logo
Монгол Улсын 2013 оны 3 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн дүн мэдээ гарчээ

Монгол Улсын 2013 оны 3 дугаар сарын төсвийн гүйцэтгэлийн дүн мэдээ гарчээ

2013/04/09
 Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны 3 дугаар сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 92.7 хувийн, нийт зарлага 58.6 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 83.6 тэрбум төгрөгийн ашигтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 634.0 тэрбум төгрөгөөр их байна. Нэгдсэн төсвийн орлого, зарлагын байдлыг авч үзвэл:
А. Нэгдсэн төсвийн орлогын бүрдүүлэлт:
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2013 оны 3 дугаар сарын гүйцэтгэлээр 1,103.4 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 7.3 хувиар буюу 87.0 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар буюу 54.4 тэрбум төгрөгөөр илүү байна.

Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг орлогын төрлөөр авч үзвэл:

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого татварын орлогоор 89.1 хувь, татварын бус орлогоор 10.9 хувь тус тус бүрдсэн үзүүлэлттэй байна. Эхний 3 сарын байдлаар Тогтворжуулалтын санд 14.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс төвлөрүүлээд байна.

Нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөө, гүйцэтгэлийг төсвийн бүрэлдэхүүнээр харуулбал:

•    Улсын төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 773.0 тэрбум төгрөгт хүрч 12.6 хувиар буюу 111.1 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 47.6 тэрбум, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 10.3 тэрбум, импортын барааны гаалийн албан татварын орлого 26.4 тэрбум, төсөвт байгууллагуудын өөрийн орлого 20.5 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс дутуу төвлөрсөн байна. НӨАТ-ын буцаан олголтоор 14.7 тэрбум төгрөг олгосон байна.
•    Орон нутгийн төсвийн орлого 414.0 тэрбум төгрөгт хүрч, 0.6 хувиар буюу 2.4 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс бага байна. Орон нутгийн төсвийн орлогын бүрдүүлэлтийг зарим аймгуудаар дэлгэрүүлбэл, Нийслэлийн  цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татварын орлого 3.7 тэрбум, үйл ажиллагааны орлогын татварын орлого 0.6 тэрбум, бусад хувь хүний орлогын албан татварын орлого 2.2 тэрбум, хүү торгуулийн орлого 0.6 тэрбум, татварын бус бусад нэр заагаагүй орлого 0.3 тэрбум төгрөгөөр илүү төвлөрсөн нь нийслэлийн нийт орлого төлөвлөгөөнөөс 0.5 тэрбум төгрөгөөр давж биелэхэд нөлөөлсөн байна. Орхон аймгийн цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын татварын орлого 3.1 тэрбум,  үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлого 0.5 тэрбум төгрөгөөр тус тус давж орлого 3.7 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс илүү биелсэн байна. Өмнөговь аймгийн ус рашааны нөөц ашигласаны төлбөр орлого 5.7 тэрбум, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр 0.5 тэрбум төгрөгөөр тус тус дутсан нь тус аймгийн орлого 5.0 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд нөлөөлсөн байна.
•    Хүний хөгжлийн санд 47.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 18.7 хувиар буюу 11.0 тэрбум төгрөгөөр бага байна. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр орлого 8.0 тэрбум, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр орлого 3.0 тэрбум төгрөгөөр тус тус дутуу биелсэнтэй холбоотой байна.
•    Нийгмийн даатгалын сангийн орлого 311.9 тэрбум төгрөгт хүрч, 8.2 хувиар буюу 27.7 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөнөөс дутуу төвлөрсөн байна. Тус санд улсын төсвөөс 103.1 тэрбум төгрөгийн татаасыг олгоод байна.

Б. Нэгдсэн төсвийн зарлага, санхүүжилт:

    Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2013 оны 3 дугаар сарын байдлаар 1,740.8 тэрбум төгрөгөөр төлөвлөгдсөнөөс 1,019.7 тэрбум төгрөгийн буюу 58.6 хувийн, улсын төсвийн зарлага 1,532.5 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 827.8 тэрбум төгрөгийн буюу 54.0 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.

•    Улсын төсвийн халамжийн сангаас алдар цолтой ахмад дайчдын тэтгэмжид 1.6 тэрбум, алдарт эхийн одонтой эхчүүдэд 29.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон байна. Хотын нийтийн тээврийн татаас  14.9 тэрбум, эрчим хүч, дулааны алдагдлын татаас 6.8 тэрбум, улаан буудайн татаас 12.8 тэрбум,  засгийн газрын нөөц хөрөнгийн зардал 1.5 тэрбум, их дээд сургууль коллежийн оюутны тэтгэлэг 31.2 тэрбум, хөрөнгийн зардал 28.5 тэрбум төгрөгийн тус тус гүйцэтгэлтэй байна. Улсын төсвөөс 44.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 215.4 тэрбум төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг, 22.9 тэрбум төгрөгийн ОН-ийн хөгжлийн сангийн шилжүүлгийг  тус тус орон нутагт олгоод байна.
•    Орон нутгийн төсвийн зарлага 309.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгдсөн нийт зардал 77.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
•    Хүний хөгжлийн сангаас хүүхдэд олгож байгаа мөнгөний санхүүжилтээр 52.7 тэрбум төгрөгийг олгосон байна.
•    Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 105.4 хувийн буюу 270.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

Нэгдсэн төсвийн зарлагын төлөвлөгөө, гүйцэтгэл
:

Эргэж төлөгдөх цэвэр зээл  :

Улсын төсвөөс 0.7 тэрбум төгрөгийн зээлийг олгож, 4.4 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг барагдуулсан байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эхний сарын байдлаар Дорноговь аймгийн дулаан хангамжыг сайжруулах болон нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд зориулж 0.7 тэрбум  төгрөгийн зээлийг олгосон байна. Гадаадын зээлээс  дамжуулан зээлдүүлсэн зээлийн эргэн төлөлтөөр 4.7 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Төсвийн тэнцэл:
Тайлант хугацаанд гадаад зээлийн үндсэн төлбөрт 16.9 тэрбум, дотоод зээлийн үндсэн төлбөрт 1.7 тэрбум, Засгийн газрын богино хугацаат бондын үндсэн төлбөрт 246.1 тэрбум төгрөгийг тус тус төлж, 2.5 тэрбум төгрөгийн гадаад төслийн зээл авч, 455.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацаат бондыг арилжаалсан гүйцэтгэлтэй байна. Тайлант үед Монгол Улсын нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 116.3 тэрбум, нийт тэнцэл 83.6 тэрбум төгрөгийн тус тус ашигтай, улсын төсвийн урсгал тэнцэл 55.2 тэрбум, нийт тэнцэл 54.9 тэрбум төгрөгийн тус тус алдагдалтай гарлаа.

Жич: Мөн Монгол улсын нэгдсэн төсвийн 2013 оны 1 дүгээр улиралын гүйцэтгэлийн дүн мэдээ гарсан байна.
Эндээс татаж авна уу: ФАЙЛ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш