logo
Иргэд “11 11 төв”-өөр дамжуулан нийгмийн олон салбарын асуудалд гарц санал болгожээ

Иргэд “11 11 төв”-өөр дамжуулан нийгмийн олон салбарын асуудалд гарц санал болгожээ

2013/04/08

Шинэчлэлийн Засгийн газрын “1111 төв”-д өнгөрч буй долоо хоногт 1060 иргэн санал хүсэлтээ илэрхийлсний 60 хувь нь нийгмийн шинжтэй асуудал байна. Иргэд гомдол саналаа илэрхийлэхийн зэрэгцээ шийдэх гарц санал болгосон нь цөөнгүй байлаа. 

Нийтийн тээврийн үйлчилгээнд бага насны хүүхдээс мөнгө авдгийг зогсоох, ерөнхий боловсролын сургуулийн дунд анги хүртэл ерөнхий эрдмийн хичээл үзээд, ахлах ангиас нь мэргэжлийн дагуу цөөн хичээл сонгон судлуулах нь зүйтэй, орон нутгийн цэцэрлэгийн багш нарын илүү цагийн мөнгө, сургуулийн ажилчдад олгох урамшууллыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг иргэд ирүүлжээ. Хот хөдөөгийн хаана ч сурагчдаас мөнгө татаж байна гэх эцэг эхчүүдийн гомдлын мөрөөр шалгалт хийж эхэлснээ салбар хариуцсан яамнаас мэдээлсэн байна. 

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажилласан сарыг орхигдуулан зөвхөн жилээр нь тооцож байгааг шүүмжилж, тэтгэврээ ямар банкнаас авахаа өөрөө иргэд сонгодог болох саналыг холбогдох албаныханд иргэд дуулгажээ. Тэтгэврээ аль банкны ямар дансаар авахаа өөрөө шийдэх эрхийг тэтгэвэр авагчдад олгохоор судалгаа хийж байна, ингэснээр тэтгэвэр олгох ажил илүү шуурхай болно гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариулжээ. 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэд аль ч улсын эмнэлэгт үзүүлж эмчлүүлэх боломжтой байх, 25 ба түүнээс дээш жил эмнэлгийн байгууллагад ажилласан хүмүүсийг хүүхдийн тоо харгалзахгүйгээр 50 настайд нь тэтгэвэрт гаргах зэрэг саналыг иргэд хэлжээ. Мөн энэ салбарт олон жил тасралтгүй ажилласан хүмүүсийн тэтгэмж олгохгүй байгааг шүүмжилсний хариуд үүнийг зохицуулах журам гарахтай холбоотойгоор түр хүлээгдсэн, удахгүй олгож эхэлнэ гэж Эрүүл мэндийн яам мэдэгджээ. “11 11 төв”-өөр дамжуулан Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хамт олонд хаягласан талархал ирсэн байна.  

Хүүхдийн мөнгийг нөхөж олгох талаар лавласан иргэдэд холбогдох байгууллагаас “Хуульд өөрчлөлт орсон тул өнгөрсөн оны мөнгийг олгохгүй. Хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулаагүй үлдэгдлийг зөвхөн хүүхдийн хөгжлийг дэмжих зориулалтаар дараа жилийн төсвийн хөрөнгө оруулалтын арга хэмжээнд тусган зарцуулахаар болсон” гэж хариулжээ. 

Нийслэл хотын хог ачилт, байрны халаалт, тог цахилгаантай холбоотой гомдол шүүмжлэлийг 270 иргэн “11 11 төв”-д дуулгасан байна. Дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн хотоо зүлэгжүүлэх, ногоон байгууламж бий болгох ажлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтарч цаг алдалгүй, үр дүнтэй хийх хэрэгтэйг сануулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш