“Ази тивийн хөгжлийн төлөө, бүтцийн өөрчлөлт, хариуцлага ба хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэхүү жилийн уулзалтад Хятад, Казахстан, Замби, Мексик, Мьянмар, Перу, Финланд улсын Ерөнхийлөгч, Брунейн, Султан, Алжирын парламентын дарга, Австрали, Камбож, Шинэ Зеландын Ерөнхий сайд, ОУВС-ийн захирал зэрэг өндөр албан тушаалтан, бизнес, эрдэмтэн судлаачдын төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэн гээд 2000 гаруй төлөөлөгчид хүрэлцэн иржээ. УИХ-ын даргын хамт УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга М.Батчимэг, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Дэмбэрэл, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нар тус чуулганд оролцож байгаа юм.
Боаогийн чуулга уулзалтыг санаачлагч анхны 26 орны нэг, манай улсын хувьд өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан уулзалтуудад төр, засгийн удирдлагууд тодорхой түвшинд оролцож ирсэн бөгөөд харин энэ удаа парламентын тэргүүн анх оролцож, улмаар үг хэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, Ази тивийн орнууд тогтвортой хөгжил, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгааг тэмдэглээд Монгол Улсын хувьд эдийн засгаа олон тулгууртай болгох нь гол зорилт болж буйтай холбогдуулан шинэ брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, дэд бүтэц болон аж үйлдвэрийн төслүүдэд хөрөнгө оруулах замаар уул уурхайгаас бусад салбарыг дэмжих бодлого хэрэгжүүлж буйг онцлов. Түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграци нээлттэй, шударга, бүх улсыг хамруулах байдлаар явагдах ёстой гэж Монгол Улс үздэгийг тэмдэглэж, манай улсын АПЕК, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад нэгдэн орох сонирхлыг бүс нутгийн орнууд дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” нь Ази тивийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлаар ярилцах, мэдээлэл солилцох чухал индэр болоод байна. Чуулга уулзалт нь бүс нутгийн эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлэх, Азийн орнуудын эдийн засгийн хөгжлийн бодлогыг уялдуулах, дэлхийн эдийн засаг дахь Азийн орнуудын байр суурийг бэхжүүлэх явдлыг гол зорилтоо болгодог аж.
Боаогийн энэ удаагийн уулзалт нь БНХАУ-ын шинэ удирдлага албан тушаалдаа орсны дараа буюу Си Зиньпиний БНХАУ-ын даргын хувиар оролцож буй анхны олон улсын арга хэмжээ гэдгээрээ онцлог, олон улсын төр, засгийн тэргүүнүүд ч өндөр ач холбогдол өгсөн уулзалт болж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.