“Хөх чонын төмөр хүлээс” яруу найргийн ном хэвлэгдэн гараад байна. Номын зохиогч Э.Очирсүрэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 415 дугаар ангид хүмүүжиж байгаа юм. Тэрээр хүмүүжиж байх хугацаандаа өөрийн мэдлэг боловсрол, авьяас чадвараа нээн хөгжүүлж, энэхүү шүлэг, яруу найргийн түүврээ бүтээжээ. Э.Очирсүрэн нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат бөгөөд үндэсний бөхийн өмсгөл, зодог, шуудаг, малгайг урладаг авьяаслаг нэгэн юм. “Аавдаа залбирахуй”, “Ижийдээ сөгдөхүй”, “Нутгаа дурсахуй”, “Нарсны цаадах амьдрал” зэрэг ухаарал гэгээрлийн олон сайхан шүлгүүд тус нотонд багтсан байна. Тоо бодож тоочин болно, Яруу найраг уншиж хүн болно хэмээн Сократ нэгэн цагт хэлсэн байдаг. Амьдралд алдаггүй, алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй харин гаргасан алдаагаа дахин давтахгүй байх нь хамгийн чухал юм. Алдаагаа ухамсарлаж, эрх чөлөө гэдэг зүйлийн үнэ цэнэ, хүн байхын утга учрыг мэдэрч, таньж ухаарсан бодол, сэтгэлийнх нь илэрхийлэл уг бүтээлд шингэжээ. “Хөх чонын төмөр хүлээс” бүтээл номын худалдааны дэлгүүрүүдээр эрэлттэй номын тоонд орон худалдаалагдаж байна.