logo
“Талх, талхан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах нь” сэдэвт семинар зохион байгуулагдав

“Талх, талхан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах нь” сэдэвт семинар зохион байгуулагдав

2013/04/06
Эрүүл мэндийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран “Талх, талхан бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах нь” сэдэвт туршлага солилцох семинарыг 4 дүгээр сарын 5-ны өдөр “Талх-Чихэр” ХК дээр зохион байгууллаа.

Туршлага солилцох семинарыг Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг хэлж нээснээр ЭМЯ-ны мэргэжилтэн Д.Байгалмаа "Эрүүл зохистой хооллолтын талаар баримтлаж буй бодлого, чиглэл" сэдвээр илтгэл тавив. Тус семинарын зорилго нь ДЭМБ-аас гаргасан 2020 он гэхэд хүн амын давсны хэрэглээг 5 хүртэл багасгах зорилт бүхий “Давсны хэрэглээг бууруулах стратеги”-ийг хэрэгжүүлэх, давс багатай гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүн амыг цусны даралт ихсэлт, цус харвалт, зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэхэд оршиж байгаа юм.

Семинарын үеэр давсны хэрэглээ, эрүүл зохистой хооллолт, эрүүл хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүнийг нэмэгдүүлэх арга зам зэрэг сэдвийн хүрээнд салбар бүрийн мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлсэн юм. Сургалтанд оролцогчид үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах нь хүн амын дундах давсны илүүдэл хэрэглээг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байлаа.

Хүнсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон “Талх-Чихэр” ХК 6 нэр төрлийн давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Талх-Чихэр ХК”-ийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн явцтай танилцсан юм.

Сургалтанд хүнсний үйлдвэрүүдийн төлөөлөл, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болсон нийт 60 гаруй хүн уригдан оролцлоо. Мөн энэ үеэр “Талх-Чихэр” ХК-аас талх, талхан бүтээгдэхүүний үзэсгэлэн, амталгааг зохион байгуулав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш