Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө үзэл бодлоо уралдуулж, үгээ хурцалж, зорьсон үйлсийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр тууштай тэмцэж ирсэн үйлс нэгт нөхөд тэдний ард байгаа Монголын нийт ард түмэндээ Ардчиллын баярын өдрийн мэнд дэвшүүлье.
23 жилийн тэртээх энэ өдөрбуюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам Анхдугаар их хурлаа хуралдуулсан. Түүхийн хуудаснаа тодоор тэмдэглэгдсэн энэ хурал иргэн бүр нь эрх чөлөөтэй, олон намын тогтолцообүрдсэн, шинэ Үндсэн хуультай, хүний эрхийг хамгаалсан Ардчилсан Монгол улстай болох зам руу хөтөлсөн эрхэм түүхтэй билээ.
Монголчуудыг дэлхий нийтэд Ардчилсан хувьсгалыг энх тайвнаар хийж чадсан ухаалаг ард түмэн болохыг харуулсан энэ хувьсгалэцэг өвгөдийн минь 300 жилийн турш алтан амь, бүлээн цусаараа тэмцэж олсон эрх чөлөө, тусгаар тогтнолын ноён оргил, сүүлчийн хариулт нь ч болсон юм.
Энэ хувьсгалаар бид нийгэм эдийн засгийн хос шилжилтийг хийж чадсан.
Та бүхний зорилгоосоо няцаагүй хүсэл тэмүүлэл, шаргуу зүтгэлийн үр шимээр Монгол Улс байнгын ажиллагаатай Их Хуралтай, Засгийн газартай, хараат бус шүүх засаглалтай, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болсон. Хамгийн чухал нь өнөөдрийн эдэлж байгаа эрх чөлөөгөө та бид хамтдаа бүтээсэн юм.
Энэ бүгдэд гар бие оролцож, ардчилсан хувьсгалын анхдагчид болсон эрхэм журмын нөхөд, гишүүд дэмжигчдэдээ халуун талархалаа илэрхийлье.
Бидэнд ард түмний маань итгэл сэтгэл, хөгжлийн төлөөх тэмүүлэл, одоогоо өөрчлөх чин хүсэл чухал байсан. Тиймээс Ардчилсан намын МОНГОЛ ХҮНЭЭ ХҮН шиг амьдаруулж, МОНГОЛ УЛСАА УЛС шиг хөгжүүлэх зорилгыг маань дэмжсэн ард иргэддээ талархалаа илэрхийлэх нь зүйн хэрэг.
Хүссэн бүхэнд ирдэггүй энэ их ИТГЭЛийг бид албан тушаал, эрх мэдэл, дарга даамлын суудал гэж харахгүй. Харин улс орныхоо төлөө, Монгол хүн таны төлөө алд биеэ алдартал зүтгэх үүрэг, хөгжлийн төлөө ажиллах боломж гэж харж байна.
Хүн бүрийн хүсэл шингэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь бидний үүрэг. Тиймээс Ардчилсан нам Монгол орон даяар хэлэлцүүлж гаргасан “Монгол хүн 2020”, “Эдийн засгийн хувьсгал” хөтөлбөрийн олон олон зорилтуудыг бодит ажил болгохоор зүтгэж байна.
Тиймээс бид шинэчлэл өөрчлөлтийн төлөө цаг нартай уралдан, өнгөрч буй хором бүрт хичээл зүтгэлтэй, зохион байгуулалттай ажиллаж, олон түмнийхээ өмнө ил тод, тунгалаг засаг төрийг төвхнүүлэн иргэдийнхээ урмаар хурцлагдаж, тэднийхээ шүүмжлэлийг даан, сэтгэл зүрхнээсээ ажиллах болно.
Та бүхэндээ Ардчиллын баярын халуун мэндийг дахин дэвшүүлье. Ардчиллын босоо цагаан хийморь үргэлж мандан бадарч байх болтугай.
Бидний Монгол үүрд мандан бадраг.