Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 7-ны өдрийг Эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд 2013 онд энэхүү өдрийг “Цусны даралт ихсэлт-чимээгүй тахал” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна. Цусны даралт ихсэх өвчний тархалтаараа манай улс Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудын хэмжээнд хамгийн өндөр нь байгаа билээ.
Иймд эрүүл байхын тулд цусны даралтаа хэмжиж хэвших талаар болон цусны даралт ихсэлтийн талаарх буруу ташаа ойлголтууд, цусны даралт ихсэлтэд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс түүнээс сэргийлэх, эрүүл аж төрөх талаар олон нийтэд бодитойгоор ойлгуулах нэн чухал шаардлагатай юм.
Уг өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Цусны даралтаа ХЯНАЖ, тархины харвалт, зүрхний шигдээсээс сэргийлье” сэдвийн хүрээнд Хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Салик Говинд, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Г.Соёлгэрэл нар оролцож мэдээлэл хийв.
Олон нийтэд цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, цусны даралт ихсэлтэд нөлөөлөгч эрсдэлт хүчин зүйлсийн тухай үнэн зөв мэдээлэл түгээх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх замаар хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороо, “Шинэ Нийгмийн эрүүл мэнд” ТББ хамтран нэг сарын эрүүл мэндийн аян зарлаж байгаа юм.
Энэхүү аяны хүрээнд:
-Зохистой хооллох, идэвхтэй хөдөлгөөн, стресс тайлах, архи, тамхины хор уршгийн талаар үндэсний хэмжээний сургалт мэдээллийн компанит ажил зохион байгуулах
-Иргэдийн дунд нарны гүйлт, хийн дасгал хийж заншуулах ажлыг зохион байгуулах Эрүүл мэндийн бодлого, шийдвэрийн талаар үндэсний хэмжээний сургалт зохион байгуулах
-Архинд донтсон, архинд хамааралтай иргэдийн бүртгэлийг гаргаж, архинаас гаргах, хордлого тайлах эмчилгээнд хамруулах
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах
-“Нэг дэлхий нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах
-Шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүдийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээнд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах
-Эрүүл мэндийн сайдын улсын үзлэгийг зохион байгуулах
-Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх тушаал, шийдвэр, журмын талаар орон нутагт сургалт зохион байгуулах, хэлэлцүүлэг хийх
-Эрүүл мэндийн асуудлыг бусад салбартай хамтран шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.