хувийг нь намар төлөх нөхцөлтэйгөөр хэрэгцээт түлшээ бүрэн хангах боломж нөхцлийг тариаланчдад бүрдүүлсэн.

-Тариалалтын ажил, үр суу­лгалт яг хэдийнээс эхлэх вэ. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалан ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Хүлэмжийн тариалан, үрсэл­гээний ажил эхэлсэн. Үүнийг тариалалтын ажил эхэлсэн гэж ойл­гож болно. Төрөл төрлөөсөө шалтгаалан зургаадугаар сарын 10 гэхэд үрсэлгээний тариалан эцсийн байдлаар дууссан байх ёстой. Ургац хураалт мөн адил тариалалтын болцоосоо хамааран долоодугаар сарын эхээс есдүгээр сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. Цаг агаарын хувьд одоогоор урьдчилсан мэдээ бидэнд ирээгүй байна. Тариалан эхлэхээс өмнө бид тариалан эрхлэгчидийн нэгдсэн зөвлөлгөөнийг зохион байгуулдаг. Энэ жил дөрөвдүгээр сарын 12-нд Тариаланчдын холбоотой хамтран зохион байгуулахаар болсон. Энэ нь нэг талаар тариалан эрхлэлтэд төрийн оролцоог багасгаж хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог илүүтэй дэмжих зорилготой хийж буй юм. Энэ зөвлөгөөний үеэр Ус цаг уур орчны хүрээлэнгээс бидэнд нэгдсэн байдлаар дулааны улирлын цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулах ёстой.

-Энэ жилийн тариалалтын ажилд техник технолийн шинэч­лэлийг хэр хийж байгаа вэ?

-Өнгөрсөн оны “Атрын гурав­дугаар аян”- ы хүрээнд шинэчлэх ёстой техник технолгийн 60 гаруй хувийг шинэчилсэн. Энэ жилийн хувьд энэ ажил мөн адил үргэлжилнэ. 20,30 жил ашигласан элэгдэлд орсон техникүүд ч бай­гаа. Ашиглах боломжгүй болсон техникийг Засгийн газрын хөн­гөлөлтийн зээлээр шинэчлэх ажлыг зохион байгуулж байгаа.

-Аль, аль нутгаар голчлон тариалалт хийх вэ?

-Тариалангийн үндсэн бүс нутгийг төвийн бүс, хангайн бүс, зүүн бүс, баруун бүс гэж ангилдаг. Тариалангийн алслагдсан бүс нутаг болох зүүн, баруун бүсийг сэргээх хөгжүүлэх хөтөлбөрийг дэвшүүлэн ажиллаж байна. Зүүн бүсэд Халх голын бүс нутаг, Хэнтий аймаг ,баруун бүсэд Увс аймгийг голчлон авч үзэж байна.

-Тариаланчдын ажиллах нөх­цөл бололцоог дэмжих, тэдний мэргэшлийн асуудлаар яамны зүгээс ямар арга хэмжээг авч байгаа вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сард бид тариаланчдын мэргэжил дээш­лүүлэх, шинэ техник технологитой ажиллаж сургах зорилготой сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг зохион байгуулсан. Тэд орон нутагт очиж ажилна. Ер нь техник өндөр хөгжилтэй өнөө үед сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий техникийг ажиллуулахад бид хоцрогдохгүйн тулд сургалт зөвлөлгөөнийг цаашид тогтмол явуулна. Энэ жилийн хувьд онцлон хэлэхэд хүнсний үйлдвэрүүдийн зүгээс өөрсдөө аж ахуйн нэгж байгууллага, тоног төхөөрөмж, тариалах талбайгаа сон­гоод манайхаас гарч буй ургацын чанарыг сайжруулах зорил­гоор шинэ төрлийг захиалан тариалуулж, гарсан ургацаа буцаан худалдаж авах боломжтой болсон. Урьдчилгаа захиалгууд нь ч орж ирээд байна. Энэ нь бизнесийн хандлагатай шинэ орчин нөхцөл бий болж буйн илрэл юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш