logo
Дуучин Бионсе нөхрийнхөө хамтаар Куба улсад аялаж байна

Дуучин Бионсе нөхрийнхөө хамтаар Куба улсад аялаж байна

2013/04/06
Пүрэв гаригт дуучин Бионсе нөхөр Жей Зигийнхээ хамтаар хуримынхаа таван жилийн ойн баяраа тэмдэглэхээр Кубын нийслэл Гавана хотод хүрэлцэн ирлээ. Хосууд Хуучин Гаванагийн колонийн гудамжаар алхаж байсан бөгөөд тэднийг олон зуун шүтэн бишрэгчид нь хүрээлэн явж байлаа. “Бионсе анх удаа Куба улсад хүрэлцэн ирж байна. Бионсе мандтугай! Тэр хамгийн шилдэг нь” хэмээн түүний шүтэн бишрэгч болох Гаванагийн нэгэн оршин суугч хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцсан юм.Дуучин бүсгүй хотын гудамжаар явах зуураа нутгийн ард иргэд болон ойр орчмынхоо зургийг дарж байсан бол Жей Зи Кубын алдарт навчин тамхийг суунаглуулж байсан нь харагдлаа. Одууд энэ үеэр хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс татгалзсан. 51 жилийн турш Вашингтон АНУ-ын энгийн жуулчдыг Куба улс руу аялахыг хууль бус хэмээн үзэж, хориглосоор ирсэн. Гэсэн хэдий ч  жил бүр эрдэм шинжилгээ, шашин, сонин сэтгүүл болон соёлын солилцооны зөвшөөрлийн дагуу Америкчууд хэдэн мянгаараа тус улсыг зорин ирдэг. Хосууд өнгөрсөн жил улсынхаа засгийн газарт хандан соёлын зорилгоор Куба улсыг зорихоо мэдэгдэж байсан. Уран бүтээлчид одоогийн байдлаар аялалынхаа талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Мөн Куба улсад аялах зөвшөөрөл олгодог АНУ-ын Сангийн Яамны дэргэдэх Гадаад Хөрөнгийн Хяналтын газар ч мөн тэдний энэхүү хувийн аялалын талаар мэдээлэл өгөөгүй байна. Энэ жилийн хувьд Бионси “Super Bowl”-ын үеэр хагас цагийн шоу тоглолт хийсэн бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тангарга өргөх ёслол дээр уран бүтээлээ толилуулж ямар чансаатай, чадварлаг дуучин болохоо дэлхий нийтэд харуулсан. Харин түүний нөхөр реппер Жей Зи саяхнаас спортын бизнест хүчээ үзэж байгаа бөгөөд бизнес нь тун амжилттай яваа. Хосууд 2008 оны 4-р сарын 4-нд хайр дурлалын бэлэг тэмдэг болсон Парис хотноо хуримаа хийжээ.

Д.Амар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш