Оршлын оронд
Мөхөс би “Хүн чулууны мөрөөр” нэртэй нэгэн зохиол оролдон босгож уншигч олондоо өргөн барьж байна. Энэ зохиолыг бас нэг түүхэн сэдэвтэй роман гаргах нь гэж хүмүүс бодож магад. Тийм биш ээ. Энэ бол манай орны түүх болж хуучраагүй нэгэн сэдвийг би хөндөж байна. Зарим анд нөхөд маань намайг дадлага олсноороо түүхийн сэдэвтэй зохиол чи нухвал дээр биш үү гэж хэлж байна. Тэр сайхан саналыг би биелүүлэх тэнхээгүй боллоо. Надад “Аугаа их аян дайн” гэсэн түүхийн сэдэв байгаа боловч түүнийг эмхлэн босгох чадваргүй болсноо би ухаарч байна. Хэрэв тэр сэдвээр оролдноо гэхэд үндсэн дэвсгэр хэрэглэгдэхүүн нь байгаа боловч Чингисийн их цэргийн явсан газруудын нэр, түүнтэй янз бүрийн байдлаар харилцаж байсан маш олон янзын хүний нэрийг олж мэдэх арга алга гэхчилэн их олон зүйл надад дутагдаж байна.
Манай эх орны түүхийн сонин, гайхамшигтай баяныг өгүүлж баршгүй. Түүнээс хэн ч уйдахын аргагүй билээ. Тийм баялаг сайхан юман дээр би биеэ голонгуй нэлээд тонгочиж бичнэ дээ. Түүнээс түүхийн үзэгдлийг зохиол болгон гаргах талаар надад жаахан туршлага маягийн зүйл хуралдсан нь үнэнтэй. Гэвч би угийн болхи амьтан болохоороо одоо тэр түүхийн шар хуудастай зууралдан эмхэлж, зохиолын дүрүүдийг босгох гэж оролдох чадвар мөхөсджээ.
Уншигч авгай нар сайн мэдэж байгаа нь лавтай. Зохиолын сэдэв болгон авч байгаа тэр зүйлийг жирийн аман яриа-сургаар биш, түүний жинхэнэ бодит үнэнийг нарийн судалж байж сая дүрээ босгох ёстой. Жишээ нь, Тогоотөмөр хааны дүрийг босгоё гэхэд XII-XIY зууны үеийн Юан гүрний түүхэн амьдралыг судалж байж сая тэр дүрийг шүүх ёстой. Чингэхгүй бол уг зохиол маань үнэмшилгүй худлаа юм болж, утга зохиолд хор хүргэхэд хүрнэ. Нэгэнт би одоо тэр шаардлагыг хангаж чадахаа байснаа ойлгож байгаа болохоор дахин түүхийн сэдвээр томруун хэмжээний зохиол бичиж чадахгүй нь тодорхой байна. Ингээд би эх орныхоо аюулгүй байдлыг сахин хангах гэж бие сэтгэлээ зориулан яваа орчин цагийн зарим хүний дүрийг босгох эрмэлзэлд хөтлөгдөн энэ “Хүн чулууны мөрөөр” гэсэн нэртэй зохиол бичихээр шийдсэн болно.
Урьд өмнө нь бичиж үзээгүй сэдэв болохоор үүнийг оролдоход надад ихээхэн төвөгтэй гэх үү, шинэ ажил болох нь мэдээж. Гэвч тэр бэрхшээлээс халшраад суувал юу ч бүтээж чадахгүйн учрыг би ойлгон энэ сэдэв рүү орж ажилласан учиртайг “Чи яагаад ийм зохиол бичих болов оо?” гэж сонирхон асууж байгаа хүмүүст тэр асуудалд нь хариу болгон өгүүлж байна. Манай орны буцалж байгаа их амьдрал дундаас ямар ч сэдвийг авч бичиж болох боловч бичиж дийлнэ гэж сэтгэлд бууж байгаа зүйлээ авч оролдох нь илүү их урам зориг-хүчийг бүтээгч хүнд өгдөг, тэгэж эрмэлзсэн зүйлийг зогсоох ч аргагүй байдаг аж. Ер нь урлан бүтээж чадах сэдэв бол тэр хүний сэтгэл оюунд хөндлөнгийн ямар ч хүний түлхээсгүй өөрөө орж ирж бүрэлддэг жамтай ажээ. Энэ талаар нэг жишээ дурьдахыг хүсэж байна.
Эртний Ромын Сэргэн мандлын үеийн нэг аугаа их уран барималч Эгийн тэнгист аялал хийж яваад Афины хойгийн өмнөд эрэг дээрээс нэг том гантиг чулуу олж, түүнийгээ газраас малтан гаргаж аваад “Энэ бол гоо дагина байна” гэж босгох дүрсээ хэлсэн дороо Рим хотод аваачихаар саланд ачиж, далайд хөвүүлсэн байна. Тэгэж явахдаа Римийн дүүрэгт байгаа гэртээ хүрэлгүй, далай дээр тэр чулуугаа цүүцдэн засаж эхэлсэн гэдэг. Ийм янзаар сэтгэл булааж бууж орж ирсэн тэр сэдэв бол зохион бүтээгчийг юунд ч татагдалгүй, өөрөө биедээ татан ажиллуулдаг учиртай аж. Чухам уг дүрийг хэрхэн үнэн зөв, уншигч үзэгчийн сэтгэлийг эзэмдэж чадахаар болгох эсэх нь түүнийг урлагийн ухаан-чадвар авъяас мэдэх хэрэг болж төгсдөг байна.
Би “Хүн чулууны мөрөөр” гэж нэрлэж байгаа энэ зохиолыг бичихсэн гэж хорхойтон нилээд хугацаагаар сэтгэлдээ тээж яваад 2002 оны хүйтэн салхитай хавар эхэллээ. Гэхдээ энэ зохиол дээр миний чадвар мөхөс, урьд нь бичиж үзээгүй сэдэв учир янз бүрийн мадаг, буруу зөрүү дүрсэлсэн байдал, гоомой дутуу бодож шийдсэн алдаа эндэгдэл нэлээд байгаа нь гарцаагүй. Тэр нь миний л ухаан мөчиг, оюуны тэнхээ сулаас гарч ирсэн нь лавтай. Иймд чадан ядан оролдоод дийлээгүй тэр бүх мадгийг уншигч авгай Та уучлан өршөөж, мөхөс наддаа алдаа мадгийг хэлж өгч туслахыг би таны өмнө бөхийн хүсэж байна. Үүнийгээ хэлэхдээ ямар ч хэлбэрээр хандсан би хүлээн авах болно гэдгээ Танд нэмж айлтгахдаа сэтгэл дүүрэн байгаа болно.
Та биднийг Тэнгэр бурхан, монгол түмний ариун их хувь тавилан өршөөх болтугай гэж би сөгдөн залбиръя.
Зохиогч Ж.Пvрэв
2002 он
Нэгдүгээр бүлэг
Уяа хүлээсийн үзүүр гарт тэмтрэгдэв
Алсыг ширтсэн өнчин хайлаас нь
Хурыг хүсэж яваад байна.
Амрагаа бодсон миний зүрх
Цээжин дундаа догдлоод байна.
Ардын дуу “Эрүү цагаан болжмор”
Мөөгний хүрээ тойрсон алхаа
Өдөржин зүсрэн орж байгаа бороон дундуур Төмөрийн Шархүү улаан “ЯВ” мотоцикл унаад Улаанбаатараас гарч, аав ээж дээрээ очиж цөөн хоног амрахаар шавар шавхайтай зууралдан явж ирлээ. Хотын тэр дэгжирч эхэлсэн залуу дусаал гоожин, чийгний үнэр ханхалсан хөдөөний гэрт орж ирэхэд, түүний аав, ээж, дүү нар нь цочирдон дуу алдаж:
Хүү минь ирлээ таминь ээ! Хараач хөөе!
Ээ үр минь! Усан бороон дундуур яаж явж ирэв ээ?
Ах биш ч юм шиг, бүр шолбойж орхижээ гэсэн өнгө бүрийн дуу гэрт түгэж, жигтэй хөл хөсөөн үүслээ. Шархүү хальсан цуваа яаран тайлж, ээж аавдаа үнсүүлээд, хоёр дүүгийнхээ толгойг илж үнсэн таалсан дороо, сая сөхөө авсан янзаар том амьсгаа авч, үнэрхүү ч юм шиг байдлаар:
Би өчигдөр оройхон хотоос гарлаа. Шөнөжин шавар шавхай дундуур түгдчин салгаллаа. Намайг Лүн сум арай хүрээгүй явтал бороо асгарч эхэлсэн. Би яваад л, заримдаа ус шаварт цүл хийн орж шөнөжин пижгэнэсээр арай ядан Шарын даваан дээр үүрийн гэгээтэй золгов. Энэ муу “ЯВ” маань шавхай дунд халтиран унаж чөмөг хуга таших гээд явуулдаггүй шүү гэж ирсэн замынхаа паянг тоочиж эхлэв. Түүний хувцас хунар шал ус.
Ээ үр минь дээ. Замдаа Лүн сумын буудалд ороод унтаж орхихгүй. Алив Должин минь хуурай дээл гаргаад хүүд нөмрүүл! Бүр осгож үхэх дөхөө байна шүү, энэ минь гэж Төмөр хэлээд, хошуулдсан өрхөө уурганы ёзоороор дээш сөхөн онгойлгож гэртээ гэгээ гаргалаа.
Хүүгийн нь гонзгойдуу шар царай бороо салхинд нилээн чилж ядарсан байдлыг тусган, жаахан үрчийсэн ч юм шиг боловч цаанаа залуугийн жавхаалаг байдлаа хадгалан гялалзаж харагдана.
Шархүү хацраа илбэн, хуучин заншлаараа хий нясалж бодолхийлснээ:
Аав ан гөрөөнд явж байна уу? Ээж өрөм их хурааж байгаа биз дээ? гэж төлөвхөн царай гарган асуухдаа цаанаа ямар ч зорилгогүй, гэр орныхоо байдлыг мэдэх гэж л үг өдөж байгаа янз нь энэ ээ. Тэрээр богц уудлан хоёр дүүдээ чихэр боовны зүйл гарган өгч инээмсэглэх ая үзүүлэн нүдээ талимааруулаад:
Миний дүү нарын ном сурах хэрэг ч тэнгэрт тулаад л байгаа биз дээ? гэвэл эцэг Төмөр нь хажуунаас нь доогтой янзаар инээн:
Чиний том дүү Гончиг хонь төхөөрдөг хүн болох юм байх аа. Сая наймдугаар анги төгсгөх гээд чадаагүй, тэг дүн аваад давхиж ирсэн дэг. Бага дүү Навчаа нь ахаасаа арай дөнгүүр, үүрэгтэй шүү дүн аваад зургадугаар ангиа шургалах шүү болж ирсэн. Чи хоёр дүүгээсээ хамгийн эмзэг юмыг нь олоод асуучих шив гэж хэлэхэд Шархүү хэнэггүй царайлан:
Тэгвэл Гончиг хичээл сурлага яах билээ гэж сэтгэл зовох юмгүй, одоо хутга хурцалж зүүгээд, хонины хөл дээш нь харуулж явах замдаа шулуудан орж байгаа юм шив гэж егөөдлөө. Хүүгээ тийм өнгийн ёж үгтэйг гэрийнхэн нь юун эс андах вэ. Гэрт наргиан шуугиантай байв.
Шархүүгийн ээж сая хөөрүүлсэн халуун сүү хүүдээ аягалж өгөөд:
Үр минь, дулаацаад хэвт гэж хурган дотортой дээл гарган мөрөнд нь нөмөргөж тавив. Эцэг нь хавар Улаанбаатар орж хүүтэйгээ уулзаад ирсэн болохоор тэд бие биеийнхээ байдлыг мэдэж байгаа билээ. Шархүү халуун сүү ууж, гарч мотоциклээ янзалж тавин, эргэн орж ирээд аавынхаа орон дээр үстэй дээл нөмөрч хэвтээд, нам унтаж бараг ойндоо хүртэл өндийлгүй нойрслоо. Хэн ч түүнийг татж чангаан сэрээсэнгүй, нам тайван байв.
Хөөрхий үр минь гэрийнхээ утааны үнэр авч, ээж эцэг, дүү нарынхаа барааг хараад, сэтгэл нь бүр тайвшран унтах шив гэж ээж Должин нь хэлээд, гэрийн дотор элдэв чимээ шуугиан гаргахыг хориглон байлаа.
Бороо нэг шиврэн, нэг ихсэж шуугин орсоор оройжин, шөнөжин үргэлжлэв.
Шархүү маргааш нь үд хэвийж байх үеэр босоод гарч харвал бороо татран, орчин тойронд зузаан манан татаж, хамаг уул толгод, Агьтын дээд хөндий харанхуй байлаа. Хүү энэ мананд цагаан мөөг яасан их ургаж байгаа бол гэхээс түүнийг түүх хорхой сэтгэлд нь оргилон, гэрээсээ хойш байгаа харанхуй хөндийг баахан харж зогсов. Тэр хөндийд чухам юу хүлээж байгааг энэ эр даанч тааварлан хэлэх арга алга. Шархүүг гэртээ эргэж ирэхэд эх нь эелдэглэн цайгаа уугаад, жаахан байж байгаад айраг уу гэж хэлээд, өрөм хөвүүлсэн шар цай аягалж өглөө. Залагдан морилж ирсэн дээдэс адил байгаа хүү жаахан алмайран:
Юун айраг вэ? Та нар надад зориулан айлаас айраг гуйж аваа юу гэж асуувал Должин авгай эелдэглэн инээж хүүгээ хараад:
Манайх айлаас айраг аваагүй. Чамайг дуртай болохоор ирэхэд чинь өөрийн гараар эсгэсэн айраг уулгая гэж бодоод гурван гүүгээ айлын Дуламдоржийн дөрвөн гүүтэй нийлүүлэн, хэдэн унага уяж байгаа. Тэгээд өдөр болгон гэртээ нэг хувин илүү айраг авдаг юм. Унага уях, гүү саах ажлаа хоёр гэр хамжаад хийж орхидог. Бусад айлтайгаа нийлээд цагаан идээ хийх ч сайхан юм байна шүү гэж сонирхууллаа.
Шархүү бага наснаасаа гүүний айрганд гоц дурладаг болохоор ээжийн энэ үг магнай тэнийлгэм баярлуулав. Ингээд хүү өглөөнийхээ өллөгийг тайлсны дараа уруул чимчигнүүлэн, хамар сэт татах шахсан айраг залгилан баясаж, дүү нартайгаа тоглох аядан, гэрийн утаанд бие сэтгэлээ хангаж, ёстой л ингэж байх гэж ирсэн мэт хөөр баяртай байлаа.
Хөдөөний айл гэдэг чинь дэр дэвсгэр нь шороо тоостой, хана унь нь утаатай, аргалын утаа нүдэнд хавчуулагдан, юм бүгд нь бүдүүн хадуун оргиод тийм гоё байдаггүй ч гэсэн, өөрийн төрж өссөн орон гэр гэдэг чинь ямар ч дээдсийн шил толь гялалзуулсан эрдэнийн чулуун ордоос сэтгэл зүрхэнд хамаагүй илүү дулаан, зөөлөн гэх юм уу, биед наалдангитай, нүдэнд ээлтэй, сэтгэлд өег байдгийг хэлж баршгүй ажээ. Ийм гэртээ хотын утаа тоосонд дарагдсан, эхүүн агаартай, чих бачимдуулсан чимээ шуугиан дунд байдаг хүнд юутай ч зүйрлэхийн аргагүй өег сайхан аж. Ийм байдал дунд хэдхэн хоног ч гэсэн байгаад буцахад ажилд нь урам, биенд нь хүч, сэтгэлд нь эрч өгсөн мэт байдаг. Ийм л сэтгэлтэйгээр Шархүү гэртээ, эхийнхээ хуучин торгон дээлийг нөмрөөд, паалантай бэсрэгхэн хувин дүүрэн цалгилж байгаа шаргалдуу өнгөтэй айрагны эзэн болоод, зэгсэн ханагар эрийн царай гарган сууж байснаа гадаа гарч шингэн агаар амтлахаар гэрээсээ гарав.
Тэрээр хөмрөөстэй байгаа бургасан шээзгий дээр сандайлан сууж өмнө зүг рүү зогсоо зайгүй нүүж байгаа үүл харан, цаанаас нь байн байн гарч ирэх цэнхэр хөх огторгуйг сая үзэж байгаа адил харж байлаа. Ингэж хүү элдвийг сонирхон харж суутал хотны баруун урд захад бэсрэг том гэртэй байгаа Дуламдорж гэдэг айлаас хувин барьсан нэг бүсгүй, өөр нэг хөдөөний байдалтай хархүүгийн хамт гарч ирээд, хотны урд талд татсан гүүн зэл рүү явлаа. Тэд гүүгээ саахаар адуунд очиж байгаа нь бололтой. Ажиглавал, хот маягийн алхаатай тэр бүсгүйг урьд нь үзэж харсан танил биетэй нэгэн мөн бололтой нүдэнд нь тусаад цаанаа нэг өөр харагдах нь гайхалтай.
За байз юу билээ? Энэ бүсгүй хэн байж таарах вэ? Энэ хүүхэн маань Дуламдорж гуайн охин болж таарах нь уу гэж Шархүү ганцаараа шивэгнэн ярьж, саваагүйрхсан янзаар тэр саальчны араас нүд салгаж чадахгүй шохоорхон, сонирхон зэнтэж хараад, шээзгий дээрээ хөдлөхгүй байлаа. Долоон гүү саах юун удах билээ. Бүсгүй ч бараг л гүү болгоны дэргэд хүрч суугаад л тэр ажлаа дуусгаад байгаа янзтай харагдах нь сонин.
Гүү саагч бүсгүй хувинтай сүүгээ бариад наашаа алхах нь яахын аргагүй таньдаг эмэгтэй мөн болохоор барахгүй, Улаанбаатарт байгаад хоёр жилийн өмнө алдаж орхиод, эрэл сурал болоход нь “Хөдөө багшлахаар явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй” гэсэн сохор сураг сонсогдон, нааш цаашгүй болсон хүн нь мөн байлаа. Шархүү жаахан алмайрч хараад Цэрмаа мөн гэж баттай таньсан дороо бүсгүйг өөдөөс нөмгөн нөмөрсөн дээлээ салбагануулан гүйн очиж уулзсан дороо тоглоом үзсэн хүүхдээс илүү олзуурхан:
Сайн байна уу? Цэрмаа хэмээн дуу алдах шахан мэндлэв. Бүсгүй ч нүдээ том болгон, барьж явсан сүүгээ цацах дөхөн:
Хөөе Шархүү! Чи хаанаас гараад ирэв ээ гэж дуу алдлаа. Тэд бие биеэ гайхширсан, олзуурхсан нүдээр ширтэлцэн мэндэлж гар баримар аядаад, ёстой л эвэртэй туулай үзсэн мэт болж гайхширч:
Танайх чинь энэ Дуламдорж гуайнх юм уу?
Үгүй. Манай ахынх. Чи гэртээ сая ирж байгаа юм уу гэж танилцах асуулт тавин, учир явдлаа мэдэх гэж орооцолдсон утасны уяаны үзүүр тайлах гэсэн байдалтай эх адаггүй яриа үүсгэв.
Тэд бие биеэ ширтэлцэн хэсэг зуур яриа болсонд Цэрмаа охин хөдөө сумын төв дээр багшилсаар, зуныхаа амралтаар ээжийнхээ төрсөн эгчийндээ хэд хоног байхаар ирээд явж байгаа нь энэ гэнэ. Өөрөөр хэлбэл, Төмөрийнхтэй айллан, хэдэн гүү нийлүүлж бариад байгаа энэ айл бол Цэрмаа охины ээжийн эгчтэй суусан хүргэнийх нь аж.
Бүсгүй бол Шархүүг Багшийн их сургууль төгсдөг жил тэр сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж байсан. Тэгэхэд энэ хархүү сургуулиа төгсгөөд, шинэ ажилд томилогдон, аль тэртээ Дорноговь аймагт хоёр жил ажиллахаар хуваарь авч тийшээ түргэн явах шаардлага гараад явж орхисон байжээ. Шархүү Цэрмаатай тэр цагт лавхан танилцаагүй боловч сэтгэл дотроо мөрөөдөл хадгалаад яаж ч завдалгүй, зөвхөн хайр сэтгэлийн анхны харц тэмдэг бүсгүй рүү шидээд алдаж орхисон. Бүсгүйг чухам хаана, ямар газар багшлахаар явсныг хөөцөлдөж мэдэлгүй, түүнийг хүсэн мөрөөдсөн сэтгэл нь зүүд зэрэглээ адил юм болж, балартан алга болох шахаж яваа билээ. Тийм ч учраас Шархүү ингэж хөдөөд нэгэн хот айлын гадаа түүнтэй нүүр тулан, гарыг нь атгаж уулзана гэж огтхон ч зүүдлээгүй явсаар өнөөдрийг хүрсэн ажээ. Цэрмаа ч гэхнээ энэ хархүүг чухам хаанахын, ямар албаны хүн болсныг мэдээгүйгээр барахгүй, түүнтэй урьд цагт гэх үү, дөрөв таван жилийн өмнө бараа бараагаа харалцаж, хааяа нэг “эгдүү” хөдөлгөм үг сонсож явснаа бараг мартах шахсан байлаа. Бодоожийн гар хуруугий нь атган, хайр дурлалын үг шидэж, тэчъяадлаа тайлах гэж савсганан явдаг залуусыг аль тэр гэх вэ. Шархүүг тийм амьтдын өрөөсөн дугуй гэх үү, хайр дурлалын үгээр амны заваа гарган шалиглаж, хоног өнгөрөөх дэл сул юм хайж явдаг хормойн донтонгуудын нэг нь биз хэмээн бүсгүй бодохоос өөр аргагүй байлаа. Ийм янзын сэтгэл өвөрлөн явсан хоёр энэ өдөр ямар нэгэн далдын хүчний түлхээсээр энэ Агьтын хөндийд уулзан, бие биеэ цаанаа учир хадгалсан нүдээр ширтэлцэн зогсож буй нь ажээ.
Хоёр хосын хэрэг учрал цааш яаж даамжрахыг хүлээцтэй харж байя.
Чи энд удаан байх уу? Хэзээ сургууль руугаа буцах вэ?
Би гурав дөрөв хоногоос сумын төв рүүгээ буцна. Энд юугаа хийж...
Чамайг цаана чинь хүлээж байгаа, чи ч очих гэж яарах хүн байгаа биз дээ?
Тийм ээ. Намайг сумын төв дээр хүлээж ядан байгаа эрчүүд зөндөө байгаа. Чи түүнийг таагаад мэдэж орхив уу? Сүрхий ухаалаг шинжээч юм аа, чи. Тэд хоёулаа инээлдэж хөгжилдөв. Шархүү нүдээ тормолзуулан харж:
Нээрээ чи гэдрэгээ буцах гэж яараад байгаа хүүхэн үү?
Би юундаа яарч буцах гэх вэ? Төв дээр аав минь, хоёр дүү минь байгаа. Тэд надгүй болоод л байна. Энд би удаад байх хэрэггүй. Хэдий өөрийн ахан дүүс ч гэсэн хоолонд нь шигдээд байгаа ч юм шиг, тэгээд ер нь айл хэсэж амьдардаг хүн одоо байхгүй. Ямар ч аятайхан байлаа гэсэн хүний гэрт бүр нэг сэтгэл дүүрэн салбайж сууна гэж байхгүй шүү дээ. “Хар гэртээ хаан, бор гэртээ богд” гэдэг үг учиртайхан гараа биз гэж Цэрмаа хэлээд, жаахан бодолхийлснээ Шархүүд хандан:
Чи хэзээ буцах вэ, Улаанбаатарын хархүү минь гэж асуулаа.
Би гурав хоноод буцах болно. Тав хоногийн чөлөө авч ирсэн юм.
Ингэхэд та тань хаанахын, ямар газрын юу гээч дарга нь вэ гэж асуулаа. Шархүү жаахан алиалмаар санагдан инээж:
Би бол Улаанбаатартаа дээгүүрт ордог их том газрын нэг дээд ноён нь шүү дээ. Тэгээд л төрийн хэргийн бодлогоо боловсруулаад тун завгүй байдаг хүн гэвэл Цэрмаа хүүгийн марзаганаж байгааг гадарлан:
Нээрээ тийм бололтой шүү. Дуу нь бүдүүрээд, хоолойгоо шахаж дуугаран, газар харахгүй, тэнгэрийн хаяа алсалж ширтээд, явж алхаж байгаа нь цаанаа л нэг өөр, үнэхээр том дарга яваа бий. Би айж байна гэв. Тэд инээлдлээ.
Шархүү царайгаа төв болгон Цэрмаагийн дээлийн товчноос барьж:
Би Улаанбаатарт өнгөрсөн хавар бүрмөсөн шилжин ирж суусан. Тэгээд нэг яаманд албаны ажилтан болсон. Чөлөө зав муутай, өөрийн дураар тонгочиж явах боломж багатай, нэг тийм хатуухан газарт алба хашдаг. Чи хожим мэдэх биз ээ. Би ч чамд өөрийгөө гүйцэд танилцуулах хүсэлтэй байна гэв.
Цэрмаагийн барьж явсан хувинтай сүүг түрүүн нэг хүүхэд гүйж ирээд, аваад явчихсан болохоор түүнд яарах юм алга бололтой тайван зогсоно. Тэд хоёулаа тэнгэр харж, цэлмэж эхэлсэн огторгуйн өнгийг хараад баясах байдлаар таалан байснаа Шархүү өөр нэг санаа өдөн бүсгүйд хандаж:
Өглөө эргэн тойронд их манантай байсан. Мөөг ямар сайхан ургаж байгаа бол. Хоёулаа мөөгөнд явъя. Би багадаа энэ уулсын бэлээр явж мөөг түүдэг байсан. Тэгэхэд цагаан мөөг ёстой л ярайж байдагсан гэлээ.
Цэрмаа бодолхийлснээ эргэн тойрныг хараад:
Чи мөөгөнд дуртай юм уу гэж асуув. Хүү инээн баясах байдлаар:
Дуртайгаар барах уу? Мөөг ямар ч тарган махнаас илүү амттайг яана.
Шархүү! Би өнөөдөр мөөгөнд явахгүй. Юм оёж байгаа гэж цааргалав.
Тэгвэл маргааш эртхэн явъя! Өнөөдөр явбал яана гээ вэ гэж асуувал Цэрмаа гэр өөдөө харснаа толгой сэгсрэн:
Манай эгч, ах нар намайг хотоос ирсэн нэг хархүүг үзмэгцээ түүнийг дагаад л хээрээр сэлгүүцэж эхэллээ гэж бодох биз. Тэгээд ч надад чамайг үзсэн дороо л наалдаад гүйх нь эвгүй байна гэж санаснаа шууд хэллээ. Энэ нь бүсгүй дотроо өмхий санаалан байгаа биш, ил цагаан сэтгэл гаргаж байдлаа илэрхийлсэн хэрэг байлаа. Үүнийг Шархүү ойлгож ухаарав. Тэд орой гэрийн гадаа уулзаж ярилцах, маргааш өглөө гэрийнхэндээ хэлээд мөөгөнд явахаар хэлэлцэн шийдлээ. Ингээд хоёр тийшээ явж гэр гэртээ орлоо. Шархүү Цэрмаатай ингэж санамсаргүй уулзсандаа сэтгэлээ баясган, “Энд уулзана гэж болзсон юм шиг сонин юм болов оо. Цэрмааг би энэ нутгийн бүсгүй гэж зүүдлээ ч үгүй байв. Ил цагаан яриатай, аятайхан бүсгүй шүү. Би оюутан байхад нь эргүүлж тойруулж дагаж давхиагүй л дээ. Тэр цагт би ичимхий, бусадтай харилцаж нүүр хагарч сураагүй, бас яаж хүүхэн хүнтэй ойртдогийг мэддэггүй байжээ. Цэрмаа ч нилээн их зантай, хэрийн хүнийг тоож үздэггүй болов уу гэмээр шилбэлзээд л ганцаараа голдуу үргэсэн зээр адил цойлж гүйсэн амьтан байв даа. Тэгээд өнөөдөр уулзахад ихээ намуун, дорд зантай, яриа хөөрөө элбэгтэй хүүхэн болсон байх шиг. Амьдрал үзнэ гэдэг нь энэ байх даа” хэмээн бодон энэ бүсгүйг сэтгэлийнхээ гүнд санаашрах янзанд автаж билээ.
Үдэш унага тавих үеэр Шархүү Цэрмаа хоёр гүүн зэлэн дээр уулзан, саалийн дараа нь хотны хөлд бие биеэ бараадсан юм шиг зэрэгцэн зогсож бас баахан ярилцлаа. Тоймтой юм юу байх вэ, сургуульд хамт суралцаж байсан нөхдөө хаана ажиллаж байгаа, Цэрмаагийн ажиллаж буй Чандмань-Уулын сургуулийн байдал, Шархүүгийн ажиллаж байсан Дорноговь аймаг, Сайншанд хотын үйл ажиллагаа зэргийг хамж шимэн хүүрнэлдэв. Энэ хоёр дээр хүүгийн дүү Навчаа гүйж ирж үг чагнана. Яриа хөөрөө нийцүү гэх үү, хүн олны амьдралыг үзэх тэдний үзэл хоорондоо төсөөтэй байлаа.
Би завгүй ажилтай. Улсын хил ойрхон, заримдаа тэр нь жаахан үймнэ. Төмөр замаар янз бүрийн хүмүүс нааш цааш хөлхөнө. Тэр бүхний байдлыг мэдэж байх үүрэг хүлээсэн хүн чинь зав чөлөөгүй л байна. Би Сайншанд хотод хоёр жил гаруй суухдаа энэ гэртээ огт ирээгүй. Улаанбаатарт хугацаатай ажлаар дөнгөж хоёр орж ирээд, сүүлчийнхэд нь зориуд зав гарган Багшийн их сургууль дээр очиж чамайг сураглаад “Хөдөөд багшаар томилогдон явсан” гэж там тум сураг сонсоод л буцсан. Би чамайг сэтгэлийнхээ угт санан бодсоор явсан гэж жаахан зулгуйдах маягтай үг Шархүү хэлж байв.
Цэрмаа жирийн өдөр тутмын зүйл гэх үү, хөдөөний хүүхдүүдтэй ажиллах нэг талаар үгэнд сайн ордог болохоор амархан, нөгөө талаар сургуулийн суурь дэвсгэр тааруухан, зарим эх эцгийн байдал нь соёл багатай учир хүүхдэд сэлбэг өгч сурлагад нь дэм үзүүлэх талаар тааруу байдаг гэхээс цааш хэтэрсэн сонин юм гарган ярихгүй байлаа. Тэр нь бүсгүйн хашир зангаас шалтгаалан буй бололтой. Ийм яриагаар тэд үдшийг бараад, гэр гэртээ орж элгэн тараг, халуун сүү уун, дулаан дэвсгэртээ хэвтжээ.
Маргааш нь Цэрмаатай хамт мөөгөнд явна гэхээс Шархүүгийн сэтгэл зэнтэн нойр нь хүрэхгүй, нэлээд хөрвөөсөн байна. Аав нь хүүдээ хоёр номхон морь эмээллэж өгөөд, түүний мөөгөнд явахыг нь дэмжлээ. Ээж нь хэдхэн хоногоор гэртээ ирээд дураараа л байг гэж урамшуулсан байна. Уут сав ганзгалан, хатгах шор барьсан хоёр Агьтын хөндийг өгсөн нилээд явж Дулаан уулын ар бэлээр, хөндийн баруун хажуу даган гэрийн буйрнаас том томоор дугуйран харагдах мөөгний хүрээг даган, заримдаа бие биеэсээ жаахан салаад олз олох ажлаа хийж эхлэв. Мөөг ч ёстой “Май даа, хүүхдүүд минь” гэсэн янзтай сая газрын хөрсөн доороос хага яран бултайж гарч ирсэн нь гайхалтай.
Зарим нэг томоохон хүрээнд найм-арвантаваас цөөнгүй мөөг бөндийж ярайн харагдах нь энэ эд урьд ийм элбэг баян байхыг Шархүү үзээгүй гэдгээ Цэрмаад ярьж “Миний төрсөн нутаг ийм баян” гэж гайхуулах хөг аяс оруулж явлаа. Мөөгний зарим нь чигчий хурууны үзүүр адил, зарим нь алга дарам том болж, гаднах арьсаа зад яран томорсон нь гайхалтай. Хүү бүсгүй хоёр хорь хүрэхгүй хүрээ тойрон алхаад л уут саваа ихэнцээрлэн, сэтгэл нь ханаж эхлэв. Их борооны дараа суусан мананд үнэхээр мөөг газрын хөрсөнд багтаж байх аргагүй болсон мэт дээшээ булт үсрэн гарч иржээ. Тэд нэг том хүрээний мөөгийг шордон гаргаж гүйцсэнийхээ дараа түүнийгээ цуглуулан түүж авахаа төвөгшөөсөн мэт орхиод хүрээний гол дунд нялх ногоон дээр зэрэгцэн суугаад амрах аясад Шархүү бүсгүйд хандан:
Эрхэм ээ! Би чамайг зүгээр ингээд хараад явж байж чадахгүй нь ээ. Чи надад хацраа өгөөч гэж хэлсэн дороо бүсгүйн шингэн агаарт өнгө засан улаан туяа суусан хацар дээр нь үнсэж орхилоо.
Цэрмаа эгдүүцэн босон харайж, царайгаа хувирган эмзэглээд дуугаа чангалан:
Чи яаж маяглаж байна вэ? Намайг хэн хошуу цорвойсны шүлсээр нүүрээ цардаж явдаг завхуул эм гэж чи бодоо юу хэмээн түүний туранхай толгойн хаанаас нь ийм их уур гарна вэ гэмээр юм хэлэв.
Хүү чухам яаж түүнтэй харьцахаа мэдэхгүй алмайрснаа инээх маяг үзүүлэн:
Цэрмаа! Би чамайг басамжлан доромжлох гээгүй, өөрийнхээ үнэнхүү хүслийг илэрхийлж байгаа янз минь энэ. Би чамайг дэндүү их хүсэж байна гэж хэллээ.
Цэрмаа хүүгийн энэ үгийг сонсоод царайгаа хувирган хэсэг зуур дуугүй байснаа, биенээс нь холхон зайгаа барьж суугаад:
Энэ мөөгний хүрээ ямар гайхалтай сонин юм бэ? Бие биенээсээ овоо холхон зайтай, орчин тойрныхоо хамаг газрын сайн шороог тунгаан ялгаруулан авсан юм шиг дугуйруулан цуглуулж тогтоно. Тэгээд энэ ялгаруулан авсан газар дээрээ өөр ногоо огт ургуулахгүй, халцгайрч харлан, зөвхөн энэ сонин сайхан үнэр, амттай цагаан мөөгөө л ус чийгий нь тааруулаад ургуулна. Яахаараа ийм байдаг байна вэ гэж Шархүүгийн өөрт нь халдах гэсэн байдлыг мартуулах гэсэн юм шиг, түүнээс огт өөр өнгийн яриа үүсгэв.
Тийм байна шүү. Чи сайн ажиглаж байх шив. Мөөгний хүрээ бол онцгой сонин, шимтэй ногоотой байна. Ийм сонин гэх үү, өвөрмөц шороог байгаль өөрөө л ингэж ялгаруулан авч, ингэж цувруулан дугуйруулж тавиад, хадгалан байна даа.Байгаль гэдэг цаанаа сүрхий эзэнтэй, тэр эзэн нь маш их ухаантай, уран, дэндүү ажилч гэмээр юм аа даа. Бодоод байхад үнэхээр сонин байна.
Хэлээд яахав. Хүн гараараа хийхэд бэрхтэй, биднийг тойрон хүрээлж, явсан газар болгонд эрээн хивс адил байгаа энэ бүх өнгө бүрийн цэцэг навчийг ч байгаль л урлаж байна. Байхгүй өнгө, хэлбэргүйгий нь яана.
Тэгээд зогсохгүй, энэ газрын шим ямар их арвин байна вэ. Бодоод үз л дээ. Хамгийн гоё, сайхан үнэртэй цэцэг газраас, дэндүү сайхан амттай жимс, шимт ногоо газраас, том том аргил мод газраас, үр тариа газраас, хүн амьтан идээд л үхдэг хорт ногоо газраас л ургана. Ямар гайхалтай сонин юм бэ гэж Цэрмаа хэлээд, бодлогоширон эргэн тойронд ярайж байгаа хурган цагаан цэцгийг харж алмайран сууснаа Шархүүг харж дооглонгуйгаар инээн:
Чи энэ газар дэлхий шиг ийм их ид шидтэй бол яаж байх вэ хэмээн асуулаа.
Хүү босож бүсгүйд ойртон очиж хажууд нь суугаад:
Би чамд Бээжингийн хятад хүний үйлдсэн нэг зүйлийг яръя. Чи сонс доо гэж хэлээд өгүүлсэн нь: За бараг нэг зуун жилийн өмнөх хэрэг юм аа тэр. Ерөнхий сайд хан Намнансүрэн нутагтаа нэг удаа очжээ. Тэгтэл түүний хүрээний дэргэд байдаг Хишигтийн пүүсний нэг салбарын данжаад ноёнд бараалхая гэх хүсэлт тавин хүрч ирж, Намнансүрэн гуайг өргөөндөө байхад нь бараалхаж хуучин танил ёсоор тонголзон бөхөлзөж уулзаад:
Ай би танай энд дөчин жил суулаа. Таны эцэг Төгс-Очир ноёныг их сайн таньдаг байсан. Тэр ноён манай пүүснээс торго хоргой их авдаг байсан, их сайн ноён байж билээ. Одоо би нас ахиж та нартай хамт байж чадахаа байгаад Бээжинд бүрмөсөн очиж суун, тэнд нүд анина гэж шийдсэн. Тэгээд тантай уулзан салах учраа хэлье гэж бодож ирлээ. Танд би бэлэг болгон хоёр дээлийн хамба торго баръя гэж айлтгажээ.
Намнансүрэн аялаг зангаар данжаадтай ярилцан байснаа ая тавих янзаар:
Данжаад гуай! Одоо таны буцахад ямар зүйл дутаж байна вэ гэж асуужээ. Данжаад нэрэлхүү байдал үзүүлэн, толгой сэгсэрч суугаад:
Ай надад юу ч хэрэггүй. Харин би Монгол газар сууж байснаа дурсан харж хааяа үнэрлэж байхын тулд танаас гуравхан шуудай мөөгний хүрээний хар шороо надад өгөхийг гуйж байна гээд тонгойжээ.
На сайд бодолхийлэн Ло овогтныг харж намуухан дуугаар:
Их данжаад танд би тийм шороо өгч мэдэхгүй юм байна. Надад төрсөн нутгийнхаа шороог дур зоргоороо шуудай шуудайгаар нь харийн хүнд өгч байх эрх мэдэл байхгүй. Би тийм юм хийж байх зарлиг хүлээгээгүй гэж шуудхан хэлжээ.
Ло овогт нүдээ том болгон ноёныг харж толгой сэгсрэн бодолхийлснээ:
Ай та юу хэлнэ вэ? Та улсын их сайд, ганц хормой шороо мэдэхгүй гэж хэлж болохгүй байх аа. Тэр бол юу ч биш шүү дээ гэж хэлсэн байна.
На сайд дамар цохин бараа бологчоо орж ирэхээр түүгээр дамжуулан Даръяа бойдааг дуудуулан ирүүлээд, түүнд зарлиг болгохдоо:
Чи үүнийг аваад яв. Энэ данжаад надад бэлэг болгож байна. Энэ бэлгийн хариуд чи данжаад гуайд үхрийн хоёр сайн шир барь гэж хэлээд торгыг бойдаад өгч уулзалтыг төгсгөж гэнэ. Хожимхон нь Ло овогт Сайн ноёны хошуу тамгын газрын жасаа түшмэл, мээрэн Цэрэнхүүд дээлийн чисчүү, хэдэн цай “бэлэг” болгон өгөөд, хүссэн гурван шуудай шороог тэр түшмэлээс авч Бээжин явсан байна. Нилээд хожим эндээс Бээжинд очсон нэг монгол худалдаачин зориуд Ло овогтныд танимхайран очвол тэр хятад суудаг хөх туйпуун байшингийнхаа үүдэнд дөрөв таван онгоц тавиад, дотор нь цагаан мөөг бөндийтөл нь ургуулсан байж харагдсан гэнэ. Манай энэ хүрээний шороог хятад хүн тийм сүрхий ажигч нүдээр хараад, өөрийнхээ нутагт аваачин ашиг олж байж шүү хэмээн Шархүүг ярихад, Цэрмаа гайхшран чагнаж сууснаа:
Энэ чинь тийм их шимтэй шороо байжээ. Бид ингээд дээр нь гишгэчээд тоохгүй явдаг чинь таарахгүй л юм байна гэж хэлэв.
Энэ тэрхнийг харж суусан Шархүү байгаа хөндийнхээ эхийг ажиглаж хараад:
Тэр юу вэ? Энд чинь нас барагсдыг оршуулдаг болоогүй баймаар гэж хэлээд, нүдэнд нь торойн харагдаж байгаа нэг гозойсон чулуу маягийн юмыг заалаа. Цэрмаа тэр бараан юмыг саравчлан хараад:
Энд юу байдгийг нь би мэдэхгүй л дээ. Хөшөө чулуу шиг л юм харагдаж байна гэв. Шархүү нүдээ том болгон тэр чулууг харж байснаа:
Явъя! Хоёулаа түүнийг очиж үзье. Миний багад ийм юм тэнд байгаагүй шиг санагдаж байна гэж хэлээд, тушаатай байгаа морь руугаа явлаа.
Шарсан мөөгний тансаг амт
Хос хоёр ууттай мөөгөө ганзгалаад давхиж ирвэл ногоо сагсайн ургасан тэгш талбай дээр хүн чулуу бололтой нүүр ам нь балархай нэг юм өөдөөс нь харалган “нүдээр” ширтсэн шүү болж байгаа юм шиг зогсож байв. Сонирхогч хоёр мориноосоо буугаад тэр чулууг тойрон явж үзлээ. Тэнд хүн чулуунаас өөр илүү, дутуу юм алга. Тэр л ганцаараа цээлхэн ханхай хөндийг эзэгнэн байгаа янзтай мармийж хөхрөөд байж байх нь энэ.
Шархүү түүнийг үзсэн дороо царайгаа хувиргаад, хүн чулууны орчин тойрныг жигтэй гайхшран ажиглаж, ямар нэгэн зүйл эрэлхийлж эхлэв. Цэрмаа хүүг ажиглан “Яахаараа энэ хүн энд байгаа чулууг үзмэгцээ ингэж эхдээ зодуулсан хүүхэд адил урвайж орхино вэ?” хэмээн гайхав.
Би багадаа энэ хөндийд хонь мал хариулаад бишгүй л явж байсан. Манайх тэр харагдаж байгаа уулын наад, цаад суганд нутаглан, хавар намар энд ирж байдагсан. Тэгэхэд энд ийм хүн шиг чулуу байгаагүй дээ гэж хүү гайхшран ярилаа. Тэр чулууг тойрон бүр сайн үзвэл, түүнийг цүүцдэн цохиж хийсэн ор нь арилаагүй хэвээрээ байж харагдана. Түүний тойронд элдэв хүн амьтан оршуулж, “хөшөө” маягийн юм болгон босгосон шинж огт алга. Энэ чулууны дор ч тийм юм булаастай байгаа шинж үл ажиглагдана.
Энэ ч гарцаагүй хүн чулуу юм аа. Тэгэхдээ ур муутай оромдсон янзаар хийж дээ. Нүд ам нь ч бүдэг балархай гэж Цэрмаа хэллээ. Түүний үг үнэн байв.
Би учрыг нь ч олохгүй байна. Яагаад энд ийм чулуу бий болдог билээ гэж Шархүү хэлэхдээ дотроо нилээд гүнзгий зүйл бодож байгаа болов уу гэмээр нүүрэндээ шаргал өнгө тусган бодолхийлсэн байв.
Цэрмаа Шархүүгийн байдлыг харж байснаа гайхширсан янзаар:
Чи яагаад энэ чулууг сонирхоод байгаа юм бэ гэж асуув.
Энэ үү? Миний ажилд холбогдож магадгүй юм шиг.
Ямар ажил эрхэлдэг хүн бэ, чи? Өчигдөр чи хийдэг ажлаа надад хэлээгүй шүү дээ. Чулуугаар юм хийдэг газарт чи ажилладаг уу?
Үгүй дээ. Би НАХЯ-нд ажилладаг.
Танай яамныхан ингэж газар орон шинжилж байдаг юм уу?
Манай яамны ажилтан хүн улс орныхоо янз бүрийн юмыг харж судлан таньж мэдэж байх ёстой юм аа, Цэрмаа минь. Чи үүнийг хожим бүр сайн мэдэх болно.
Өө, Шархүү! Энэ хүн чулуугий чинь саяхан энд босгосон юм байна шүү дээ гэж Цэрмаа нэг зүйл санаа авахуулан хэлэв.
Чи саяхан босгосныг нь яаж мэдээ вэ, Цэрмаа?
Чи харахгүй юу. Цементээр газартай “нааж” бөхлөн тогтоосон байна. Чи хар л даа. Энэ чулуу эрт урьдын юм бол тэр цагт цемент гээч энэ хадны “цавуу” байгаа биз дээ. Цементийг сүүлийн үед хүн бий болгосон эд гэж би сонссон юм байна. Тийм үү, үгүй юу гэж бүсгүй хэлэв.
Шархүү байдлыг харж, дахин чулууг эргэн тойрч алхаж байснаа:
Чи зөв юм ажиж хэллээ. Үүнийг цементэн зуурмагаар шавж энд тогтоосон байна гэдэг чинь тун хачирхалтай юм байна. Тэгээд хүн энд яах гэж энэ зэлүүд хөндий дотор ийм хүн чулууг зориуд цементээр бөхлөн суулгадаг билээ? Үүнд ямар учир байж болох вэ хэмээн хүү бүсгүйд хандан асуулаа.
Тэд хоёулаа бодолхийлэн, орчныг харж нилээд зогсов.
Үүний доор хүн алт мөнгө, эд юмаа нууж булаад, түүнийгээ эрж олох тэмдэг болгон босгож тавьсан байж болох уу? Барон Унгерний алт нуусан газарт тийм тэмдэг бий, ийм хэмжээтэй газарт тэд олзоо нуусан гээд л учир нь үл ойлгогдох зүйл хүмүүс яриад байдаг биз дээ гэж Цэрмаа хэллээ.
Тийм ээ. Тэр ч бодууштай үг. Тэгэхдээ энэ хүн чулууны доор эд эрдэнэ булаастай байж таарахгүй. Толгой нь хамуурсан амьтан л хамаг амьтны нүдэнд ил, ийм цагаан газар нандин юмаа булах байх даа. Тийм биз, Цэрмаа?
Аа тэгвэл, үүгээр тэмдэг болгоод, энэ чулуунаас тийшээ, ийшээ төдөн метр юм уу, алхам газарт тийм юм байгаа гэж тэр “эзэн” этгээд тэмдэглэн тогтоож авсан байж болох биш үү? Энэ чинь чиний хэлж байгаа ёсоор нэг учиртай байж болмоор ч юм шиг. Түүнийг нь тааж олоход миний ухаан хүрэлцэхгүй юм байна.
Чи бас л бодууштай юм хэлж байна. Тэгэхдээ тааж бодон учрыг олохгүй дээ, Цэрмаа минь. Одоо юмыг таавраар тогтоодог цаг өнгөрсөн.
Аа, яаж ийм битүү хатуу юмны учир сэлтийг олох гэж? Чи надад хэлж өгөөч!
Би чамд тэр аргыг бүрнээ хэлж өгч чадахгүй л дээ. Одоо цагт хэрэг явдлын учир шалтгааныг зөвхөн судалгаа шинжилгээний бодит аргаар олж тогтоодог болсон. Тэр бол үнэн зөв болдог учиртай шүү, хонгор минь.
Би нэг их “хонгор” байхдаа яахав дээ. Ямар адуу мал биш гэж Цэрмаа хэлээд час час инээв. Шархүү бүсгүйн энэ үгнээс дөгөө авсан янзаар түүнийг гэнэт барьж аваад хацар дээр нь шов хийлгэж орхилоо.
Бүсгүй дороо огло үсрэн бие зайлж, царайгаа хувирган:
Чи далим гарган, намайг мартагнуулж байгаад дөнгөх санаа дотроо агуулаад л энэ бүх юмыг яриад байх шив. Тэгэж ч би чиний санааны зоргоор болохгүй шүү, Шар аа! гэж Цэрмаа хэлээд, яг хийсэн хашир царай үзүүлэн, гэдийж зогсоно.
Уучлаарай Цэрмаа! Би чамайг ингэж хулангийн байдас адил догшин зан гарган, надад хандахгүй байх гэж бодсон маань буруудаж байх шив. Энэ ч чиний зөв байж магадгүй л дээ хэмээн хүү далан таваар бууж өглөө.
Тэдний яриа хүн чулуунаас хөндийрч, аж байдлын зүйл рүү шилжин, бие биенийхээ амьдарч байгаа хөг рүү аяндаа гулсан оров. Ингэхдээ түүсэн мөөгөө яаж арчлан авч хот, сумын төв оруулах тухай ярианаас үүдэгдсэн байна. Цэрмаа мөөг түүж, үүнийг арчлах тухай хэрэгт бараг анхлан орж байгаа, Шархүү бүр багаасаа ээж, аавыгаа даган үүнийг түүж иддэг байсан гэнэ. Түүнийгээ хүү сэргээн ярьж, мориндоо мордон гэрийн зүг явцгаалаа.
Цэрмаа огтхон ч нэрэлхсэнгүй, хэрийн зүйлд нэрэлхэх хүн бишээ.
Шархүү! Чи энэ их мөөгөө бүгдийг нь Улаанбаатарт аваачих уу?
Тэгэлгүй яахав. Юуны тулд ингэж түүлээ дээ, хонгор минь!
Чи чухам яаж авч авах вэ? Замд үйрч хаягдаад дуусах биш үү?
Үгүй дээ. Би дүүтэйгээ элбээд бүгдийг нарийн утсанд хэлхэж, сүүдэрт ханын толгойд өлгөн хатаа гэж захиад буцна. Манай ээж үүнийг хатаагаад хойно нь надад өгнө. Би өвөлжин хоолондоо хийж амтлан иднэ. Тэгэж болно биз дээ?
Мөөг хүний юунд сайн юм бэ? Чи яагаад их шунаглаад байгаа билээ?
Энэ мөөг үү? Хоолонд сайхан амт оруулна. Чамд би маргааш амтыг нь үзүүлнэ. Ер нь цагаан мөөг хүний биед тун сайн. “Эрхий мөөг эмтэй” гэж чи сонсоогүй юм уу? Төрж байгаа хүнд эхлээд заавал мөөгтэй шөл өгдөг. Тэгвэл ихэс нь амархан гардаг, халуурч бүлээрэх гэж байхгүй. Эхийн сүүгээр дамжин нялх хүүхдэд эм болж ороод, элдэв нянгаас хамгаалан чийрэгжүүлэхэд тусалдаг юм гэнэ билээ. Би чамд ярьсан. Яагаад тэр Бээжинд данжаад Ло овогт хан Намнансүрэнгээс мөөгний хар шороо гуйж байсан гэж бодож байна вэ? Тэр луухаан мөөгний ач тусыг сайн мэдсэн байна шүү. Урьд ч, одоо ч хятад хүмүүс яагаад цагаан мөөгөнд амь тавин, өндөр үнээр худалдан авдаг байна вэ, чи бод доо!
За өөр ямар юманд хэрэгтэй вэ, мөөг гэсэн яриа морин дээр болж явав.
Мөөг бол аль ч амьтны биеийг ариутган цэвэршүүлдэг гэдэг дээ. Чи бодоод үз. Төрсөн малын ихэс нь хорогдоод байвал жаахан мөөг буцалгаад л өгнө. Тэгээд тэр амьтан илааршина. Халуурах өвчинд гаргууд тустай. Халуун орны хүмүүс мөөг олж авах гэж амь тавьдгийн учир тэр... гэсэн яриа болж яваад тэд гэртээ иржээ. Тэдний аль аль нь ганзага дүүрэн олзтой ирж, түүнийгээ гэрийн сүүдэрт дэлгэн асгаад, захаас нь нарийн утсанд хэлхэж эхлэв. Томорч далбайсан мөөгийг хэрчиж жижиглээд хэлхэнэ. Ингээд ханын толгойд өлгөхөд гэр дүүрэн түүний сонин үнэр ханхалж, гэрийнхэн нь олзуурхана. Шархүү ч бүтэн үхрийн мах борцолж байгаа юм шиг хөөртэй байлаа.
Эднийх орой чанасан борцтой хоолондоо шинэ мөөг хийж амтархан идэцгээв. Түүний амтыг хүүхэд, томчууд сайхан байна гэж ярьцгаана. Маргааш нь Шархүү хоёр дүүгээ, айлын Цэрмааг дагуулан хээр очиж, задгай гал дээр мөөг шарж идье гэвэл ээж аав нь түүнийг зөвшөөрч, бидон саванд өрөм зөөхий хийж өгч, жижиг борвинд айраг таслан савлаж, хайруулын тогоо цэвэрлэн өгч дэмжив.
Шархүү хоёр дүүгээ, Цэрмааг дагуулан морь мотоциклтэй Агьтын хөндийг бас өгсөв. Тэд эхлээд хүн чулуун дээр очиж, тэр хавийн байдлыг дахин ажиглан шинжлээ. Хавь орчинд нь газар шагайж эд эрдэнэ гээсэн юм шиг нилээд ажиглалт хийхэд, тэр гэх тэмдэгтэй юм юу байх билээ. Ганцхан дүү Навчаа будаатай шаазан аяганы хагархай ахдаа олж өгөв. Тэр аяганы ёроол дээр хятад бичгийн хоёр үсэг байлаа. Шархүү түүнийг нэн хэрэгтэй юм олж байгаа янзаар цаасанд боогоод халаасандаа хийхдээ Цэрмаад хандан:
Энэ хүн чулууг босгосон эзний л эд дээ. Өөр юун хүн энд ирж аяга хагалж байх вэ. Чулууг босгосон хүмүүс цангаад юм ууж. Тэгээд аягаа хагалсан байна гэж ярих нь тийм байж болмоор ажээ. Үүнээс үүдэгдэн хүү хоёр дүүгээсээ энэ чулууг хэн, хэзээ босгосон, ямар хүн энд ирдэг зэргийг асуун ярилцахад хүрэв. Навчаа юу ч мэдэхгүй гэнэ. Гончиг хүү бодож үзээд:
Ноднин хавар ногооноор манайхыг энэ зусландаа дөнгөж нүүж ирсний дараа, би хээр яваа сувай үхэр эргүүлэн мориор энд явж байхад “ГАЗ-69”-тэй гурван хүн энд ирээд хөшөөг босгосон бололтой байсан. Тэд намайг саваагүйрхэн очиход ажлаа дууссан бололтой хувцсаа гүвж цэвэрлээд, надаас танайх хаа байдаг вэ? Үүгээр айл олон нутагладаг уу? Танайхыг хэнийх гэдэг вэ хэмээн асууж, надад янжуур тамхи нэгийг өгсөн. Би тамхи татдаггүй болохоор түүнийг нь аваагүй. Тэр хүмүүс ч өөр юм ярилгүй, тэргэндээ орж суугаад явсан гэж хүү ярилаа.
Шархүү бодолхийлэн байснаа Гончигоос:
Чи тэрэгнийх нь дугаарыг харсан уу гэж асуув. Жаал хүү толгой сэгсрэн нүдээ бүлтгэнүүлж байснаа бодож бодож толгойгоо маажин:
УБ-7... л гэж байсныг санаж байна. Бусдыг нь мэдэхгүй гэв. Ингээд хүн чулууны дэргэдэх яриа дуусаж, тэд бүгдээрээ хөндийн баруун талын уулын бэл дээр очиод хүн бүр таваас доошгүй бэсрэгдүү мөөг олж түүх “даалгавартай” болж таран явлаа. Юу байхав дээ, хэсэгхэн хугацаа өнгөрмөгц тэд цугларан, түүсэн олзоо газарт дэлгээд, бас хуурай аргал түүн гал асаалаа. Шархүү мөөгөндөө нямбай хандан цэвэрлэж, доод голыг нь авч хаяад, таваг аятай хонхор дээр нь жаахан өрөм зөөхий, давс хийн хуушуурын тавган дээр түүнийгээ өрж шарж эхлэх нь тэр ээ.
Тэд бүгдээрээ шинэ хоолыг сонирхон, хэзээ болохыг нь хүлээхэд гоц содон аятайхан үнэр ханхлан байв. Навчаа л гал түлж, тогоо руу өнгөлзөн харах тун дуртай байлаа. Шархүү тэр шарж байгаа зүйлээ халбагаар эргүүлж тойруулан байснаа:
Ээ, хагарч орхилоо. Одоо идэх аргагүй болов. Хайран юм гэж дуу алдвал Навчаа охин гүйн ирж харан өмгөнөөд уйлах дөхсөнөө гараа сарвагануулан:
Зүгээр л байна шүү дээ. Ах надаар тоглож байх шив гээд инээлээ. Бүгд Навчааг дагасан юм шиг инээлдэн бужигнав. Хээр тал дээр бөөн шуугиан болж, борвитой ундаагаа нээж сэнгэнэсэн айраг залгилан, шарсан мөөгөө гаргаж хавтгай чулуун дээр тавиад идэж, бас дахин угсруулаад шарж гарав. Дээр зөөхий нь буцлан, хэрдээ овоо шөл гарсан энэ мөөгний амт ёстой л “дээд уруул дүрж, дэргэдэх хүндээ амсууламгүй” гоё байлаа. Хүн бүр л амтархан, хэлэх сайхан үг эрнэ.
Цэрмаа хөгжилдөн:
Шархүү гуайн дайллага сайхан болж байна. Одоо хөгжим эгшиглэн танго юм уу, вальс эргэх л дутаж байх шив гэлээ. Энэ үгийг Шархүү сонссон дороо босож, амаараа хөгжимдөн, хоёр хүүхэд гал нэмж түлээд, мөөгөө шарах ажлаа хийж байлаа. Хээрийн зугаалга дээдийн жаргал гэдэг болж байлаа.
Чамайг үнсэхсэн гэж Шархүү Цэрмаагийн чихэнд шивэгнэн хэлбэл, бүсгүй эвгүйцэн харж, хүүг нудраад
Дүү нарынхаа дэргэд дэмийрэх нь үү гэхэд, Шархүү инээж бүсгүйн чихэнд хошуугаа ойртуулан:
Дэмийрч байгаа юм биш ээ. Үнэн хүслээ хэлж байна гэв. Бүжиглэхэд энэ бүсгүйн бие өндөр нарийхан болоод ч тэр үү, ямар эвтэйхэн, яасан уян налархай вэ? Үүнээс үүдэгдэн хүү бүсгүй хоёрын дунд сонин яриа бас үүсэн, сэм явагдлаа.
Цэрмаа! Би чамайг Улаанбаатарт очиход дайлах мөөгтэй боллоо шүү.
Чиний гэргий бас чам шиг мөөгөнд дуртай юу?
Надад элэнцгийн гэргий байх билээ дээ.
Өдий болтол авгай авахгүй юугаа хийж явсан амьтан бэ, чи?
Би юу? Миний хувь тавилан чамайг хүлээгээд байгаа биз дээ.
Өө, чи бүр ийм юм ярих санаатай байгаа хэрэг үү? Гайхалтай байна.
Гайхах юмгүй. Олон жил хураагдсан миний үнэн санаа энэ шүү. Чи намайг битгий голоорой. Чи цаанаа эзэнтэй болсон бол би яаж ч чадахгүй биз дээ гэж Шархүү дуугаа хувирган хэлээд, уйтгартай янз үзүүлэв. Бүсгүй доогтойгоор инээн:
Надад олон эзэн бий. Тэд маань намайг хүлээгээд сууж байгаа биз гэлээ. Шархүү Цэрмааг наадаж байна гэдгийг нь гадарлан инээж байснаа:
Би тэгвэл танайд очоод, чиний тэр эзэдтэй чинь эр охиноо үзэлцэхэд бэлэн байна. Тэгэх тулалдаанд биеэ бэлтгэхээс биш дээ гэсэн тоглоомын яриа болж, цэцгэн дунд дахин суугаад шинээр шарсан мөөгөө идэн, айраг залгиллаа.
Юм юм сэтгэлд дүүрэн байгаа янз хүн бүрт ажиглагдаж байв. Тэд дахин мөөг шаран, ээж аавдаа амсуулах нөөц жаахан хийв. Ингэх нь ч илүү зүйл бишийг бүгд мэдэрч байлаа.
Нэг хачирхалтай зүйл нь Шархүүгийн нүд тэртээ торойж байгаа хүн чулууны зүг цаг үргэлжид уяастай байгааг Цэрмаа ажиглан, “Тэр маримгар хүний сүг яагаад энэ хархүүгийн анхаарлыг татаад байгаа юм бэ?” хэмээн бодон гайхширч хоцорлоо. Түүний нарийн учрыг Цэрмаа байтугай хархүү өөрөө мэдэхгүй “Ямар учиртай энд хэн хүн чулуу босгоно вэ? Энэ юуны тэмдэг бол? Тийм ч сайн ёр биш болов уу?” гэсэн санаа сэтгэлийн нь угт хадагдсан байна. Чингэж байгаа учраа Шархүү яахан өөрөө тайлах вэ?
Тэд дөрвүүлээ гэртээ эргэн ирж, ээж аавдаа шарсан мөөгний амтыг гайхшран хэлж байлаа. Төмөр, Должин нар ч хээрийн хишгийг амсаж үзээд:
Нээрээ гэрийн гал дээр шарснаас илүү сайхан амттай юм шиг. Ер нь хээрийн цай хүртэл гоё амттай гэдэг. Тийм байдаг нь агаар илүү шингээд аятайхан болдог биз гэсэн яриа болж өнгөрлөө.
Должин их хүүдээ амиа тавьж байдаг. Дэргэдээ байнга байдаггүй болохоор түүндээ бүр ч янагшин:
Хэдхэн хоногоор гэртээ ирээд байгаа болохоор дур сэтгэлээ хангаж байвал болоо биз. Ажил нь ч зав чөлөө өгдөггүй хэцүү гээ биз дээ. Аав нь хот орж ирээд л хүүгээ “Дэндүү ажилд дарагдсан бололтой, өглөө оройгүй л албан газраа сууж ажилладаг юм байна” гэж хэлэв дээ хэмээн Шархүүг төрсөн оромжиндоо ирээд сэтгэлээ амраагаад буцаг хэмээн бодож байгаа билээ.
Үдэш гүү тавих үеэр Шархүү гэрээсээ гарч зэлэн дээр очоод Цэрмаатай уулзан, бас л хотны захад хоёулаа зогсон ярилцаж гарах нь тэр ээ. Эх эцэг хоёр нь хүүгээ хараад, дүү нараас нь нуусхийн ярилцахдаа:
Хүү минь, хань ижилтэй болоосой доо. Нас бие нь явчихлаа. Мөд удахгүй гуч хүрэх нь байна шүү. Нэг овоо зөв сэтгэлтэй юм дайралдвал хүүгий минь аж байдал хамаагүй дээрдээд, дэргэдээ өөрийн хань гэх ижилтэй болох шүү байгаа. Тэгвэл ч бидэнд амар байх болно.
Чухам аа чухам. Энэ Дуламдоржийнд ирээд байгаа авгайн дүү бүсгүй нь нэлээд ажилсаг болов уу гэмээр, үнээ мал саалцаад, хүргэн ахдаа шинэ дээл оёж байгаа чимээтэй байна. Аюулын л охин бололтой шүү. Үүнтэй манай хүү санаа сэтгэл нь нийлээд явчих бол эрх биш ойролцоо нутгийн юм болохоороо наад зах нь зан зангаа мэдэж хань болох нь дээр баймаар.
Хэлээд яахав. Энэ хоёр хотод нэг сургуульд хамт шахам суралцаж байгаад бие биеэ мэддэг болсон гэсэн дээ. Өчигдөр гадаа хамт байгаад Дуламдоржийн ярих нь энэ бүсгүйд ам сайтай бололтой. “Хөөрхий, эх нь өнгөрсөн жил уушигны хатгалгаа өвчнөөр төрөл арилжсан амьтан. Одоо эхийн оронд хоёр дүүдээ эх болж яваа. Эцэг нь угаас төлөв томоо бүхий хүн. Манай баруун сумын юм” гэж ярина билээ. Уг хүүхэд нь нэлээд түвшин нуруутай, гэмгүй даруу зантай. Сумын сургуульд түүх-газарүйн хичээлийн багш юм гэнэ. Аав нь сургуулийн аж ахуйн эрхлэгч Тамжид гэдэг хүн гэнэ гэсэн яриа болж, Шархүүг энэ Цэрмаад ойртон дасаасай гэсэн сэтгэлтэй байгаа ажээ. Ийм зүйл гэрт эцэг эхийгээ ярьж байхад Шархүү өөрийгээ мэдлэг сайтай гэсэн ойлголтыг бүсгүйд төрүүлэх гэж чармайсан ажээ.
Одоо чинь хүмүүс юмыг харшуулан зэрэгцүүлж үздэг болжээ. Урьдын адил таамгаар хэрэгт ханддаг хөг өнгөрсөн бололтой. Юм юм улам нарийсаад, хэрийн зүйлийг хүмүүс тоож үнэлэн үзэхээ байж шүү гэж хүү ярих нь “Би чамайг үнэлэн үзэж байна” гэсэн ойлголтыг Цэрмаад өгөх гэж бодсоных аж.
Эдний ярианы төгсгөлд, Чандмань-Уул сумын 50 жилийн ойг энэ зун тэмдэглэх болж, наадмаа наймдугаар сар лавхан гаргаад, идээ цагаа дэлгэрсэн үед хийе гэж дарга нар нь аймгаас зөвшөөрөл гуйж, түүнийгээ шийдвэрлүүлсэн гэж ярьж байгаа. Тэгэхээр наадам аятайхан болох байх. Чи ирэх сард манай суман дээр очиж болно шүү дээ хэмээн Цэрмаа хэлэх нь цаагуураа Шархүүг урьсан хэрэг байлаа. Хүү ч түүнийг ухааран эелдэглэж бүсгүйд хандан:
Чи ямар сайхан юм надад хэлнэ вэ? Би танай сумын наадамд очъё. Чи тэр үед сумын төв дээрээ байх уу? Бас ийш тийшээ амрахаар явчих уу гэв.
Би хаашаа мод тохож, морь унаад алга болох вэ? Буг оргиод сумын төвийн шороон дотор навсайгаад эргэлдэж байх биз.
Өө, чи тийм навсайсан амьтан биш шүү. Чамайг би монголынхоо нэг гоо бүсгүйн тоонд багтах охин гэж үзэн, хормой дор чинь сөгдөхөд бэлэн яваа шүү.
Чи намайг битгий тэгж егөөд дөө, Шархүү минь. Ийм марзан яриагаар яахав. Чи үнэхээр манай сумын наадамд очиж чадах юм уу гэж бүсгүйг лавлан асуухад Шархүү бодлогоширон зогсож байснаа Цэрмаагийн гараас атган авч:
Би үнэхээр танай наадамд очих хүсэлд автаж байна. Үүнд ганц саад байгаа нь надад тэр үеэр хоёр хоногийн чөлөө олддог болов уу, яах бол гэж бодож байгаагаа хүү шуудхан хэлэв. Түүнд нь бүсгүй ч үнэмшлээ.
Шархүү! Чи манай сумын наадамд очоод манай гэрт бууж болохгүй. Би чамд сумын буудалд ор захиалж орхино. Тэгэхдээ чи манай гэрээр хэд ч орж бидэнтэй уулзаж болно гэж Цэрмаа хэлэв. Хүү бүсгүйн энэ үгэнд гайхан, эргэцүүлж бодсоноо дуугаа жаахан хувирган:
Яагаад танай гэрт бууж болдоггүй билээ хэмээн эрслэн асуулаа. Цэрмаа хэнэггүй янзаар:
Чи бод л доо. Бид хоёр юу ч болоогүй байж тэгэж амьтны нүдэнд нэг гэрт хонон донжигновол амьтан буруу ойлгоод, дэмий юм болно. Тэр үед бас хөдөөнөөс аавын ахан дүүс болох хүмүүс манайд ирэх биз. Тэгэхдээ би чамайг битгий очоорой гэж байгаа юм биш, харин чамайг суман дээр хүрээд ирвэл би баярлах болно. Миний энэ үг хуурамч манж зан гээч биш шүү гэв.
Ойлголоо. Баярлалаа Цэрмаа! Би энэ “улаан морио” сойж байгаад давхиад очихыг хичээнэ. Харин наадам чинь яг хэзээ болдог бол гэлээ.
Шархүүгийн чөлөөний хугацаа дуусаж, хот руугаа буцах цаг боллоо. Тэрээр маргааш явна гэж байгаа өдрөө өглөөний үүрийн гэгээнээр дүү Гончигоо улаан “ЯВ” дээрээ сундалдан, гартаа хүрз, жоотуу бариад Агьтын хөндийг өгсөн давхиж хүн чулуун дээр очиж, түүний ёроолыг ухан, уг чулууг хазайлгаж байгаад, дор нь юу байгааг үзэв. Тэрээр ингэе гэж хэдэн өдөр бодогдон сэтгэлийг нь шаналгаж байсан билээ. Гончиг эр хүн гэсэндээ газрын ажилд ахаасаа илүү юм байна. Тэд хөшөөний дороос юу ч олсонгүй. Харин чулууны дороос нь нүх гарган ухаад дотор нь хавтгай цагаан төмөр дээр хар будгаар “Энд монгол хүн байж билээ” гэсэн дөрвөн үг бичиж хийгээд, доод ёроолыг ус оруулахгүй гэсэн байдлаар нүүрс, шатдаггүй хар цаасаар таглаад газар булсан байлаа. Шархүү энэ бичээстэй зүйлийг үзээд ихэд гайхав. Тэр бичгээ уйгаржин үсгээр бичиж, бас хятад хэдэн үг зэрэгцүүлэн тавьсан нь тэр байгаа үгээ орчуулан бичээ биз.
Энэ чинь юу вэ? Ямар сонин хэрэг вэ гэж хүү аман дотроо үглэн байснаа, “Монгол хүн байжээ” гэдэг чинь монгол бүр алга болсон байх тийм үед энэ бичгийг гарган ирж өөр хүн үзэх учиртай хэрэг болж байна уу гэсэн нэг хачирхалтай зүйл санаанд нь харван орж ирлээ.
За байз, яах вэ? Энэ хэдэн үг бичсэн төмрийг аваад явах уу? Аа, болохгүй байх аа. Үүнийг энд нь байлгаж шинжлэн үзэх ёстой биз хэмээн тэрээр өөртэйгээ ярьснаа, хамаг юмыг нь хуучин хэвээр нь буцааж хийгээд, хүн чулууг дүүтэйгээ хамжин яг байсан ёсоор нь босгож тавиад, огт гар хүрээгүй юм шиг болгох гэж булсан шороо юмыг нь эргүүлэн тавьж янзлав. Бас дүү Гончигтоо энд ийм юм байна. Бид ухаж үзсэн гэж ямар ч хүнд хэлж болохгүй, аав, ээжид ч битгий хэлээрэй гэж хатуу захисан байна.
Шархүү түүсэн мөөгнийхээ хагасыг, жаахан өрөм ааруултай хамт ганзгалан, замдаа уух жижиг борви айраг аваад, гэр орныхоо хүмүүстэй болон Цэрмаа бүсгүйтэй салахын мэнд мэдэлцээд, өглөөний наран ертөнцийг гийгүүлэн, алтан туяагаа цацруулсан цагаар улаан мотоциклээ паржигнуулан нар мандаж байгаа зүг рүү тоос босгон алга боллоо.
Сарнай дэлгэрсэн ойн захад
Шархүүгийн сэтгэлд хоёр юм уяастай явсаар Улаанбаатар орох замдаа түүнийгээ бодсоор байв. Өөр бусад зүйл хүүгийн хувьд нүдэнд товойж эс харагдана. Юу вэ гэвэл, нэгд Цэрмаагийн гуалиг өндөр нуруундаа зохицсон гунхсан сайхан бие, түүний зүүн зовхин дээрх тод хар мэнгэ, дэрвэгэр цагаан шүдээ яралзуулан орчноо гэрэлттэл инээдэг хөгжөөнт инээдэм, нар салхинд хувирч борлосон төлөв дулаан өнгийн царай Шархүүгийн өмнө торолзон харагдах шиг, түүний ёжтой нь аргагүй, давхар утга агуулсан намуун дууны аяар урсдаг, сэтгэлд нийцэмтгий яриа хоёр чихэнд зэрэг сонсогдоод байх шиг болно. Нөгөө гэвэл, яагаад Агьтын хөндийн эхэн дээр, тэр өнгийн цэцэг алаглан дэлгэрсэн уудам ногоон талыг өдөр шөнөгүй харуулдан ширтэж байхаар хүн чулуу бий болдог билээ? Түүнийг ямар утгаар, хэн, яах гэж, тэнд босгов оо? Тэр тэгш зөөлөн шороон хөрстэй уудам ногоон талыг өөрийн болгон үүрд эзэмшин байх гэсэн хэн нэгэн хүний мөрөөдлийн илрэл үү? Түүний дотор нандигнан хийсэн, төмөр дээр бөхлөн бичсэн хачин утгатай хэдэн үг ямар учиртай вэ? “Энд монгол хүн байжээ” гэдэг үг чинь өнгөрсөн төлөвийг зааж байгаа. Тэгэхээр монгол гэж өдгөө байхгүй, урьд нь л тийм хүн энд байсан гэсэн санааг гаргаж байгаа нь гарцаагүй биз дээ. Тийм л байна. Түүнээс өөрөөр хаашаа ч зайлах арга алга даа, тэр үг. Тэгэхээр хаанахын хэн, яаж тэр тал хөндийг эзэгнээд, тэнд монгол хүн яаж алга болон, урьд тийм нэртэй хүмүүс байжээ гэдэг нь хөшөө чулуун дээр, тэр нь дуурсагдан үлдсэн байх болж байна. Энэ бол тийм болгох хүслэнтэй хүний мөрөөдөл болж таарч байна уу гэсэн бодол Шархүүгийн сэтгэлийг замын туршид үгтээн, “Үүнийг үзлээ. Би яах ёстой вэ?” гэсэн асуулт сэтгэлийн нь угт уягдан давхисаар, энэ бодлоо харъалах даргадаа хэлэхсэн гэхээс яаран догдолж, замдаа хоёр дахин шатахуун сэлбэж аваад амралгүй давхисаар нийслэлд орж ирлээ. Олон тэрэг усны урсгал адил жирэлзсэн хотын гудамж түүний нүдэнд содон харагдаж, таримал ногоон мод нүдэнд нь чимэг болж байв.
Хүү сангаас эзэгнүүлсэн ганц тасалгаа байрандаа үдшийн бүрийгээр орж ирээд, авч ирсэн хэсэг мөөгөө нар үздэггүй цонхон дээр өлгөж, ганзгалж ирсэн өрөм ааруулаасаа халуун хар цайнд хийж идэн, орондоо орлоо. Сэтгэлд нь замын туршид бодогдсон хоёр зүйл уяатай хэвээр байв. Шархүү өглөө босмогц бие, юмаа янзалж аваад ажил руугаа гүйж очсон дороо өөрийн тасгийн дарга, хошууч Соном дээр амьсгаа жаахан дээгүүртэй орж явчихлаа. Тэд цэрэг хүний байдлаар ёс хийн уулзав.
Нөхөр хошууч аа гэж Шархүү номхон зогсоод мэндлэв.
Хөдөө сайн явж ирэв үү? Явсан газраар сонин юм юу байна вэ гэж хошууч эелдэглэн асууж ам нээлээ. Шархүү жаахан түгдрэнгүйгээр хөдөөд үзсэн харсан бүхнээ илтгэх байдлаар хэлбэл, Соном бодолхийлэн, хүүг анхааралтай сонсоод, нэмэлт цөөн зүйл асууж тодруулснаа ажигч нүдээр хүүг харж:
Чи зөв юм ярьж байна. Бид бол аливааг давхар нүдээр харж, тэр дор нь уг явдлын учрыг сийрүүлэн тунгааж бодоод дүгнэлт хийж байх ёстой. Тэр хүн чулуунд хандсан чиний хандлага зөв байна. Хийж байгаа дүгнэлт чинь ингэж бодох зүйл мөн байх. Тэр чулуун дор байгаа бичээстэй зүйлийг аваагүй чинь бас зөв юм шиг надад санагдаж байна. Чи надад ярьж байгаа энэ зүйлээ өнөөдөр илтгэх хуудас болгон тодорхой бичээд ир. Би түүнийг чинь удирдлагад танилцуулъя гэж даргын журам ёсоор хэлэв. Шархүү хошуучийн үгийг “За” гэж хүлээж аваад, гарч өөрөө ажилладаг тасалгаандаа ороод, үзэг цаас барин суулаа.
Эхлээд дарга Сономын ясархаг өндөр нуруутай, тогтуун байдалтай боровтор нүүрэндээ зохицсон хүрэвтэр нүдтэй, дөлгөөн дүр нь түүний бичгийн цаасан дээр тодрон харагдах шиг болж “Энэ надад ярьж байгаа зүйлээ, тэр чулуун хүнд өгч байгаа дүгнэлтээ чи дахин сайн бодоод гүйцэд бичээрэй” гэж хошуучийн хэлсэн үг бүрэн эхээрээ санагдаж байв. Шархүү илтгэх хуудас бичиж суухдаа “Яагаад тэр чулууг Агьтын хөндийд эзэн болгон суулгав аа? Хятад үсгээр хадмалан хэлсэн үгээ бичнэ гэдэг чинь цаана нь түүнийг харж цагдаж байх эзэн өмнө зүгт бий гэсэн үг. Тэр чулууг буулгаад, дор нь байгаа бичгийг үзэх хожим хойчийн хүн бас байна гэсэн үг. Тэгэхээр тэр маань цаанаа нэлээд лав углуургатай болж таарч байна” хэмээн бодож байлаа. Энэ бодол залуугийн санаанаас гарч салахгүй зовооно. Түүний хажуугаар бичиж суугаа юмны нь мөрний завсраар дөлгөөхөн харцтай, намуухан дуут Цэрмаагийн боровторхон царай, хувинтай сүү бариад гэдэгнэн яваа түүний үзэсгэлэн гоо бие үзэгдэх шиг болон сэтгэлд нь урган гарч ирээд, бусдад үл сонсогдом байдлаар “Чи минь одоо хаана юу хийж байна вэ? Намайг ч огт бодохгүй байгаа биз дээ?” Аа, чи намайг наашаа явахад юу гэлээ? Тийм тийм. “Чамайг сумын наадмаар ирэх юм бол би баярлана” гэж хэлсэн шүү дээ. Тэр үг нь үнэн болов уу? хэмээн амандаа үглэж суув. Ийм л байдалтайгаар Шархүү ажиллаж байлаа. Түүний хийх ёстой зүйл ганц илтгэх хуудас биш, бусад судлан боловсруулбал зохих зүйл нэлээд байв.
Шархүү үдэш гэртээ сууж байгаад Цэрмааг бас бодон, түүнд анхныхаа захиаг бичлээ. Өгүүлсэн нь: “Хайрт минь ээ. Чи сайн харьсан уу? Танай аав, дүү нар чинь сайн байна уу? Чи сумынхаа наадамд бэлтгэж байна уу? Би сайн явж ирсэн. Замд “улаан морь” минь саадгүй явсан. Хотод намайг тоосонд дарагдсан, суудаг тасалгаа минь уйтгартай, зэвгэр байдлаар угтлаа. Би нутгаасаа түүж ирсэн мөөгөө хатаан, чамайг ирэхээр амттай шөл хийж өгнө гэж бодож сууна. Намайг эзгүй хойгуур хүлээгдсэн ажил нэлээд байгаа учир зав чөлөө муутай байна, би. Мэдээжээр Улаанбаатарт гудамжны гэрэл чийдэн гялалзаад, радио телевизээр шинэ сонин юм сонсогдон, хөгжил баясалтай байна. Тэгэхдээ чи энд байхгүй учир надад үзсэн харснаа ярьж хүүрнэлдэх хүн дэргэд үгүй, миний сууцанд байгаа бүх зүйл надад уйтгартай харагдан, байгаа жаахан эд маань уур уцаартайгаар намайг харж байх шиг бодогдоод, цаанаа л нэг цэвдэг оргин байна. За энэ талаар олныг нуршихаа болъё. Чамдаа халуун мэнд хүргэж, чамайг мөрөөддөг сэтгэл саяны уулзалтаар дээд оргилдоо хүртэл сэргэн бадарсан учраа үнэн мөнөөр нь хэлье. Чи минь наддаа ирж, миний сэтгэлийг амрааж өгөөрэй. Чинийхээ баясгалантай тунгалаг царайг би удахгүй харна байх гэж итгэн бодож сууна. Чамайгаа сайхан тэвэрье. Чиний Шархүү” гэж бичсэн захиагаа дугтуйлан, дээр нь “Чандмань Уул сум. Дунд сургуулийн багш Тамжидын Цэрмаад” гэж хаяглан, Төв шуудангийн хайрцганд хийжээ.
Шархүү ажилдаа гүйж, энэ тэрийг боловсруулан, судалж шалгах даалгавар даргаасаа авч ажилласаар байлаа. Энэ бол ердийн хийх ёстой ажил нь байв. Хоёр долоо хонож байтал нэг өглөө дарга нь дуудаж тасалгаандаа аваачаад урдаа суулган, нүүр өөд нь эгцлэн харж ажиж байснаа:
Бид чиний саяхан бичсэн илтгэх хуудастай танилцаж, түүнийг цааш нь лавшруулан судалбал зохих зүйл мөн гэж үзлээ. Тэгэхээр чи хоёр хүнтэй хамт маргааш тийшээ яв. Та нарт унаа гаргаж өгнө. Та нар тэр хүн чулууны гэрэл зургийг аваад, дор нь байгаа нөгөө бичгээ бас аваад ир. Тэгэхдээ уг чулуугаа хөдөлгөсөн янзгүйгээр эргүүлээд уг байсан хэвээр нь аятайхан суулгаарай гэж тушаал болгон хэллээ.
Шархүү хошууч Сономын үгийг сонсоод бодолхийлснээ:
Хошууч аа! Надад таны хэлж байгаа зүйл дээр хоёр санал байна. Нэгд тэр бичгийг аваад оронд нь “Энэ чулуун хүнийг босгосон хүний өөрийн нь толгой өнхөрнө” гэсэн бичиг төмөр дээр бичээд оронд нь хийж орхиё. Тэгвэл түүнийг ирээдүйд онгилон үзэх этгээдэд “Монголчууд чинь яггүй сийрэг ухаантай, сэрэмж анхааралтай хүмүүс байна” гэсэн ойлголт өгөх биз. Нөгөө нэг санал нь, би энэ далимаар цаашаа яваад Чандмань Уул суман дээр очиж, тэндхийн хүмүүсийн байдал, уур амьсгалыг нь жаахан ажаад ирье. Хүн чулуунаас цаашаа 170-аад км зайтай газарт сумын төв байдаг гэсэн гэлээ.
Соном ажилтан хүүгийнхээ үгийг сонсоод:
Тэр сумын төвийн хүмүүсийг ажиглах ямар хэрэг байна вэ гэж асуулаа. Шархүү энэ асуултанд өгөх хариугаа бэлтгэсэн учир:
Миний дүү Гончиг нэг жилийн өмнө тэр чулууг босгосон хүмүүс баруун хойшоо Чандмань Уул сумын төвийг чиглээд явчихсан гэж надад хэлсэн. Ер нь тэнд ямар шүү хүмүүс голлож байдаг. Тэнд чулуугаар юм хийдэг хүн хэн байна вэ, тэр хүнийг би мэдмээр байна гэж хариуллаа.
Соном нүдээ эргэлдүүлэн бодоод:
Чи ч юмыг овоо суурьтай боддог л юм байна. Чиний энэ саналыг би дээш нь уламжилан хэлье. Тэгээд чамд маргааш хариуг хэлье. Чи Чандмань Уул суман дээр очоод юу хийхийгээ төлөвлөгөө болгон бичээд ир!
Дарга аа! Ингээд явахад надад унаа уналга, шатахуун энэ тэр гэж байгаа бол би өөрийн “Яв” мотоциклээ унаад тэдэнтэй хамт явж болно шүү дээ гэж илтгэлээ.
Чи энэ явдлын далимаар гэрээрээ орох гээд байгаа юм биз дээ.
Үгүй шүү. Бид манай гэрт бууж аав ээжид хэлэх ч хэрэг байхгүй гэж Шархүү хэлэв. Тэдний энэ удаагийн уулзалт яриа үүгээр дууслаа.
Хоёр хоногийн дараа хошууч Соном Шархүүтэй бас уулзан, түүний саналыг зөвшөөрч байгаагаа мэдэгдэн, “Ачааны “ГАЗ-69” тэргэн дээр “ЯВ”-аа ачиж яваад хүн чулуунаас цааш чи тэр мотоциклээрээ яв. Чи тэр суман дээр хоёр хоногоос илүү байлгүй, наашаа ирээрэй” гэж тасгийн дарга хэллээ.
Шархүүгийн хөл газар хүрэхгүй шахам баясаж, нөгөө төмөр дээр хийх хэдэн үгээ, дээр нь тэр үгээ хятад үсгээр яамныхаа гадаад хэлний хүмүүсээр бэлтгүүлж авав.
Яг Чандмань Уул сумын наадам хоёр хоноод болно гэж байхад нь Шархүү хотоос гарч гурвуулаа давхилаа. Тэд гурвуулаа Агьтын хөндийн эхэн дээр долдугаар сарын сүүлчийн тэр нэгэн өглөө нар мандаж гарахын өмнөхөн очиж уг ажлаа хийж эхэлсэн байна. Бүх зүйл илтгэх хуудсанд дурьдсан ёссор байлаа. Тэнд хийх ажлаа ч Соном даргын тушаасан ёссор хийж, маримгар хүн чулууг хазайлган байж бөгсийг нь ухаж хөндийлөн, бэлтгэж авчирсан өөр хэдэн үгтэй төмрийг түүний гэдсэнд хийж суулгаад бүх зүйлийг хуучин байсан ёсоор нь засаж байрлуулав. Энэ ажил дээр гурван нөхөрт санал зөрөх зүйл юу байх билээ. Тэд эндээс зам салан, Шархүү Чандмань Уул сумын төвийг чиглэн моторт мориороо үсэрлээ. Тэрээр хагас зуун км яваад замдаа гаднаа унага уясан айлд бууж, сая хөхүүрээс гаргаж байгаа айргаар өллөгөө тайлж, тэндээсээ цааш давхин нэг нарийн голын хөвөөн дээр бууж, “улаан мориныхоо” дэргэд хэвтэн жаахан унтаж амарлаа. Нозоорч байсан бие нь овоо аятайхан сэргэжээ.
Шархүү үд хэлбийж байгаа үеэр Чандмань Уул сумын төв дээр дэгдэн очиж буулаа. Эднийх анхлан сангийн аж ахуйн төв болж байгуулагдаад хорь гаруй жил болж байгаа, овоо тохижсон гэх үү, контор, дэлгүүр, клуб, номын сангийн барилга гээд нэлээд хэдэн барилга шинэвтэр барьсан, бас мэргэжилтэн, багш, зарим албан хаагчдын сууц гээд долоо, найман нэг загварын жижиг байшинтай, яг төв дундаа явган хашаа барин ногоон цэцэрлэг маягийн юм тэрлэж эхэлсэн, цэвэр байдалтай суурин байв. Төвийн ихэнх хэсгийг монгол гэр эзэлжээ. Тэр төвийн зүүн урдуур Шавартайн гол гэдэг нэртэй, чамламгүй устай тунгалаг урсгалт гол тахирлан мухирлан баруун урагш чиглэн урсаж байна. Сумын төвийн баруун хойд талаас салхи савир нөмрөлсөн байдалтай зогсох дөрвөлжин ногоон уулын зүүн урд талд нь байгаа өтгөн ногоон ой нүд булааж харагдав. Тэр модтой уул барагцаалбал, арваад км-ийн зайтай байгаа болов уу? Төвийн ойролцоод унага уяж, гүү барьсан айлууд мэр сэр байгаа нь замд ажиглагдаж байв. Ийм газарт Цэрмаа хүүхэн сууж багшилдаг ажээ.
Шархүү сумын төвд ирмэгцээ зочид буудлыг нь сураглан, жижиг хүрэн дүнзэн байшингийн үүдэн дээр очлоо. Тэгтэл харуулдан харж хүлээж байсан юм шиг Цэрмаа бүсгүй энэ эрийг холоос таниад гараараа далласаар хүрч ирж дотноор мэндчилэн уулзаад, буудлын үйлчлэгчид танилцуулан, “Миний ор захиж байсан хүн энэ” хэмээн хэлж тэнд буулгах болов. Тэд бие биеэ ялдам сайхан байдлаар угтаж учраад, “Энд ороо заалгаж аваад манай гэрт оч! Гэрт аав, дүү нар байгаа” гэж Цэрмаа элгэмсэг зангаар ая тавилаа. Бүсгүйн хэлсэн ёсоор Шархүү эзэгтэйг даган явж сумын төвийн захад зуслан маягтай шинээр буудалласан бэсрэгхэн цагаан гэрт очлоо. Тэднийх нүдэнд дулаахан, ширмэл ширдэг тойруулж дэвсээд, цагаан толгойтой төмөр ор хоёрыг зассан, эрээн будагтай авдар дээр том толь, жаазтай зураг сэлтийг тавьсан, ил бурхан байхгүй, өнгөлөг айл байлаа. Бүсгүй эцэг Тамжиддаа Шархүүг хуучин танил, хамт Багшийн сургуульд байж бие биенээ мэддэг болсон, зэргэлдээх зүүн талын сумын хүү. Эдний аавынх нь Агьтын хөндийн хөлд Дуламдорж ахынхтай айл зусаж байгаа. Би сая очихдоо энэ хүнийг хотоос гэртээ ирэхээр нь уулзаж, хуучин танилаа сэргээсэн гэж аялаг зангаар ярьж танилцуулав.
Хүү энэ айлд цай уун Тамжид гуайтай энэ тэрийг ярьж суух үедээ гаднаас “улаан мориндоо” ачсан богцоо оруулж ирж, гэрийн эзэн эрд нэг шил сархад, Цэрмаагийн хоёр дүүд жаахан чихэр боов, танилдаа нарийн мөнгөн гинжин оосортой хүзүүний чулуун зүүлт гарган өгч гар цайлгалаа. Бэлгийг гэрийнхэн таалалтай авч, Цэрмаа сая өөрөөс нь захиа авснаа ааваасаа нуулгүй хэлэх нь зочин эрд “хэрэг явдал зөв тийшээ эргэж байх шив” гэсэн сэтгэгдэл төрүүлж билээ. Тэд найрсгаар ярилцан:
Би тантай уулзах, энэ сумын төвийн байдлыг сонирхох гэж ажлын далимаар ирж байна. Маргааш танай сумын наадам эхлэх бол би жаахан үзнэ гэж Шархүү намуухан байдлаар ярихдаа “Би таны хүү чинь гэх үү, хүргэн чинь болох санаатай шүү” гэдгээ арай ил хэлж чадахгүй, үг яриагаа хамжааргатай байлгахыг чармайж байлаа. Тэр байдлыг нь ч Цэрмаа багцаалан мэдэж байв. Шархүү нэгэнт энд зорьж ирснээ санан Цэрмаагийн гэр орны байдлыг мэдэхийг хичээн байдлыг ажиглавал, эцэг Тамжид нь удаан зөөлхөн үг яриатай, гүдэс шулуун зантай болов уу гэмээр үгээ зөөж тавин ярьдаг, халзан толгойтой, духандаа хэдэн гүн үрчлээ суусан, ов товхон цоохор, хүрэндүү царайтай, халх хүний өргөн шанаатай төрхийг хадгалсан, 60 гаруй насны эр байна. Цэрмаагийн хоёр дүү байгаагийн том нь арав нэлээд гаруй насны, долоо наймдугаар ангид сурдаг болов уу гэмээр, шингэвтэр хүрэндүү үстэй охин аж. Бага дүү нь эгчээсээ хоёр насаар дүү болов уу гэмээр, өөрийн нь бага дүү Навчаатай төсөөтэй, инээсэн хөөрхөн ааштай охин гэрт орон гаран дэгдэж байж харагдсан. Тэдний томыг нь Гэрлээ, багыг нь Очирмаа гэж дуудаж сонсогдов. Ийм янзтай дөрвөн хүн нэг гэрт амьдардаг аж. Бодож үзвэл, Тамжид гуай эхнэр авч голомтоо сахихгүй гэх байдалтай. Хоёр охины аль нь ч эрд гарч голомтоо сахин аавдаа хань болох арай л болоогүй шинжтэй. Тэгвэл Цэрмаа л аавыгаа өргөх үр нь байх. Ингээд бодоход би энэ бүсгүйтэй дэр нийлүүлдэг юм аа гэхэд энэ айлд хүргэн орох журмаар толгой холбож таарах нь ээ. Тэгдэг юм бол миний үүрэх ачаа надад хүндрэх үү? Тамжид гуай тэтгэвэртээ гарч эрхи эргүүлсэн өвгөн болоод суух арай ч болоогүй болов уу. Цэрмаа лав гучин жил багшаа хийж цалин авна. Тэгэхээр миний толгой дээр дарах хүндийг хуваалцах хүн байх шив. Эднийд хураасан хөрөнгө зоорь гэх юм хомстой, хоёр үнээ бий гэж эртүүд Цэрмаа ярианы завсар оруулан хэлж байсан. Энэ сумын төв дээр нэг яйжгий банзан хашаа, пин бий биз хэмээн бодож амжлаа.
Шархүү гэрт цай ууж, өвгөнтэй энэ тэрхнийг ярьж байгаад Цэрмаад хандаж
Хоёулаа сумын төвөөр жаахан явах уу? Би зүгээр энэ сууринг жаахан таньж авмаар санагдаж байна гэв. Тамжид гуай гийчнийхээ үгийг хажуунаас сонсоод охиндоо хандаж:
Цэрмаа! Чи наад хүүдээ хань болоод гадуур жаахан яваач. Манай энд сэтгэл булаамаар онц юм байхгүй дээ гэж хэлэх нь өвгөн охиноо Шархүүд ойр байлгах сэтгэлтэй байгааг илэрхийлнэ. Ингээд хүү, бүсгүй хоёр гэрээс хамт гарч энэ тэрийг алсханаас харан ярилцахаар явлаа.
Хэдхэн зуун алхам яваад дээрээ чулуун овоотой, мөөмөн хэлбэртэй толгой дээр хоёулаа гарч, хавтгай чулуун дээр зэрэгцэн суулаа. Эндээс тэр тосгоны хамаг юм алган дээр тавьсан мэт ил. Өндөр нам, дөрвөлжин, гонзгой хэлбэртэй шургааг, банз холилдсон хашаа бүхий гурав дөрвөн гудамжтай юм байна. Хүний, мал эмнэлгийн газар гээд суурингийн захад хоёр ч жижиг байшинг тойрсон гэр бүхий хэсэг байна. Төвийн хэсэг нь уг нь аятайхан тэрлэж босгосон байдалтай. Тосгоныхоо урд захад, голын ногоон зүлгийг бараадуулан саравч босгож, гурван асар майхан босгосон нь маргааш наадам хийх газар нь гэнэ. Тэр бүхэн нь нүдэнд чимэгтэй харагдаж байлаа.
Айлуудын хашааны зүүн үзүүрт хоёр овоо урт дан байшинтай, нилээд дорвилог маягийн хашаа бусдаасаа арай илүү тохижилттой тэр хашааг Шархүү сонирхон харж байснаа “гарын уртай хүмүүс юуг ч хийнэ” гэж бодон:
Тэнд юу байдаг юм бэ гэж асуувал Цэрмаа тоомсоргүйхэн байдлаар:
Тэр үү? Нэг нь нэг хятад өвгөнийнх, нөгөөдөх нь бас нэг эрлийз айлынх. Бусдаас арай өөр харагдаж байна уу, чамд гэж хариу асуулаа.
Нэг их гоц ялгаатай юу байхав. Улаанбаатарт Долоон буудал хавиар байдаг айлуудтай төсөөтэй ч юм шиг. Энэ бас хятад айл байдаг юм бий гэж Шархүүг хэлэхэд бүсгүй санаандгүй байдлаар тэр хоёр хашааг заан:
Тэр наад талын намхан байшинд бүр эрт Заяын бааюу гэдэг газарт ногоо тарьж сууж байгаад энд ирсэн, нэг өвгөн луухаан монгол хөгшинтэйгээ, хүү нь гээд бас нэг луухаан царайтай хар хүн, эхнэртэйгээ, түүний хоёр хүүхэд нь хамт байдаг бололтой билээ. Цаад хашаанд нь 56 онд манайд ирсэн нэг хятад хүн монгол авгай аваад суучихсан, долоон хүүхэдтэйгээ байдаг. Тэднийх жигтэйхэн ажилч, хүүхдүүд нь нилээд дүрсгүй боловч сурлагаар муугүй, гадуур дотуур гүйж элдэв мод чулуу цуглуулан, гэр орондоо тус хийх гэж харайлгах нь онцгой доо. Луухааныг нь Цагаан гуай гэдэг. Цаад хүнийг нь Далайхүү гэж нэрлэдэг гэж ярилаа.
Шархүү энэ яриаг сонирхон:
Эднийхнээр энд тэндээс хүн амьтан их ирдэг үү? Тэд юу хийх вэ гэж асуувал Цэрмаа жаахан бодолхийлснээ зочин эрийгээ харж:
Эднийхнээр Улаанбаатараас хааяа хоёр ч янзын машин тэрэгтэй хүмүүс ирээд, хонууд өнжүүд байж байгаад буцдаг бололтой байдаг гэв.
Өө, тэгвэл тэд чинь их хөлийн хүмүүс байх нь ээ. Тэд өөрсдөө ямар ажил хийж хоолоо олж идэж байдаг бол? Их л юм хийж байгаа даа хэмээн Шархүү асуух байдлаар хэлбэл бүсгүй гайхсан янзгүйгээр:
Цагаан луухаан тэр дор жаахан газар голын захад хагалаад төмс, сонгино, яншуй ногоо тарина. Түүнийгээ бага багаар худалдана. Тэр ногооны газраасаа огт салахгүй сармис их сайн гэж ярих боловч тэр ногоог олигтой тарьж болохгүй байна гэж гаслан байдаг. Цаад Далайхүү барилга барина, хийхгүй юмгүй, мод харуулдаж айлын үүд хаалга, гэр орны модыг засаж өгнө. Тун их хөдөлгөөнтэй шүү.
Чулуугаар юм хийх үү? Байшин барилгын үүдний довжоо, нас барсан хүний оршуулган дээр тавих “хөшөө” юм цохиж хийдэг үү, тэр Далайхүү?
Тийм чулуугаар юм хийдэггүй байх аа. Юу ч дуулддаггүй шүү гэсэн яриа болж, хос хоёр гэрт буцаж ирээд цай ууснаа Шархүү явж буудлаа эргээд ирье гээд Тамжид гуайнхаас гарлаа. Тэрээр байшин барилгуудын үүд хаалганы гишгүүр, бас бус зүйл ажиглан харж явсаар нөгөө өмнөд нутгийн хоёр айлын хашааны гадуур нэлээд алхан, юу хийдэг байдлыг нь ажиглав. Гол нь чулуу цохиж юм хийдэг эсэхийг нь мэдэх санаатай байлаа. Тийм юм оролддог шинж огт мэдэгдсэнгүй, чулуу хагалж засаад хийсэн довжоо энэ сууринд алга шиг байна. Ингээд “олз” их олж магадгүй гэж бодож явсан хүү сав хоосон Тамжид гуайнд буцаж ирлээ. Тэднийх өдрөөр хоол чанаж бэлтгэсэн байлаа.
Шархүү жаал амран байснаа нар уулын толгой руу буух үеэс Цэрмаагаас хамт давхиад гадуур жаахан зугаацъя гэж гуйлаа. Бүсгүй зөвшөөрч, тэд “ЯВ” дээрээ сундалдаад, баруун хойд талд дүнхийж ногоорон харагдах уулын бэлээр тоос хадаан пажигнуулан давхилаа.
Хос хоёр багширсан ногоон ойн захад хөл тавих газар захаас аван олдомгүй, сарнай цэцэг дэлгэрсэн сахлаг ногоон дунд ирж буув. Хавь орчинд нь жиргэх ойн шувуудаас өөр юмны чимээ алга. Шархүү газарт хөл тавимагцаа Цэрмаагийн гараас хөтлөн явж аргил бүдүүн хуш модны араар ормогцоо бүсгүйг тэврэн авч, үг сөггүй уруулыг нь хөхөж гарав. Хэн ч тэднийг харж ичгэлж байгаа юм алга. Хүү бүсгүйн гоо нарийхан нуруугаар тэврэн авч, биед нь халдахын эрхээр халдан, ертөнцийн жаргалд дуудлаа. Тэд хэсэг зуур орчлонд юу болж байгааг анзаарч мэдэх сөхөөгөө алдан, аргил модны сүүдэр дор хээрийн анхилам цэцгийн үнэрт согтууран, цэнгэлийн дээдэд хүрч амжсан байна. Тэр нь юутай тансаг, сэтгэлд ямар гайхалтай таалал өгнө вэ?
Цэрмаа босож хувцсаа засах зуураа Шархүүг эгдүүцлийн бус нүдээр харан:
Чи ч эрээ цээргүй байдлаар дайрдаг хүн юм аа. Энэ улаан мотоцикл та хоёр ингэж л хотын бүсгүйчүүдийг дайран, Богд хан уул өөд үсэргэж явдаг байх даа гэв.
Шархүү бүсгүйд аялаг агаад тайван байдлаар хандан:
Чи намайг битгий тэгж бод доо. Би ёстой л алаг бяруу шиг томоотой явдаг эр шүү. Чи намайг өнөөдөр биш ч маргааш танин мэдэх биз ээ гэж хэлбэл, Цэрмаа энэ үгийг тосгуулан авч сулхан инээгээд:
Ээж чинь чамайг явсан өдөр намайг гэртээ оруулан өрөм хайлж дайлаад, надад нэг алаг шийртэй охин бяруу заан өгч “олон тугал гарган ижил олуулаа болоосой” гэж хэлсэн гэж ярилаа. Энэ үгэнд Шархүү баясан инээж бүсгүйг дахин тэврэн авч үнсэх ялдамдаа, аялаг байдлаар:
Юм юм чи бид хоёрт өгөөмөр хандаж байгаа шив. Би үүрд чиний дэргэд байдаг баясгалант цаг ойртон ирж байгаа байж л дээ гэж хэллээ.
Тэд ойн захад сарнай цэцгийн тунгалаг агаараар дүүрэн амьсгалж зэрэгцэн суугаад хэсэг зуур живсэн юм шиг нам гүм байснаа:
Цэрмаа минь ээ. Чи одоо минийх болсон шүү. Би чамаас салж холдохгүй явж насыг барах хүсэлд автлаа. Чи минь намайгаа чухамхүү үнэн сэтгэлээс өрөвдөн үзэх биз дээ. Би үүнийг л чамаас гуйх гэж энд ирсэн гэв.
Бүсгүй Шархүүгийн энэ яриаг дүйвүүлэх гэсэн янзаар тэртээ давхиж яваа нэг морьтой хүнийг заан:
Наадамчдын түрүүч нь ирж байх шивээ. Манай аавын дүү нь гэж нэг салбаганасан эр эхнэр хүүхдээ дагуулаад өнөө орой юм уу, маргааш өглөө давхин ирнэ гэж хэлээд хүүгийн мөрөн дээр хацраа нааж тавилаа. Үүнээс өөр ямар өгөөмөр хариуг Шархүү энэ бүсгүйгээс авах вэ?
Тэд нар шингэх хүртэл сарнай дунд сууж бие биеэ таалан ёстой л салж хагацамгүй байлаа.
Чи хэд хэд хонох юм бэ, Шархүү?
Би энд чиний дэргэд ингэж наалдаад л үргэлж баймаар байна. Гэвч надад өгсөн чөлөө дуусах болж байгаа учир маргааш орой буцаад гэлдрэх болдог байх даа гэж хэлээд гунигтай царай гаргав.
Чи орой явж хэрэггүй дээ. Шөнийн харанхуй дундуур зугтаж яваа юм шиг давхиад яадаг юм бэ? Нөгөөдөр өглөө эрт гараад пижигнүүлж орхихгүй юу гэж бүсгүй нүүр өөд нь торомгор нүдээрээ ширтэж хэллээ.
Хос хоёр сумын төв дээр эргэж ирсэн дороо гэрт тавтайхан сууж Тамжид өвгөнтэй энгийн боловч цаанаа ямар нэгэн утга санаа агуулсан янзтай зүйл ярьж эхлэх нь тэр. Цэрмаа гурил зууран хоол хийж эхэллээ. Эзэн өвгөн гэрийн гадна гийчин хүүтэй тохмон дээр зэрэгцэн суугаад ярилцах нь сонин аж.
Манайх гэдэг айл чинь энэ сумын төв дээр хадаастай юм шиг байдаг айл даа. Охин минь багшлаад, би сургуулийн байрны захирал нэр хүлээн, хөдөөний баахан хүүхдүүдтэй шуугилдаж байх нь тэр. Тэгэж байх нь надад аятайхан байдаг юм гэж эзэн хүн яриа үүсгэв.
Та тун сайхан юм хэлж байна. Хүн дүүрэн ажилтай байхаас илүү сайхан юм юу байх вэ? Гэхдээ би та хэдийг Улаанбаатарт аваачмаар л байгаа.
Аа, чи бүр иймэрхүү юм бодож яваа хүү бий. Би энд ажилтай, хоёр хүүхэд сургуульд, охин маань гурван жил энд ажиллана гэж дээш нь ам өгч байж ирээд хоёр дахь жилдээ явж байна. Бид ингэж энд хадагдсан амьтад.
Өө, яахав дээ. Тэгэж байгаад арга нь олдох биз гэж Шархүү тайван царай гарган хэлэв. Тамжид энэ үгийг сонсоод бодол болон тэнгэр ширтлээ.
Энэ хоёрын ярианы хөг өөрчлөгдөн Тамжид өвгөн нутаг орныхоо байдал, хүн олны аж төрөл зэргийг ярьж байснаа энд идээшин суусан зарим хятад хүмүүсийн тухай ярианд гулган орлоо. Ингээсэй гэж Шархүү хүсэж байв.
Ядам хурууны өндөгний хээ тодорчээ
Үүрийн шаргал туяанаар Цэрмаа Шархүү дээр ирж гарган өгөв. Бүсгүй жаахан өрөм, бяслаг цаасанд боон авчирч өгөхдөө амин үг болгож:
Замдаа яарч битгий хэт хурдлан давхиарай гэж захисан байна.
Золиг толгой нь алдахгүй дээ. Чи даруй хот руу орж муу нөхөртэйгээ уулзахыг хичээгээрэй гэж Шархүү хэлээд, бүсгүйн саваа шиг нарийхан нурууг тас тэврэн, сэтгэлээ ханатал үнсэж аваад, “улаан морин” дээрээ мордсон аж.
Энэ эрийг замд явах үеийн туршид өчигдөр орой хадам аав болох Тамжид гуай тайван царай гарган сууж ярьсан зүйл санаанаас нь гарахгүй бодогдсоор байлаа. “Тийм ээ. Манай энд 1950-иад оны дундуур 20 шахам хятад ажилчид ирж байшин барих ажил эхэлсэн. Тэд уг нь барилгын мэргэжилтэй ажилчид нэрээр ирсэн. Ажиглахад бүгдээрээ 25-30 насны ихэд цэрэгжсэн эрчүүд байв. Тэдний дотор нэг ч эмэгтэй байхгүй. Хожим сонсоход тэр хятадууд бүгд цэрэг байгаад, хэдэн сар наашаа явах бэлтгэл хийсэн. Тэр бэлтгэл нь “Ар газар очоод яаж байх. Юуг гол болгон анхаарч байх” тухай гэл үү, хойд газарт байдаг монголчуудыг яаж өөртөө татан, сэтгэл санаагий нь эргүүлэн авах тухай сэдвээр олон цагийн хичээл хийсэн хүмүүс байсан гэдэг. Тэр хятад хүмүүс энд олигтой ажиллаж өгөөгүй, хэдэн жижиг барилга эхэлж барихад нь манайхан элдэв хэрэглэгдэхүүнээр нь хангаж өгч чадахгүй, назгайрсан. Тэр хятад барилгачид сул зогссоны хөлс, багажны хөлс, бороо цастай байсны мөнгө, өвөл 20 хэмийн хүйтэнд ажил хийсний нэмэгдэл гээд өдий төдий мөнгө авна гэж сангийн аж ахуйн захиргаанаас шаардан, ажил хаяж жагсаал маягийн юм зохион байгуулж эхэлсэн. Тэгээд юм юмаар манайтай таарахгүй болсон байх шүү.
Тэгээд яагаад тэд эндээс явсан юм бэ гэж Шархүү өвгөний яриаг тасалдуулан асуужээ.
Тамжид тэр үед сангийн аж ахуйн нэг бригадын дарга байсан учраас тэдний байдлыг ажиж мэдэх боломжтой явсан гэнэ.
За яахав дээ. Тэд хот хөдөөгүй л байгаа газартаа миний хэлдэг янзаар ихээхэн тоотой мөнгө нэхэж байгаад сүүлдээ ”амь даатгал авна” гэж ярих болсон гэсэн шүү. Тэгээд л энд таарч ажиллаад байх аргагүй болоод буцаая гэж манай дээр газраас шийдсэн дэг үү дээ. Тэдний зоргоор бид байшин бариулна гэхэд нөгөө барилгад төсөвлөн өгсөн мөнгө нь яагаад ч хүрэх аргагүй болсон. Тэд бас бус явдлууд энд тэнд хийсэн гэнэ билээ. Мөн ч айхавтар далд санаатай гэх үү, манай орныг хөгжүүлэхэд туслах биш, эдийн засгийг тамирдуулан, мөнгөний уналт бий болгох хандлагад оруулах янзтай болоод л хятад ажилчид буцсан даа гэж Тамжид ярив.
Ер нь хичнээн хүн урдаас ирсэн хэрэг вэ, тэгэхэд?
Би нарийн тоогий нь мэдэхгүй, хориод мянган ажилчид, тэднийгээ удирдах хэдэн зуун дарга ирсэн гэж би сонссон.
Тэр хятадууд бүгдээрээ буцаж чадсан юм уу?
Олонх нь буцсан байх. Зарим цөөн хятад эндээс эхнэр авч хоцорсон. “Энд байж биеэ эмчлүүлэх хүсэлтэй”, “Өмнө газартаа улс төрийн явдлаар байж таарахгүй болж, манайд орогноё” гэхчилэн шалтгаанаар тун цөөн хүн ил далд байдлаар үлдсэн дэг үү ч. Жишээ нь, манай энэ төв дээр Далайхүү гэдэг нэг хятад монгол бүсгүйтэй гэрлэж бүртгүүлсэн гээд л бараг нуугдах шахам байдлаар үлдсэн. Одоо тэр Далайхүү 6-7 хүүхэдтэй, тэднийгээ сургуульд оруулаад, өөрөө барилга бариад л гүйж байна. Ажилд овоо зүтгэлтэй хүн гэж хүмүүс үнэлдэг юм билээ. Ийм янзаар хоцорсон хүн мэр сэр бий.
Танай энд Цагаан гуай гээд л бас нэг лут луухаан байна уу даа?
Аа тийм ээ. Тэр чинь бүр эртний энэ ар газар суусан нөгөө урьдын арван таван мянган худалдаачны нэг дээ. Тэр хятад Архангайн Заяын бааюу гэдэг газар сууж байгаад энд сангийн аж ахуй анхлан байгуулахаар ”Шимтэй сайн газарт би ногоо тарина. Яаж нарийн ногоо тарьдаг аргыг би монголчуудад хэлж өгнө” гэж манай дарга нарт хэлээд, наашаа ирж суусан хүн. Би мэднэ гэж Тамжид гуай халзан толгойгоо маажин сууж ярилаа.
Одоо энэ хятад хүмүүс ямар шүү үг яриатай байдаг бол?
Эд үү? Дотуур тамиртай, далд санаатай даа. Тийм болохоороо тэр бодож санаж яваа зүйлээ гаргаж хэлнэ гэж зангүй. Цагаан данжаад /эндхийн хүмүүсийн өгсөн нэр/ “Би сармисаг тарих гэсэн юм. Энд тэр ногоо олигтой ургах газар, цаг агаар муутай байна” гэж ярина. Үнэндээ сармисаг тарих гээ юу, өөр юм тарих гээд ч байгаа юм уу, мэдэх арга алга. Уг нь сармисаг бол хүний биенд их хэрэгтэй ургамал даа. Энд байгаа хоёр хятад аль аль нь гэмгүй, ажилсаг хүмүүс шиг байгаа. Дотроо юу бодож явдаг юм бэ, хэн мэдэх вэ? Хятад цэрэг наашаа ороод ирдэг юм аа гэхэд, тэд тэр цэргийн өөдөөс хамгийн түрүүнд л хоол цайгаа бариад гүйх байх. Аль аль нь олон хүүхэдтэй, тэр хүүхдүүд нь ямар санаа бодолтой хүмүүс болох юм бол. Тэр хүүхдүүддээ эцэг нь ямар бодол санаа шингээж байдаг гэхэд бол лав л манай Монголыг эх орон чинь шүү гэж хүмүүжүүлэхгүй л болов уу гэж би хувьдаа санадаг. Хүн хүн янз бүр бодож байгаа байх. Манай охин Цэрмаа л гэхэд тэр хятадуудад өгч байгаа дүгнэлт нь надаас өөр байж болно шүү дээ. Бид дэндүү гэнэн цагаан сэтгэлтэй, хятад хүмүүс далд санаатай даа. “Монгол хүн билэгээр, хятад хүн хожоогоор” гэсэн үг байдаг. Тэр бол нэлээд ажиглаж байж гаргасан үг биз. Тийм үү гээд Тамжид гуай хэлээд чанга гэгч нь инээлээ. Өвгөний энэ яриа Шархүүгийн бодож явсан зүйлийг зэгсэн чийглэж, улам соёолуулан ургах байдлыг нь засаж өгсөн байна. Тийм ч учраас тэр яриа энэ эрийн санаанаас гарахгүй байгаа хэрэг.
Шархүү замд Тамжидын ярьсан ийм зүйлийг аман дотроо давтан өгүүлж “Ийм нэгэн хал үзэж хашир таньсан хүний дэргэд байвал надад их тус өгнө биз ээ. Ямар ч болсон эднийх надад өмөг түшиг болох нь лавтай шив” хэмээн бодсоор бас тэнд үзсэн наадмыг нэхэн санаж явав. Монголчууд наадамд дуртай болохоороо түүнийг явуулсан ногоон талбай дээр өнгөтэй хувцсаа өмссөн олон хүн цугларав. Эрээн торгон дээлтэй, цагаан сийрсэн малгай духдуулсан хүүхнүүд наадмын талбайг ярайтал нь чимж, өчигдрийн үзсэн сарнай цэцэгт ойн захаас дутахгүй өнгөлөг болгосон байв. Хурдны морь унасан хүүхдүүдийн шингэн дууны цуурай чих баясгаж байлаа. Гурван насны жараад морь уралдан, 32 бөх барилдаж эхэлсэн. Тэр наадмыг Шархүү Цэрмаагийн халуун гарыг атган сууж, түүний далд гүйх илчээр зүрхээ цэнэглэн байж уг наадмын эхний өдрийнхийг үзсэн нь энэ эрд зөвхөн сохирхолтой төдийгүй, сэтгэлийнхээ угт хадгалан явах бас нэг дурсгалтай зүйл нь болж үлдсэн ажээ. Хүүд наадам үзсэнээсээ илүү Цэрмаагийн гарын илчээр зүрхээ дулаацуулж байсан нь мартагдашгүй зүйл гэлтэй. Насны ааг, хайр сэтгэлийн дөл хоёрт энэ залуугийн чилүүр хайлж замхран үдшийн гялаан одтой уралдаж гэртээ иржээ. Нөгөө тоосонд дарагдсан гэр нь түүнийг халуун үгээр мэндлэх адил угтав. Юм юм хэвийн байлгүй яахав.
Шархүү ирсэн дороо ширээн дээр цаас дэлгэн тавиад “Хайрт минь, сайн байна уу? Наадмаа сайхан үзэв үү? Би мэнд амар хотдоо ирлээ. Сая гэрийнхээ цоожийг нээхэд төмөр ор, модон ширээ, түлэгдсэн цайны данх л намайг уйтгарт царайгаар угтлаа. Энэ байдал ёсоороо байгаа нь энэ. Танай суман дээр очиход намайг чиний гэгээн царай, аавын ярьсан сонирхолтой зүйл хэмжээгүй их баясгалаа. Чамтайгаа сарнай цэцгийн дунд байж сэтгэлийнхээ үгийг чамд хэлж чадсанаа би хэзээ ч мартахгүй. Саяын аялалаар би чамайг бүрнээ олж авч өөрийн болгож чадлаа гэж гэж бодож сууна. Энэ бол би өөрийгөө хуурсан болхи эндүүрэл биш. Чамайг хань минь болж намайг үүрд гийгүүлж байх зам баттай тавигдлаа гэж би бүрнээ итгэж байна. Чамайг гэртээ үргэлж байлган, гэгээн тунгалаг нүдийг чинь цаг үргэлжид харж байдаг үе ирээгүй байгаа цагт би уйтгартай байх нь эргэлзээгүй. Гэлээ ч би ямар ч уйтгарыг тэсвэрлэн дааж, чамайгаа ирэх өдрийг хүлээж чадна... За баяртай. Чинийхээ ариун сайхан биеийг би үүрд бодож суух болно. Чамайгаа даруй дахин харах болтугай. Аавд миний халуун мэндийг хүргээрэй” гэсэн утгатай захиа бичиж, маргааш өглөө нь түүнийгээ шуудангийн хайрцагт хийсэн байна.
Шархүү ажилдаа очсон дороо явсан тухайгаа илтгэх хуудас болгон бичиж, түүнийгээ барьсаар хошууч Соном даргын хаалгыг тогшив. Энэ эр Чандмань сумын төв хавиар үзсэн харснаа илтгэж хэлээд бодолхийлэн байж:
Тэр сумын төв дээр хүн чулууг хийгээгүй болов уу? Харин түүнийг “урласан” хүмүүс тэр сумын төв дээр суудаг зарим хужаа нартай холбоотой байж болох шинж байна ... гэж хэллээ. Хошууч ажилтантайгаа уг зүйлийн талаар нэлээд дэлгэрүүлэн ярилцаад, тэр чулууны дороос авсан зүйлийг сорилын шинжилгээнд өгөөд үзье гэж мэдэгдлээ. Үүгээр Шархүүгийн Чандмань Уул суманд очсон ажил дуусгавар болсон гэж тэр бодлоо.
Шархүү тогтмол хийдэг ажлаа бодон гүйсээр байлаа. Түүнд бодож боловсруулах зүйл, шалган шинжлэх хэрэг явдлууд нэлээд байгаа болохоор уйтгарлан гиюүрч суух зав ч алга. Шөнийн бор хоногт байрандаа ирж хоол цай бэлтгэж хэрэглээд, шаардлагатай ном судар уншиж, заримдаа бараг шөнөжин шахам цаас шагайж суух нь ердийн хэрэг байлаа.
Шархүүгийн сэтгэлд уяатай байгаа нэг зүйл нь Тамжид өвгөний аяга ёроолдон цай ууж суугаад ярьсан үгнүүд нь байсан билээ. “За байз. Өвгөний хэлж байгаа зүйлүүд дотроос нэг юм надад ойлгогдохгүй хоцорчээ. Юу билээ гэвэл, Цагаан луухаан сармисаг тарих гээд болж өгөхгүй байна гэж үглэдэг. Тэр нь үнэн юм уу, аль өөр юм тарих гэж санаархаад байдаг ч юм уу гэж хэлсэн. Тэр луухаан өөр юу тарих гэж санаархсан байж болох вэ? Янз бүрийн амтат ногоо юм болов уу? Манайд одоогоор тарьдаггүй сонин ногоо байж болох юм. Тэр луухаан шинэ, сайхан шимтэй газар ногоо тарина, түүнийг монголчуудад зааж өгнө гэж Чандмань Уул суманд ирсэн гэсэн. Тэгээд шинэ газар юу тарих гэсэн байж болох вэ? Хар тамхины цэцэг тарих гээ юм болов уу? Хар тамхи хүний биеийг эхлээд сэргээж байгаа аяс үзүүлэн дурлуулдаг. Дараа нь наашаа ч хөдлөх аргагүйгээр хамаг биеийг нь хордуулан, түүнээс гарч чадахгүй байсаар байгаад үхдэг гэдэг биз дээ. Ямар сайн юмыг дэлхий дахинаар хэрэглэхийг хориод байв гэж. Манайд түүнийг хэрэглэх ч бүр цаазтай гэдэг биз. Цагаан луухаан хар тамхины ургамал тарих л гээ байгаа. Тэгэж боддог бол тэр нь Агьтын хөндийд суулгасан хүн чулууны санаатай цаагуураа нийлж байх шив. Тэр чулууны гэдсэнд хадгалагдсан үг нь монголыг ор сураггүй болтол нь үгүй хийх гэсэн санааг өгүүлж байгаа. Тэгээд яах гэсэн санааг тэр чулуу босгогчид эрмэлзсэн байх вэ? Монгол хүнийг тэр газар дээр байхгүй болгоод хар тамхи дур зоргоороо тарьж байх гэсэн санааг агуулж байгаа юу? Тэгэхээр Цагаан данжаад тэр бодол санааг дэмжигч, түүнийг биелүүлэхийн тулд хүчин зүтгэгч болж таарах нь уу” хэмээн Шархүү бодож эхлэв.
Хэд хонож байтал хошууч Соном уулзъя гэлээ. Түүний ажлын тасалгаанд орвол тасгийн дарга нь тогтуун харж уулзаад, өмнөө суулган:
Чиний явсан ажлын зарим үр дүн гарч байна. Чи ч алж мэдэх эр байх янзтай шив гэж өөрөө байн байн хэлж байдаг үгээ хэлэв. Хошууч юмыг нарийсган бодох бүрийдээ “Алж байна шүү” гэж хэлдэг.
Шархүү даргынхаа хэлэх үгийг чагнаж суувал хошууч бодолхийлээд:
Чиний илрүүлсэн хүн чулууны бичгийг хийсэн хүний ядам хурууны өндөгний нь хээ шинжилгээгээр тодорсон. Нарийн ажиглавал тэр хүний зүүн гарын хурууных гэмээр байна. Бас бичигтэй төмөр дээр байгаа будагны өнгө ч гүйцэд мэдэгдэж байна гэж хэлээд ажилтныхаа нүүр өөд ширтэн харж тамхиа аажуу сорон суулаа.
Чулуунд байсан төмрийн будаг бороо шороонд нороогүй, нар салхинд гандаагүй далд байсан болохоор өнгө нь гүйцэт сайн мэдэгдэх ёстой доо гэж Шархүү өгүүлэв. Соном толгой дохин сууснаа нүдээ онийлгон ажилтнаа хараад:
Энэ бол ажлын зөвхөн эхлэлт болох биз. Тэр явдлын цаад учир гэх үү, бичигт чулууны цаана нь бугласан хорт хавдрыг бид гүйцэд илрүүлэх ёстой байна. Үүнд тун их ажил гарч таарах биз. Чи ч түүнийг алаад өгнө биз дээ гээд инээлээ. Шархүү бас бодолхийлэн сууснаа:
Тэгэж л таарах биз дээ, хошууч аа! Тэр хүн чулууг хийсэн, тэнд аваачиж суулгасан эзнийг бид олох ёстой. Тэр бичгийг хэн үйлдэв гэдгийг олоход таны хийлгэсэн шинжилгээний дүн гол хэрэглэгдэхүүн болох биз гэв.
За яахав дээ. Бид эхлээд хурууны хээ хэнийх болохыг эрье. Бас тэр төмөр дээр бичсэн бор саарал будагны өнгө хаана байна вэ, түүнийг эрье. Тэгэх ёстой биз дээ. Тэгэхээр энэ эрэл сурвалжлагыг чи өөрөө голлож хийх хэрэгтэй. Бид чамд туслалцах хүмүүс гаргаж өгнө. Энэ хэрэг дээр ажиллах хүмүүсийг маргааш ирүүлээд, хэдүүлээ нийлж суугаад яаж ажиллах тухайгаа тусгайлан ярилцаж, гүйцэтгэх ажлын төлөвлөгөө зохиоё. Тэгэх нь зөв биз дээ. Тийм үү гэж Соном дарга хэллээ. Энэ үгийг Шархүү зөвшөөрөн, олон юм хэлсэнгүй.
Мэдлээ. Гүйцэтгэе. Би танд төлөвлөгөө зохиож оруулъя гэж хэлж уг шийдвэрийг талархалтай угтав.
Энэ ажилтан даргынхаа тасалгаанаас гарч, өөрийнхөө ажлын байранд очоод уг шийдвэрийг яаж биелүүлэх вэ гэдгийг бодож үзэхэд толгойтой үс нь босоод ирэх шиг болж, олон зүйл хоорондоо өрсөлдөж байгаа адил зэрэг зэрэг санаанд нь орж ирж, тэр бодолдоо автан хоёр гараа элгэндээ зөрүүлэн зангидаж бариад, хэнтэй ч дуугаралгүй нэлээд удаан суусан байна.
Хоёрдугаар бүлэг
Түүхийн сургамж мөхлөөс зайлуулдаг
“Ховдог хүний санаа ханахгүй Хорт хүний сэтгэл буцахгүй”
/Монгол цэцэн үг/
Удам дамжсан улигт санаа
1950-иад оны дундуур Монгол нутагт ажилчид явуулсан, тэр нутгийн хүн олны хүсэлтээр “Бүтээн байгуулалтын хэрэгт нь туслах болно” гэсэн үг дуулиантан, Бээжин хотын хавь орчинд тэр нь нэлээд газар авч байлаа. Тэр явдал Ван Шисангийнд салхи мэт хийсэн орж ирж, Ван овогтын хүүд тохогдон иржээ. Эцэг луухаан энэ хэрэгт дурлан Хянганы цэргийн тойрогт алба хашиж байсан хүүгээ тэр албанаасаа халагдаад, Ар газарт явах үүрэг хүлээж ирсэнд магнай тэнийм баярлаж билээ.
Тэр Ван овогт эр Бээжинд ирж гэртээ ганцхан хоног байгаад “Тусгай сургууль хийнэ” гээд жижигхэн үүргэвч маягийн уут мөрөн дээрээ хаяад алга болов. Хорь гаруй жилийн өмнө Монголын Их хүрээ буюу шинэ нэрээрээ Улаанбаатарт сууж байгаад аргагүй шахалтанд автан буцаж харьсан Ван овогт хүүгээ уут үүрэн яваад өгөхөд нь бухимдан:
Яасан их олон хоног сургууль хийдэг байна вэ. Дандаа сургууль гээд л алга болно. Бичгийн сургууль гээд л арваад жил явсан. Цэргийн сургууль гээд л таван жил алга болсон. Одоо нас нь гуч гарсан хойноо бас Ар газар очоод хийх ажлын тухай сургууль гээд явлаа. Энэ нас нь ахиж яваа амьтан хичнээн сургууль хийлээ ч гэсэн юу сурах юм бэ? Би харин Монгол газарт хорь гаруй жил сууж, их пүүсний данжаадад зарагдаж байсны хувьд хүүдээ тэр очих газрынх нь тухай юм ярьж хэлбэл тэдний байдалд нь тохирох биз ээ. Монголд очно гэдэг малын тарган мах, арьс ширэн дээр очиж байгаа сайхан хэрэг. Гэвч хүү маань тэнд очоод улаан шушужуйхоогийн (социализм) номлол, номтны хий салхиар цээжээ дүүргээд эргэж ирэх биз дээ. Шал дэмий юм гэж өөрийн авааль авгай муруй хөлтэй, солгон гэзэгт чавганцдаа хэлж үглэнэ. Түүний хэлж байгаа үгний нарийн учрыг тэр эмгэн юугаа мэдэх билээ.
Ван Шисан Да хүрээнд Хишигтийн пүүсэнд бичээч болж ажиллахаар XY жарны цагаан бичин жил ирж, шавар байшинд суугаад 26 настай байхдаа эндээс нэг монгол бүсгүй авч гэр бүл болон сууж хамт байсаар найман жилийн дотор дөрвөн хүүхдийн эцэг болсон аж. Тэрээр урьд нь Бээжин хотын нэг дүүрэгт (Зүүн их хаалганы чанд) байхдаа дөнгөж 20 настайдаа айлынхаа хэрмэн хашаанд суудаг нэг бүсгүйтэй гэр бүл болж гурван жил хамт байхдаа нэг хүүхдийн эцэг болоод, бас залуу эхнэрээ давхар биетэй үлдээгээд “Ар газраас малын арьс, ноос, янчаан олж ирнэ. Тэр баян газар гар хоосон очоод хүмүүс илжиг дааж цөхсөн ачаатай ирж байгаа. Би тэднээс дутахгүй олзтой ирнэ” гээд явсан. Тэгэхэд эхийнхээ гэдсэнд бойжиж байсан хүүхэд нь одоо Ар газар явах шийдвэр аваад явж байгаа нь энэ ажээ.
Ийм паянтай Бээжин айлын эзэн нь Ван Шисан луухаан мөн. Тэрээр Хишигтийн их пүүсийнхэнтэй олон жил хамт ажилласан учир санаа нэгтэй, хоорондоо тун дотны түншүүд болсон билээ. Тэр пүүсэнд байсан нэг санаатан хэдэн луухаан одоо үе үе цугларч нийлэн пүүсний зоогийн газар тавлан сууж өтгөн хар цай, шарсан нугасны мах, янз бүрийн амттай ногоо сэлтийг өмнөө тавиулж, шанцай араандаа зажлан, миглүү архи хуруувчин хундагаар амсаж ярвайн тамшаалаад, сахал салмайгаа шимэн таамлаж байхдаа Ар газрын тухай, тэнд байхдаа үзэж, эдэлж үзсэн зүйлээ дэлгэн ярих дуртай байдаг. Ингэж дотор талаасаа биеэ нэлээд халаад ирэхээрээ сэтгэлдээ хадгалсан нууцаа алддаг аж.
Ай, Да хүрээнд бид чамламгүй байдалтай байсан шүү. Авах арьс шир, ноос ноолуур, үс хялгас элбэг байсан. Бид Ар газрын мал малладаг хөдсөн дээлтэй хүмүүсээс тэдний гар дээр байгаа түүхий эд юмыг нь байдаг тэнхээгээрээ голж, “Үхэрнүүд та нар энэ хогоо эндээс зайлуул” гэж загнаж байгаад тэр юмыг нь тун хямдхан авна. Тэд номхон амьтад, бидэнд бууж өгөөд, гартаа барьсан хамаг юмаа аваач гэж тонголзон гуйдаг сан.
Ай, хэлээд яахав. Түүнийг одоо эргээд бодоход зүүдэлж байгаа ч юм шиг гайхалтай зүйл санаанд орж ирдэг. Тэнд ч бид бүгдийг “Их данжаад” болгож орхиод байдаг сан. Тийм тэнэг монголчуудыг бид өмнөө бөхөлзүүлж байв даа. Монгол эмсүүд ичимхий царай гаргадаг боловч өвөрт амархан орж ирнэ. Тэд амттай байсан. Одоо дахиад тийм сул олз, ноёлох байдал бидэнд яавч олдохгүй болсон байх аа. Яаж ч оролдоод санааны гарз болсон биз гэсэн яриа болж, зарим нь гуулин гаансныхаа соруул талаар хүзүүгээ үрчиж, уртаар санаа алдана.
Тэд харамсалын сэтгэлээ тайлж, биеийн чилээ гаргах гээд миглүү нэмж балгана. Зарим мөнгө зэгсэнтэй нь ааглуу байдлаар дуугаа өндөрлөн хоол зөөгчийг дуудаж ирүүлээд, омгорхог байдлаар хуруугаа чичин зааж:
Тэр вандан дээр өрөөстэй байгаа “галзуу хар” архинаас аваад ир! Энэ миглүү чинь сулхан байна хэмээн омог зарах янз үзүүлнэ.
Ай. Зарц аа! Би миглүү биш, “ужа пи” архи уумаар байна гэж зарим нь хэлж хундагатайгаа солиулна. Ингэж Монгол газар сууж баяжсан хэдэн хужаа аагаа багтааж ядсан юм ярьж суухдаа өөр бусад эсэн бусын юм өгүүлэх нь хачирхалтай.
Ай, бид Ар газрыг одоо эргүүлэн тогтоож авч болно шүү. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж монголчууд хэнэггүй царай гарган хэлдэг юм билээ. Би тэр үгийг нь олон сонссон. Үнэн үг байж мэднэ. Тэгвэл бид Ар газрыг эргүүлэн тогтоож авч болох юм биш үү?
Аа, мэдэхгүй болоод байна шүү. Ер нь хоног өнгөрөх тутам л Ар газраас холдож, тэднийг Хятадад огт хамаагүй болох талын янз бүрийн явдал болж өнгөрөөд байна. Миний бодоход Хятадын эрх барих нөлөө бүхий хүмүүс дээр цагийн Өмнөд Сүн улсын хаад, зарим ноёд Монголын их хаан Хубилайд сөгдөн мөргөж байсантай ижил ааш зан гарган (XIII зууны дунд болж байсан явдлыг өгүүлж байгаа бололтой) тэдний өмнө духаараа газар хатган мөргөхтэй адил юм хийгээд байх шиг болсон байна.
Чухам аа, чухам. Манай гоминданы засгийн газар гэх үү, Их ерөнхийлөгч Чан хайши л Ар монголыг Монгол Улс хэмээн зөвшөөрөн хүлээж, түүнтэй 1946 оны 2-р сарын 13-ны өдөр төрийн харилцаа (дипломат) тогтоосон нь манай улсын гол алдаа болсон шүү дээ. Тэр бол Хятадын түүхэнд давтагдан гарч болзошгүй муухай алдаа болсон. Одоо тэр ерөнхийлөгчийг зуу дахин цавчин цаазалбал зохио гэж бас нэг луухаан хэлээд, сэтгэл нь бачуурсан байдлаар гаансаараа ширээ цохин үнсийг нь унагааж, дахин хэншүү хярвас адил үнэртэй тамхиа нэрэн, бүр сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа янзаар хундагатай архиа хөнтөрч балгаад, аман дотроо “үхээрийн чоно идэг” гэж хэнийг харааж байгаа нь мэдэгдэхгүй үглэн сууна. Энэ бол цөхрөнгөө барсан хүний уйтгар гунигаа тайлах гэсэн оролдлого болох нь лавтай.
Тийм ээ! Хятадууд 1946 онд алдсан биш, харин 1936 онд алдсан, алдахдаа бүр алд дэлмээр. Тэр нь Хятадын өөрийн нь хувь тавилангийн хэргээс шалтгаалаа биз. Үүнийг жаахан хойно Уншигч танд тайлбарлан айлтгая.
Хишигтийн пүүсний хуучин “кадрууд” ингэж их баян хөрөнгөн дээр сэтгэлийн зугааг гарган, нас залуудаа Ар газар яаж туйлан байснаа нэхэн санаж “алдаагаа” дүгнэн бодож суугаа нь тэдэндээ зугаа болдог байжээ. Энэ нь ганц Хишигтийн пүүснийхэнд биш, XX зууны эхэн үед Монголын нутагт халх дөрвөн аймгийн төвүүд, Их хүрээ, Ховд, Улиастай, Хиагт зэрэг суурин газруудад төвлөрөн сууж, томоохон хүрээ хийд, бусад хүн олноор төвлөрсөн газар бүрийд салбараа байгуулан тэгш бус, хожоотой наймаа явуулж байсан Да Шин-ху, Тянь И-дэ, Нань-дэ зэрэг их пүүснүүдийн Бээжин төвд шунахайрлын мөрөөдлөө сэргээх гэсэн санаархлын харанга нь болж, түүнийхээ төлөө болох, болохгүй хэргийг гүйцээнэ гэж амандаа багтахгүй үг үглэж байгаа хэрэг билээ. Ийм “харанга” Бээжинд олон жил чих дүлийрэм дүнгэнэж байгаагийн нэг нь энэ гэлтэй. Тэр харангын дуу удаан үргэлжилсэн байна.
Ван Шисан хүүгээ сургууль хийсэн хэсэг хугацаанд тэсэж ядан хүлээж байгаад түүнийг одоо гурав хоноод Улаанбаатарыг зорин галт тэргэнд сууна гэж хэлж ирэхэд нь нүдээ том болгон нүүр өөд нь ширтэн хараад, босож хар бошинз, жижиг тоорцог өмсөөд зургаадай модон таяг барин:
Хоёулаа одоо нэг юманд яваад ирье. Чи сайн цай уу гэж хэлснээ эмгэнээрээ хоёр мантуу, жижиг шилэн саванд ус хийлгэн авч уутанд хийлгээд, чийг ханхалсан шавар байшингаасаа гарч, хүн тэргэнд хоёулаа суугаад, “Хойшоо хол явна. Чи мөнгө авна шүү” хэмээн хөлсний тэрэг баригч хүнд хэлээд, Бээжингээс гарч умрыг зорин давхилаа. Хэдэн мөнгө олох гэж яваа хөгшин хужаа чирсэн тэргээ торолзуулан, дугуйныхаа дөрөөг байдаг хүчээрээ гишгэн давхихад ард нь даавуун бүхээгт суусан Ван овогт таягаараа тэрэг дүүрэгчийг хатган, баруун, зүүн, эгцээрээ яв, хурдан хурдан гэж зандруу байдлаар хэлээд, яван явсаар Их цагаан хэрмийн дэргэд очлоо.
Тэд Хан уулын торгон ирмэг дээгүүр алсын алсад үргэлжлэн явсан өндөр хэрмийн нэг гарцны шатаар дээш авиран явсаар, уг хэрмийн хоёр тэрэг зөрөх зайтай тавцан дээр гарч чулуун сандал дээр тавлан суув. Энэ нь тэдний сэтгэлд сонин санагдаж байгаа нь лавтай. Эцэг хүү хоёр тайван царай гарган авч яваа мантуугаа идэж, ус балган байснаа Ван овогт хүүгээ сая үзэж байгаа юм шиг ширтэн хараад умрыг заан, давхарлан давхарлаж алсын алсад хөхрөн замхрах уулсуудын оройг ширтэн, түүнийг долоовор хуруугаараа зааж:
Ар газар тэр хойшоо байгаа. Чи зүгээ мэднэ. Харин тэнд юу байгааг мэдэхгүй. Сая танай дарга нар тэр умард нутагт чухам юу байгааг хэлж өгөөгүй. Харин тэнд очоод шушужуйхоог яаж байгуулах тухай л их яриа биз. Тийм үү? Чиний Ар газарт чинь энэ нүдний гэм болж байдаг өөх тос гээч юм бараг л гутлын уланд товхорон наалддаг шавар шавхай адил байх бий. Тэнд үс ноос гээч юм чинь эндхийн өвс шороо адил элбэг, эмс охид ч бас нүд булаах шидтэйг залуу эр чи очоод мэдэх болно. Ер нь тэр нутгийн хүний юм бүгд нь далд байдаг. Харахад навсайж салбайсан эмс нь өвөрт ороод ирэхээрээ галласан пийшин адил дулаан, ноос үсээ хямдханаар ч хамаагүй худалдан аваач гэж гуйж байгаа хөдсөн дээлтэнгүүдийг харахад ноомой номхон мэт байвч зангаа хувиргаад, ташуураа барин мориндоо мордохоороо галзуу бар мэт дошгирно. Тэд хилэгнэвэл толгойны ясыг зад цохиж байж салдаг зантай. Тэднийг уурлуулж болдоггүй юм шүү гэж Ван овогт хүүдээ ярьж, алсад хөхрөн харагдах хойт зүгийн олон давхар уулсаас нүд салгахгүй байлаа.
Ван овогт хүү эцгийн үгийг чагнан, өөр зүйлд анхаарлаа хандуулах завгүй байснаа, шүлсээ залгин амаа ангайж:
Аав аа! Та намайг тэр Ар газар очоод яаж, юу хийж бай гэх гээд байна вэ? Би чинь өөрөө энэ тэрийг санаархан оролдох эрхгүй, дарга нарынхаа захиргаанд л гэлдэрч явах болно шүү дээ гэв.
Аа, чи зөв зүйлийг бодож байна. Гэхдээ их учир бий. За чи одоо хүж асааж тэнгэрт даатгал хийгээд дараа нь хэлэх миний үгийг сонс гэж Ван Шисан яриад, уутан дотроосоо оготор хүрэн хүж гарган шүдэнз хавирлаа.
Анхилам үнэр орчинд нь ханхалж эхлэхэд эцэг нь хүү Ван овогтод хандаж:
За чи одоо умард зүг харж сүсэглэн “Намайг хайрлан энхрийлж болгоо. Надад хэтийн их зол заяаж хайрла” гэж энэ үгийг гурвантаа хэлээд бөхийн ёс хийж мөргө. Тэгээд дараа нь миний хэлэх үгийг сонс. За юу гэлээ. Хүү эцгийн зааж байгаа зүйлийг ёсчлон дагаж гүйцэтгэсэн байна.
За бөөрөнхий толгойт үр минь сонс. Чи Ар газраас наашаа энэ Хятад орондоо ирэх гэж битгий яараарай. Чамд энэ Бээжинд сэтгэл тавиад байх юм байхгүй. Би удахгүй нүд анина. Ээж гэдэг салга эм юун л удаан Бээжингийн шороог манаргаж явав гэж дээ. Тэгэхээр чи Монгол газар очоод тэндээ л суурьшихыг хичээж үзээрэй. Эндээс явж байгаа хүмүүс бараг бүгд л тийм санаатай байгаа байх. Тэгэх ёстой. Ар газрын тэр их баян, тансаг нутгийг танхай бүдүүлэг монголчууд биш, тэнгэр угсаат хятад хүн эзэгнэж байх ёстой. Энэ санааг та нарын үеийн хятад хүмүүс биелүүлэх үүрэг хүлээж байгаа. Энэ аугаа их бодлогыг одоо байгаа засгийн газар биелүүлж чадахгүй. Биелүүлэх гэж хүч тавих замаа өөрсдөө хаасан. Тэгэхээр та нарын зорьж зүтгэх тэр аугаа их хэрэг бол засгийн газарт хамаагүй шүү. Үүнийг засгийн газар биш, огт өөр манай байгууллага, түүний бодол санааг бишрэн дагагч хүмүүс тэнгэрийн аварлаар хийнэ. Энэ хүмүүс бол их олуулаа, бас мөнгөтэй, ухаан бодолтой, дэмжигч хөндлөнгийн хүч ч түүнд их байгаа. Ойлгож байна уу гэж өвгөн хүндээр амьсгалан бодлогоширч, наагуур нь явж байгаа хүмүүсийн зай завсрыг харан, удаан үглэж ярилаа.
Ван овогт хүү эцгийн энэ яриаг чагнан суусаар уйтгарлаж эхлэв. Хүүгийн тэр байдлыг эцэг нь ажиж мэдээд, ярианыхаа хөгийг өөрчлөн:
Миний чамд хэлж байгаа энэ зүйл тун их далд нууц байх ёстой. Мэдэв үү? Хятад хүн нуух гэсэн зүйлээ үхэн үхтлээ нууж чаддаг. Үхсэн хойноо ч нууцладаг. Чи мэдэж байна уу? Хятадууд дэлхийд хосгүй нарийн гоё шаазан эдлэл хийж чадаж байсан. Одоо түүнийгээ хийж чадахаа байсан. Хятад хүн өөр хаана ч байхгүй ноосон торго-мөгөөдэйг хийдэг байсан. Одоо хэн ч амьтны ноосоор мөгөөдэйг хийж чадахаа байсан. Тэр торгыг хүр хорхойн шүлсээр биш, амьтны маш нарийн утсаар хийдэг байсан. Тэр бүхнийг хийдэг нууцыг бид олохоо байсан. Яагаад гэвэл, хятад хүн нууцаа өөрийн үр хүүхдэд ч хэлж өгөөгүй, маш чанд хадгалж байгаад өөртэйгээ хамт дуусгаж ирсэн. Энэ бол манай хүмүүсийн аугаа их чанар. Ийм лут чанарыг бие сэтгэлдээ шингээсэн хүмүүс хятадаас өөр хаана ч байхгүй. Тийм лут тэсвэр зөвхөн хятад хүмүүст л байгаа... Чи бас олж мэдэж чадахгүй дээ. Ар газрын Да хүрээнд сууж байсан хятад хүмүүс олсон мөнгөө өөртэйгээ хамт алга болгохоор газар олж нуудаг байсан. Тэдний дэргэд хамт байсан би дэргэдэх хүнийхээ юмаа нуусан газрыг нь олж мэдэж чаддаггүй байсан. Чи ингэж л өөрийн далд ажил миний хэлж байгаа зүйлийг нуух ёстой шүү. Удам угсаагаа бодож ... тэр ажлыг хийх хэрэгтэй болж дээ чи! Үүнээс ухарч болохгүй.
Аав аа! Би Ар монголд очоод таны хэлж байгаа тэр нууц зүйлийг яаж хийх юм бэ? Надад туслах хүн тэнд олон байгаа биз дээ гэж хүү нь асуулаа.
Тийм ээ, хүү минь. Тэр нутгийг хятад хүн эзэгнэх ёстой гээд тэр хэргийн төлөөнөө явж байгаа нь их олон бий. Гэвч чи тэднийг олж нөхөрлөж чадахгүй, нөхөрлөх байтугай олж танилцаж ч чадахгүй. Яагаад гэвэл тэр ажил хүний нүдэн дээр ил хийдэг хэрэг биш, далд, бүр далдын далд явуулдаг үйл. Чи ойлгож байна уу? Чамайг хүн тэр хэргээр оролдож яваа юу гэх янзын туршилт хийх байдал ажиглагдвал чи огт гэмгүй, ажлын мөр хөөсөн хүний янзаар тэнэг царай гарган гөлийгөөд л байх ёстой шүү. Чиний хэлэх ганц л зөв үг бол “Мэдэхгүй” гэдэг байх ёстой. Ойлгож байгаа биз дээ, чи гэж өвгөн зааварлаж суулаа.
Аав аа! Тэгээд чухам яаж тэр Ар газрыг бид өөрийн эзэмшлийн болгох юм бэ? Энэ чинь ойлгогдохгүй байна.
Аа, чиний толгой бас л мангуу байна даа. Энэ хийгээд байгаа олон сургууль чинь чамайг сэхээрүүлж чадахгүй байна уу? Тэгэж л таарах нь ээ.
Тийм тийм гэж танд би хэлэхэд бас л болохгүй байна. Бид таны энэ яриад байгаа зүйлээс шал өөр юмны сургууль хийдэг шүү дээ. Үүнийг та ойлгож чадахгүй биз дээ. Тийм үү? Ойлгоод ч танд хэрэггүй биз.
Ван Шисан өвгөн орчныг болгоомжлон харж, дуугаа улам нам болгоод:
Ар газрыг өөрийн болгоно гэдэг санаа бол тэнд монгол гэгддэг морьтон хүн байхгүй болж, тэр уудам нутагт дан хятад юм уу, хятад цусны хүн суусан цагт л сая бүрэн гүйцэлдэнэ. Тийм болгохыг бид зорих ёстой юм ... гэж хэлэхэд хүү нь бодлогоширч, Цагаан хэрмийн их ханыг харж гайхшран:
Энэ хэрмийг анхлан тэр монголчуудаас улс орноо хамгаалах гэж барьсан гэдэг. Ийм лут юмыг бүх нийтийн хүчээр барихад хүргүүлсэн тэр монгол гэдэг чинь аймшигтай дайчин хүмүүс байж дээ. Одоо бас тэр их хүч нь далд хуримтлан тийм байгаа биз. Тэд Хятадыг бүхэлд нь сандарган айлгаж, зүгээр суулгахгүй болоод л энэ лут хэрмийг босгоход хүргээ биз гэж хэлбэл, Ван овогт өвгөн толгой сэгсрэн хүүгээ харж:
Чи юмыг дутуу л бодоод байх янзтай. Одоо бид монголчуудыг хэрэм босгож хаах биш, харин тэднийг бүр алга болгох их хүчийг олсон байна гэв.
Тэгэхээр тэр монголчуудыг бид яаж үгүй болгох вэ? Шууд алаад л байх ёстой болж байна уу хэмээн Ван овогт хүү лавлан асуулаа.
Эцэг хүүгээ цочих мэт дав хийн харж, толгой сэгсрэн, дуугаа үлэмж намсгаад:
Ай, чи юу ярина? Бид санаагаа гүйцээхэд их олон арга байна шүү. Чи ер нь Ар газар очоод сайхан монгол хүүхнийг гэргий болгон аваарай. Чиний мөнгө хүрч байвал хэдэн ч хүүхэн авсан болно. Тэгээд олон хүүхдийн аав болж үз. Тэгэхээр чамд юм өөр болж харагдах биз ... гэж ярив.
Хүү эцэг хоёр хэрэмнээс бууж бас нэг хүн тэргэнд суугаад Бээжингийн зүг шооргонон давхилаа. Тэдний гол ярилцах зүйл дууссан бололтой. Ван овогт хүү замын дагууд хотын захад байгаа жижиг тарианы газар, тэнд бужигнаж байгаа зам засдаг олон хүнийг харан бодлогоширч явав. Мэдээжийн хэрэг хүү тэр шороо бужигнуулж байгаа хүмүүстэй хамт зээтүү барин ажиллаж байсан үе нь нэхэгдэн санагдаж эхлэв бололтой. Ван овогт хүү бага балчир насаа ихэд ядран, энд хоол олох гэж зүтгэн өнгөрөөсөн аж. Эцгийгээ Ар монголд очиж олз олж ирнэ гэж явсан хойгуур энэ хүү төрсөн, үүний дээр бас нэг нялх балчир насны эгч сэрүүн байсан. Эднийх хөрөнгө зоорь гэх юмгүй. Ван Шисан Бээжингээс Хишигтийн их пүүсэнд дансны ажил хийж байгаад умард зүг одохдоо эхнэртээ өдөрт 50 мөнгөний хэмжээтэй юм зарж амь зууж байхаар бодсон, нэг жилийн хоолны янчаан үлдээгээд явсан. Анхны нэг жилийг гэр бүлийнхэн нь тэр үлдээсэн мөнгөөр нь ногоо, загас, жаахан шар юм уу, хөц будаа авч идэж өнгөрөөж байсан. Жилийн дараа болоход эр нөхөр чинь Ар газраас үүнийг та нарт өгч бай гэсэн гээд хоногийн 25 мөнгөний юм бодож хааяахан эхнэрийн нь алган дээр тавьдаг болсон ажээ. Жаахан хүү эдний гэрт төрж гарсан. Гэтэл үүний эгч, энэ айлын том охин нь дөрвөн нас хүрээд халуун ханиадаар алга болсон байна.
Ван овогт хүний эхнэр ийм зовлон эдэлж явсаар хүүгээ арай ядан таван нас хүрэхтэй нь зэрэг нэг чинээлэг айлын ногооны газар очуулан газар засаж цэвэрлэх, горхи усны шуудуу засах, намар цагт ногоо зөөж явган тэргэнд ачих ажил хийдэг болсон. Тэр нь нэг танил луухааны бие жуучиллаар олдсон ажил нь байв. Хүү хөл нүцгэн, гэдсээ нар салхинаас хамгаалсан муу даавуун халхавчтай ажилд гүйнэ. Том ургасан сагсгар байцааг ч өргөж даалгүй, түүндээ дарагдан газар шургачин унаж байсан удаа нэг биш байжээ. Бас эх нь нэг пүүсэнд орж цэвэрлэгч хийе гэхэд тэр газар нь “Эм хүн чадал муутай” гээд авахгүй зовоосон удаа ч бий аж. Ийм янзаар аж төрж байсан хүү нь өдгөө эр цэрэг болоод, улмаар алс холын газарт улсын нэрээр зарагдан явах гэж байгаа нь нэг ёсондоо бахархалтай санагдаж байжээ.
Ван овогт хүн Монголын Да хүрээний газарт их пүүсний бичиж туслах данжаад гэдэг ажил хийж 10 гаруй жил болоод Бээжинд эргэж ирэхдээ бүрэн аятайхан хувцастай, 10 шахуу тампуу хатаасан цагаан мөөгтэй, нэлээд хэдэн шуудай тэмээ, ямааны үс ноолууртай, элдсэн хонины нэхий, хурга ишигний сайхан арьс бас нэлээдийг эмхлүүлэн пүүснээсээ хөлсөндөө хямдхан үнийн тооцоогоор авч, монгол жинчидээр түүнийгээ тээлгэн явсаар Бээжинд ирж, улмаар хөлсний тэргэнд ачаагаа ачуулан гэртээ буулгуулсан байна. Хүү нь байтугай эхнэр нь нөхрөө танихгүй анхлан сандарч уулзсан боловч учир явдлаа тоочин мэдэлцээд:
Чи монгол эхнэрээ яасан бэ? Дагуулж ирсэн үү гэж хятад эхнэр нь мэндийн зөрөө хийлгүй Ван овогтоос асууж учирсан аж.
Аа, би хоног өнгөрөөж байсан тэр сэгсгэр новшийг тэнд нь хаялгүй яахав гэж Ван овогт хариуд нь хэлсэн аж.
Ингээд хэд хоноход эднийх ихээ сэхээрэн өндийж, суудаг байшингаа томсгон, бүгд солих хувцастай болж амжаад, хятад тариачны шилдэг хоол-цуйван хайрч идэхтэй болов. Ван овогт ч Бээжинд Хишигтийн пүүсэндээ итгэгдэн дадаж дассан дансныхаа ажлыг хийсэн байна. Энэ хүнд бусдад үнэлэгдэх нэг эрдэм байгаа нь арванхоёр эгнээ эрхитэй сампин цохиж данс бодохдоо нэлээд зэгсэнд тооцогддог байна. Түүний энэ баруун гарын таван хурууны ажиллагаа нь гэр бүлийг бүрэн тэжээхэд хүрэлцэх зэвсэг нь болжээ. Ийм хүн Бээжинд төрсөн ганц цэвэр хятад хүүгээ Монгол газарт зараалын ажилд томилогдон мордуулах болсон нь сонин байв.
Таньж харилцах нууц түлхүүр нь зургаан үг
Ван Шисангийнхан гурвуулаа гэртээ оройн хоолоо хийж идээд бие биеэ харан хэсэг зуур эвшээж суулаа. Гэрийн эзэн хөгшин, хүү хоёроо ээлжлэн харж байснаа эмгэндээ хандаж:
Чи одоо хэвтэж амар. Би хүүтэйгээ бага сага юм ярилцаад бас хэвтэх болж байна. Өнөөдөр гадуур жаахан яваад би ядарчээ гэж хэлэн хүүгээ дагуулаад гал тогооны өмгөр жаахан тасалгаандаа орж, жижиг явган ширээний хоёр талд бие биеэ харан суув. Тэрээр эмгэнээ яаж байгааг сэмхэн чагнан, тамхи нэрж утаа тавина. Хүү ч бас баагиулахаа эцгээсээ юунд дутах вэ? Эмгэн чимээгүй болж унтсан бололтой. Өөвгөн байн байн чих тавих нь тэр салга чавганцаас юунд сэжиглээв гэмээр.
За чи миний үгийг гүйцэд чагнаж ав. Дахиад чи бид хоёрт нарийн үгээ ярилцаж байх зав олдохгүй гэхэд, Ван овогт хүү тийм ч их таашаасан янзгүйгээр эцгийгээ харан гайхширах янзаар чих тавиад:
Та өчигдөр Цагаан хэрмэн дээр байхдаа надад хэлэх үгээхэлж орхисон биш үү? Би тэгэж бодоод явж байгаа шүү гэж хэнэггүй хэлэв.
Ай, би чамд өчигдөр чиний амь зуух ерөнхий чигийг жаахан тодруулан ярьсан. Чухам нарийн зүйлийг хэлж чадаагүй. Тэр хэрмэн дээр янз бүрийн амьтас хөлхөлдөөд нарийн юм ярилцахад түвэгтэй байсан шүү гэж өвгөн уртын яриагаа эхлэв.
Тасалгаанд ямар олигтой байх вэ? Тамхины утаа, түрүүн загас шарсан хэншүүний утаа хамар шаргиулна. Өвгөн дээрээс зүүсэн цагаан гэрэлтэй чийдэнгээ унтраагаад нэг муу бүдэг гэрэлтэй жижиг тосон дэн асааж, хоёр хүн биенийхээ нүүрийг дөнгөж харж байх төдий сүүмгэр гэрэлтэй болгов. Өвгөн уртаар амьсгалан бодолхийлээд:
Чи яаж Ар газар байх вэ гэвэл гэж үгээ эхлэхдээ Монгол улс гэдэг нэрийг хэлэхээ цээрлэсэн янзтай байгааг хүү нь ажиглаж байлаа.
За чи Да хүрээнд тогтож суухыг бодож, ажилд хуваарилахаар саналаа хэлээрэй. “Би бие муутай, энэ хотод ажиллах хятад эмчид ойр баймаар байна” гэж хэлэх биз. Тэгээд тэр бүтнэ. Чи Да хүрээнд байгаа дүү нараа олж уулзвал сайн сан. Гэвч чадахгүй л болов уу? Уг нь тэнд миний дөрвөн хүүхэд бий. Тэдний гурав нь эр сүвтэй шүү юм даг. Чи тэднийг олж уулзахгүй байх аа даа. Тэд өдийд их том эрсүүд болоо биз. Хорин жилийн өмнө сууж байсан таван гудамжин дахь шовгор байшингаасаа гараад нэг тийшээ нүүгээ биз. Хаа ч буусан юм бэ, хэн мэдэх вэ? Чи тэдэнтэй уулзаад юу ч ярих юм билээ. Уг нь “Та нарын судсаар хятадын цус гүйж байгаа шүү” гэдгийг тэдэнд сануулбал хэрэгтэй юм сан. Тэд ч түүнийгээгээ өөрсдөө мэдэж байгаа нь лавтай. Монголчууд хятадуудад таагүй болохоор түүнийг нь мартагнуулах гэж оролддог биз. Тэр хотод байдаг манай нэг санаатай хүмүүс ч миний хүүхдүүдийн хэн болохыг нь мэдэж, тэдэнд ямар нэгэн хэрэг оногдуулсан байх учир ч бас бий. Тэр бол гарцаагүй зүйл гэж Ван овогт өвгөн тун аажуухан ярьж, шавар пийшин дээр байгаа бүлээн цайнаас аягалан балгаж, тамхиа байн байн асаана.
Аав аа! Тэр хүүхдүүд чинь эндээс очих хүнтэй бие биеэ таньж харилцах тийм дохио тэмдэг юм уу, хэлэх үг тэдэнд та зааж өгөөд ирээгүй юм уу?
Миний хүүхдүүд намайг наашаа явахад учир байдлыг ухаарч мэдэх насанд хүрээгүй байсан. Чи бод л доо. Би Бээжинд ирээд 20 жил болох гэж байна шүү дээ. Гэхдээ тэд удам угсаагаа мэднэ. 20 байтугай зуун жилийн үеийн угсаа юмаа манай хүмүүс мэдэж байдгийг би ажсан. Тэд бол үүрд аугаа их Хятадын төлөө амьсгалж явдаг юм билээ. Тэгэх ёстой. Тэр бол үнэнхүү ухаан бодол ихтэй хүмүүсийн ариун ёс гэж Ван овогт хэллээ.
Эцэг хүү хоёрын “дотоод” яриа үргэлжлэн, хүүгийн нойр сэргэж, өвгөний үгийг чагнана. Бас тамхи зэрэг баагиулна.
Аав аа, та намайг Монгол газар очоод яаж бай гэх гээд байна вэ?
Тийм ээ. Энэ маш чухал зүйл. Чи тэнд хоёр гурван жил суугаад монгол эм эхнэр болгон авах хэрэгтэй. Тэр монголчуудын эрэгтэй нь нэлээд хөөрүү, бардам зантай, ёргио байдалтай. Моринд гарамгай хүмүүс. Монголчуудыг морьгүй бол өчүүхэн гэж болно. Гэхдээ тэд дотуур тамиртай, хатуугаа хүрвэл яс шиг санаатай шүү. Бид монгол хүнийг “ну” (үхэр) гэдэг. Гэвч тэдний санаа нь “ну” биш ээ. Нэг гэдийвэл тэгээд л шазуур зуугаад дуусна. Тийм болохоор монголчуудыг уурлуулахгүй байхыг хичээж бодох ёстой.
Аав аа! Та тань өчигдөр Цагаан хэрмэн дээр байж ярихдаа “Монголчууд бол тэнэг, бүдүүлэг, ухаан санаагаар ч унаж яваа мориноосоо дор байдалтай” гэж ярьж байсан. Одоо их хэцүү, хатуу гэж хэлээд байхаар чинь би учрыг нь олохоо байлаа гэж хүү гайхширах царай гаргав.
Тийм ээ. Чи зөв юм хэлж байна. Тэгэхдээ чи очих газрынхаа хүмүүсийн ааш занг сайн муу аль ч талаас нь мэдэж авах хэрэгтэй. Харин чамд одоо хэлэхэд, чи монгол эхнэр авахаасаа эрээлэх хэрэггүй шүү. Монгол эмс тэлээгүй өмдтэй явдаг. Мантуунд их дуртай байдаг юм.
Тэр чинь юу гэсэн үг вэ? Монголчууд мантуу хийдэггүй юм уу?
Ай, хот суурин газраа мантуу хийнэ. Миний “мантуунд дуртай” гэдэг чинь монгол эмс юм юманд дуртай гэсэн үг. Чи үгийг өргөн утга санаагаар ухаж ойлгох ёстой шүү. Монгол эмс бас хятад хүнийг бие эрхтэн чангатай гээд учрах дуртай байдаг гэдэг. Тэр үнэн үг байх. Булган малгайтай, минжин нударгатай, торгон дээл өмссөн лут гоё авгай нар нь манай пүүсний ар талын хаалгаар данжаадынд орж ирээд у жа пи балган, дээлээ тайлдаг. Тэдний тэгэж байхыг би энэ нүдээрээ харсан. Тэгээд монгол эмс хүүхэд амархан олж гаргана. Тэр бол манайд тун чухаг хэрэг гэх үү, бидний хүсэж байгаа хэрэг явдлын нэг нь шүү. Бид өөрийн цусны хүнийг дээдлэн үзэж, тэдний дэмжлэгээр Ар газрыг бүхэлд нь бүрнээ эзэмшиж чадах учиртай. Одоо бараг л монголын нийт хүн амын гуравны нэг нь манай цусных болж байгаа биз. Тэгээд тэр нь нийт хүний нь тал хувь, болбол ойрын үед дөрөв хуваасны гурав нь манай цусны болбол яг л манж хүн шиг бидний их улсын дотор орж уусаад алга болно. Тэр цагт Ар нутгийн өргөн тал хөндий, гол мөрөн, асар их чулуун нүүрстэй говь хангай, цагаан мөөг бундайж ургадаг үй түмэн хүрээ, тойргууд цөмөөрөө манай болно. Түүний тулд бид зүтгэх ёстой.
Би таны хоёр өдрийн турш надад ярьж байгаа энэ зүйлийг ойлгож мэдсэн. Тэгээд үүнийг яаж гүйцэлдүүлэх вэ? Энэ л миний санаанд бууж …
Ай, чи зөв юм бодож байна. Түүнийг гүйцээх олон арга бий. Нэг гол арга нь монгол эмийг эхнэр болгон авах ёстой гэж би ярьсан. Тэгээд бас монгол хүмүүсийг бие биедээ дургүй болгон, хоорондын эв нэгдлийг нь бутаргах ёстой гэж манай номтонгууд хэлдэг. Тэр бас зөв. Монголчуудыг сайд дарга нартаа муу, дотор нь байгаа янз бүрийн ясны хүмүүсийг бие биедээ муу, тухайлбал, өөлд хүн халхдаа муу, халх нь буриаддаа муу, баяд нь захчин хүнээ үзэн яддаг, торгууд нь барга хүнээ чоно шиг боддог гэхчилэн дотроо тэд эв түнжингүй бол тун амархан онхолдоно шүү. Аймаг, сум, баг гээд л нутгийн захиргааны хүмүүс бие биеэ “Бэлчээр булаалаа”, “Өвс ногоо, мод чулуу авлаа” гээд түүнээ булаалдан хэрэлдэж байдаг болохыг бид далдуур өдөөн хатгаж, улам өөгшүүлэн түнжин хагарсан байдлыг нь ширүүсгэж байхыг хичээх ёстой.
Аав аа! Тэр бүхнийг чинь бид хөндлөнгөөс нь өдөж хатгаад байж болохгүй биз дээ. Тэгвэл өөрсдөө ялтан болох биш үү?
Ай, чи зөв ярьж байна. Тэр бүх ээдрээтэй хэргийг хятад хүн өөрөө өдөж, тэр хэрэг рүү нь гараа сарвагануулж өргөжүүлж болохгүй. Түүнийг дагнан тэдний өөрсдийн гараар, өвөрлөгч нутгаас очсон хүмүүсээр, манай цусны хүмүүсийн санаа бодлоор нэлээн холоос турхирч хийлгэхийг бодох ёстой. Тийм арга эрж олох хэрэгтэй байгаа юм аа. Энэ их төвөгтөй зүйл … Тэгэхдээ үүний төлөө тэнд далдуур ажиллаж байгаа манай нэлээн хүн бий. Түүнд чи ганцаараа зүтгэхгүй шүү. Олон жил тэнд шургалан, янз бүрийн юм сэтгэж, хийж яваа манай хүмүүс тоолж баршгүй олон байгаа. Тэр бүгдийг ч мэдэх хэрэггүй.
За тийм байжээ. Тэгээд бид чинь бие биеэ яаж танин мэдэж, ялгаж салгаж явах учиртай болж байна вэ? Энэ бас нэг ойлгогдохгүй зүйл шив.
Тэр үнэн. Бид бие биеэ танихад хэцүү. Би одоо чамд мэдүүлэх гэсэн нэг зүйл энэ дээ. Чи сайн анхаарч бай. Хаа нь ч магадгүй. Чам дээр “Сампингийн хоёр эрхи байна уу” гэж асууж хүн ирвэл түүнийг итгэж болох хүн гэж мэдэх биз. Хэрэв “Чамд сампингийн хоёр эрхи байна уу? Чи зүүн гартаа савх барьдаг биз?” гэж энэ хоёр үгийг хослуулан асуух хүн учирвал түүнтэй Монголын тухай өөрөө олж цуглуулсан зүйлээ нуулгүй хэлж ярих этгээд энэ мөн байна гэж бодоод, чи хариуд нь “Бай дуу уулын модон савх байна уу?” гэж асуувал цаад хүн чинь чамайг танин, та хоёр учраа ололцоно. Энэ бол чи хэзээ ч мартаж болохгүй, элдэв цаас юман дээр бичиж болохгүй зүйл шүү. Чи үүнийг бодож амь адил хадгалж яваарай. За юу гэж Ван Шисан хэллээ.
Эцэг хүү хоёр шөнө дунд өнгөртөл ярилцаад хэлэх, захих зүйлээ Ван овогт төгсгөх шахжээ.
Тэрээр амаа том ангайн эвшээж сууснаа:
Би чамд хэлэх үгээ бараг дууслаа. Энэ бол зөвхөн миний хувийн захиас биш шүү. Миний ард байгаа аугаа их Хятадын ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч “Бодлого арвижуулагч” гэдэг том байгууллагын захиа даалгавар шүү. Тэр бол Хятад улсын Засгийн газраас илүү их алсын бодлоготой, тэнгэрийн өршөөлөөр ажлаа явуулдаг, маш том байгууллага. Түүний гишүүд нь манай урдаа барьдаг том худалдаа, үйлдвэрийн эзэд, цэргийн зарим их эрхтнүүд байгаа. Тэд бол удахгүй бүх Хятадын гадаад, дотоодод явуулах улс төрийн бодлогыг төлөвшүүлэн тогтоож явуулдаг газар болно. Манай энэ байгууллагын тогтоосон санаа бодлыг засгийн газар хэлбэрэлтгүй дагадаг болох учиртай. Тийм их том байгууллагаас өөрт чинь хүндтэй даалгавар өгч байна гэж чи ойлгоорой хэмээн захиж анхааруулав. Ван овогт хүү эцгийн энэ үгийг хааны зарлиг мэт хүндлэн сонсож, арай л залбирах нь холгүй суулаа.
Эцэг үгээ эцэслэх янз гарган, хүүгийнхээ нүүр өөд ширтэн хараад, дуугаа жаахан өндөрлөн:
За одоо миний хувийн захиас гэвэл хоёр байна. Нэгд, чи монгол эхнэр аваад түүнийгээ толгой дээрээ бүү гаргаарай. Монголын эмсийг ажиглахад эр нөхөртөө нэлээд ааглуу байдалтай байж ажиглагддаг. Жишээ нь, дэлгүүрт эр нөхөртэйгээ хамт орж ирээд эхнэр нь юу худалдан авахыг нь амаа дарвалзуулан зааж өгөөд байх янзтай байдаг. Тэгэж чи авсан эмдээ толгойгоо мэдүүлж болохгүй шүү. Ер нь хүний эхнэр гэдэг чинь үндсэн гурван үүрэгтэй байдаг юм. Энэ бол манай дотор газрын ёс гэв.
Аав аа! Эмс ямар үүрэгтэй байдаг гэж?
Аа, чи түүнийг мэдэж авна гэдэг чинь тун чухал. Эм бол нэгдүгээрт эр нөхрөө асарч, орон гэртээ орой үдшид түүнийгээ уйтгарлуулахгүй зугаатай байлгах, хоёрт бол орон гэр, ор дэвсгэрээ аятай тохитой байлгах. Нөгөө нэг гол чухал ажил нь хүүхэд төрүүлж, түүнийгээ аятай бойжуулан, өвчлүүлэхгүй байх учиртай. Эмсийг эр хүний явдалд хамаагүй оролцуулаад байвал эр нөхрийнхөө толгой дээр амархан гарч аваад, загнахгүй замгүй болж, цаашлаад хормой хот нь дэрвэж сөхөгдөөд алга болж ч мэднэ. Элдэв самуун явдлыг түгээгч болж ч магад. Ер нь эмс бусдын өөдгүй үгэнд автамхай, урваж шарвах нь хялбархан, дэнгийн эрвээхэй адил хаа гэрэл гэгээ гялалзана, түүн рүү үсэрч байдаг амьтад. Кунз богд эрчүүд эмсээ захирч явж чадахгүйд хүрвэл төр самуурч магад гэж номлосон гэдэг дээ. Чи түүнийг мартаж магадгүй. Чи монгол эмийг авгай болгож авахаараа царай сайтайг нь битгий шилээрэй. Гоё эм бол өөр бусдын гар хөл, ор дэвсгэр нь болоод чамайг гээнэ. Тийм эм манай цусны хүүхэд олныг төрүүлээд, чамд ноёлуулж суухгүй, харин чамайг ноёлох гэж загнана. Гоё царайтай, тааруухан царайтай хоёрын ялгаа орон дотор огт мэдэгдэхгүй, ав адилхан сүвтэй амьтад байдаг шүү. Үүнийг санаарай хэмээн Ван овогт хүүдээ захиж хэлэв.
Өвгөн цай ууж, тамхиа баагиулж сууснаа гэнэт санаа авав бололтой:
Аа, би чамд гол болгож хэлэх ёстой нэг зүйлийг мартах гэж байна. Чи ажлын өндөр мэргэжилтэй байх ёстой. Тэгвэл цалин мөнгө их авна. Чи цэрэгт байхдаа Улаан голын эрэг дээр барьж байгаа барилга дээр нэлээд удаан ажил хийсэн гэдэг. Чи одоо барилгын овоо мэргэжил олоо биз дээ. Одоо бас өөр нэг мэргэжил олж ав гэвэл Ван овогт хүү гайхшран нүдээ том болгон эцгийгээ хараад:
Би өөр ямар мэргэжилтэй болох ёстой байна вэ гэж асуулаа.
Чи хоол хийдэг тогоочийн мэргэжил ол!
Би одоо дөнгөж хоёр хоноод явах гэж байж яаж тийм том мэргэжил олох юм бэ, аав аа? Мэргэжил эзэмшинэ гэдэг чинь хэцүү шүү дээ.
Би үүнийг бодсон. Мэргэжил олж авна гэдэг үнэхээр хэцүү. Би сампингийн мэргэжилтэй болох гэж хамаг гарынхаа өндгийг цоортол тэр хэлхээтэй 782 модтой ноцолдсон. Тэгэж байж сая улаан хоолой руугаа гулгуулах юмаа олж байхтай болсон гэж Ван овогт хэлэв. Үнэндээ энэ өвгөн сампинг гарамгай сайн цохидог чадвартан аж.
Ван Шисан Их хүрээнд сууж байхдаа Хишигтийн пүүсний олон салбарын орлого-гүйлгээний нэг бүтэн жилийн дүнг тав хоног сампиндаад гаргаж байсан. Түүнийг нь үнэн худлыг мэдэх гэж их пүүсийн данжаад нь өөр пүүснээс гурван шилдэг сампинчин хөлсөлж аваад дахин сампиндуулж үзэхэд нь хоёр шуудай хонины ноос, гурван чонын арьс Ван овогтын гаргасан дүнд ороогүй, түүнээс өөр алдаа олсонгүй. Гэтэл тэр ноос, арьс нь өөр нэг бичээч өөрийн болгох санаагаар уг эх дансанд нь оруулаагүй байжээ. Ийм чадвартай сампинчин Бээжинд ирээд тэр их пүүсэндээ бас уригдан ажилласан нь гайхах хэрэг огт биш байв. Ийм чадвартай эцэг хүүгээ хос мэргэжилтэй бол гэж шаардаж байгаа хэрэг ажээ.
За чи маргаашийн дотор өөр нэг мэргэжилтэй бол. Чи чадна.
Аав та яасан хачин юм яриад байна вэ? Би таны үгийг ойлгох биш.
Хачирхах зүйлгүй. Би Ван Фу Цзингийн худалдааны гудамжинд байдаг нэг их гуанзангийн эзэн тогоочид Ар газраас ирээд нэг гогцоо сайхан хатаасан мөөг өгсөн. Түүнийг тэр Фан овогт тогооч эхнэрээ хоёр төрөхөд нь буцалган өгч ямар нэг хүндрэл үзэлгүйгээр эдгэрүүлсэн гэж тэр хүн өөрөө ярьдаг. Тэгэхээр би түүнээс хариу тус авах ёстой. Тэр нь чамд тогоочийн мэргэжил зааж өгснөөр бөглөгдөг. Би чамайг маргааш өглөө дагуулж түүн дээр очно. Фан овогт чамд яаж гурил элддэг, төмс яаж сайхан шардагийг зааж өгөг. Чи түүнийг дагаад нэг өдөр тэр хоёр зүйлийг сураад яв. Тэгвэл чи тогоочийн мэргэжилтэй гээд Ар газар бичүүлэн, тэр зүйлийг хийгээд явах болно. Тэгвэл чи биед амар, гэдэс өлсөхгүй байх болно биз дээ гэлээ.
Ван овогтын хүү Бээжинд бороо шивэрсэн тэр өдөр жижгэвтэр пүүгээ үүрэн гартаа модны жижиг хөрөө цаасанд боож бариад умард замын галт тэрэгний буудал дээр ирж, бусад олон хүнтэй нийлж бужигнаад задгай суудалтай вагонд орж суулаа. Түүнийг эцэг эх нь үдэж мордуулсангүй. Ээж нь замд идээрэй гэж дөрвөн ширхэг мантуу боож өгсөн байна. Түүний үүргэвчинд нэг солих дотуур хувцас, паалантай том ногоон аяга, савх, машид хурцалсан жижиг балиусан хутга, гар нүүрийн хэрэглэл сэлтээс хэтэрсэн зүйлгүй байв. Эцэг Ван Шисан энэ хүүг “Сайн яваарай” гээд үнсээгүй, түүнийг үр нь ч үгүйлээгүй байна. Бороо үргэлжлэн орсоор, умрыг зорьсон тэр баахан хүмүүс дөнгөж задгай вандан дээр суудал эзэлмэгцээ хөзөр дэлгэн, ухаан жолоогүй тоглож, тамхи баагиулан явсаар хоёр хоног пижигнүүлээд, бага үдийн хэрд сэрүүн салхи үлээсэн, тунгалаг агаартай өдөр Улаанбаатар хотын галт тэрэгний буудал дээр ирж хөлгийн жолоо татжээ.
Буурал түүхийн хуудас сөхөхөд
Галт тэрэгний буудалд “Монгол-Хятадын ард түмний их найрамдал мандтугай!”, “Их нөхөрлөл бэхжигтүн!” гэсэн том үсгээр улаан даавуун дээр бичсэн уриа хадаж, ачааны олон автомашин, нэлээд тооны хүмүүс ирж байгаа хятадуудыг угтсан билээ. Монгол улсын бүтээн байгуулалтад туслалцахаар Хятад улсаас ирж байгаа энэ хүмүүсийг Монгол улсын Үйлдвэр хоршоолол, Сангийн аж ахуйнуудыг удирдах газар, Барилгын яам голлон угтан авч, зохих ажилд хуваарилан оруулах хоёр улсын хэлэлцээртэй байна. Уг хэлэлцээр биелэж эхэлж байгаа нь энэ ажээ. Галт тэрэгний буудал дээр мундахгүй хөл хөсөөнтэй байх нь зүй билээ.
Угтагсадын дотор өөрийнхөө дураар хүрэлцэн ирсэн Гонгор өвгөн хажуудаа хүү Сэрээнэндоржийг байлган тэр хятад ажилчдыг сонирхон харж зогсож байлаа. Гонгор гуай жар гарсан настай, түүний хүү Сэрээнэндорж дөнгөж хорь гарч яваа, Багшийн дээд сургуулийн оюутан аж. Түүний эцэг нь Монгол улсын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ажилтан, түүхч мэргэжилтэй билээ. Энэ эцэг хүү хоёрыг харсаар байтал өмнө зүгээс ирж байгаа маш олон ижил хөх хувцастай хүмүүсийг дээр нь сандал тавиад зассан задгай машин тэргэн дээр суулгаж аваад хотын төв рүү тэр дор нь явлаа. Тэнд болж байгаа олны ярианаас сонсвол, Хятадаас хорь орчим мянган ийм ажилчид ирнэ. Тэд хэдэн өдөр дараалан галт тэргээр цувран ирж, янз бүрийн газруудад жинхэнэ ажилчин ёсоор ажил хийх гэнэ гэж дуулдаж байв. Тэдний нэлээд хэсэг нь хөдөөд, сангийн аж ахуйнуудад очиж барилга барин, тариа ногоо тарихаар зорьж байгаа нь энэ гэлцэнэ.
Сэрээнэндорж тэднийг харж байснаа санаанд нь чухам юу харван орж ирэв ээ гэмээр эцэгтээ хандаж инээгээд, гайхсан байдлаар нүдээ тормолзуулан байж:
Аав аа! Та 1919 онд урдаас гамин цэрэг ирж байхыг үзсэн гэдэг биз дээ. Тэд эдэн шиг ийм янзаар ирээ болов уу гэж асуулаа.
Гонгор өвгөн хүүгээ гар дээр нь дэлсэж анхааруулаад:
Би чамд дараа энэ тухай ярьж өгнө гэж хэлэх нь одоо чимээгүй яв гэсэн санаагаа илэрхийлсэн хэрэг байна. Эцэг хүү хоёр бусад хүмүүсийн хамт төмөр зам дээрээс хот руу явж, Дөчин мянгатад хүрч ирээд, байрандаа орж суусан дороо Сэрээнэндоржийн ээжийн аягалж өгсөн цайг ууж тавлан сууж, зэгсэн урт ярианд оров. Гонгор гуай түүхч хүн болохоороо үг яриагаа нэлээд эртний явдлаас эхлэн хөврүүлсэн нь хүүд сонин сонсогдож байлаа.
Хүү төмөр зам дээр байхдаа асуусан зүйлээ сэргээж эцгээсээ асуусан юм.
Би гамин цэргийг урдаас ирэхэд нь дөнгөж хорь гараад байж дээ. Энэ чинь одоогоос гучин дөрвөн жилийн өмнөх хэрэг. Тэр гамин цэрэг нь бүгд жижиг үүргэвчтэй, урт хар буугаа давхар үүрсэн, ижил саарал өмд цамцтай, ижил саарал даавуун малгайтай, цэргээ зандрангуй маягийн өндөр дуугаар захиран командалж үг хэлдэг байсан даа. Хятад цэрэг чинь бас их олон, хэдэн өдөр дараалан бөөн бөөнөөрөө цувраад Хүрээнд ирсэн гэдэг. Тэр олон хүн чинь бүгд үүргэвчиндээ нэг нэг урт төмөр, эргэтэй бүдүүн хадаас хавчуулан авч ирсэн. Тэр төмрүүдийг нь энд цуглуулан угсраад хотын зүүн хойно байгаа цахилгааны өндөр цамхаг гурвыг босгосон. Манайхан “У шин дэн” гэж л түүнийг нэрлэнэ. Түүгээрээ Бээжинтэй цахилгаан мэдээгээр харилцаж байсан гэдэг. Энэ монгол газарт чухам юу болж байгааг урагшаа хэлж мэдээлж байгаа биз. Тэгээд тэр намраа Монголын автономит засгийг устгалаа гэж зарлаад, мөн удалгүй Богд хааныг баривчлан авч хар гэрт хорилоо гэж сонсогдоод гудамж талбайгаар хүн амьтан хөлхөлдөн явах нь хоригдон, хөдөө гаднаас аян жингээр Хүрээнд орж ирсэн хүмүүсийн унаа малыг булаан авч, хятад цэргүүд зарим айл амьтнаар ороод эд юмыг нь булаан дээрэмдэж байна гэнэ гэсэн үг тарлаа. Манай аав Шүүх яаманд бичээч байсан. Аав өөрөө албандаа явахаа байж, намайг ч гэрээс гаргахаа бүр байсан … гэж ярилаа.
Аав та түүхч хүний хувьд өнөөдөр Улаанбаатарт ирж байгаа энэ олон хятад хүн 1919-1920 онд ирж байсан гамин цэргээс ямар ялгаатай гэж бодож байна вэ гэж Сэрээнэндоржийг асуувал Гонгор шуудханаар:
Их ялгаатай. Тэр гамин цэрэг чинь Монгол улсын төрийн голомтыг онхолдуулж хаях санаатай ирсэн булаан эзлэгч дайсан. Өнөөдөр ирж байгаа энэ олон идэр залуу эрчүүд бол БНМАУ-ын бүтээн байгуулалтанд туслахаар хоёр улсын хэлэлцээрийн дагуу ирж байгаа хэрэг. Тэдний хувцас нь ч шал өөр, санаа бодол нь өөр, хийх ажил нь өөр хүмүүс байгаа шүү дээ. Бид өнөөдрийн ирж байгаа хятадуудыг сайн санаатай хүмүүс гэж үзэх ёстой. Тийм ч байгаа байх. Үүнд эргэлзэж огт болохгүй хэрэг гэж эцэг нь тайлбарлан хэлэв.
Сэрээнэндорж хэсэг зуур бодлогоширон сууснаа:
Тэр гамингууд чинь Орос Барон Унгерний цэрэг болон манай цэрэгтэй байлдаан хийгээд салам цохигдоод эндээс зугтааж явсан гэж манай сургуулийн багш заадаг. Тэд бол гарцаагүй бидний дайсан. Тэр цэрэгт явж муугаа үзээд амь түүс явган нүцгэн зугтаад буцсан хүмүүсийн хүүхэд нь ч юм уу, үр ач, садангийн нь хүмүүс өнөөдрийн манайд ирж байгаа улсын дотор байгаа биз дээ. Тэд яавч бидэнд сайн сэтгэлээр туслая гэж бодож ирээгүй байх аа гэж хэлбэл, эцэг Гонгор нь чангаар инээн, хөгшнөө дуудаж дэргэдээ ирүүлээд:
Чи энэ хүүгийнхээ хэлж байгаа үгийг сонсов уу? Сая ирж байгаа энэ хятадуудыг заавал муу санаа өвөрлөсөн байгаа гэж надаар хэлүүлэх гээд байгаагий нь гэлээ. Хүүгийн ээж багш хүн учраас байдлыг ажин:
Хүү чинь аливааг бүр ясанд нь тултал ойлгож авах гэж махарч явдаг болсон. Тэгээд л чиний ярьж байгаа зүйлийг бүр мухарлаж авах гээд л тийм юм ярьж асуугаад байгаа нь энэ гэж Сэрээнэндоржийн үгийг цаагуураа зөвтгөх гэсэн утгатай юм хэллээ.
Гонгор толгой дохиж сууснаа:
Юмыг буруу талаас нь тонгоргож ойлгодог болбол тэр чинь сайн юм биш дээ. Эх хүү хоёр энэ хятад хүмүүсийн талаар нэг л ойлголттой байх шив гэж хэлэв. Эзэгтэй ширээн дээр тавагтай боов, боорцог, талх, тос авчирч тавиад, эцэг хүү хоёрын аяганд халуун цай хийлээ.
Тэр гурвуулаа ширээ тойрч суугаад үдийн цайгаа хамт уухдаа бас л өнөөдөр ирж байгаа хятад хүмүүсийн тухай яриа тасраагүй л байлаа.
Тийм ээ. Янз бүрийн санаатай хүн тэдний дотор яваа байх л даа. Тэгэхдээ хэн нь сайн санаатай, хэн нь буруу бодолтой хүн байгаа гэж бид яаж ойлгох вэ? Нөгөө гэвэл эд чинь энэ зууны эхний зарим өөрөг сөөрөг үйл явдлыг зөв ухаарч мэдсэн, шал өөр цаг үеийн хүмүүс яваа шүү дээ. Өдгөө цагт нэгэнт түүх болоод өнгөрсөн тэр цагийн таагүй явдлыг босгон ирж түүнийг сөхөн, улс орны хооронд өш хонзонгийн хэрэг болгон ярьдаг цаг аль хэдийнээ өнгөрсөн. Тэгэж болохгүй гэдгийг бид сайн ойлгож авах учиртай гэж Гонгор зөөлхөн дуугаар ярьж байв.
Сэрээнэндорж эцгийнхээ энэ яриаг сонсон дуугүй баахан сууснаа бас нэгийг бодов бололтой, байшингийн тааз ширтээд, аман дотроо нэг юм гүвтнэснээ:
Манай Монголын түүх маш том, тун сонин, ёстой л адал явдлаар дүүрэн юм даа. Манай хаад эрт цагт Хятад орныг бүхэлд нь захирч, хятад хүнийг өмнөө бөхөлзүүлж байсан гэж бодоход тун сонин байна шүү гэлээ.
Тэр үнэн шүү. Монголын хаад умард Хятадыг эзэлснээс эхлэх юм бол 108 жил, Юан гүрнийг байгуулснаас эхлэх юм бол 97 жил, Хятад орныг бүхлээр нь захирах болсноос эхлэх юм бол 89 жил Хятад орон Монголын хаадын захиргаанд байж, Монголын хууль ёсыг дагаж байсан нь үнэн хэрэг. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй гэж Гонгор түүхэнд тулгуурлан хэллээ.
Аа, тэгвэл Монгол улс Хятадын хаадад хичнээн жил, хэзээ, яаж захирагдаж байсан бэ, Аав аа? гэж Сэрээнэндорж асуулаа. Эцэг нь жаахан бодолхийлснээ:
Монголчууд 1919-1920 онд Хятадын генерал Сюй Шу-чжаны эзэрхийллийг эс тооцвол Хятадын эрхшээлд орж захирагдаж байгаагүй шүү гэвэл Сэрээнэндорж нүдээ том болгон аавыгаа харж гайхшираад:
1696-1911 он хүртэл Бээжинд монголчууд захирагдан, түүний өмнө сөгдөж байсан биш үү? Би тэгэж заалгасан юм байна гэв.
Өө, тэр чинь Хятадад огт хамаагүй. Тэр эзлэлт бол Манж Чин улсын хаадын түрэмгийлэн эзэлж байсан үе. Манжийн хааны эзлэлтийг Хятадын хаадын хэрэг болгон ойлговол тэр чинь шал буруу. Манж, Хятад, Монгол гэдэг чинь тус тусдаа биеэ даасан түүхт улсууд. Тэднийг чи битгий хутгаж будлиантуулаарай гэж Гонгор хүүдээ анхааруулан хэллээ.
Энэ ярианаас үүдэгдэн түүхч Гонгорын санаанд эртний зарим явдлууд сөхөгдөн, дээр цагийн Монгол, Хятадын хоорондын харьцааны зарим явдлууд сэтгэлд нь орж ирж, түүний бодол санааг түүхийн үзэгдэл рүү татлаа. “Тийм ээ. Миний хүү хятадын санаа бодол яггүй хатуу гэдгийг бодоод л надаас элдвийг шалж асуугаад байх шив. Үнэндээ манай өмнө зүгийн хөрш ч цаанаа адармаатай даа. 1368 онд яаж Монголын их хааныг Бээжингээс гаргалаа. Чжу Юан-Чжан гэдэг хүн чинь өөрийгөө Хятад улсыг босгохын тулд “тэнгэрээс заяагдсан” гэж босогчдоор өргөмжлүүлэн, Тогоонтөмөр хааны ноёрхлын эсрэг боссон олны тэмцлийг өргөн авч, зүйл зүйлийн арга ухаан гаргаж улам өрнүүлэх их хүчийг олоод Мин улс гэгчээ байгуулан өөрийгөө босогчдын хээрийн цуглаанаас Хятадын их хаан гэж өргөмжлүүлээд, тэр хэргийг нь толгойлсон. Тэгээд Чжу Юан-Чжан “Хятад хүнд ямар ухаан бодол, ямар хүч чадал байна, тэр бүхнээ харийн эзлэгчдийг хөөж зайлуулахад зориул” гэж ятган ухуулж, “Хятад хүн өөрийн төр улсаа байгуулахыг бурхан тэнгэр таалан соёрхож байна” хэмээн тэр босогчдоо зоригжуулж байгаад Юан улсын төв нийслэл Ханбалгасыг (Бээжинд байсан) бүслэн авч дайран довтолсон. Тэр цагт Монголын их хаан түүнийг няцаан дарах боломж байсан боловч Юан улсын цэргийн жанжнууд, төрийн зарим том ноёд түшмэд нар нь бас дотроо хагарч бие биенээсээ илүү их эрх дарх эдлэх гэж өрсөлдөн тэмцэлдэж байгаад хамаг хүчээрээ дайсныхаа өөдөөс нэгдэн тэмцэхийн оронд бие биенийхээ тэнхээ чадлыг буруулах гэж хоорондоо нүдэлдээд, Мингийн хаан гэгчид давуу хүч олгон ялагдсан.
Цагаантөмөр жанжны хүү Хөхтөмөр л төр улс, эзэн хаандаа үнэнч байж цэрэг удирдан дайсныхаа эсрэг баатарлагаар тулалдсан. Хөхтөмөрийн хурц ухаан, эрэмгий зориг, сэхээ самбаа нь Монголын төр засаг болон хааны амь биеийг хамгаалан, Ханбалгас хэрэмнээс тэр жанжин ёстой л цээжээрээ тулалдан эзнээ мэнд гаргаж умард зүг зугтаалгаж чадсан. Тэр Хөхтөмөр л Монгол улсын голомтыг Шандуу хотыг дайруулан Өвөрлөгч нутгийн Далай нуурын эрэг дээр байгуулан Инчан хотод авчирч жаахан сэхээ оруулаад, улмаар 1370 онд хуучин нийслэл байсан Хархорумд авч ирсэн. Тэгэж Монголчууд өөрийн улсын гал голомтоо хөмрүүлэлгүй, нэр төрөө хадгалж үлдсэн. Хятадууд Монголын голомтыг үндсээр нь хөмрөн хаяж устгана гэж Чжу Юан-Чжан хааны тушаалаар хятадын 150,000 цэрэг жанжин Сюй Да, Ли Ванч хоёроор удирдуулан Монголын хааныг хөөн 1372 онд довтлон орж ирсэн. Тэр Хятадын хар хүчний өөдөөс бас Хөхтөмөр жанжин өөрийн цэргийг командлан тулалдаж, Хангайн нурууны зүүн үзүүр, Орхон голын сав нутагт шийдвэрлэх тулалдааныг хийж, дайсны хоншоорыг тас цавчин эргүүлэн хөөж, их говьд оруулан, хятад цэргийн гол хүчийг элсэнд хутгаж хаясан. Тэр алдарт жанжин маань 1373 онд бас л Хятадын их санаат булаан эзлэгчидтэй тулаан хийж яваад Алтай уулын өмнөд үзүүр Хар нохойн зоо гэдэг газарт дайсны суманд өртөн харамсалтайгаар амиа алдсан. Тэр жанжин бол Чингис хааны их өрлөгүүдтэй тэнцэх, түүнээс ч зарим талаараа давж гарах эрэмгий жанжин байв.
Хятадууд тэр ялагдлаасаа сургамж авалгүй, бас Монгол улсад удаа дараа үй олон цэргээр нэг биш удаа довтлон орж ирж үхлийн цохилт авсан. Тэдний тэр шунахайрлын сүүлчийн довтолгоон нь 1919-1920 оны генерал Сюй Шу Чжэний эзлэлт болж төгссөн. Одоо ирж байгаа энэ ажилчид бол тийм булаан эзлэх гэсэн санаатай хүмүүс биш. Эд бол цэргийн хүн хэдий ч наашаа цэрэг дайны зорилгогүй, ажил хийж мөнгө олох санаатай нь илэрхий байна” хэмээн Гонгор бодож халуун сүүтэй цай балган суулаа.
Аав аа! Монголын хаан Бээжингээс хөөгдөн зугтаж наашаа явсан шүү дээ. Тэр бол гутамшигтай хэрэг үү гэж Сэрээнэндорж бас асуув. Гонгор бодолхийлэн эрүүгээ атгаж хэсэг зуур байснаа хүүгээ харж:
Дайсан болсон этгээддээ ялагдаж байна гэдэг ямар сайхан байх вэ? Тухайн цагтаа тэр бол гутамшиг гарцаагүй мөн. Гэхдээ Монголын төр улсын голомтыг Бээжингээс зугтаалган, Хархорумд нүүлгэн авчирсан нь чухамдаа монгол хүний хувь заяа, тэнгэр нь эх орондоо төрийг залж авчирсан биз гэж би боддог гэлээ.
Таны энэ хэлж байгаа үг чинь ёстой учир утга нь олдохгүй хачин юм байна даа. Монгол хүн дайсан болж байсан этгээддээ ялагдахаар тэр нь хувь заяаны аврал болно гэж би огт бодохгүй байв. Тэр бол гарцаагүй гутамшиг болох ёстой биз дээ гэж Сэрээнэндорж мэтгэлцэх янзаар хэлэв. Гонгор инээж, хүүгээ харан толгой сэгсрээд:
Би чамайг оюун ухааны хувьд овоо өсөж яваа гэж боддог. Гэтэл чи чинь манцуйтай хэвээрээ байгаа шив гэж дооглосноо царайгаа төв болгон:
Хэрэв монголчууд Хятад орныг эрхшээлдээ байлган захирсаар байсан бол манай үндэстэн аль хэдийнээ арилж үгүй болсон байх шүү дээ. Хубилай хаан монгол эрчүүд хятад эхнэртэй суувал түүнийг ялтан болгоно гэж хуульчилсан зарлиг гаргаж байсан. Тэр нь тэр хааны үед биелэгдэн, нэг ч хүн хятад эхнэр аваагүй. Гэвч тэр зарлиг яагаад ч дахиад зуун жил биелэгдэж чадахгүй байсан. Тэр алсын халуун оронд удаан сууж байгаа монгол цэрэг, даамал, бусад албаны эрчүүд тэгэж насан туршдаа тэсвэрлэн байж яаж чадах вэ? Тийм биз дээ? Тэд хятад эхнэр зайлшгүй авна. Түүний үр сад ямар хүн болох вэ? Охин бол эхийнхээ барил, санаа бодлыг дагана. Хүү бол эцгийнхээ зан байдал, санаа бодлыг дагаж өснө. Тэглээ ч байгаа орчноо л түшиж өснө. Тийм хүмүүс чинь яван явсаар хятад л болно гэсэн үг. Хубилай хааны гаргасан тэр зарлиг хоёр зуун жил өнгөрөхөд яавч мөрдөгдөхөө больж үлгэр домгийн шинжтэй болох тийшээ хандана. За тэгээд юу болох вэ? Бодоод үз дээ гэж Гонгор Сэрээнэндоржид хэллээ.
Монголын их хааныг наашаа, Ар газар ирэхэд зөндөө олон монгол хүн хятад газарт үлдсэн байж таарна. Тэр өмнөд нутагт цэргийн алба хашиж байсан, орон нутгийн түшмэд байсан хүмүүс, тэдний гэр бүлийнхэн нь юу болж төгссөн бол? Их л өрөвдөлтөй амьтад үлдээ биз дээ, хөөрхийс?
Мэдээжийн тэднийг хэн ч нааш нь явуулаагүй. Тэднийг “Эзлэн дарлагч байсан монголын үлдэгдэл” гээд хятад хүн болгон үзэн ядаж, хачин ихээр доромжилж байгаа биз. Тэгээд л зарим нь үхэж үрэгдээд, үлдэгсэд нь, үр хүүхэд нь ёстой л “Үнсэнд хаягдсан хачиг” гээч юм болж байгаад хоёр, гурван үе өнгөрөхөөр хятад болж л шингээ биз дээ. Өөр хаашаа зайлах юм бэ?
Тэгвэл өнөөдөр Улаанбаатарт ирж байгаа энэ хятад хүмүүсийн хувь заяа бас л тэр хятадад үлдсэн монголчууд шиг болох байх даа, аав аа?
Үгүй дээ. Эд бол буцаад явах эрхтэй, шинэ цагт бараг л урилга заллагаар ирж байгаа хүмүүс. Энэ бол хятад үзэл санаа, зан суртахуунаа хэзээ ч хаяхгүй, юу ч боллоо гэсэн, хятад хэвээрээ л байна. Эд өөрсдөө монгол болохгүй, харин монголчуудыг хятад болгох гэж махран оролдож магадгүй юм шүү.
За аав аа! Би мэдлээ. Монгол хаад тэртээ XIII-XIY зуундаа, тэндээ ноёлсоор байсан бол монголчууд устаж үгүй болох байсан байх. Харин монгол түмний заяа хийморь нааш нь авчирсан. Тэгэхэд Тогоонтөмөр хаан ялагдсан нь тухайн цагтаа гутамшигтай байсан боловч эцсийн үр дүнд монгол бидэнд туйлын ивээлтэй явдал болсон гэж та хэлж байх шив ээ.
Аа, тэгэлгүй яахав. Тэгэхэд гурав орчим сая тоотой байсан монголчууд дал, наян саяар данслагдаж байсан хятад дунд юу болох вэ? Уут будаанд чимх элс хийсэнтэй адил юм болоод л өнгөрнө шүү дээ. Чи өөр нэг жишээг бодоод үз! Хятад орныг бүхэлд нь эзлээд ноёрхолоо тогтоож 300-гаад жил болсон дөрөв орчим сая хүнтэй Манж үндэстэн одоо хаана байна? Бүр нэг ч хүн олдохгүй шахам болж Хятадад уусаад алга болсон. Би Өвөрмонголын Хөх хотод очиж тэнд хэдэн сар багш хийж байхдаа манж хүн хайж уулзах санаатай байсан. Тэгээд битүүхэн хайж үзэхэд шаазан ваарны худалдаа хийж амьдардаг Жан нэртэй ганцхан манж хүн бий гэж дуулдаж байсан. Ийм л болдог юм даа, үр минь. Яах ч арга байхгүй.
Хүний олон гэдэг чинь үерийн ус шиг л байдаг юм шив.
Тэр олон хүнийг юу эрмэлзэж, яаж байлгах тухай бодлого гэдэг юм бас байна. Чи харж байгаа. Өвөрмонголын хэдэн сая иргэд юу болж байна вэ? Хөх хотод монгол хүн ганц нэг үзэгдэж байна. Хөдөөд нь малжих аймаг гээд монголчууд бөөнөөрөө шүү газрууд бий. Тэд тэгэж хичнээн жил монгол үндсээ хадгалж байх вэ? Одоо Түвдийг хар! Бас л аяга дүүрэн цайнд ганц ширхэг ёотон хийж байгаа адил болж байна. Шинжаан Уйгарын шинжаан хүмүүсийн хувь заяа ч бас тиймэрхүү болж байна. Уусгах бодлого гэдэг иймд хүргэдэг гэж Гонгор өвгөн яриад, хүүгээ харж толгой дохин суулаа.
Аав аа! Хятадад бага үндэстнийг уусгаж үгүй болгодог тусгай арга байгаа даа. Манайд ирж байгаа энэ хүмүүс тэр аргандаа сүрхий суралцсан яваа биз. Би тэгэж бодож байна гэж Сэрээнэндорж хэлэв. Гонгор сулхан инээж:
Хятадад жижиг улс үндэстэн, бага буурай улс орныг өөртөө шингээж авдаг машид туршигдсан, сонгодог арга байлгүй яахав. Бүр дадаж зуршсан тийм арга гарцаагүй байгаа. Харин тэр тухай би чамд одоо ярихгүй гэж Гонгорыг хэлэхэд хүү нь бодлогоширон хэсэг зуур дуугүй сууснаа:
Одоо ирж байгаа энэ олон хятад хүмүүс тэр аргаа манайд гарган хэрэглэх гэж оролдох байх даа гэж хэлээд инээв.
Сэрээнэндорж оо! Чи энэ сая ирж байгаа хүмүүсийг хятадын тийм арга хэрэглэнэ. Эд бол Монголд сайн санахгүй байна. Элдэв ажих, далдын туршуул хийнэ байх. Эднээс өөдтөй зүйл гарахгүй гэх мэтчилэнгийн юм битгий сана. Эд бол манайд туслах гэж яваа сайн санаат хүмүүс гэж чи ойлгож мэд. Одоо чинь урьдын хөнөөлт цагаас огт өөр цаг. Одоо хятадууд далдын хорон муу санаагаар бидэнд хандахаа байсан үе шүү гэж Гонгор сургамжлан хэллээ.
Гэрт нам гүм болж эцэг, хүү, эх гурав тус тусдаа хичээл номынхоо ажилд оров. Сургуульдаа явсан хоёр бага хүүхэд нь ч ирэх цаг болжээ.
Туул голын загас одоо ч гэсэн гэнэхэн
Ван овогт эр арваад машин дүүрэн суусан хүмүүсийн хамт Улаанбаатар дундуур давхиад, хотын төвд орших “60-р байшин” гэсэн хаягтай дөрвөн давхар байранд түр бууж, хуучин цэрэгт хамт байсан хэдэн нөхдийнхээ хамт гурван тасалгаа бүхий нэг байрны хажуу тасалгаанд тавуулаа банзан нааран дээр эсгий дэвсгэртэй хэвтэр эзэгнэн суух болов. Тэр байранд урилгын гийчин адил бэлэн чанасан хоол идэж, хоёр бүтэн өдөр чилээгээ гарган хэвтлээ.
Өвөрмонгол хэлмэрчтэй нэг хүүхэн дарга тасалгаанд нь орж ирээд Ван овогтын нас, хүйс, мэргэжил зэргийг бүртгэн авахад нь энэ эр барилгад мужааны ажлын мэргэжилтэй, бас тогоочийн мэргэжилтэй гэж бүртгүүлэн, одоогоор хөдөө нутагт хол явж чадахгүй, бөөр өвчтэй байгаа гэж хэлэв. Бүр Бээжинд сургууль хийж байхад нь зохион байгуулсан ёсоор Ван овогт есүүлээ хамт модоор сав хийдэг үйлдвэрт очиж ажиллах болж 60-р байшингаасаа нүүн, Гандангийн дэнж дээр байгаа өөр нэг угсраа намхан байшинд хүрч очив. Тэр нь нүүрс, түлээ түлдэг босоо пийшинтэй, шавраар шавж дулаалсан дан модон байшин аж. Ван овогтын орсон тэр байр нь Хянганы цэргийн тойрогт байхдаа сууж байсан байрнаас нь огт өөр, угсраа гурван өрөөнд есүүлээ суух болов. Энэ нь Бээжингийн сууцнаас нь бас огт өөр, том цонхтой, нар сайн үздэг, цэвэр агаар гэгээвчээр нь сэнгэнэсэн, хүн бүрт зэгсэн өндөр модон ор зассан сууц аж. Түүнд суухад голж чамлах зүйл алга. Бас хүн бүрийн шахам жижгэвтэр шүүгээ маягийн зүйл оногдуулж өглөө. Тэр бүхэн Үйлдвэрлэлийн хоршоолол гэдэг байгууллагын эд хөрөнгө, одоогоор орон сууцнаас хөлс авахгүй, хагас жилийн дараа зохих хөлс авна гэж байрны эрхлэгч зарлав. Сайхан л юм байна.
Энэ байранд есөн хүний дунд нэг гал тогоотой байж, түүнд нэгдсэн журмаар хоол хийн идэж байх болов. Тэр гал тогооны газрыг эзэмшин хоол цай бэлтгэж байх хүнийг бүгд хэлэлцээд Ван овогтыг бичүүлсэн мэргэжлийн нь дагуу томиллоо. Тогоочийн цалинг энэ ажилчид дундаасаа гаргана гэнэ. Ингээд Ван овогт Бээжинд ганц өдөр заалгасан Фан овогтын тогоочийн барилаар хоол хийх болжээ. Хачирхалтай нь энэ эр ердөө л гурил элдэж хавтгайлан, түүнийгээ урт нарийхан хэрчээд усанд буцалган чанах аргад суралцсан байв. Ганцхан өдөр заалгасан түүний мэргэжил ямар шүү болох нь тодорхой билээ. Тэр хамаагүй, хамт байж ажил хийж байгаа хүмүүст л таалагдаж байвал хэрэг бүтэх нь тэр ээ.
Ван овогт хоёр сар байрандаа байж хоол хийлээ. Түүний чанасан гурилтай хоолыг хамт байдаг хүмүүс нь амтгүй, заваан, нүнжиг муутай гэж голоход:
Энд хятад газартай адил хоол амтлах янз бүрийн сайхан ногоо байхгүй, би мянтуузнаас өөр хоол хийх мэргэжилгүй, төмс хайрах гэхэд энд ширмэн тогоо байхгүй гэж тайлбар тавин, өөр мэргэжлийнхээ дагуу би мужааны ажил хийх хүсэлтэй байна гэж сайхи хүн нөхдөдөө болон, монгол талаас хариуцдаг Сэлэнгэ хүүхэнд хэлж байв. Нөхөд нь ч түүнийг тогоочоос нь болиулахыг зөвшөөрөн “тэг тэг” гэж шаардах болжээ. Энэ нь тухайн цагтаа зүйтэй мэт байв.
Ван овогт ч өөрөө тогоочийн ажил хийхээ болиод өөр гадуур чөлөөтэй явж байх завтай ажил хийе гэж дотроо эрмэлзэж байгаа билээ. Тэгэхийн учир нь энэ далд хүлээсэн үүргийн дагуу хүн, газар үзэж, монголын байдлыг мэдэж авахыг гол болгон сонирхсон аж. Улаанбаатар бол Бээжингээс огт өөр байдалтай. Наад зах нь шороо шиг олон хүнгүй. Хүмүүс нь гадуур явахдаа хоорондоо чөлөөтэй ярилцан хамт зэрэгцээд аажуухан алхаж байдаг. Хятадад бол хүмүүс нь тарианы газраа гишгэхгүй гэж бүр сэтгэлд нь заншил болон шингэсэн болохоор дагнан бие биеийнхээ араас нэг замаар цувран явдаг, гудамж талбайд хоорондоо ярилцдаггүй шахам, үргэлжид нэг нь нөгөөгөө “энэ яах нь вэ” гэсэн янзаар ажиглан ширтэж улыг нь шагайж явдаг. Тийм байдал сүүлийн үед бүр их болсон. Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр, хүүхдүүд нь хүртэл бие биедээ элэгсэг янзаар сэтгэлийнхээ үгийг ярилцаад явна гэж байдаггүй. Ийм бай гэж дээд газраас нь шаарддаг. Хүн хүндээ үнэн сэтгэл гаргаад тусална гэж байдаггүй. Ажиглахад монголчууд бол бие биедээ дэндүү нялуурхаж найзархаад, хийж байгаа ажилдаа ч цалгарддаг янзтай харагдаж байв.
Улаанбаатарт хүн тэрэг нэг ч байхгүй, бүх хүн ажилдаа явган юм уу, зөөврийн машин тэргээр явна. Зах зээлийн худалдаа, ялангуяа үүргийн задгай гэр худалдаа хориотой мэт эс үзэгдэнэ. Худалдааны бүх юм нь зөвхөн дэлгүүрийн лангуун дээр байна. Хүмүүс нь тэр дэлгүүрээсээ идэж уух, өмсөж зүүхээ авна. Энэ нь заавал тэгэж байх ёстой мэт байх нь сая ирсэн хятад ажилчдад хачирхалтай харагдаж байжээ. Ийм байдал дунд Ван овогт сул чөлөөтэй явж байхыг эрхэмлэн хүсэж байна. Үүнд нэг нарийн учир байгаа нь лавтай. Тэр эцэг нэгтэй монгол дүү нараа олж уулзахыг ихэд хүсэж байв. Тэр нь “Бодлого арвижуулах” байгууллагаас болон эцэг Ван овогт Шисангийнхаа өөрт нь үүрэг болгож хэлсэн зүйлүүдийг хэрэгжүүлэх гэсэн санаанаас нь үүдэгджээ. Сайхи эрд энэ хэрэг цаг үргэлж бодогдон түүгээр их баяжмаар ч юм шиг сэтгэлийг нь ямагт хатгаад суулгахаа байсан нь хачирхалтай. Энэ хүн аавдаа гоц хайртай учраас түүний хэлсэн зүйлийг биелүүлэхсэн гэж эрмэлзэж байгаа бус, тэр хэргээр хөөцөлдөөд явах нь тун сонин, өөрт нь хожим хойчийн цагт их ашиг өгч чадмаар, нууцаар авсан зааврын дагуу өөрөө хийж чадахаар санагдаж байв. Гэтэл эцэг нь уг хэргийг “Өөрийн биеэр хийж огтхон ч болохгүй, зөвхөн бусдын гар бие, сэтгэл зоригоор л хийлгэх ёстой” гэж бүр амин онцгой хэрэг болгон хэлсэн нь бас сэтгэлийн угт уяатай байдаг. Хашир хүн түүний учрыг сайн мэдсэн нь лавтай. Тэгвэл би яах ёстой вэ гэж Ван овогт бодоход өөрийнхөө монгол дүү нарыг олж уулзах хэрэгтэй байв. Энэ бол Ван овогтын сэтгэлийг гижигдсэн шаардлагатай хэрэг болжээ. Тэгвэл тэр нь чухам ямар янзын хүн, хаана байж болох вэ? Би яаж таньж олох вэ гэж шанална.
Дүү нар нь одоо торниж, хамгийн том нь 26-27 настай, зүүн хөмсгөнийхөө зүүн дээр нь будааны дайны хар мэнгэтэй, баруун талын чихнийхээ нүхний амсар тус газарт жижигхэн цэцэг маягийн махтай, горзгор өндөр нуруутай, харваас хятад хүн гэхээр памбайсан зузаан уруул бүхий хөрзгөр хөх царайтай амьтан байгаа. Түүний гурван дүүгийн хоёр нь эрэгтэй, дүү нарын нь ерөнхий төлөв нь ахаа дуурайсан хоовгор хөх амьтад бий. Нэг охин дүү байгаа. Түүнийг одоо тийм царайтай хүүхэн болсон гэж би хэлж чадахгүй, тэр намайг наашаа гарахад манцуйтай хүүхэд байсан. Овоо хөөрхөн царайтай болоо болов уу? Хятадын эрлийз хүүхнүүд царай сайхантай байдаг. Тэр хүүхдүүд маань хойд эцэгтэй болсон ч, болоогүй ч овгоо өдийд сольсон байж таарна. Ийм янзын хүмүүстэй чи уулзан танилцдаг юм бол уг чанартаа тун чухаг хэрэг болох учиртай гэж аав нь захисан болохоор тэр бүхнийг Ван овогт эр орой унтахаар орондоо хэвтэх болгондоо санадаг болжээ. Тэрээр өөр юугаа ч эрмэлзэх вэ?
Ван овогт модон артелийн торх хийдэг тасагт шилжин очиж ажиллах болоод “Би энд сайн ажиллан нэр нүүр олж авахгүй бол эндээс халагдан, хятад нутагтаа эргээд очих болно. Тэнд миний хийж чадах ажил байхгүй. Тэгэхээр би энд бусдад гологдохгүйгээр байх учиртай. Тийм байж монгол эмд тоогдоно” хэмээн бодож биеэ ажилд шахаж байв. Уг хийдэг ажил нь ч хүнд ур авъяас шаардах хэцүү биш янзтай. Нарийвтар банз модны хоёр талын үзүүрийг нимгэлэн, дундуур нь тахийлгаж матаад, нэг хэмжээгээр огтлон, төмөр бүсэнд шааж торх хийдэг. Энэ бол барилгын мужааны ажлаас шал өөр, нарийн тааруулж хийхэд жаахан түвэгтэй, хятад оронд ийм торх хийдэггүй, жижиг ваар саванд шингэн зүйлээ агуулж байдаг. Монголд хийж байгаа энэ торхонд үхрийн сүүнээс гаргаж авсан тосыг хийдэг учраас нэлээн бат бөх, цэвэр, зай завсаргүй байх шаардлагатай аж. Түүнийг хийхэд жижиг хөрөө, эвийн харуул, хурц ойл зэрэг багаж хэрэгтэй. Тийм багажны зарим нь Ван овогтод байгаа билээ.
Сайхи эр резинэн шаахай, оготор бошинз өмсөөд үйлдвэр лүү гүйж байв. Хүн ядрах ч юм алга. Тэрээр хамт ажиллаж байгаа монгол хүмүүсийг тасралтгүй ажиглан, зүүн зовхин дээрээ мэнгэтэй эрчүүд байна уу гэж харж байв. Тийм содон царайтай хүн эс үзэгдэнэ. Ажиллаж байгаа хүмүүсийн ихэнх нь урьд нь лам байсан шалхгар царайтай, ахимагдуу насны эрчүүд, залуувтар хүүхнүүд голлож байна. Хятад газраас ялгагдах нэг зүйл нь эм хүмүүс үйлдвэрт их ажилладаг байдал аж. Өмнөд газарт эмэгтэйчүүд ийм үйлдвэрт бараг ажилладаггүй, тэд бол нөхөртөө үйлчлэн, гэр сахиж байдаг. Энд бол хүн цөөнтэй болоод эмс хөрөө, харуул, алх барьж байх шив гэж сайхи эр бодон, тэр хүмүүсийн дотор хятадын эрлийзүүд хэр олон байна вэ хэмээн харж байв. Янз байдал, нүүр царайны хэв, уруул шүдийг нь ажиглахад эрлийзүүд ч байна. Ажлын заваар өдөж үзэхэд хятад хэл төсөөлдөг ажилчид ч бас байна. Тэдний хятад үг хэлэх аялгуу нь бүгд хазгай гэх үү, бүдүүлэг, “луушир” үгээр зарим ойр тойронгийн үг хэлж сонсогдоно. Энэ ч аргагүй.
Ван овогт өглөө, оройд, амралтын өдрөөр Улаанбаатарын гудамжаар дэмий тэнэн нэлээд явах болов. Чингэхдээ дүү нараа дотроо хайсаар билээ. Хуучин хүрээний хятад хүмүүс, эрлийзүүд хаана голлон сууж байна вэ гэж сайхи хүн ажиж явав. Амгалан гацаа, Долоон буудал, Ногоон нуурын хойт эрэг зэрэг газарт хятад хүний барьж сурсан зузаан шавар шаваастай модон байшин нэлээд байна. Тэр хавиар халуун зун зузаан хөвөнтэй өмд өмсөөд гудамжинд ганц хоёроороо нийлж зогсож, гайхшаа барсан царайтай хөгшин луухаан хааяа байна. Тэд бол дээр цагт Ар газар ирээд монгол авгай авч суурьшсан хужаанууд бололтой. Тийм газруудад эрлийз болов уу гэмээр хүмүүс нэлээд “дэгжин” маягтай явж харагдана. Унадаг дугуйгаар чавхдан давхиж байгаа эрлийз хүүхдүүд бараг л газар сайгүй үзэгдэх нь сонин. “Монгол дарга нар хятадын эрлийз хүүхнүүдийг эхнэр болгон авах тун таалалтай” гэж эцгийн нь хэлж байсан үг үнэн болов уу гэмээр, торгон дээлэн дээр нарийн бүс жавхайтал нь ороож бүсэлсэн, дэгжин гоё малгай, гуталтай эмс хааяа дайралдах нь нөгөө дарга нарын авгай болов уу. Тэд эрлийз царайтай, хээнцэр маягтай юм шив. Эд бол манай цусны хүүхнүүд гарцаагүй мөн хэмээн Ван овогт бодон, тийм хүүхнүүдийг дагаж харан явлаа.
Сайхи эр нэлээд олон хүний нүүр царайг харахад зовхин дээрээ мэнгэтэй, нүд булаах байдалтай эрэгтэй хүн тун ч дайралдахгүй байв. Энэ эр бүр Амгалант гацаа, Улиастайн голын ам, Гурван өндөрийн дэнж, Толгойтын баруун, зүүн салаа, Мах комбинатын хавь газраар явж, хүн амьтан ажин тэнэх донтой мэт байв. Явсан газарт нь хүн цөөхөн, янз бүрийн эд бараа элбэг байвч хятад бараа нүдний гэм мэт. Дэлгүүрт орос эд бараа, зарим Европын орны гутал хувцас, даавуу торго, бэлэн хувцас өрөөстөй байж харагдана.
Ван овогтыг үүгээр түүгээр явж байхад нь түүнийг анхаарч үзсэн, хэний, хаанахын, ямар хэргээр яваа хүн бэ чи гэж шалгасан ямар ч этгээд дайралдсангүй. “Яасан сэрэмж анхааралгүй цалгар газар вэ, энэ чинь. Манай Хятад оронд бол гаднын ямар нэгэн этгээд явж байхад түүнийг зохих албаныхан дагаж шалгаад, орсон газар бүрийд нь ямар хувцастай, нүүр царай нь ямар, юу асуусан зэргийг нь тэр газрын хүмүүс заавал тэмдэглэж аваад, орой бүр тэр бичсэн зүйлээ хянан байцаах албаны газарт аваачиж өгдөг. Тэр бол олон жил мөрдөгдсөн заавал биелүүлэх ёстой хатуу журам. Түүнийхээ хүчээр хятад газарт гарсан аливаа хэрэг зөрчлийг уг тэмдэглэлээ шүүж үзээд дор нь олдог байхад энд лав л намайг ингээд хятад бошинз сэгэлдрэглээд тэнэж явахад хэн ч анзаарч үзэж байгаа янз алга аа. Энд чинь юу хийе гэнэ, түүнийгээ үйлдэн дураараа загнаж болох газар шив ээ” хэмээн Ван овогт бодож байтал нь “Ээ, тэр морьтонгууд хэцүү шүү. Харах царайд нь баймааргүй нарийн ухаан тэднээс гардаг. Чи тэднийг элэг барьж огт болохгүй шүү” хэмээн аав Цагаан хэрмэн дээр нааш харж суугаад захиж хэлсэн нэг зүйл санаанд нь орж ирлээ. Байдал ийм байв.
Ван овогт өдөрт үйлдвэр дээр очиж мод харуулдан, торхны нарийн банзнууд тааруулж харуулдаад: “Ажлын хөлс бага байна. Торх хийж байгаа мод их хатуу, яр ихтэй учир багажны ир барж гүйцлээ” гэж жаал үг яриа гаргаж байгаад, тарахтай нь зэрэг байрандаа очиж савх гозойж байх өтгөн будаа, мантуутай хольж идэж орхиод гадуур гарч гүйсээр, хүн амьтны байдлыг ажигласаар байв. Цаг ч хурдан өнгөрч байлаа. Түүний ажигласан байдлаар монгол хүний зан төрх их тогтуун, ажилд удаан назгай, хоорондоо элдэв яриа дэлгэн бөөгнөрч дэмий суух нь хэт их байдалтай байв. Тэд бол хятад хүнд төдийлөн таалалтай биш болов уу, “илжиг” гэж нэг үг хэлээд өмнөдийн ажилчны хэлж байгаа үгийг тийм ч сүрхий анзаарч үзэхгүй байх янзтай. Урьд цагт монгол нь хятад хүнээ “илжиг” гэдэг, хятад нь монголыгоо “ну” (үхэр) гэж доромжилж орхиод, бие биенээ хүн гэж тоож үзэхгүй шахам байсан гэдэг. Тэр зан суртахуун одоо ч зарим талаараа хэвээрээ шив гэсэн зүйл сайхи эрд бодогдож байв.
Бас монголчууд орос хүнийг харахаараа тэдэнд долигонон эмс нь банзлаа тайлж өгөх нь холгүй байж харагдана. Харин оросууд нь нэлээд зандруу, монголчуудаа тийм ч сүрхий тоож үзэхгүй байгаа болов уу гэмээр. Тэгээд эднийг ажиж бодоход нь “Орос монгол хоёрын энэ эвсэг найрсаг байдлыг нь эвдэн, тэднийг хооронд нь мөргөлдүүлэн холдуулахад бэрхтэй болсон болов уу” гэсэн нэг зүйл санаанд нь орж ирээд, “Бидний хятадууд энэ үхээрүүдийг Оросоос салгалгүйгээр өөрийн болгож авна гэдэг санашгүй хэрэг. Тэгэхээр оросуудыг аль л өөтэй талаас нь харж мэдсэн зүйлээ бид энэ “үхэрнүүдэд” хэлж ойлгуулах ёстой юм шив. Тийм юм юу байдаг билээ” гэж бодоход нь нэг хэлэх үг түүний санаанд орж ирлээ. Тухайлбал, “Оросууд танай нэг амьд ямааг нэг резинэн ямаагаар сольж авч байгаа шүү” гэж хэлэх хэрэгтэй байна. Зүгээр хоосон “Орос муу” гээд байвал тэр үг явцгүй болно хэмээн боджээ. Энэ байдлаасаа үүдэгдэн Ван овогтод янз бүрийн юм аавын нь хэлсэнтэй холбогдон бодогдох болов. Тухайлбал, Монголчуудыг эзэгнэж байгаа нутгаас нь салгана гэдэг тун ч амаргүй баймаар. Эд нар яалаа гэж энэ амилуун, баялаг ихтэй, өвс ургамал нь гайхалтай чанарлаг нутгаа зүгээр орхиод явах юм бэ? Эд яалаа гэж өөртөө байгаа гайхалтай гоё газар орноо бидэнд “май” гээд тавьж өгөх вэ? Монгол орныг Хятадын салшгүй нэг хэсэг болгоно гэж манай зарим эрх мэдэлтнүүдийн хэлдэг үг бол үл гүйцэлдэх зүүдний явдал гэдэг нь болох байгаа. Аав тэгэж бодож болохгүй гэсэн утгатай зүйлийг надад бараг түм дахин хэлсэн. Уг нь хал үзсэн хүн тийм гэнэхэн юм бодомгүйсэн. Аав маань энэ гайхалтай сайхан газарт удаан сууж амьдран байгаад эндхийн өгөөмөр байдалд дэндүү их автан дасаж, монгол орныг бодохгүй байж чадахаа байсан хэрэг биз дээ гэсэн юм бодож байв.
Энд идээшсэн хуучин хятад, эрлийз маягийн зарим хүмүүс амралтын өдөр болгондоо Туул гол руу явж загас барьдаг гэж Ван овогт сонслоо. Тэгээд тэр загас уургалдаг хэрэгслийг нь сайхи хүн худалдан авав. Тэрээр урт уурга авсангүй, гол дээр очоод нарийхан модоор залгаж хийнэ гээд, бөх нарийн утас, янз бүрийн төмөр дэгээ авлаа. Тэр бүхнээ жижиг уутанд хийж бариад амралтынхаа нэг өглөө хотын урдуур урсаж байгаа том гол руу гүйлээ. Тэнд очоод урт бургас огтлон авч уурга бэлтгээд, бас загасчилж яваа хүүхдээс яаж агнадагийг нь асуун, тэр хүүхдийн бэлтгэсэн чийгний улаан өтөөс хэдийг нэг мантуугаар солин авч түүнийгээ дэгээнд өлгөн усанд шидлээ. Өөр бусад хүн ч ирж түүний байгаа газрын ойролцоод дэгээ шидэн тохой шахам урт мөнгөн өнгөтэй загас уургалан барьж байж харагдана. Сайхи хүн тэр загасчны дэргэд очиж зогсоод нэлээд ажлаа. Тэр хүн хэд хэдийг барив. Мань хүний дэгээг нэг ч загас үмхсэнгүй. Гайхалтай юм. Өөр бусад хүмүүс ч голын дээд доод урсгалаар яваад загас уургалж л байна. Ван овогтын хаясан улаан өөштэй дэгээг нэг ч загас үмхэхгүй юм. “Ямар хачин амьтад вэ? Намайг өмнөд нутгийн хүн гэж таниад бишүүрхэж баймааргүй” гэж тэрээр бодсоор суганыхаа булчирхайг цочтол л дэгээ шидэв.
Энэ өдөр гүлгэн дулаан, нар ээсэн, амилуун тунгалаг агаартай байлаа. Голын эргээр уурга бариад алхаж байхад нь янз бүрийн хүмүүс тэнд загасчилан байв. Тэднийг ажиглахад энэ л хятад гарлын хүн байж магад гэмээр хүн төдий л үзэгдсэнгүй, харин дугуй унан загасны уурга бариад давхиж байгаа эрлийз маягийн бага насны хүүхдүүд хэд хэд дайралджээ. Тэдэнтэй энэ удаад сайхи хүн үгний солио хийсэнгүй, байдлыг ажиглаж байв. Мань эр аман дотроо: “Би мэдлээ. Энэ Туул голын загас их ороо, олон хүн эднийг барих гэж цаг үргэлжид оролддоггүй болохоороо хашир суугаагүй, гэнэхэн байна. Тэгээд бусад хүмүүс ингэж уургалан бариад байх шив” хэмээн үглэж явав.
Энэ өдөр Ван овогт гол дээр ирээд ангийн олз олоогүй ч гэсэн яаж загас барьдагийг бусдыг ажин нэлээд мэдэж авлаа. Тэрээр нар шингэх дөхөж байх үеэр бараг үзүүр тохой шахам урт, эрээн цоохор бөөртэй, мөнгөн өнгөтэй ганц загас барьж жигтэй их баярлав. Ёстой л хөл газар хүрэхгүй шахам юм болж, тэр нойтон загасаа үнсэх нь холгүй байж даавуу уутандаа хийгээд, уургаа чирэн хот руу харайлгалаа. Тэрээр аман дотроо “За загас барьж болох юм байна. Эвийг нь олж дэгээгээ шидэх ёстой юм шив. Бас загас байдаг газрыг сайн мэдэх ёстой. Загаснаас гадна энэ голын эргээр явж байгаа хүмүүсийн дотор миний дүү нар алхаж байж болох шүү” хэмээн үглэн, ганцаараа нэлээд ярьжээ.
"Хvн чулууны мөрөөр"3
Гуравдугаар бүлэг
Ээдэрсэн утасны зуун зангилаа
“Заамаар нь жавар орно гээд хө
Задгай дүүдүүг хийж өгсөн юм аа хө
Завсаргүй ханилна гээд
Заарийн үнэр шингээсэн юм аа хө
Хүзүүгээр нь жавар орно гээд хө
Хөвөнтэй дүүдүү хийж өгсөн юм аа хө
Хүнээс илүү хайрлана гээд
Хүдрийн заарийг шингээсэн юм аа хө”
Ардын дуу “Юндэн гөөгөө”
Уран аргаар өөрийгөө нуужээ
Ван овогт эр Улаанбаатарт явж үзээгүй газаргүй болтлоо тэнэсэн боловч бараг л шөнө бүрийд зүүдлэн хонож байгаа эрлээ гүйцээж чадсангүй. Түүний нүдэнд хөмсөг дээрээ мэнгэтэй, чихнийхээ нүхэн дээр цэцэгтэй хүн дайралдах янзгүйд сэтгэл гонсгор байлаа ч гэсэн санаа зориг нь мохсонгүй. Гэхдээ Ар газраас гарч явахгүй хэмээн бодож энэ хүслээ хангах арга хайн эрлээ уйгагүй хийсээр билээ. Үүнийгээ яаж биелүүлэх вэ гэхэд юуны өмнө хамт ажиллаж байгаа хятад хүмүүсээ “муучилж” монголчуудад нүүр олох ёстой байлаа. Тэгвэл тохиолдох саадыг би арилгаж дөнгөнө хэмээн тэрээр бодож байлаа. Тэгээд үйлдвэрийн талаас өөрсдийг нь ахлаж байгаа Сэлэнгэ хүүхэнд саймширч, түүнд наалдан, хятад ажилчид авдаг хөлсөө чамлан, Монголыг өөчлөн байгаа зүйлийг сэм ховлон хэлж байлаа. Энэ нь тун нууц болж байв.
Нэгэн удаа ажил дээрээ мастер бүсгүй Сэлэнгийг ажиж байгаад түүнийг шалгалт хийж явахад нь бусад ажилчдынхаа нүүрэн дээр эвлүүлж байгаа торхоо үзүүлэх байдлаар бүсгүйг саатуулан “Би чамтай орой ганцаараа уулзмаар байна” гэж хэлж ойлгуулж чадсан байна. Ажил тарахад сайхи эр торхны бүс төмөр тааруулж байгаа байдлаар ажилдаа шүлэнгэтэн хорогдсон янзаар бусдаасаа үлдэж, Сэлэнгэтэй хоёулхнаа уулзан, хэдэн үгийн солио хийж амжив.
Дарга хүүхэн гуай, би чамд хэлмээр зүйл байна.
Хэл хэл. Ван овогт оо. Би чиний үгийг сонсъё гэж Сэлэнгийг хэлэхэд сайхи эр бусдыгаа явж гүйцсэн эсэхийг ажиж хараад:
Ай, манай хятад ажилчдын дотор зарим эвгүй яриа байна шүү. Манайхан “Ажлын норм их. Авдаг хөлс бага байна. Энд ажиллаад дэмий байна” гэж ярьж байгаа. Бас ажлын хувцас өгөхгүй байна. Энэ мод төмөртэй ноцолдоход хувцас их элэгдэж байна ... гэж яриад, зарим нь бүр хэтрэн “Ажил хаяж жагсаал хийе. Цалин хөлс нэмж өг. Илүү цаг ажил хийвэл тэр цагийн хөлсийг хоёр дахин нэмж өг” гэсэн үгтэй хуудас барин жагсаад, Үйлдвэрлэлийн хашааг тойрон явъя” гэж ярьж байна. Та нар тийм явдал гаргуулахгүй байх арга бодооч. Би монгол та нарын ашгийг бодон үүнийг хэлж байна. Ийм үг хэлсэн гэвэл цаадуул чинь намайг цус гаргалгүйгээр алж чадна шүү хэмээн мэдээлэх маягаар хэллээ.
Сэлэнгэ хүүхэн Ван овогтын үгийг дуулгавартай сонсоод талархах байдлаар:
Чи бидэнд их элэгтэй, сайн хүн байна. Чамд талархаж байна гэж хариу өгүүлжээ. Ван овогт ч бүсгүйд талархан “Чи хятад хүнийг харийн санаатай гэж үзэлгүй тусладаг дарга. Би чамд бас талархаж байдаг. Тэгээд энэ үгийг ярьж байна. Хятад, монгол хүмүүс бие биедээ туслан, сайн сэтгэлээр хандаж байхгүй бол ажил огт бүтэхгүй” гэж хэлсэн байна. Түүний энэ үгийг Сэлэнгэ ойлгож чадлаа. Энэ хүүхэн хаана, яаж сурсныг мэдэхгүй, хазгай дуудлагатай ч гэсэн хятад хэл овоо гадарладаг. Ван овогт ч ирснээсээ хойш мэрийж оролдсоныхоо ачаар ойр зуурын юмыг монгол хэлээр бас ойлгодог болжээ. Тийм ч учраас Ван овогт монгол, хятадын хоорондын яриаг хэлж залгуулах талаар бусдаасаа арай илүү болсон байв.
Сайхи хүн эцгийн захиас ёсоор Монгол улсаас гарч Хятадад эргэн очихгүй гэж бодож байгаа учраас хэл хурдан, сайн сурах, эндхийн хүмүүст нүүр тал олох гэж мэрийж яваа, тэр байдлыг нь хятад дарга нар нь ч сайн мэдэж байгаа болохоор энэ хүслээ түвэггүй хангаж чадна гэж Ван овогт тооцоолон итгэж байгаа билээ.
Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг гэдэг үнэн үг ажээ. Нэг даарч, нэг халууцан, ажилдаа гүйсээр байтал нэг мэдэхнээ хятад ажилчид хот хөдөөд барилга барих, ногоо тарих, услалтын зарим шуудуу татах зэрэг зүйл дээр гар хурууны нэмэр нэлээд оруулсан боловч янз бүрийн ярианы сэжим гарган, үг хэл удах болсон нь Монголын талд түвэгтэй байв. Тэд юуны өмнө цалин хөлсөө чамлах, Зөвлөлт болон бусад Европын орноос уригдан ирсэн мэргэжилтэн, зөвлөх-сургагч нартай атаацан, тэдний адил цалин хангамж авах гэж санаархаж элдвийн яриа гарган, бүр хэтэрсэн шаардлага тавих болов. Ажил хаяна, жагсаал хийнэ гэж сүрдүүлэх нь очсон газар бүрийдээ нэгэн зэрэг тод сонсогдох болжээ. Ингээд тэдний ажлын бүтээмж улам тааруухан болж, хамтраад юм хийхэд Монголын талд түвэг барагдахаа байжээ. Ийм болгох гэж ч зарим хятад хүмүүс зориуд оролдоод байгаа ч юм шиг янз бүрийн их, бага юм тэдний ажилчид байгаа газраас ундран гарч ирсээр, түүнийг нь барагдуулна гэдэг улам яршигтай болов.
Улаанбаатарт барилга дээр ажиллаж байсан нэг хятад хүн Туул голын хөвөөнд, Сонгинын булангаас дээхнэ үхсэн хэвтэж байсныг нь эргүүлийн цагдаа олжээ. Энэ тухай бөөн яриа үүсэв. Хүний амьтай холбоотой хэрэг яригдах нь ч зүй ёсны байлаа. Барилгад ажиллаж байсан тэр Бай овогт хүн зүгээр өөрөө тэнэж яваад үхээгүй нь магад, загасчилж яваад нас барсан бол түүнд ангийн хэрэгсэл нь биед нь байх ёстой. Тийм зүйл алга. Харин нас барсан газарт нь өөр хүний гутлын улны мөр байна. Тэр бол “Ажилдаа махруу, монгол дарга нарт барилгын материалаар тасралтгүй хангаж бай хэмээн шаардлага тавьдаг байсан, шударга сайн ажилтан байсан” гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь тодорхойлон хэлж байв. Тэр үгэнд нь үнэний улбаа байгаа билээ. Тэгээд эцсийн дүнд “Зарим хамт ажиллаж байсан монголчууд түүнийг хөнөөсөн байж магадгүй” гэсэн цуудам үг цухалзаж эхлэв.
Бай овогт бол Шар мөрний дунд урсгалаар нутагтай, ар талдаа гурав, дөрвөн хүүхэд нь, хөгшин эцэг эх нь өнчирч үлдэж байгаа. Тэр хөөрхий болсон өнчин хүмүүсийг ажиллуулж байсан газар нь асран тэтгэх хэрэгтэй гэсэн үг ч нэлээд өндөр амьсгаатай гарч ирлээ. Үүнээс үүдэгдэн Монголд ажиллаж байгаа хүмүүсийн амийг Монголын тал даах хэрэгтэй гэсэн үг бүр албан ёсоор гарч ирж, тэр нь төрийн дээд байгууллагын эрх барих хүмүүсийн хэмжээнд хэлэлцэгдэхэд хүрлээ. Туул голын эрэг дээр нас барсан хүний байдлыг зохих газрын мэргэжлийн хүмүүс шалган судалж үзээд түүнийг “Бусдад хорлогдсон гэх шинж тэмдэг илрээгүй” гэдгийг албан ёсоор нотлож байв. Гэтэл “алагдсан” гэж нотлохыг оролдож уг явдлыг хөөргөх хандлага газар авч байгаа нь зүй ёсоор сонирхол татаж байлаа. Ийм шалтгааны улмаас Монгол улсын бүтээн байгуулалтад туслах зорилготой гэж Хятадаас ирсэн ажилчид бөөнөөрөө буцах болж, тэд ажлынхаа хөлсийг бодуулан, нэлээд хэмжээний мөнгө аваад, пүүгээгээ баглан, сууж байсан байрнаасаа гарахад хүрэв.
Ийм байдал тулгарч ирэхэд Ван овогт хүн “Одоо бие өвчтэй. Явж чадахгүй нь. Хятад дарга нар надад муугаар хандаж байгаа болохоор би буцаж очоод яав ч сайнаа үзэхгүй” гэсэн үг Монголын талаас төлөөлөн хариуцаж байгаа Сэлэнгэ мастерт хэлжээ. Тэгэхэд:
Чиний буцаж явах эсэхийг танай дарга нар болон чи өөрөө л мэдэх хэрэг. Чамайг энд ажиллана гэхэд би л хувьдаа татгалзахгүй гэж мастер эмэгтэй эелдэглэн хариулсан байна. Ван овогт Сэлэнгээс энэ үгийг сонсоод Улаанбаатарт хятад ажилчдыг толгойлон байгаа хятад дарга дээрээ очиж сэм уулзан, хэдэн үгний солио хийгээд “Цаад Монголын тал чинь зөвшөөрч байгаа юм бол чи бие өвчтэй байгаа. Холын замд галт тэргэнд шигшигдэн явж чадахгүй гээд хоцор” гэсэн “зөвшөөрөл” авч үлдсэн байна. Энэ нь түүний үндсэн хүслээ хангах “уран арга” гээч нь болжээ.
Модны үйлдвэрийн ажилчдын сууцнаас бусад бүх хятад ажилчдыг пүүгээгээ үүрээд гарахад Ван овогт адилхан тэр байрнаас гараад, ойролцоохон байгаа өөр нэг ганц хүн суух зайтай байранд шилжин орж чадсан аж. Тэрээр хятад ажилчид явсны маргааш нь модны жижиг хөрөөгөө барьж инээсээр урьд ажиллаж байсан үйлдвэр дээрээ очиж, торх шаантаглан хийх ажлаа үргэлжлүүлсэн ажээ. Түүний нь Сэлэнгэ мастер үзээд:
Чи одоо бусад бүх ажилчдынхаа хийж байсан ажлыг ганцаараа хийж дуусгаж байх ёстой шүү. Өдөрт нэг торх хийж бай хэмээн наадах аясаар хэлэхэд сайхи эр эелдэглэн инээсээр баясгалантай царай гарган:
Би одоо гэртээ ч харихгүй, өдөр шөнө гэлтгүй эндээ ажиллана. Одоо намайг “Битгий сайн ажилла. Чи юундаа хөлсөө асгаруулаад байгаа юм бэ” гэж хажуунаас хавчаад байх хүнгүй болсон хэмээн хэлжээ.
Сайхи хүн торхноос гадна энэ үйлдвэрт хийж байгаа монгол гэрийн мод, эрээн будагтай авдар зэрэг эдлэлийг хийлцэн, ямар ч мужаанаас дутахгүй гарын ур гарган ажиллаж, түүний авдаг мөнгө нь нэмэгдсээр байв. Тэрээр Сэлэнгэ мастерийн итгэлийг бүрэн авч, хятад ажилчид явсны дараа нэг жил өнгөрөхөд Өндөр Жанрайсаг бурхны сүмийн баруун хойд талд урьд нь хятад хүн эдэлж байсан нэг жижиг байшинг хувьдаа авч, түүнийгээ хамт ажилладаг монгол ажилчдын тусламжтайгаар сэлбэн засаад аятайхан орон сууцтай болов. Ингэж туслах хэргийг Сэлэнгэ мастер зохион байгуулсан байна. Энэ бүсгүй нь өөрөө ажилд махруун, сэтгэл сайнтай гэж удирдах ажилтан нартаа тооцогдон үйлдвэр дээрээ нэр хүндтэй болсон билээ. Энэ мастер хүүхэн уг нь Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын ногоочин, хятад хүний охин боловч ажилдаа үнэнхүү зөв сэтгэлтэй явдаг байдалтай билээ. Чухам тэр яс гарлаа дагаад Ван овогт хүнд дотночилж байгаа биш, түүний ажилдаа зүтгэж байгаа талыг нь чухалчлан үнэлсэн нь гарцаагүй.
Ван овогт хүн Монгол газарт ирээд гурван жил гаруй болов. Тэрээр модны энэ артелийн нэг шилдэг ажилтанд тооцогдох болжээ. Түүний хамт гэр, тооно, авдарын модонд хээ тавьдаг, бас ажилдаа дориун Пунсал нэртэй нэг бүсгүй байдаг. Энэ эмэгтэй хорь нэлээд гарч яваа, нэг хар хүнтэй болж байгаад саяхан салсан, “Сэвэгнүүр” хочтой, эд мөнгөнд нэлээд шуналтай, биеийн байдал, зүс царайгаар хэнд ч гологдомгүй, хөдөлгөөн сайтай бүсгүй аж. Пунсал бас л хуучнаар Сан бэйсийн хошууны, одоогоор Дорнод аймгийн төвд гуанзангийн тогооч байсан Хар сахалт хужаагийн охин аж. Шөвгөнөсөн шар царайтай, гуалигдуу нуруу бүхий тэр бүсгүйн гарыг Ван овогт ажил дээрээ бусдын нүд манаж байгаад атган авч, “Би чамд хайртай болж орхилоо” гэж хэлж амжжээ. Үдийн завсарлагааны цаг байсан учир тэдний харьцааг хэн ч ажиж харсангүй. Энэ цагаас эхлэн тэр хоёрын хооронд “цахилгаан зай” гүйдэг болж, Пунсал Ван овогтын байранд байн байн очиж, банш чануулж, далайн мөөгний шүүс уужээ. Бас овоо хэдэн төгрөг өвөртөө хийсэн байна. Тэдний далд харьцаа удалгүй бусдад ил болж, өвлийн сэрүүн цаг ирэх үеэр бүсгүй маань хятад хүний гар, ухаанаар хийсэн халуун ханзан дээр нэвсгэр даавуун хөнжилд орж унтах болов. Үүнд буруу юм юу байх вэ? Сэлэнгэ мастер ч тэр байдлыг нь ажиж мэдээд үнэнхүү сэтгэлээр талархал хүргэн, нэг удаа гэрт нь очин, байшингийн таазнаас унжуулдаг чийдэнгийн бүрхүүл бэлэг болгон өгчээ. Тэд чухам юунд татагдаж байгааг хэн ч мэдэж хэлэх аргагүй нэг зүйлд “хатгуулан” хоорондоо эвсэг гэх үү, битүү далд гинжин хэлхээнд холбогдсон байна.
Ван овогтын байдалд өөр янз бүрийн өөрчлөлтүүд гарсаар байв. Наад зах нь сайхи хүнийг хамт ажилладаг монголчууд нь “сүйхээч” гэсэн утгаар “Сүгсээ” гэж нэрлэх болов. Сүгсээ ч модны янз бүрийн ажилд суралцан юм юм хийдэг болжээ. Ингээд тэр эр ажилдаа гүйж, нэг орой тараад гэр рүүгээ явж байтал нь хуучин цэмбэн хүрэм өмссөн, идэрхэн насны нэг хүн гэнэт хажуу талаас нь ирээд цэвэр Бээжин аялгуугаар мэндийг нь асуусан дороо:
Танд худалдах сампингийн хоёр ширхэг эрхи байна уу гэж асуужээ. Эцгийн хэлж өгсөн энэ үг Сүгсээгийн сэтгэлийн мухарт хадгалаастай байдаг учир “Энэ хүн надаас юу асууна вэ?” гэсэн бодол гэнэт толгойд нь харван орж ирээд, гайхшран, тэр хүний нүүр өөд нь ажсан дороо:
Би таны асуусан зүйлийг гүйцэд ойлгосонгүй. Та надаас юу асууж байна вэ хэмээн лавлав. Үл таних хүн тайван царай гарган инээмэр аядаад:
Би таныг зүүн гараараа савх барьдаг уу гэж асууж байна гэв. Бүх зүйл ойлгомжтой болж, түүнийг Бээжингээс ирсэн хүн байна гэж Сүгсээ таниад:
Та хэзээ ирсэн бэ? Миний аав сайн байгаа болов уу гэж асуулаа.
Би Улаанбаатарт ирээд хоёр сар гаруй болж байна. Чиний аав мэнд байгаа.
Та намайг яаж олж ирэв ээ?
Чиний аавдаа бичсэн захидалд дурьдсан хаягаар би ирлээ.
Та надад юу хэлмээр байна вэ?
Чи маргааш орой энэ цагийн үед “Сансар” кино театрын зүүн гудамжинд байдаг оросоор “Дружба” нэртэй зоогийн газар яваад оч! Намайг Ли овогт гэж асуугаад надтай уулз гэж үл таних хүн хэлчихээд, салан яваад өглөө.
Нар түрүүхэн шингээд бүдэгхэн гэрэлтэй болж байгаа энэ үед тэр үл таних хүний нүүрийг гүйцэд харж чадсангүй, дуу нь бүдүүвтэр, өндөр биетэй, эргэн тойрныг ажигч нүдээр ширтсэн, нүдэндээ давхар хүрээтэй цагаан шил зүүсэн эр байв.
Юу болж байна вэ? Би чинь Бээжинд ааваасаа гадна өөр эзэнтэй болж таарч байх шив. “Засгийн газар биш, түүнээс илүү их эрх, хөрөнгө бүхий том газар бидний хэргийг мэднэ” гэж аав хэлсэн. Тэр газрын төлөөний хүн энд ирсэн юм болов уу? Надтай хамт энэ Ар газарт ирсэн ажилчдыг буцахад би даргатай уулзаад, энд үлдье гэж хэлэхэд тэр дарга “Бид чамайг мэдэж байна. Монголын тал зөвшөөрдөг юм бол бид чамайг энд үлдье гэхэд татгалзах зүйлгүй. Чи Хятад улсын өмнө гүйцэтгэх ёстой өөрийн үүргээ сайн бодож үз” гэж хэлсэн. Тэр далд явдлын үр хөврөл одоо яаж шүү цаашаа үргэлжлэн хөгжих ёстойг энэ хүн надад хэлж өгөх биз. Аавын хэлж өгсөн танилцах нэрийг сая үзсэн хүн яг ёсоор нь хэллээ. Тэгэхээр би эндэж алдаагүй яваа нь лавтай. За тэр хүнтэй би маргааш уулзаад хэлэх үгийг нь сонсъё. Би тэр хүнд юу гэж ярих билээ? Надад ч бага зэрэг ажигласан зүйл бий ... гэсэн юм Сүгсээ бодон, түүнийгээ зөвхөн өөртөө мэдэгдэх төдийгөөр аман дотроо үглэсэн байна. Ер нь энэ эр хамаг юмаа ганцаараа ярьж боддог байдалтай болсон байв. Түүний авсан шинэ эхнэр “Сэвэгнүүр” Пунсал нь өөрийг нь ажиж байснаа орондоо орж хэвтээд:
Чи дагнан аман дотроо юм шивэгнэн яриад байх юм. Юу ярьдаг юм бэ гэж асууж байсан удаатай билээ. Тэгэхэд сайхи эр:
Би маргааш хийх ажлаа л төлөвлөн бодож байгаа минь энэ гэж хэлээд өнгөрсөн удаатай байв. Сүгсээ “Маргааш би шинэ сонин юм дуулах биз” гэж бодон сэтгэл нь хэлээд хөөрсөн боловч шөнө нам унтсан байлаа.
Ван овогт хэнэггүй царай гарган ажил дээрээ эхнэртэйгээ зэрэгцэн байж нарсны үнэр ханхалсан байшинд мод харуулдан нэлээд ажиллаж байгаад тарахад Пунсалд хандаж аялаг зангаар:
Чи хариад чадвал пийшиндээ жаахан нүүрс хийчихээд байж бай. Би хариад сайхан цуйван хийж хоёулаа идье. Би одоо яваад хүнээс авахаар тохирсон хэдэн төгрөгөө олж ирье гэж хэлээд, авгайгаа гэр лүү нь дөхүүлж өгсөн дороо зөөврийн тэргээр болзоот газар луугаа явлаа.
Тэр зоогийн газрыг сайхи хүн урьд нь мэддэг болсон байв. Монгол, хятад, орос үсгээр “Нөхөрлөл” гэж бичсэн хаягтай зоогийн газар орвол тэр нэг буланд Ли овогт жишимгүй царай гарган ганцаараа сууж харагдлаа. Ван овогт түүний дэргэд очоод:
Энд сууж болох уу” гэж асуувал “гийчин” хүн:
Та сампингаа бариад суу л даа гэх нь “би чиний танил хүн мөн байна” гэсэн дохио байв. Тэд нэг их дотночилсон янзгүй, хүйтэндүү царай гарган хэсэг зуур байснаа зөөгчийг ирэхээр хятад маягаар шарсан тахианы мах, дун ногоо сэлтийг захиалж, ердөө 200 гр хятад хар архи авч балгав. Тэд чимээгүй сууж хоолоо идээд, бие биеэ харан, юу хэлэхийг нь хүлээсэн байдалтай, бас зоогийн газрын уур амьсгалыг ажиглан нэлээд суув. Энд хүн амьтны хөл их, элдвийг ярих боломж алга. Тэгээд сайхи хоёр Ли овогтын санал ёсоор энэ зоогийн газрас цувран гарч, гадаа байгаа “УБ 353” гэсэн дугаартай хар тэргэнд орж суух болов. Тэд шууд давхиад Долоон буудлын 8 тоот гудамжинд байгаа гадуураа яйжгий муу хашаатай, хэнд ч үл ажиглагдам шавар байшинд орж ирлээ.
Энэ байшин дотроо их тохилог, өнгөт буйдан, мебль тавилгатай, шалаа битүү эрээн хивсээр бүрхсэн, хана тааз нь гоё засалтай айл байв. Тэднийх гийчнээ буйдан дээр суулган, мэлхий хөлтэй ширээ өмнө нь тавьж, дээр нь жимс, нарийн боов таваглан засаад, амталсан зандан цайгаар дайлж эхлэв. Ли овогт хүн энэ айлд засаг ноён залран ирсэн мэт хүндлүүлж гарлаа. Ван овогт хүн шинэ эзнийг сайн ажвал тэрээр ихэмсэгдүү, нүүрэндээ дээд эзний байдал тусгасан, хамар дээрээ нарийхан хөндлөн сорвитой, удаан дуугарч үгээ бодлогоширон хэлдэг, хашир байдалтай дарга ажээ. Энэ эзэндээ айлын ахлагч бололтой хөөж бөндийсөн царайтай нэг эр, өөр нэг хот маягаар нүүр амаа будсан дунд зэргийн насны овоо гуалиг хүүхэн хоёр үйлчлэн цай хундгалж, Бээжин маягийн цуу, сармисны үнэр давамгайлан ханхалсан хоол зөөж авчран, ширээн дээр нь тавиад, зааны ясан савх, будаатай шаазан гарт нь бариулан, дайлж гарах нь лусын хааны сан гээч л ийм бийлэг байдаг биз гэхээр аж. Өмнө газрын хурц үнэр ханхалсан сархадны үнэр хамарт сэнгэнэн, шаазан хундаганд архи дүүргэлээ.
Ли овогт хүн Ван овогтод хандаж хундага өгөөд инээвхийлэн:
Би чамтай энд ингэж тавтай уулзсанд сэтгэл баясаж байна. Тэгээд чамаас олон чухал үг сонсоно гэж итгэж байна. Чи эрүүл саруул явж байгаарай гээд сархдаа шимж балгалаа. Ван овогт ч түүнийг амсаж суув.
Сайхи хүн цааш нь юу болохыг дотроо яаран хүлээж гэр лүүгээ, залуу эхнэрээ санагалзан суулаа. Шинэ эзэн тамшаалж ядан, дуугаа хурааж байснаа:
Чи одоо юу хийж байна вэ? Надад ямар сонин мэдээ дуулгамаар байна вэ гэж асуухад нь Ван овогт тэр эзнээ дуурайн намуухан дуугарч:
Би бараг зүгээр сууж байна. Одоо чухам юуг гол болгон анхаарч явахаа гүйцэд сайн мэдэхгүй балмагдан байна гэж хэлснээ, энэ гэрийн эр эм хоёрыг өөр тасалгаанд орсонд сэтгэл жаахан тавигдаж, Улаанбаатарт үзсэн, харсан, монголчууд хятад хүнд ямар байдлаар хандаж байгаа, хэдэн жил эрээд дүү нараа олж чадахгүй яваа, ерөнхийдөө монголчууд хятад хүнд элгэмсэг биш, эндхийн эмс мөнгөнд их шуналтай, идэр залуу насны эрчүүд нь ажилд дургүй, архи айрганд бас их таалалтай ... зэргийг мэдээлж байгаа янзаар ярилаа.
Чи зөв чигтэй явж байгаа юм шив. Эцэг чинь чамайг “Баруун зүүнээ мэдэхгүй ангайгаад явж байгаа байх. Тэнд аж төрдөг миний хүүхдүүдийг олж уулзаж чадахгүй мунгинаж байгаа болов уу” гэж санаа зовдог юм билээ. Тэгээд чиний байгаа газрыг зааж өгсөн гэж шинэ эзэн яриад, байдлыг ажиглан хэсэг зуур дуугүй сууснаа хундганд байгаа сархдыг уучих гэж элгэмсээд:
Чи дүү нараа энэ хотоос олж чадахгүй. Хамгийн том нь Дархан хотод хонь алж мах гаргадаг үйлдвэрт байгаа. Түүний дүү нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод Монгол, Оросын хил нийлдэг тэр газарт галт тэрэгний засвар хийж яваа. Эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь энэ Улаанбаатарт байгаа боловч чамтай уулзах аргагүй газарт байдаг. Эмэгтэй нь нэг том яамны ажилтны гэргий болсон. Тэр хүүхэн нүд сайтай явж байна хэмээн өөрөөс нь хавьгүй илүүтэйгээр Улаанбаатарын байдлыг мэдэж байгаа байдлаа нуулгүй хэлсэнд Ван овогт гайхшран, энэ хүнийг улам бишрэх сэтгэл төрж “Манай хятадууд лут байна шүү. Монголын эзэн нь бид байх ёстой гэж эцгийн маань хэлдэг үг гарцаагүй зөв юм шив” хэмээн бодож суув.
Чи Монголын хөдөө нутгаар явж үзэв үү гэж Ли овогт асуулаа. Ван овогт толгойгоо сэгсрэн үнэнээ хэлэв. Шинэ эзэн гайхшран харж:
Энэ Улаанбаатар чинь Монгол биш шүү. Хөдөө нь ямар их уудам, яасан их шимтэй гэж чи санаж байна. Зөвхөн баруунтай, эндээс 300 орчим км зайтай Агьтын хөндий гэхэд л тэнд хэдэн мянган айл нутаглан тариа ногоо тарих юм бол асар их ургац авч болох шинжтэй байгаа шүү. Тэр газрыг бид эзэмшинэ гэсэн утгатай тэмдгийг манай хүмүүс хэдэн жилийн өмнө тэнд тавьсан байгаа. Тэр бол зөвхөн нэг өчүүхэн газар даа. Чи одоо Булган, Хөвсгөл, Ар, Өвөрхангай, Дорнод аймгаар явж, тэндхийн асар уудам, гайхамшигтай шим бүхий газрыг нүдээрээ үзэх хэрэгтэй. Тэгэхэд чи аяндаа зүгээр суухын аргагүйгээр сэтгэл чинь хөдлөх болно гэж бүдүүн дуутай хоолойгоо намуухнаар хүржигнүүлэн ярилаа. Ван овогт түүний үгийг бурхнаас ном сонсож байгаа сүсэгтэн адил чагнаж суув.
Сайхи хүн шинэ эзнээсээ салж явахыг завдахад Ли овогт жижиг цүнхнээс хэдэн ам хөх эрээн торго, бугуйн жижиг хятад цаг гарган Ван овогтод өгөхдөө:
Чи одоо ажиллаж байгаа газраасаа гарч олон хүнтэй уулзаж байдаг, том албаны сайд дарга хүмүүсийн орон гэрээр орж гарч байх боломжтой ажилд ор. Тэгээд тэр дээд албаны хүмүүс, тэдний эхнэр хүүхэд юу ярьж байдгийг мэдэж байх боломж олж ав. Одоо чиний ажиллаж байгаа газар чинь түгжигдмэл байдалтай, нэг мастер эм, тасгийн даргаасаа өөр хүний царай бараг харж чадахгүйтэй адил байна гэж Ли овогтыг хэлэхэд Ван овогтын зүрх нь хүчтэй цохилон, сэтгэл нь бачуурч “Яаж энэ дарга намайг ингэж сүрхий мэдэж байна вэ? Ямар айхавтар нүдтэй байна вэ? Бид чинь энэ Монголын бүх байдлыг алган дээрээ тавиад харж байгаа адил мэддэг юм байна. Манай асар олон далдын туршуул энд байна аа. Намайг хүртэл бас дагаад юу хийж яваагий минь андахгүй харж байдаг юм шив” хэмээн бодохоос гайхах, бишрэх, бардамнах сэтгэл төрж, дотроос нь элэг зүрхийг нь маажиж байгаа адил загатнуулан хөдөлгөлөө. Сайхи хүн эндээс асар их хүчийг олох мэт болов.
Сайхи хүнийг явахаар завдахад нь Ли овогт саатуулан:
Чи чухам юу хийх ёстойгоо мэдэж ав. Юм юманд савсганан хандаж гүйгээд тусыг олохгүй. Тэгэхээр чи энэ монголчуудын эв нэгдэл ямаршүү байгааг ажиж мэдээд бидэнд хэлж бай. Тэгэхдээ эдний сайд дарга нар нь хоорондоо эв түнжингээр ямар байна вэ? Тэдний хэн нь наашаа элэгтэй байна. Эхнэр хүүхдүүд нь бас ямар санаатай явна ва? Манай мах цусны тасархай гэх үү, хятадын эрлийз эмс дарга нарын эхнэр болж чадаж байна уу? Үүнийг судалж мэдэж бай. Чамтай хагас жил тутамд тусгай хүн ирж уулзана. Тэгэж уулзахдаа одоо “Тахианы сүүл олдох уу? Азарган тахианы улаан согсоо авах уу?” гэж асууж ирсэн хүнд чи өөрөө нууцаар олж мэдсэн, манайд хэрэгтэй, холбоотой зүйлээ ярьж өгч болно. Энэ нууц нэрийг чамтай уулзах бүрийдээ сольж байна гэж мэд гэж хэлээд хэдэн мянгаар тоолох төгрөг бас өгөхдөө:
Энэ мөнгө бол чиний ажлын хөлс цалин биш. Чи хөдөө явахдаа унааны хөлсөнд зарах, бас зайлшгүй олж мэдвэл зохих мэдээг худалдан авах, манай хэрэгт үнэнчээр зүтгэх хүнд “шагнал” болгон өгөх зэрэгт чи зарж бай. Чамайг хэр хэрэгтэй мэдээг бидэнд өгснөөр чинь цалинжуулна. Чиний тэр цалинг Бээжинд тусгайд нь хадгалж байх болно. Чи хэзээ Бээжинд очно, тэгэхдээ тэнд бэлэн мөнгө байна гэж итгэ. Энэ бүх нууцаа эхнэртээ, далдуур явдаг эмдээ ч алдаж болохгүй. Чиний юу хийж явааг бид харж байгаа шүү. Чи энд ганцаараа биш, олуулаа байгаа. Чамайг бас харж хамгаалж буй хүн ч бий гэж мэдээрэй хэмээн амин үгээ хэлж зааварласан байна.
Ван овогт тэр Долоон буудлын айлаас гарч явахад Ли овогт тэнд үлдэхдээ нөгөө эрхэмсэгдүү байдалтай, нүүр амаа будаж, инээсэн хүүхэнтэй нэг зөөлөн орон дээр хэвтэж хөнжилд цуг ороо биз ээ.
Шинэ дээл илчээрээ сэтгэл дулаацуулна
Шархүү зав зай тун багатай. Түүнд бодож боловсруулах, биеэр явж шалгах ажил захаас аван, дарга нар дуудаж үүрэг даалгавар өгсөөр билээ. Түүний зэрэгцээ Чандмань Уул сумын сургууль руу долоо хоног бүр захиа бичиж явуулах ажилтай, тэр нь албан ажлаас эс дутна. Тэндээс ч бас захиа ирж сэтгэлийг нь баясгана. “Би мэнд байгаа. Аав дотуур байрны хүүхдүүдтэй бужигнаад заримдаа бүр шөнө болсон хойно ирдэг. Би заах хичээлд бэлтгэх, конспект хийж батлуулах ажилд хамаг ажлаа барж байна. Тааруухан бэлдээд орохоор хичээл уйтгартай, муу болох янзтай юм.
Чи ажилдаа гүйгээд л халуун унд хоол муутай яваад байна уу? Биеэ муутгаж орхив доо. Өдөрт нэг удаа заавал халуун хоол идэж байвал зүгээрсэн. Ганц хүний юм юу байх вэ? Аяга халуун шөл оройд хийж идээд байж болно шүү дээ. Ингэхийг чи бодож, түүнийг биелүүлж бай. Дандаа нэг янзын бэлэн хоол (шарсан, хуурсан) идээд байвал дотор эрхтэн мууддаг гэдэг” гэхчилэн халамжийн үгийг Цэрмаа захиа болгондоо хэлдэг. Тэр “тушаал”-ыг нь биелүүлж байх хүсэл Шархүүд байдаг билээ. Цаг салхинд хийссэн шувууны өд адил дороо л хийсээд өнгөрөх нь хачирхалтай гэх үү, олигтой юм хийж базаалгүй байхад л хоног сар дуусаж орхих нь тэр. Энэ өвөл Шархүүгийн сэтгэлийг өөр юутай ч хуваалцахгүй хоёр зүйл татаж байв. Тухайлбал, Цэрмаа минь Улаанбаатарт бушуухан ирээд миний дэргэд байдаг болоосой. Тэгвэл би яасан их зугаатай, гэр орны ажил явдалд санаа зовохгүй, хамаг хэргээ тэр саваа шиг нуруутай хүүхэнд даатгаж орхиод ажилдаа саадгүй гүйж байх сан. Цэрмаагийн аав Тамжид гуай ч дэргэдээ байгаа хүнд нөмөр нөөлөг сайтай, юм үзэж нүд тайлсан, төлөв шударга зангаараа над мэтийн жулдрай амьтанд түшиг болох байдалтай хүн билээ гэж амраг бүсгүйнхээ талын хүмүүсийг аль өөдтэй, өнгөтэй талаас нь харж бодон санааширч байв. Энэ нь Шархүү зөвхөн Цэрмаад өгсөн амраг сэтгэлдээ хөтлөгдөн, харыг цагаан болгон харж байгаа биш, бодит байдлыг байгаа тэр өнгөөр нь харж буй хэрэг гэхэд худал гэж хэн ч маргахгүй байв.
Шархүүгийн сэтгэлийг цаг үргэлжид зовоон өөртөө татаж байгаа өөр нэг зүйл нь хүн чулууны улан дор байгаа бичгийг хэн үйлдэв ээ? Түүний эзнийг яаж олох вэ гэдэг явдал байлаа. “Ээ бас хачин юм шүү. Тэр хүн чулууг үйлдэгч этгээд дотроо монголчууд биднийг бүр байхгүй болгон, хамаг нутаг усыг нь эзлэн авах гэж санаархаж байгаа хэрэг шүү дээ. Тийм санаа бодолтой этгээд ганцаараа биш, олуулаа байж таарна. Тэгээд тэд яаж бид бүгдийг алга болгох гээ бол. Хүнийг хүйгээр нь хорлох бүх булай аргыг эрээ цээргүй хэрэглэж байж л монголчуудыг үгүй хийх гэж бодож яваа бий. Тэд айж эмээх юм бүр байхгүйгээр шийдсэн этгээд санаагаа шовхлон, биеэ нуухын ихээр нуугаад, огт гэм хоргүй царай гарган яваа нь лавтай. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсад хамгийн ихээр тус хүргэж байгаа царай гарган элдэвлэж яваа нь гарцаагүй” хэмээн бодож:
Яавал тэр хар санаат этгээдийг олж илрүүлэх вэ хэмээн аман дотроо үглэдэг болжээ. Шархүү энэ мөрөөдөлдөө автаад, сэтгэлийг нь шаналгаж байгаа зүйлийнхээ нууцыг би алдаж орхих вий. Бусдын дэргэд түүнтэй холбогдсон зүйлийг ярин, элдэв амьтанд сэжиг төрүүлж орхих вий гэж бас биеэ хянаж байх гэж оролдоно.
Ер нь хүн чулууны мөрийг гаргах гэж харъяалах байгууллагынхаа хүмүүстэй хамтран ажилласаар байгаа билээ. Тасгийн дарга Сономын тушаал заавар ёсоор Шархүү бусад зарим нөхдийнхөө хамт явж, өөрийнхөө газарт хадгалагдаж байгаа зүйлээ судлаж байна. Бас Цагдан сэргийлэх байгууллагын мөрдөн шалгах тасагт байгаа нийт гуч, дөчин мянган хүний ядам хурууны өндөгний хээг чулуун хүний гэдсэн дээр байгаа хээтэй нийлүүлж үзлээ. Чингэхэд тэр битүү гонзгой хээтэй нь адил нүд булаах зүйл олдохгүй байв. Бусад энд тэнд явж авсан хээг ажсаар яваа аж. Тэд бүр одоо далд хоригдон ажил хийж байгаа хүмүүсийн хурууны хээг сэм авахуулан шүүж үзлээ. Мэдээжийн эрэл болж яваа хээтэй нь төсөөтэй хээнүүд байгаа боловч энэ яг мөн байна гэхээр зүйл эс олдоно. Энэ бол амаргүй эрэл гэж сайхи эр мэдэж байгаа боловч түүнийг олох сэтгэл нь өчүүхэн ч хөндийрч саарахгүй, харин улам хорхойтон шунаглаж гүйсээр байв. Шархүүгийн тэр байдлыг дарга нар нь мэдэж байлаа. Энэ ч байвал зохих ажил ёсоороо байгаа нь тэр.
Хүн чулууны дотор байсан бичгийг бичсэн будагны бор саарал өнгөтөй ижилсэх будагны өнгө хаана байна вэ гэж бас Шархүү нар анхааран эрж байв. Яаж ч оролдон будаг найрууллаа ч гэсэн яг ижил өнгө гаргаж авна гэдэг нэн бэрх зүйл болохоор тэр өнгийн будгаар будсан зүйл олох нь хурууны хээ олохоос арай хялбар байж болох учир бий аж. Тэгээд эрлийн хүмүүс Улаанбаатарын будаг шунхны ажил хийдэг газар хаа байгааг бас сураглан тэр газруудаар элдэв эдлэл захиалж хийлгэнэ гээд орж үзэн, уг будагны ижил өнгөтэй будаг хайсаар байв. Гандангийн дэнж, Дөрвөн замын уулзвар, Долоон буудлын дэнж, Чингэлтэйн ам, Дамбадаржаагийн нарийн гудамж, Улиастайн ам, Амгалан гацаа зэрэг газарт байгаа мод төмрийн зүйлээр эд юм урладаг тасаг, цех, үйлдвэр, гар урлалын газруудаар орж аль өнгө будгаар хүн амьтны нүд хуурсан шинэ, хуучин бүхнийг шүлэнгэтэн харж явлаа. Энэ бол хүн дурлаад байхаар аятай ажил биш боловч зайлшгүй хийх ёстой хэрэг болж Шархүү нарт тулгарч байв.
Шархүү нэг удаа Гандангийн дэнж дээр байгаа нэг модны үйлдвэрээр орж, тэнд хийгээд тавьчихсан авдар сав, гэрийн мод, орны нүүрэвч зэрэг эрээн мяраан будагтай зүйлийг үзээд, тэндхийн мастер, ахимаг насны Сэлэнгэ гэгч авгайтай хэдэн үгний солио хийсэн нь сонин аж. Шархүү тэдний үйлдвэрлэсэн эрээн модон эдлэлийг үзээд:
Танайхаар хүмүүс ямар юм захиалан хийлгэх дуртай байдаг вэ? Танайх будгандаа тун сайн үйлдвэр байна. Танай эдлэл их гоё харагдаж намайг баясгаж байна.
Тийм байна уу? Яамай даа. Та их гярхай нүдтэй залуу байна.
Би хөдөө байдаг аав ээждээ гоё авдар, орны нүүрэвч хийлгэж өгөх гэсэн учиртай. Одоо чинь хөдөөнийхөн эрээн авдар гэж их шохоорхдог болсон юм шив. Тэгээд би танай үйлдвэрийн бүтээлийг сонирхож явна.
Та аав ээждээ сайхан юм хийлгэж өгөх гээд л санаа тавьж байгаа юм уу?
Ээ, хэлээд яахав. Танай урьд жилүүдэд хийсэн эдлэлийн дээжүүд хадгалагдаж байдаг биз дээ. Би түүнийг чинь үзэх сэн. Боломж байна уу?
Их харамсалтай байна. Манайх үйлдвэрлэсэн бараагаа тэр дор нь худалдаанд гаргаж орхидог. Таны таалалтай хээ, угалз, өнгө будгийг манайх тааруулаад хийж өгч болох шүү дээ. Та захиалах юмаа шууд надад хэлээч хэмээн үйлдвэрийн төлөөний бүсгүй шалгаав. Энэ Сэлэнгэ авгай нь янз бүрийн хүмүүстэй харилцаж сурсан байдалтай, эелдэг зангаараа бусдыг өөртөө татаж чадахаар зантай аж.
Шархүү хэлэх үгээ олж ядан байтал нь тэдэн дээр зэгсэн царайлаг, шаравтар нүүртэй, нүд хөмсгөө гоёж будсан, нэлээд аманцар янзын нэг бүсгүй хүрч ирж уг яриаг чагнах байдалтай зогсохдоо жарвалзан инээж:
Та юм захих гэж байгаа бол надтай ярь л даа. Би эндхийн захиалга хүлээн авагч Балжин гэдэг гэж ярианд оролцон, өөрийгөө танилцуулан аялаг зан гаргав.
Тэгье. Би танайд хуучин хийж байсан содон эдлэлийг үзмээр байна гэж Шархүү Балжин бүсгүйд хандахдаа түүнээс үг сонсоход илүүдэхгүй хэмээн бодсон байна.
Бүсгүй мастер Сэлэнгийг харан нүдээрээ тоглоод:
Хуучин хийсэн юм юу байдаг билээ? Аа, тийм, тэр хойд агуулахад нэг эрээн авдар, шалны өр, аяганы жаахан ширээ тоосонд дарагдаад хэвтэж байдаг байх аа? Уг нь улсын баяраар үзэсгэлэнд тавьж байсан гэдэг гэв.
Шархүү бүсгүйн энэ үгэнд олзуурхан инээвхийлэн хараад:
Түүнийгээ надад үзүүлээч. Одоогийн хийж байгаа эдлэлээс чинь тэр юм огт өөр байх ёстой. Хөдөөний хүмүүс тийм хуучиндуу юманд их дуртай. Тэд наад зах нь будаг бөхтэй, хийц нь ч нүд хуурч орхиогүй гэдэг юм билээ гэж хэлээд, тэр далд байгаа авдар, шалны өрөө надад харуулаач хэмээн царайчилсан байдлаар, арай л хошуу цорвойлгүй хэлэв.
Та эндээ байж бай. Би няравыг олоод орхиё гэж Балжин хэлээд цаашаа эргээд явахдаа жигтэй маяглан нахилзаж, гараа сарвалзуулан алхлаа. Сэлэнгэ авгай ч:
Та энэ захиалга авагч Балжинтай ярилцаад хэргээ бүтээх биз гэж хэлээд бас Шархүүгээс салан одлоо.
Банзан байшинд хураасан хэсэг модон эдлэл дотор үнэхээр шороонд дарагдсан авдар, шалны өр байж харагдлаа. Түүний нь шороо тоосыг арчаад үзвэл саарал өнгө оруулж будсан хээ байвч тэр нь Шархүүгийн хайж яваа өнгөнд ойртох аргагүй, өөр янзын хуар байв. Гэлээ ч яаж хүнийг молигодон доог хийсэн юм шиг зүгээр орхих вэ гэж энэ эр бодон, ээж аавдаа зориулж нэг авдар, жижиг ширээ захиалж хийлгэхээр Балжин бүсгүйтэй хэлэлцэж захиалга өгөв. Энэ эмэгтэй Шархүүд хандан маяглаж байх нь гайхал төрүүлмээр эелдэг, бас ч цаанаа байдал нь аятайхан харагдаж байв. Түүний хэл ам ч “урлаг” ихтэй нь сонин. Бүсгүй амаа жилэмдэн ангалзаж:
Та үнэхээр эд, өнгө таньдаг гярхай нүдтэй байна. Таны захиж байгаа ширээг би сайн мужаан, будагч нарт өгч, дээр нь болор хундага, мөнгөн таваг өрөөд сэтгэлт хүнээ дайлж байхаар гоё цэвэр хийлгэж өгнө. Надад гар сайтай мастерууд байгаа гэж ярьж байснаа, хуучин хийсэн ширээг зааж:
Үүнийг та голж байх шив. Тэр ч аргагүй. Манай энэ үйлдвэрт Ван овогт гэдэг нэг мужаан нэлээн хэдэн жил ажиллаж байсан юм. Түүнийг бид Сүгсээ л гэж нэрлэн дууддаг байлаа. Тэр бол уг нь сайн мужаан. Хоёр гартайгаар хүнд ханддаг байсан. Тэр нь хэл ам татаад түвэгтэй гэж хэлэхэд нь Шархүү дотроо нэгийг бодон “Эндээс юмны гогцоо цухуйж магадгүй нь” гэж санаад, аялаг зангаар бүсгүйд хандаж инээн:
“Хоёр гар гаргана” гэж юу билээ? Хүн болгон хоёр гартай байдаг биз дээ хэмээн асуулаа. Бүсгүй аальгүйтэн инээж:
Та “Хоёр гар гаргана” гэж мэддэггүй юм уу? Надаар доог хийсэн хачин зүйл асууж байх шив гэж инээх нь түүний тэгш цагаан шүд нь дэрвийж, давхраатай нүд нь жоготойгоор гялалзан, саваа шиг бие юугаа урихнаар ганхуулж сэтгэл гижигдэм харагдав. Эмийн бараа ойрд хараагүй залуу эр энэ агшинд бие сэтгэлээ барих тэнхээ нь алдарч:
Чи намайг шоолж байна уу? Чиний зөв өө. Би нэг ийм ядуу үгтэй амьтан шүү гэж хэлээд, саваагүйтсэн, шохоорхолын нүдээр Балжинг харлаа. Тэр эмийн нүд юунд автан, яаж тачаадаж байгааг ёстой л мэргэжсэн сэтгэлээр харж таньдаг болохыг Шархүү яаран хичээж байлаа. Ингээд тэр хоёрын дунд нэлээд наргиантай яриа үүсэв. Хүү модон ширээний өнцөг дээр сандайлан сууж бүсгүйн гарыг атган авбал, сайхи эм түүнд эгдүүцэн бишүүрхэх янз гаргасангүй.
Миний гар их ширүүн байгаа биз? Энэ элдэв модон эдлэлд хүргэсээр байгаад гар сайртах дөхөөд байгаа юм гэж хэлээд яах нь энэ вэ гэмээр хачин их гэдийж маяглан инээлээ. Энэ байдал нь тэр эм хөөрхөн ааш гарган дотносож байгаа янзтай сэтгэл Шархүүд төрүүлэв.
Балжин аа! Танайд одоо тэр сайн мужаан Сүгсээ чинь ажилладаг биз дээ? Уг нь манай эндхийн хүн үү гэж гэнэт асуулаа.
Сүгсээ мужаан байхгүй. Манайхаас явж, өндөр цалинтай ажил хийнэ гээд барилга засварын трестэд шилжсэн. Уг нь Бээжингээс ирсэн гэнэ билээ. Би таны захиалгатай юмыг түүнээс дутахгүй сайн мужаанаар хийлгэнэ гэж танд хэлсэн биз дээ. Та миний үгийг ойшоож үзэхгүй л байна уу даа. Би таныг хуурахгүй гэж эмэгтэй хэлээд, ялдамхан байдлаар толгой хөдөлгөн инээв.
Би чиний үгийг баттайд тооцож байна, хонгор минь.
Өө, бүр хонгортоо тулж байна уу? Би таныг юу гэж дуудах вэ?
Юу гэж дуудах нь чиний дур. Намайг сургуульд байхад миний найз оюутнууд Аргай гэж дууддаг байсан.
Аргай гэдэг чинь юу гэсэн үг вэ? Сонин нэр байна.
Тэр үү, этгээд зүйл биш ээ. Би оюутан байхдаа хөдөөнөөс ирсэн махны аргайг чанаж мөлжөөд, түүнийгээ атган сургууль дээр ирж багшид баригдан “Чи хүн зодох гэж үүнийг авч яваа юу?” хэмээн намайг загнасан. Тэгээд нөхөд маань түүгээр намайг шоолон хочилсон хэрэг.
Өө, та тань их зодоонч эр байх нь ээ гэж Балжин хэлээд бас л биеийнхээ гоог үзүүлэх гэсэн юм шиг жигтэй их гэдэгнэж годгонон чангаар инээлээ. Тэр нь аальгүйтэж ядаж байгаа юм шиг байх боловч хөгжөөнтэй биед нь зохицсон аятайхан ч юм шиг Шархүүд санагдан, дахин гарыг нь шүүрч аваад эгдүүцсэн, шохоорхсон нүдээр харан:
Би захиалсан юмаа хэзээ ирж авах вэ? Хөдөөнөөс аав удахгүй ирэх байх гэвэл бүсгүй хөгжөөнтэй агаад сонирхлын нүдээр өөрийг нь эгцлэн харж:
Та нэг долоо хоноод ирээрэй. Харин авдар ширээгээ таалж үзвэл, түүнийгээ гэртээ аваачаад мялаахдаа намайг урих биз дээ гэж нүүрэмгий зан гаргав.
Урина. Би чамтай уулзаж баймаар санагдаж байна гэвэл энэ эм нүдээ тормолзуулан ангайж инээгээд, дороо ганхаж жарваганан:
Би танд уулзаж баймаар харагдаж байна уу гэж шуудхан асуув.
Тийм ээ. Чиний үзэмжтэй байдал миний нүдийг баясган, сэтгэл зүрхэнд оч шидэх шиг боллоо. Тэгээд би чиний гэрэлд татагдаж байна хэмээн сайхи хүү марзганах байдлаар хэлээд инээв.
Тэд гар барилцан салж одохдоо “Би хөдөө гэртээ аятайхан авдар хийлгээд өгч орхивол аав ээж их баярлах биз ээ? Энэ Балжин гэдэг бүсгүйг хөөргөн, биед нь ойртоод элдвийг яриад байвал надад хэрэг болох юмны сэжим гарч магадгүй шив. Эднийд хятад ажилчин ажиллаж байсан гэхээр тэр нь “рашаанаа” хайрласан байх учиртай. Эдний энэ олон охид, эмсийг тэр хятад зүгээр хараад, томоотой суугаагүй, заавал хүзүүнд нь бугуйл шидэж, “хишиг” хүртээгээ биз. Тэд мөнгө арвин олж чаддаг, манай одоогийн эмс олзонд дуртай. Ийм хоёр цэнэг бие биеэ зайлшгүй татаж таараа” гэж бодон “Би Балжинтай яаж нөхөрлөх вэ? Энэ ч “Сав хоосон буцаадаггүй” бүсгүй бололтой байсан” хэмээн бодож байв. Үүнд Шархүүгийн буруу юу байх вэ?
Намрын сэрүү орсон тэр нэгэн өдөр Шархүү гэртээ аяга шөл буцалгаж идээд, Цэрмаад ээлжит захиагаа бичиж суулаа. Цаасан дээр тодорч байгаа үсгийн завсраар эмэгтэй хүний ялдам зөөлөн царай, яралзуулан инээдэг урьхан ааштай торомгор нүд тодрон гарч ирж харагдах шиг болон сэтгэлийг нь хөдөлгөж байв. “Хайрт минь ээ. Аятай тавтай байна уу? Бие чинь зүгээр байгаа биз. Аав болон дүү нар чинь ажил, хичээлдээ яваад л та нар зав зайгүй байгаа биз дээ” гэж бичиж байтал ямар нэг хүн хаалгыг нь зөөлөн цохилоо. Хэн ингэж манайд шөнө болох гэж байхад хаалга цохиж ирдэг билээ. Нөгөө модны үйлдвэрийн захиалга авагч бүсгүй ирэв үү? Тэр ч өдөр шөнө гэж ялгаварлан эрээлхэхгүй янзын хүүхэн бололтой байсан. Төлдөр манайд анхлан орж ирээд жигтэйхэн нүүрэмгий загнаж байсан даа хэмээн бодсоор Шархүү үүдэндээ очоод бас зөөлхөн дуугаран:
Хэн бэ гэж асуувал нэг их таних эмэгтэй хүний дуу хариу сонсогдон намуухнаар:
Би байнаа гэх нь “Юу билээ? Миний дүү Навчаа ингэж явах ёсгүй” хэмээн бодоод үүдээ нээвэл Цэрмаа уут савтай юм хажуудаа бариад зогсож байв.
Ээ, яадаг билээ? Ямар гоё вэ гэж эзэн эр дуу алдах шахан хэлээд, хайртай хүнээ гэртээ оруулсан дороо учир зүггүй тэврэн авч үнсэж эхлэв. Энэ агшинд тэдэнд эмээж зовох сэтгэл байсангүй, бие биеэ ноолон, мөрөөдлөө тайлах гэж баярлах санаанд умбаж гарах нь зүй ёсны байлаа.
Амраг хоёр юу болж, яахан учирч байгаагаа бие биедээ тайлагнан, эх адаггүй хөгжөөнт ярианд орж шуугилдаж эхлэх нь тэр ээ. Ганц хуучирсан төмөр ор, хөл жийрэглэх тохмын төдий хивс, саяхан захиалж хийлгээд хөдөө явуулж амжаагүй байгаа эрээн будагтай авдар, аяга тавагны жижиг шүүгээ, хоёр сандлаас өөр тавилга төхөөрөмжгүй тасалгааг Цэрмаа хоромхон зуурт тойруулан харж амжаад, энэ байдал сэтгэлд нь нийцэв бололтой урьханаар инээн, бүхнийг харж, энд байгаа юм бүхэн минийх гэсэн янзаар:
Чи ч яг л биедээ таарсан хогшилтой суудаг юм шив. Энэ байдал чинь надад нөгөө диваажин гээч нь шиг санагдаж байна гэж яриа үүсгэн, өөрөө сургуулийн захирлын зараалаар Ардын гэгээрлийн яамнаас зохиож байгаа маргааш эхлэх семинарт оролцох гэж ирсэн. Уг нь сургуулийн захирал үүнд оролцох ёстой боловч тэр хүн саяхан хөлөө гэмтээгээд явж чадахгүй байгаа, хичээлийн эрхлэгчийн авгай нь хүүхэд төрүүлээд бие нь хүндрэлтэй байгаа. Тэгээд намайг Улаанбаатарын зан аашийг мэддэг гэж нааш нь явуулсан гэж ярихдаа би жаахан жүжиглэн өнгөн дээрээ чадахгүй гэх маяг үзүүлээд, дотроо чам дээр ирнэ гэж бодохоос их баяр хөөртэй байв. Тэгээд л наашаа сумнаас явах тэргэнд бөгс хавчуулаад сүнгэнүүлээд ороод ирлээ гэж Цэрмаа болсон явдлыг ил цагаан сэтгэлээр ярьж байлаа.
Шархүү хоол бэлтгэх далимдаа хөгжилтэйгээр:
Чи намайг угтаж аваарай гээд цахилгаан өгчихгүй дээ. Манайхыг олох гэж эрэл хийв үү? Манайхыг яаж шүү олж ирэв дээ хэмээн асуулаа.
Би юу гэж эрэл сурал болох юм бэ? Чи хаягаа хоёр ч удаа захиан дээрээ бичиж байсан. Харин жаахан үүргээ үүрээд танайх руу явж байхдаа чамайг гэртээ хотын дэгжин хүүхэн урьж ирүүлээд л энэ байрандаа танго бүжиг эргэж байгаа болов уу, тэгвэл би яах билээ гэж бодож явсан гэж наргиан болгон Цэрмаа хэлэв.
Түүний энэ үг Шархүүгийн чихэнд чимэгтэй сонсогдон, “Үнэндээ би модны үйлдвэрийн Балжин хүүхнийг гэртээ авчирдаг юм бил үү гэж бодож байсан шүү. Хэлсэн бол тэр саваа шиг бүсгүй цааргалалгүй манайд нахилзан гунхсаар ирэх байсан. Түүнийг Цэрмаа үзсэн бол хулангийн байдас шиг хамраа тачигнуулан намайг газар дор ортол сүйдий нь холих байгаа биз. Хоёр саваа шиг гулзганасан бүсгүй яаж хоорондоо пижигнэх байсан бол” гэж бодохоос хачин зүйл сэтгэлд нь урган, хөгтэй юм дүрслэгдэж байлаа.
Тэд гоймонтой халуун хоол халбагадан идэж, хот орны байдал, хөдөөгийн сургуулийн ажил зэргийг ярилцан сэтгэл санааны баясал эдэлж байв. Цэрмаа хоёр хоног семинарт сууж, зөвлөгөөнд оролцоод буцна гэнэ. Энэ хичээлийн жилийг аятай байж өнгөрүүлээд, ирэх зун наашаа шилжин суухаар ирэх санаатай байгаа гэж Цэрмаа хэтийн санаагаа ярьж байлаа. Бүсгүй маань нэг за гэвэл ёогүй нь Шархүүд урьд ажиглагдсан хэрэг билээ. Тэдэнд ярилцах зүйл усны ундарга адил урсан гарч ирж байлаа. Халуун хөнжилдөө орсны дараа нь эрүүгээ амраах завгүй байв. Тэд бие биедээ ямар их илч дулааныг өгч бие сэтгэлийг нь дулаацуулна вэ? Энэ илч дээр бас нэг илч нэмсэн зүйл нь Цэрмаа өөрөө юу урлаж чаддагаа үзүүлэх гэсэн юм шиг биед нь эвтэйхэн таарсан, тачирдуу үстэй сэгсүүргэн дээл, армур даавуугаар өнгөлөн хийж оёод авчирч өглөө. Тэрээр хүүд дээлээ өмсүүлээд:
Чамайг гэнэт хөдөө гадаа ажлаар явах болбол дулаан хувцас юуны өмнө хэрэг болно гэж бодсон ухаантай. Цээжийг нь арай хомсдуулж орхив уу гэж би айж байсан юм. Овоо таарч шүү гэж хэлэхдээ хөгжөөнтэй байв.
Чи уг нь сарнай дэлгэрсэн ойн захад намайг тэвэрч үзсэн болохоороо миний цээж ямар шүү болохыг мэдмээр дээ гэж Шархүү наргиан болгов.
Тэр цагт миний сэтгэлд чамайг хэмжиж байх сөхөө хаана байхав дээ. Чи ч ухаангүй дайраад л надад тайван сэтгэх эрх чөлөө олгохгүй байсан биз дээ гэж Цэрмаа мөчөөгөө тавихгүй час хийсэн үг хариу хэлж байлаа.
Нүүр бардам зан сэтгэлийн толинд тод тусна
Ван овогт Сүгсээ Сэлэнгэ мастераар дамжуулан модны үйлдвэрээс сайн нэртэйгээр чөлөөлөгдөн, барилга засварын артельд орж, хэдхэн гар нийлсэн хүнтэй ажиллах болов. Тэгэхдээ сайхи хүн Сэлэнгэ мастертай нэлээд дотнын холбоотой болж, түүний дэмжлэгтэйгээр будагчин Пунсал хүүхнийг өвөртөө оруулж авсан. Мастер авгайд аялаг дотно зан үзүүлж байгаад түүнд нэг ясны ижил цусаар амьсгалан яваа гэдгээ хэлж амжсан байна. Ийм үг эрлийз хүмүүсийн чихэнд цаг үргэлжид уян сонсогдож байх болно гэж сайхи хүн эцгээсээ захиа заавар болгон сонссон, Улаанбаатарт Ли овогт нууц даргаасаа тэр үгийг бас тод сонссон учир түүнийг биелүүлэх гэж мэрийж яваа билээ.
Сүгсээ тэр нууц даргын зааварласан зүйлсийг эс огоорон санаж, хэзээ нэгэн цагт халуун мантуугаар хошуугаа дулаацуулна гэж бодсоор, тэр үгийг дамжуулан хэлэх яс нэгт хүнээ хайсаар, ажсаар, чагнасаар яваа билээ. Сайхи хүний шинээр орсон ажилд хамт зүтгэх таван хүн байгаагийн гурав нь өмнө газрын байцаан хоолтой, нэг цусны хүмүүс болохыг төдөлгүй мэдэж амжсан байна. Тийм хүмүүстэй хамт ажиллахад гар, сэтгэл хоёр амархан нийлнэ. Олсон олзоо ч хувааж авахад шуугиан гарахгүй, эцсийн дүнд бодлого, зорилго нэг байна гэдэг хамгийн ашигтай зүйл мөн гэж Сүгсээ бодож явааг хэн ч гаднаас нь хараад мэдэх аргагүй байв. Тэд нийлэн шохой зуурах хувин, шаврын нийвий, будаг шохойн нарийн, бүдүүн багс, жижиг гар хөрөө, харуул зэрэг багаж хэрэгсэл юмаа дахин шалгаж, хийх засварын үнэ хөлсний ханшийг нэмэгдүүлэх нэгдсэн санааг боловсруулахдаа “Улс орны ашиг” гэгчийг бид бодох үүрэг байхгүй гэж санал нэгтэй хэлэлцэн тогтсон ажээ.
Энэ засварчдын хэсэг нь таван хүнтэй, түүний нэг нь Сүгсээ, Цэ, Дү гэдэг хятад монголын хоёр эрлийз эр, нэг чантуу гаралтай Зу гэдэг ахимаг насны шаварчин эр, хэсгийн ахлагч Төрхүү гэдэг барилгачин байгаа. Энэ Төрхүү нь Хэнтийн Галшар сумын иргэн, засвар хийх ажлын байр олох, гэрээ хэлэлцээр хийх, хөлс мөнгө авч ажилчиддаа хувааж өгөх, будаг шохой, обой цаас олох зэрэг бүх хэрэглэгдэхүүн олж бэлтгэх ажлаа хариуцна. Төрхүү олсон хэрэглэгдэхүүнээ нуруун дээрээ үүрээд ч явж байж магад, хээ шаагүй зүтгэлтэй нэгэн билээ. Цаадуул нь өнгөн дээрээ Төрхүүгийн үгнээс гарахгүй, цаанаа бол “муйхар”, “тэнэг” гэж шоолон, “цоохор бух” гэж нэрлэн дооглож байдаг. Түүнийг нь Төрхүү өөрөө мэдэж байдаг боловч тоож эс үзнэ. Энэ хүн ажил л бүтэж байвал бусад нь яамай гэж үздэг ажээ.
Сүгсээ далдуур Цэ, Дү хоёртой нэг амь, санаатай болсон. Энэ гурав нэг үдийн завсарлагаагаар хар цай буцалган ууж, талх, мантуу идэж суугаад өөрсдийнхөө хүслийг тодорхойлсон эрмэлзэл маягийн юмаа хэлэлцэж тогтсон байна. Тэр нь уг чанар дээрээ тэдний мөрдөх үндсэн хөтөлбөр нь байв. Мэдээж, үүнийг Ван овогт Сүгсээ санаачлан гаргаж, гурван биеэрээ хэлэлцэхэд хүрчээ. Түүнд тодорхойлсон нь: өөрсдөө хэний ч дор орохгүй амьдарч байхын тулд мөнгө арвин олохыг зорих. Үүний тулд эрээлхэж, цээрлэх зүйлгүйгээр зүтгэх. Монголчуудыг энэрэн үзэх, өрөвдөх, нэрэлхэх, цэрвэж бие зайлах зэргийг гаргалгүй ажиллах. Монгол Улсын ирээдүйн хөгжил, нэр төрийг бодно гэж маяглахгүй, зөвхөн амь амьдралаа л хичээх. Улс орон, нийгмийн ашиг тусын төлөө гэдэг үзлийн гадна явж байх. Өөрсдийн үр хүүхэддээ “Чиний судсаар хятад хүний цус гүйж байгаа” гэдгийг янз бүрийн үгээр хэлж ойлгуулах, тэгэхдээ чиний ирээдүйн түших газар чинь өмнө зүг гэдэг ухаарлыг сэтгэл санаанд нь шингээж өгөх. Юм нарийн учиртай байдаг. Байдал яаж ч хувиран эргэж болдог. Тийм чухал цаг тулгаран ирвэл хэний тулд тус хийхийг зорин зүтгэхээ сайтар тунгаан бодож хөдлөхөд бэлэн байх. Өөр нэг зүйл дээр тэд санаа тохирч нийлсэн нь юу вэ гэвэл, нэг цусны бид хоорондоо эв эвдрэлцэхгүй, хатуу нэгдсэн санаатай, түүнийгээ чанд сахиж байх явдал гэж тохиролцсон байна. Ийм зүйлийг хэлэлцэхэд хүрэхээс өмнө Сүгсээ хамт нэг баг болон ажиллаж байгаа хүмүүсээ далдуур ажиглан, сорилт хийж үзээд, Цэ, Дү хоёрыг гарцаагүй нэг цусны хүмүүс гэж баттай мэдэж аваад, тэдэнтэй янз бүрээр харилцан шалгаруулж мэдсэний эцэст нь сая зохих санаа бодлоо тэдэнд хэлэхэд хүрчээ.
Бид нэгэнт зорьж байгаа зүйлийнхээ нууцыг машид хатуу чанга сахин хадгалах ёстой. Энэ нууцаа хадгална гэдэг бидний амь настай тэнцэлдэх том хэрэг гэж Сүгсээ хэлээд, өөрийн Ван Шисангаас дуулж мэдсэн нэг зүйлийг хятад хүн ямар их лут тэсвэр хатуужил гарган, амин нууцаа сахиж байдгийг үлгэр болгон ярилаа. Энэ бол тэдэнд дуурайх загвар болох ёстой гэнэ.
Тухайлбал, 1919, 1920 онд Ар Монголыг цэргийн дайралтаар эзлэн авч захирч байсан цэргийн ерөнхий захирагч, генерал Сюй Шужаныг дуудагдан Бээжинд явсны дараагаар тэр булаан эзлэгч цэргийг Го Сунлин генерал харчин Самбуугийн хамтаар захирч, Их хүрээ болон Монгол орны төв хэсгийг хамгийн хэрцгийгээр харгислан дарлаж байсныг монгол, тэр үед энд байсан хятад хүмүүс гүйцэд мэдэх билээ. Хятад цэрэг Оросын Унгернд захирагдаж байсан цэрэг, эх нутгаа өмгөөлөн боссон монгол цэрэгт бут цохигдон Хүрээнээс Хиагтын зүг сандран зугтаасан байна. Энэ тулалдаанд Го Сунлин морь унаж цэргээ захиран тулалдаад ялагдалд орж, умард зүг сандран зугтаасан. Түүний хойноос хэсэг орос, монгол цэрэг хөөж нэлээд ширүүн буудалцсан байна. Тэр буудалцаанаар Го жанжин өрөөсөн гуяа буудуулан, дунд чөмгөө тас цохиулжээ. Тэрээр зориг гарган нэлээд явж байгаад Хараа голын савд орж ирэхдээ олсон шархаа дааж явах тэнхээ нь алдарч, аргагүй хээрийн замд мориноосоо унан явгарч, бүх цэргээсээ хагацан, орь ганцаараа шаргал өвсөн дунд хавтгайгаараа хэвтэн хоцорчээ. Го генерал цэрэг хүний тэсвэрийг сахин цэвдэг газраас гуяа чирээд мөлхөн нэлээд явсны эцэст сохор азаар өдөр нь харсан их голын дэнж дээр байгаа, хятад байдалтай ганц модон байшинд шөнө ирж, арай ядан тэр айлын үүдийг балбажээ. Байшин дотроос идэрхэн насны нэг хятад хүн гүйн гарч ирж учрахад, Го арай ядан өөрийгөө танилцуулж:
Маш түргэнээр намайг гэртээ оруулан сувил! Их улсын тусад тэмцэлдээд би шарх оллоо. Чи Хятад улсын нэрийг бодож, намайг тэнхрүүл гэж гуйх, тушаах хоёрыг хослуулан хэлжээ. Энэ бол үнэн түүх билээ.
Жижиг модон байшингаа тойруулан газар хагалж амиа тэжээж болох хэмжээний тариа, ногоо тарьсан тэр айлын эзэн Хан Ший (монголчууд Хөх наймаа гэдэг) Го-г эхнэр болгон суусан Дэжидтэйгээ дамжлан өргөж байшингийнхаа мухрын нэг жижиг тасалгаанд оруулан асарч эхэлсэн байна. Генералын бие тун тааруухан, шаналгаа ихтэй, бие нь зовж байгаа нь илт байжээ. Гэлээ ч Го нэг ч удаа ёо гэж дуугарсангүй шүд зуун хэвтэнэ. Хөх наймаа генералын тушааж хэлсэн ёсоор ирсэний нь маргаашнаас эхлэн хүний биедээ олсон шарханд юу сайн байдгийг сураглан гадуур явж, баавгайн тос, булгана эм гэдэг ургамал, алтан гагнуур зэргийг олж ирж өвчтөндөө буцалгаж өгөв. Тэр хүнд шарх санасан ёсоор тийм ч амархан яаж эдгэрэх вэ?
Хөх наймаа генералын тушаалаар Их хүрээ рүү муу илжигээ тогшилж унаад шооргонуулан шогшиж, хонуут өнжүүдээр яваад Есөн гудамжинд суудаг чулуун эдлэлийн пүүсний их данжаад Ван Луйчанд хэл хүргэн “Намайг ядраад үхлүүт хэвтэж байна” гэж хэлээд яс, махны шарх түргэн эдгээдэг эм түүгээр яаралтай олуулж ир гэсэн ёсоор уг хэргийг хөөцөлдсөн байна. Данжаад Хөх наймааны үгийг сонсмогцоо яаруу сандруу хөдлөн, биеэ нууж гүйсээр, архиар даруулж уудаг “Чилийсэн”, “Палийсан” гэдэг хоёр эм олж өгч, даруулж балгах нэг вааран сав архины хамт Хөхөд ганзгануулан буцаажээ.
Зараалын хятад Унгерний цэргээс нуугдан шөнөжин илжгээ сайварлуулан явсаар Хараад хүрч ирж, эмээ генералд өглөө гэнэ. Монгол, хятад тэр эмнүүдийн аль нь ч Го-д тус болсонгүй, учир нь түүний олсон шарх дэндүү их, чөмөгний яс хугарч бяцарсан учраас яаж ч оролдоод болохгүй болжээ. Го өөрөө монгол бариач залж ирж бариулахыг зөвшөөрсөнгүй. Ингээд тэрээр мөнхийн хэвтэрт оржээ. Го Хөх наймааг сүрдүүлэн, аргадан, Их хүрээнээс дээрэм хийж олоод биедээ нууж явсан алтнаасаа жаахныг өгч аргадан гуйж элдэвлэсээр түүнийг зарцалж, Хиагтад бут ниргүүлээд зугтаан яваа хятад гамин цэргийг угтуулан уулзуулж тусламж эрсэн. Тэгэхэд нь түүнийг зугтагчид тоож үзсэнгүйгээр барахгүй генералын зараалын наймааг ад үзэн алах дөхсөн явдал гарчээ. Бас Хүрээн дэх чулуун эдлэлийн пүүсний данжаад руу Хөх наймааг дахин зарж Бээжинд хүргүүлэх гэж оролдсон боловч тэр бүхэн нь талаар өнгөрсөн байна.
Го жанжин Хараа голын эрэг дээр тэр шавар нүх адил байшинд биеэ тас нуун, Хятад улсын зүгээс ямар нэгэн тус авах хүчин энд заавал ирэх ёстой гэж итгэсээр 40 шахам жил тийм хүчийг хүлээн хэвтсэн байна. Тэрээр дулааны улирлын цагт шөнө дунд өнгөрөх үед гар модон жижиг тэргэн дээр тавиулан түрүүлж их голын эрэг дээр очоод, одод унасан усны урсгал харан хэдэн агшин байдгаас өөр шингэн агаар амьсгалахгүйгээр хэвтэж биеэ нууж чадаж байсан. Өрөөсөн хөл нь махны бариа болж дунд чөмөгнийхөө тэхий дундуур тасран унаж байхад ч ёо гэж хэлээгүй. “Би Дундад иргэн улсын төлөө ингэж зовж байна” гэхээс өөр үг дуугарсангүй. Бас ганц удаа ч гэсэн орилох гаслах дуу гаргасангүй ажээ.
Тэрээр Хөх наймааны авгай, өөрийг нь сувилж буй Дэжид хүүхнээс хүртэл сэжиглэн түүнийг дэргэдээсээ зайлуулахыг үргэлж шаардах зэргээр биеэ туйлаар чандлан нууж байгаад Монгол газар 42 дахь жилдээ нуугдан хэвтэж 70 их гаруй наслаад эцэст нь бургас нахиалах үеэр Хөх наймааны илжиг тэргэн дээр хэвтэж Хүрэн толгойн өврийн оршуулгын газарт ямар ч хүндлэл үзэлгүй хүргэгдэж, газрын хөрсөн доогуур орсон байна. Түүний генерал гэж таних тэмдэг тахир сэлмийг авсан дотор нь хийжээ.
Хөх наймаа генералыг байдаг чадлаараа нуун далдалж байсан боловч Монголын далдын туршуул түүнийг аль эрт мэдээд, яахыг нь ажиглан харж байсан нь сонирхолтой билээ. Го жанжин чухам яаж Монгол газарт ирж, энд юу эзэгнэн байсныг нь тодорхой мэдье гэвэл зохиогчийн бичсэн “Сөнөх үйлтэн” гэдэг туужаас үзээрэй. Тэр тууж 1987 онд хэвлэгдсэн “Гурван тууж” гэдэг номонд байгаа болно. Хөх наймааг ч Аюулаас хамгаалах байгууллага мэдэж, тэр этгээд чухам юу хүлээж байгааг нь ажиж байжээ.
Ван овогт, түүний дэргэд байгаа хүмүүс тэр Го жанжин асныг бараг шүтээнээ болгож, тийм тэсвэр хатуужлыг бид туулан их улсын төлөө зүтгэх ёстой хэмээн андгайлан үзэж байгаа аж. Тэд барилга засварынхаа ажлыг хийж байлаа. Сүгсээ, Цэ, Дү нар өөр бусад хүний дэргэд хоорондоо ганц ч үгийн солио хийдэггүй, хэрэлдсэн юм шиг дуугаа хурааж байдаг. Тэд нэг удаа айлын сууцны засварын ажлыг яаж хийвэл зохистой вэ гэж ярилцсан байна. Тэгэхэд нь Сүгсээ олон юм ярьсангүй шуудханаар:
Сайн хийх хэрэгтэй. Тэгэхдээ Бээжин маягаар хэн ч харсан гологдохгүй, харин нүд булаахуйц өнгөлөг хийх ёстой. Дараа нь бид дахин засварлаж мөнгө авах учрыг бодож хийвэл зохино гэж хариу өгчээ.
Энэ чинь чухам яаж хий гэсэн үг вэ? Тодорхой хэлээч!
Үүнийг чи ойлгохгүй байгаа бол чи өөрийгөө илжиг толгойтой байна гэж бод. Жишээ нь, шавар нь унасан газарт нөхөөс тавьж наахдаа дор нь ус түрхэн гүйцэд наалдахгүйгээр хийвэл тэр чинь төдий л удалгүй ховхрон унаж, дахин засвар хийхээс өөр аргагүй болно. Ойлгов уу? Илжиг толгойт оо! хэмээн наргиан үүсгэсэн байна. Тэр нь наргиан биш, дадлага олгож байгаа хичээл болж байв.
Засварчид Улаанбаатарын дөчин мянгатад нэг байшингийн бүх айлд засвар хийж эхэлсэн байна. Эдэлгээ муутай байсан учир тэр сууцыг засахад нэлээд ярвигтай байлаа. Хэн нь ч тийм, ийм гэж үг хэлсэнгүй Төрхүү ахлагчийнхаа заасан ёсоор бусад нь ажилдаа оржээ. Сүгсээ Цэ, Дү хоёрт “Энэ байранд нэлээд дээд тушаалын дарга нар суудаг бололтой, эндээс гэрийнхээ хогшил юмыг нь гоё хар машинаар зөөж үзэгдсэн. Авгай нар нь их дэгжин юм билээ. Тэд манай эмсүүд мөн үү, биш үү, сайн ажаарай. Гэртээ хаяад нүүсэн новшин дотор нь захидал, тэмдэглэл маягийн юм байвал түүнийг аваад надад өгөөрэй” гэж аминчлан захисан байна. Тэд ингэж ажиллаж байлаа.
Нэг өдөр Сүгсээг шатаар бууж явахад нь хувин дүүрэн нойтон шавар бариад дээшээ авирч яваа Дү түр саатан зогсоод халааснаасаа уранхай дугтуйтай захидал маягийн хоёр юм өгчээ. Сүгсээ орой гэртээ хариад тэр зүйлийг нь дэлгэн үзэж гэргий болгосон Пунсалаар уншуулж сонсвол нэг нь хоёр хүний ердийн харилцааны амар мэндээ эрсэн захиа байв. Нөгөө нь яахын аргагүй олз байлаа. Юу вэ гэвэл, Ховдод ажиллаж байгаа Га гэдэг хүнээс бичсэн энэ захидалд манай аймгийн олонх албаны хүмүүс Да даргад их сайн сэтгэлтэй, Цэ дарга тун тааруухан байдалтай болсон. Энд ажиллаж байгаа оросуудыг дээрэлхүү зан гаргадаг гэж үздэг. Тэгээд энэ байдал цаашдаа даамжирч магадгүй янзтай гэж бичсэн зүйл байв. Үүнийг Ван овогт сонсоод “Монгол дарга нар хоорондоо зөрчилтэй, зарим аймгийн албаны хүмүүс Орост дургүй юм шив. Би мэдлээ. Энэ мэдээг Бээжинд өгөхөд тэнд байгаа миний дансанд овоо хэдэн юань орох биз” хэмээн бодсон байна.
Уг захиаг уншиж өгсөн “Сэвэгнүүр” Пунсал хөгжилтэйгээр инээн:
Чи ийм захиа юм уу, навсархай бичгийг юунд нь сонирхоо вэ хэмээн асуухад нь Сүгсээ хэнэггүй царай гарган зөрүү харсхийгээд:
Бидний хийж байгаа засварыг хүмүүс муу хэлж бичсэн юм байж магад гэж би бодсон. Үгүй шүү юм шив. Яамай даа гэж дүйвүүлэн өнгөрөөлөө. Пунсал энэ эрийг өөр бусад эмстэй хэлхээ тогтоож магадгүй гэж хардан байдаг учир жирэмсэн болсон гэдсээ эр нөхөртөө ойртуулан өгч:
Чи үнс! Чиний үр миний хэвлийд бойжин ийм том болоод байна. Удахгүй чамайг хуулсан нэг горзгор хятад надаас гараад ирнэ. Тэр цагт чи намайг ноолон яарч хатгаад байж болохгүй шүү гэж марзганан хэлж эрхлэв.
Ай, миний хүүхэд энэ лавтай мөн болов уу, ямар байгаа бол?
Хүүш! Өөр хэний хүүхэд миний гэдсэнд байх юм бэ?
Ай, түлхүүр шаржигнуулсан нэгэн нярав эр чамайг цаанаа нэг учиртай нүдээр харж инээгээд чамд ааруул өгөөд явдаг шүү дээ. Түүний хүүхэд биш юм уу?
Дүгэр нярав уу? Байг хөөрхийг. Тэр чинь сайн хүн шүү. Намайг ханиа болооч гэж гуйдаг байсан юм. Чи л түүнд саад хийсэн гэсэн яриа гэрт наргиантай хөөрөө болж өнгөрөв. Иймэрхүү яриа өөрийнхөө далд санааг бүрхэгдүүлэн алга болгох гэсэн Сүгсээгийн бодлоос үүдэгдэн гарч ирдэг билээ.
Ван овогт хүн гэртээ тогтож суух нь ховор, цаг үргэлжид Пунсалд барилгын хэрэглэгдэхүүн олно гэж худал хэлж орхиод, ажлын бус цагаар гадуур гүйнэ. Түүнд явахгүй газар байхгүй. Тэрээр битүүдээ ах дүү болох хүмүүсээ хайна. Өөр хэрүүл цуухиан болж байгаа газар, сайд дарга нарын суудаг байрны хавь орчин, “садан төрлийн” царайтай хүмүүс хаа байдаг, тэд юу хийдэг, урьд цагт Их хүрээнд сууж худалдаа арилжаа, тариа ногооны ажил хийж байсан, ус зөөгч, ярганы мах худалдагч байсан зэрэг хүмүүс өдгөө үеэ өнгөрөөгөөд, зузаан хөвөнтэй өмд зуны халуунд өмсөн, захыг нь цагаан даавуугаар ороож бүслээд монголчуудаас “өмд баатар” цол авчихсан хэдэн луухаанууд цугларан дэмий ярьж байдаг хуучин Өргөн чөлөөний талбай байсан газар, Долоон буудлын зарим гудамж, Амгалан гацааны өмнөд талбар зэрэг газраар явж, хот орны байдал, хүмүүсийн хөдөлгөөн, эрлийз дэгжин бүсгүйчүүдийг харан олз хайж явдаг. Түүнд бас болзсон газраа нууцаар уулзан далд үгээр хэдэн үгний солио хийгээд өнгөрдөг хүмүүс бий болжээ. Сайхи хүн ийм байдлаар зонхилох цагийг өнгөрүүлж яваа билээ. Хоног өнгөрөх тутам түүнд явах газар, учирч уулзах хүмүүс улам нэмэгдсээр байгааг хэлэх юун.
Ван овогтын энэ байдал манай албаны хүмүүсийн хараанд өртөлгүй өнгөрсөнгүй. Тэр этгээдийг нэлээд хэдэн жилийн өмнө Улаанбаатарт анхлан ирсэн цагаас нь ажиж мэдсэн, түүнийг юу гэж шалтаг заан нутаг буцалгүй энд үлдсэн, Модны үйлдвэрээс яаж гарсан, Пунсал бүсгүйтэй ямар байдлаар дэр нийлүүлсэн, зэргийг ажиглан, байдлыг нь битүүдээ мэдэж байгаа хүн Монгол Улсын хууль сахиулах байгууллагад байгаа билээ. Аргай хочит Шархүү ч түүнтэй хаа сайгүй дайралддаг учир “Энэ юу хийгээд ингэж газар сайгүй явж байдаг хүн юм бол?” гэж нэлээд түрүүнээс далдуур сонирхон ажих болсон байлаа.
Тэр байдлыг Сүгсээ нарийн мэдээгүй яваа боловч “Монголчууд харахад ноомой, залхуу хоёр нь дэндсэн мэт хонин царай гаргаад, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй байдаг ч гэсэн намайг эд мэдэж байгаа, ажиж байгаа биз” хэмээн бодон дэргэдээ байгаа Цэ, Дү хоёроос бусдыг “Намайг тагнан, юу ярьж, яаж байгааг эд нар алхам бүрийд ажин туршиж байгаа нь лавтай. Би яаж гишгэн явбал зохих вэ?” хэмээн бодсоор яваа аж. Ингэж бай гэж ч түүний нэг санаатангууд нь захиж хэлсээр байгаа нь нууц биш билээ.
Шинэхэн цаг, шинэ танил
Цаг хугацаа тэнгэрт од харваж байгаа юм шиг л өнгөрөх нь сонин. Хүн өнгөрүүлсэн цагаа эргэн харахад заримдаа инээд хүрэм зүйл бодогддог. Заримдаа сэтгэл түгшээх нь байдаг. Шархүүгийн хувьд өгөөмөр зун цагийн намираа бороонд найгаж ганхаж явсаар залуу насыг эдэлж байгаа мэт байв. Энэ хугацаанд Шархүүгийн амьдралд олон шинэ зүйл дайралдан түүний ихэнх нь биед эдлэгдсэн байна. Шархүү албан газрынхаа халамжаар хоёр тасалгаа бүхий байранд орж, царс модон шүүгээ саваар гэр орноо төхөөрөмжлөн тохижиж эхэлсэн байна. Эднийх гэртээ өнөр олуулаа бужигнаж байх болов. Цэрмааг ирснээс хойш Шархүү гэр цэвэрлэх, хоол хийх ажлаас чөлөөлөгдөн, өглөөд цайтай цайгүй ажил руугаа сандран гүйдэг нь хууч яриа болж, гэрийн эзний ёсоор маадайж суух болсон аж.
Цэрмаа Шархүүгийн ажлын онцлог байдлыг аяндаа таньж мэдээд, түүнд овойж товойсон тус нэмэр болохгүй ч гэсэн дараа болохгүй байхыг чармайдаг нь юутай ч зүйрлэшгүй том хувь нэмэр байлаа. Эдний гэрт Алтансүх, Гансүх гэдэг хоёр хүүхэд ноцолдон, хөгжөөнтөй шулганаж зугаа гаргах нь гайхаж баршгүй сонин байв. Шархүү энэ хоёр нялхдаа амь тавин асралцах гэж аахилж байдаг нь Цэрмаад эрхэм дээд хэрэг гэж санагдана. Цэрмаагийн эцэг Тамжид нас өндөр болж байгаа ч гэсэн цаг үргэлжид ямар нэгэн юм хийж, гэр орноо өөд татах, хоол хүнсний зүйл бэлтгэх гээд л зогсолтгүй хөдөлж байдаг. Өвгөн Тамжидын дэргэд байхад Хан уулын нарлаг өврийг түшээд сууж байгаа юм шиг Шархүүд бодогдож байлаа. Энэ нь Цэрмаад дурласан хайр сэтгэлдээ хөтлөгдөөд тийм бодолтой байгаа биш, хадмын нь үнэнхүү байдал тийм сэтгэгдэл төрүүлэхээс аргагүй аж. Тамжид гуай ч төрүүлсэн охин, хүргэн хоёрын гэрийн мухар сахин суух биш, хотын нэг дунд сургуульд аж ахуй эрхэлсэн орлогч дарга болж, тэр сургуулийн хамаг хагархай цоорхойг бөглөх гэж сэтгэл тавин гүйж яваа нь ойр дотныхоо хүмүүст таашаагдаж байлаа. Байдал ийм болохоор гэр орон, үр хүүхдээ нүд цавчилгүй харж бөөцийлж байх том алба Цэрмаа хүүхний нуруун дээр тохогджээ.
Бас хүүгийн эцэг Төмөр, эх Должин нарын халамж туслалцааг үгүйсгэх аргагүй байлаа. Наад зах нь Төмөрийнх их хүүдээ сэрүүн улирал ирэхтэй зэрэг тарган үхрийн мах, хоёр хонины гулууз авчраад хаяж орхидог байлаа. Буянтай хүний тэр хишгийг өглөгийн эздийн буян гэж сүсэглэн хүртэхгүй яаж өнгөрөх билээ. Энэ буяны сэтгэлийг Тамжид гуай л дээдлэн номлож байв.
Алтансүх, Гансүх хоёрыг овоо торниод ирэхээр Шархүү дарга нарынхаа гаргасан хуваарь, төлөвлөгөөний дагуу мэргэжил дээшлүүлэхээр 3 сар, хагас жилийн хугацаагаар хил даван түр богино сургуульд хоёр ч удаа явжээ. Тэрээр Москвад суралцаж байхдаа Орос Зөвлөлтийн тагнуулууд Монгол оронд хэзээ, яаж ажиллаж, ямар тус хүргэн, яаж балаг тарьж байсныг судалж мэдэх санаа өвөрлөж байв. Тухайлбал, XX зууны эхэнд Халимаг гаралтай тэнүүлчин лам Дамбийжанцан (Монголчууд Жаа лам гэдэг) этгээд чухам юуг мэдэж авах, яаж түүнийг Хаант засгийнхаа газарт хүргэж байсан хэргийг мэдэх гэж битүү чармайжээ. Тэр этгээд Монгол оронд хоёр дахин шургалан ирж, өөрийгөө гаргууд их ид шидтэн болгож харуулан монголчуудын итгэлийг олж авах гэж элдэвлэж явсныг Шархүү хадам аав Тамжидаасаа дуулж мэдсэн зүйлийн мөрөөр жаахан сурвалжлага хийсэн боловч базаатай юм олж мэдсэнгүй. Дамбийжаа нь гайхалтай зальжин хүн байсан. Ганц жишээг хэлэхэд, Жаа лам анхлан Монголын баруун хойт хилээр орж ирэхдээ нэг том амтай замаг буу олж, түүнийгээ өлөн гэдсэнд хийсэн цусаар цэнэглэж үүрсээр яваад өвчний улмаас үхлүүт хэвтэж байгаа хүнтэй айлд ороод, тэр бие муутай хүнийг нь үзсэн дороо “Танайд том гай зовлон ирж шүглэсэн байна. Би тэр ороолонгий нь одоо дарж өгье” гээд тооноор нь буудсанд бууны нь амнаас цус садран гарсныг гэрийнхэнд нь үзүүлээд “Харж байна уу? Би ороолонг дарлаа” хэмээн дүвчигнэж хэлсэнд хүмүүс ихэд сүсэглэн, түүнийг өргөмжилж эхэлсэн гэдэг. Энэ мэт олон аргыг Дамбийжанцан хэрэглэн өөрийгөө “Жаа богд” хэмээн олонд цуурхуулж, шүтүүлэхэд хүргэжээ.
Шархүү энэ чиглэлээр Ховд хотод сууж байсан худалдаачин Бурдуков нь Хаант орос улс болон Зөвлөлт орос улсын аль алины далдын туршуул байж, Монголын байдлыг умард зүг нууцаар мэдээлж байсан, түүнээс өмнө Монголд аялаж байсан Н.М.Прежевальский, Ч.М.Майский, П.К.Козлов нар нь Оросын байгалийн нийгэмлэгийн нэрээр эрдэс шинжилгээний чанртай судалгаа хийж байснаасаа илүүтэйгээр манай орны байдлын талаар далдын туршуулын мэдээнүүдийг цуглуулан Засгийн газартаа өгч, үлэмж хэмжээний шагнал мөнгө авч байсан тухай судлах санаа гаргаж байжээ.
Зөвлөлт Орос нь Ардын хувьсгалын жилүүдэд ч Монгол оронд олон янзын тагнуул ирүүлэн үнэн худал янз бүрийн мэдээ цуглуулж, тэднийхээ өгсөн зүйлд цаад газар нь итгэн хандаж байжээ. Энэ тухай хоёрхон жишээг наад захын баримт болгон өгүүлэхэд:
Оросын алдартай тагнуулч Блюмкин 1922 онд Монголын нийслэлд ирж далдуур түйвэргэн Догсомын Бодоо нарын хүмүүсийг барьж авч цаазлах “үндсэн баримт”-ыг боловсруулан гаргаж байсан удаатай. И.Сталины дотны шадар корпусыг командлагч Фриновский Улаанбаатарт хүндэт зочноор ирж манай засгийн тэргүүнд танайхыг дотроос чинь хорлон сүйтгэх гэж асар том хуйвалдаан бэлтгэж байгаа хүмүүс энэ гэж тэр үед төр засгийн тэргүүн байсан шударга зүтгэлтэн, цэрэг армийн удирдах ажилтнууд даруй 113 хүний нэрсийг нууцаар Х.Чойбалсанд гардуулан өгч, тэднийг нэн түргэн далд оруулах ёстой хэмээн зөвлөн хэлээд буцсан байна. Үүнээс үүдэгдэн манай орон даяар их баривчилгаа эхлэж, хэдэн арван мянган шударга иргэд, улс орныхоо эрх ашгийг хамгаалан зүтгэж байсан хүмүүс наад цаадыг мэдэж боддог ухаан сэхээтэй хүмүүс бөөн бөөнөөрөө баривчлагдан хэлмэгдэж сүйджээ. Энэ бол Монгол улсад учирсан асар том гай зовлон байв. Үүний учрыг Шархүү ухааран түүний учрыг судлах гэж санаа тавин явжээ. Гэлээ ч социалист нийгмийн тогтолцооны үед Шархүү хичнээн сэтгэж оролдлоо ч гэсэн учир явдлыг үнэн зөв судлан гаргаж тавих боломж байхгүй нь мэдээжийн хэрэг байлаа.
Шархүү бас зүүн Германы нийслэл Берлинд дадлага хийхээр 3 сарын хугацаанд очихдоо 1930-аад оны үед Монголд ажиллаж байсан Германы тагнуул Альфред Штайн, түүний хамсаатан Оскар Фишер нар юу хийж яваад хаашаа алга болсныг судлах гэж санаа тавьж байв. Шархүү нь нийгмийн далд ажиллагааг ийм янзаар судлаж мэдэх гэж санаа тавьдаг сэхээтний нэг болж ирсэн нь гайхах зүйл биш байв.
Шархүү ил, далд элдэв ажлын үүрэг даалгавар авч ажиллахдаа нөгөө хүн чулууг Агьтын хөндийд суулгасан этгээдийг олох гэсэн санаа бодлоо үргэлжлүүлэн, тэр зүг анхаарал тавьж эрэл хийсээр билээ.
Энэ үед Улаанбаатарт хот тохижуулалтын ажилд үйлдвэр, албан газрын ажилчид, албан хаагчид өргөнөөр оролцон ажилладаг, бас САА-н тариа хураалтад олон хүн хотоос очиж хүчин туслан элбэлцдэг байв. Тэр нэг намар Шархүү Нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын хэсэг нөхдийн хамт Сэлэнгэ аймгийн Цагаан толгойн САА-н тариа хураалтад туслахаар томилогдон явж, Орхон голыг гатлан очлоо. Тэр хоёр машин дүүрэн хүмүүс уг аж ахуйн төвөөс баруун тийш орших Шувуутын хөндийн тариан тасагт очиж тэнд далайн давалгаа адил найгаж байгаа тариаг хураах гээд комбайн, машин даган явж шуудайлсан тариаг зөөх ажилд оролцов. Эднийх тариан талбайн захад байгаа хоёр майхантай өөр нэг байгууллагын хүмүүстэй айллан бууж билээ. Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг гэгчээр айл байгаа ШУА-ийн хэсэг ажилтантай ойртон, заримдаа тэдэнтэй уралдаж будаа хураана. Тэр академийн ажилтан дотор Гонгорын Сэрээнэндорж гэдэг идэрхэн насны туранхай шар нөхөр ааш зан сайтай, ажлын завсарлагаар Шархүүтэй уулзан ярилцаж байдаг болов. Нэг удаа Сэрээнэндорж шуудайтай тариа мөрлөн өргөж яваад тээглэж унан өвдгөө нэлээд том шалбалан гэмтээж орхиод тарианы шуудуунд ярвайгаад сууж байхад Шархүү дайралдан, түүний өвдгийг даавуугаар боож өгч, доголоод явж чадахгүй байхаар нь түшин авчирч майханд хүргэв. Үүнээс эхлэн Сэрээнэндорж, Шархүү хоёр нэлээд зузаан танил болжээ.
Сэрээнэндорж нь Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, хүмүүст мэдсэн дуулсанаа ярих дуртай, бусадтай аятай таалалтай харилцаж, байгаа юмаа дайралдсантайгаа хувааж идэж ууж явдаг, нэрэлхэх, эрээлхэхийг мэддэггүй, туйлын энгийн зантай эр ээ. Тэрээр хоёр хоног майхандаа хэвтэхэд орой бүр Шархүү “эргэн” очиж дэргэд нь жаахан сууж хүүрнэлдэнэ. Ингээд тэр хоёр нэлээд дотно болж элдвийг ярилцан, заримдаа хар цай, хатсан боорцог тавиад инээд наадам болон юм ярилцдаг болов. Шархүүтэй хамт яваа нөхөд нь Сэрээнэндоржийг “шар ах чинь” гэж нэрлэн саймширч байлаа. Ингээд тарианы ажил дуусаж тэд Улаанбаатарт буцахдаа хаяг солилцон, уулзаж ханьсаж байхаар ярилцсан байна. Хотод энэ хоёрын гэр хоорондоо нэлээд зайтай гэх үү, хотын хоёр талд байгаа боловч нэг нь нөгөөтэйгээ уулзаж байх сонирхолд хөтлөгдөн зай зав гарвал бие бие рүүгээ гүйдэг болж орхилоо. Шархүү Сэрээнэндоржийг эрдэмтэн Гонгор асны хүү, түүний өвийг залгамжилсан, эх орныхоо түүхийн өндөр мэдлэгтэй хүн гэж хүндлэн үзэх болсон байна.
Шархүү энэ найзаасаа Монгол улсын гадаад харилцаа, түүхийн бусад чухалчлах зүйлсийг асууж яриулан, өөрийн мэдлэгтээ тус авч байв. Энэ хоёрын үерхэл нь нэг хэсэгхэн үеийн түр зуурын сониуч явдал биш, цаашид удаан хугацаагаар үргэлжилжээ.
Шархүү өөрөө хариуцаж авсан хүн чулууг бий болгосон эзнийг олох ажлаа үргэлжлүүлэн зогсолтгүй эрэл хийсээр яваа билээ. Тэрээр Гандангийн дэнж, Толгойтын баруун, зүүн салаа, Амгалан гацаа, Улиастайн ам, Дамбадаржаа, Долоон буудал зэрэг газраар байн байн явж, чулуу модоор юм хийдэг айл, будагчин төмөрчний газар, айлуудаар орж ажиглалт хийж байв. Түүний энэ ажилд төгсгөл алга. Ийм хэргээр тэрээр Сонгинын мал эмнэлгийн үйлдвэрийн газар явж байтал нь Туул голын хөвөөнд ойролцоо ногооны жижиг талбайд хэсэгхэн төмс, байцаа тарьж ургуулсан, тэр ургац дунд нь нүд булаасан гоё улаан ягаан цэцэг содон харагдлаа. Ойртож очоод үзвэл тэр гэрийн буйрны дайтай газарт ургуулсан цэцэг нь нямбайлж зассан хар шорооноос эгц дээшээ ургаж, ид цэцэглэлтийнхээ үед айхавтар сүрхий тордлогонд байгаа бололтой аж. Түүнийг тойруулж хамгаалсан явган хашаа шүү юм нь хүн тоомгүй муусайн хаягдал мод, төмөр цуглуулж хийсэн нь харахад уг ургамалаа тийм ч сүрхий асран хадгалсан шинжгүй байв. Тэр ногоо, цэцгийг өмдөө чирсэн нэг хөгшин хужаа гафу бариад шороогий нь манаад тордож байгаа харагдана.
Шархүү ягаан цэцгийг харсан дороо шохоорхон саатаж зогсоод ажиглахад, түүнийг хотын гудамжинд мандал болгон таривал ямар гоё үзэмжтэй вэ гэсэн бодол төрлөө. Тэгээд уг цэцгийг тарьж ургуулан байгаа луухаантай нь уулзан хэдэн үгний солио хийхэд хүрэв. Шархүү тэр наймаатай уулзан:
Сайн байна уу гэж аялаг зангаар эхлээд асуулаа.
Сайн байна. Чамд юу хэрэгтэй вэ гэж луухаан уцаардуу хариу асуув.
Өвгөн гуай, та энэ гоё цэцгээр яадаг юм бэ?
Ай, би цэцгээр яах юм бэ? Хүүхэд сонирхоно оо.
Өвгөн гуай, танай энэ цэцгээр хотын гудамжийг гоёж болох уу?
Би яаж мэдэх вэ? Дарга нар мэднэ ва. Чи үүнээс авах гээ юу?
Авч болох уу, танай энэ цэцгийг?
Одоо авч болохгүй, нэг сарын дараа ургаж гүйцэхээр нь авав аа. Их үнэтэй шүү. Би чамд үүний үрийг нь өгч болно. Чи дараа ирээ гэсэн цөөн үгний яриа болж өнгөрөхөд Шархүү түүнийг бас өөр газарт тарьсан байхыг төлдөр үзсэнээ санан ”Энэ хаана байлаа?” гэж өөрөөсөө асуулаа.
Тийм энэ цэцэг Амгаланд бас нэг ногоочин айлын тарьсан ногоон дотор ургуулсан байсан. Тэдний хамгаалалтын хашаа нь яг эднийх шиг муусайн хаягдал мод төмөр, утас олсоор хэрсэн юм байсан. Би түүний эзэн бас нэг ногоочин хятадаас “Энэ цэцгийг хотын гудамжинд тарьж болох уу?” гэж асуухад тэр хятад өвгөн “Чи үүнийг тэнд тарьж яах нь вэ? Хүүхдүүд зулгааж аваад юу ч үлдээхгүй болно” гэж дургүйцах янз үзүүлж байсан. Энэ цэцэг нэг л учиртай болоод эд эрхэмлэж байна. Хоол сайхан амт оруулдаг юм болов уу? Гэртээ ургуулан сар шинээр сууцаа гоёдог юм уу хэмээн бодсоор, өөр эрэл хийж яваа зүйлдээ тус болох юм ололгүй гэртээ иржээ.
Тэр орой Шархүү жаахан чөлөөтэй гэртээ Алтансүх, Гансүх хоёртойгоо тоглоод сууж байтал нь шинэ танил Сэрээнэндорж гартаа нэг том ном барьсаар орж ирээд амар мэндийн солио хийн цай ууж яриа дэлгэв. Цэрмаа ч аялаг зангаар энэ эрдэмтэнд хандаж сургууль, хүмүүжлийн холбогдолтой зүйл асуун, энгийн найрсаг ярианд тэд умбаж эхлэх нь гэм биш зан гээч билээ. Шархүү үзсэн харснаа найздаа ярих далимаар Сонгинын булан хавьд харсан ягаан цэцгээ хэлж, түүнийг тордон ургуулж байгаа хужаа хүний тухай хэлэхдээ тэдний ажилч, юмыг уйгагүй оролдож хийснээ гүйцээдгийг өгүүлж байв.
Сэрээнэндорж гэрийн эзний үгийг чагнаж байснаа нэгийг санав бололтой, нүдээ том болгон нүүр өөд нь харж, долоовор хуруугаа гозойлгон:
Тэр чинь цаанаа нарийн учиртай юм байж магадгүй шүү. Тэр улаан цэцэг чинь хар тамхины ургамал байх аа. Манайхан мэдэхгүй, намуу цэцэг гэж нэрлэн, савангийн боолт, цаасан дээр зургийг нь тавиад уг чанартаа түүнийг сурталчилаад байгаа. Тэр л мөн байж таарах вий гэв.
Юу гэнэ вэ? Хар тамхийг тийм улаан цэцгээр хийдэг юм уу?
Тэр тамхи өөрөө яг цэцэг биш ээ. Түүний дунд нь нэг хар үр урган гарч ирдэг. Тэр үрийг нь аваад янз бүрийн найрлага хийн хүнд өгч хэрэглүүлэхээр эхлээд хамаг бие тавигдан хачин сайхан болдог. Дараа нь түүнийг хэрэглэхсэн гэж аяндаа бие махбод нь нэхэж шаардаад суулгахаа байдаг. Тэгэж тэр хүн хэдхэн хэрэглээд сүүлд нь тэргүйгээр бүр байж чадахаа байгаад, нүдээ ухаж өгөөд ч бол түүнийг худалдан авахад хүрч, бүр галзууруулдаг эд гэж байгаа юм даа. Энэ тухай би ааваасаа сонсож мэдсэн. Түүнийг Африкийн зарим орон, Өмнөд Америк, Хятад газар тарьж худалдаалан их хэмжээний мөнгө олдог. Хүнийг хордуулан үхүүлдэг гэдгийг ч өөрөө сайн мэдэж байгаа биз дээ, Шархүү?
Би тамхины хор уршгийг жаахан мэднэ. Түүнийг олонх улс оронд хэрэглэх, худалдаалахыг хориглон хууль гаргасныг бас мэднэ. Чухам тэр ямар янзын юм байдаг, хүн яаж хэрэглэдэгийг нь би мэдэхгүй шүү.
Ээ, чи дэлхийгээс хоцрогдсон амьтан байна гэж Сэрээнэндорж Шархүүг дооглон хар тамхийг яаж хэрэглэдэг, түүний гарал үүсэл, хор холбогдол, дэлхий нийт түүнийг яаж хориглож байгааг дэлгэрэнгүй ярьж өглөө.
Би чинь түүхч хүн. Уг нь хар тамхийг ургамлын мэргэжилтэн, эмч, химич хүмүүс илүү сайн мэдэж байгаа. Би чамд барууны орны хэвлэл дээрээс олж мэдсэнээ нэмж яръя гэж Сэрээнэндорж хэлээд өгүүлсэн нь сонин байв.
Хар тамхи бол 2000 гаруй жилийн өмнө анхлан нэг хятад эрдэмтэн ургамлаас гаргаж авсан. Тэгэхдээ хүний биеийн мэдрэлийг алдагдуулан эмчилгээ хийх зорилгоор гаргаж авсан байна. Сүүлд нь биед хүч оруулахад хэрэглэсэн гэнэ. Хубилай хаан Хятад орныг захирч байх үед үүнийг хятад хүмүүс орондоо хэрэглэж, эр эмийн явдлыг идэвхижүүлж байсан гэж эртний судлалын номонд дурьджээ. Дараа нь дэлхий нийтэд түгэж, түүний хортой талыг нийтээр судлаад “опиум” нэрээр тусгай бодис боловсруулан зөвхөн эмчилгээний зорилгоор Засгийн газруудын нарийн хяналт дор эмнэлэгт хэрэглэж байх болгоё гэсэн саналыг Адам Сертурнер гэдэг эрдэмтэн гаргажээ. Энэ эрдэмтэн 1783 онд Германд төрсөн. Бас түүнийг судлах ажилд эртний Грек ч оролцож, хүнд ашигтай, хэрэглэж болох эм гаргасан байна. Алкалойд гэдэг тэр эмийг эхлээд амьтан дээр туршиж опиумын нууцыг нээсэн. Грект хүнийг нойрсуулдаг Морфиус гэдэг бурхан эрт цагаас шүтэгдэж байсан, түүний нэрийг энд ашиглажээ. Морфиум гэдэг тэр нэр сунжран морфинум, морфин гэж янз бүрээр нэрлэж байсан удаа ч бий аж. Үүнийг хүний биеийн өвчин намдаахад гол зүйл болгон зөвхөн эмнэлгэд нэлээд өргөн хэрэглэсэн, одоо ч хэрэглэж байгаа гэнэ. Энэ бодисыг болон түүнийг судлан хэрэглэж ирсэн бүх түүхийн явцыг Английн эрдэмтэн Мартин Бууд гэдэг хүн одоо улам нарийсган судласаар, дэлхий нийтэд ач тустай тусгай ном бичихээр бэлтгэж байгаа юм байна гэсэн зүйлийг Сэрээнэндорж ярилаа. Үүнээс үүдэгдэн Шархүү Сонгинод болон Амгаланд хятад хүмүүсийн тарьж ургуулж байгаа тэр ягаан цэцгийг хятадууд чухам яаж ашиглахаар байгааг лавшруулан нарийвчлан судалж, асуудал боловсруулахаар шийдэн, түүнийгээ нэг бие даасан ажил болгон хийх хэргийг өөртөө үүрэг олгон авсан байна. Тэгэхдээ:
Энэ цэцгийг тарьж байгаа нь монгол хүнийг хорлох гэсэн санаагаар үйлдэж байгаа хэрэг мөн биз дээ гэж асуувал Сэрээнэндорж бодлогоширон байж, ширээн дээр Цэрмаагийн авчирч тавьсан аягатай цайг авч балган сууснаа анивчин байж:
Тэр чинь уг чанартаа тийм юм. Цаадуул чинь одоогоор бол мөнгө олох гэж бодож байгаа байх. Манай хотод байгаа зарим хятад хүмүүс, бас монгол хүмүүс ч бий, тэр хар тамхинд ороод түүнийг ёстой нүдээ ухаж өгөөд худалдан авна гэдэгт хүрсэн байгаа этгээдүүдэд өндөр үнээр өгөх гэж уг цэцгийг тарьж байгаагаас гадна өөр хүн олныг хорлон бүр том ашиг олно гэж бодоод зүтгэж байгаа нь лавтай. Тэр бол ямарч байсан дэлхий нийтийн болон манай улсын хууль, тогтсон журмыг зөрчиж байгаа хэрэг гарцаагүй мөн гэж тайлбарлах маягаар хэллээ.
Шархүү ч бодлого болон гайхширсан царай гарган сууснаа Сэрээнэндоржид хандан:
Тэр цэцгийг би нэгэнт хоёр ч газар тарьж байгааг нүдээрээ үзлээ. Тэгээд яах ёстой вэ гэж асуувал, найз нөхөр нь инээмэр аядаад:
Энэ бол чи асуух ёсгүй зүйл. Яагаад гэвэл чи тийм зохисгүй зүйлийг олж үзээд яах билээ гэдгээ өөрөө сайн мэдэж байгаа. Тэр л улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу чи ажиллах ёстой. Тийм биз дээ гэв.
Тэд бие биеэ харан хэсэг зуур суутал гаднаас Тамжид өвгөн орж ирлээ. Тэд бас урьд нь танил болсон байлаа. Цэрмаа тэдний өмнө уур савсуулсан тавагтай мах авчирч тавиад, том шаазан аягаар тасалсан гурилтай хоол ширээн дээр өрлөө. Тамжид Сэрээнэндорж хоёрын дунд өөр амьсгаатай яриа үүсэн, хэдүүлээ бужигнаж халуун хоол зооглоцгоож эхлэх нь тэр ээ. Алтансүх, Гансүх хоёр ч бас хоолны ширээнд ирж суув