logo
Стокгольмын конвенцийн тухай сургалт боллоо

Стокгольмын конвенцийн тухай сургалт боллоо

2013/04/09

Удаан задардаг органик бохирдуулагчийн үйлдвэрлэлийг хязгаарлах, байгаль орчинд хор нөлөөгүй болгон боловсруулах, улмаар устгах тухай Стокольмын конвенцийн хэрэгжилтийн хүрээнд эрчим хүчний салбарт хийх ажлын тухай сургалт, семинар 2013 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр боллоо. Стокольмын конвенци нь 2001 онд батлагдаж, 2004 онд хүчин төгөлдөр болсон бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 165 орон нэгдэн орж, 152 орон гарын үсэг зураад байна.

Удаан задардаг органик бохирдуулагч химийн бодис нь тосонд уусамтгай учраас химийн болон биологийн задрал удаан явагддаг, хүн ба амьд организмд онцгой хортой учраас дэлхий дахинаараа үүнээс татгалзаж байна. Эрчим хүчний салбарын хувьд трансформатор, тосон таслуур, конденсатор зэрэг цахилгаан техник хэрэгсэлд өргөн ашигладаг полихлорт бифенилийн /ПХБ/ төрлийн бодисууд нь энэ төрөлд хамаардаг хорт бодисууд юм. Анх 1929 онд үйлдвэрлэлд нэвтэрч 1995 оноос үйлдвэрлэлээс хасагдсан энэ бодис одоо хэр нь манай салбарт өргөн хэмжээгээр ашиглагдсаар байна. Манай улс Стокгольмын конвенцид нэгдэн орсон улсын хувьд хүлээсэн үүргээ биелүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилгоор полихлорт бифенилийн нөөц болон хаягдлыг байгаль орчинд халгүй аргаар цэвэрлэж, устгах шаардлагатай юм.

Энэ ажлыг хэрэгжүүлэх хамгийн эхний алхам бол  ПХБ-ийн тооллого хийж ПХБ агуулсан тоног төхөөрөмж, материалыг олж тогтоон мэдээллийн сан бий болгох ёстой. Ингэснээр ПХБ –ээр бохирдсон тос, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, устгах ажиллагааг явуулах үндэс суурь бүрдэнэ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Полихлорт бифенилийн бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журам”-ын тухай А-17/16 тушаалаар энэ бүх үйл ажиллагааг зохицуулж байна.

Өнөөдрийн байдлаар салбарын хэмжээнд 2400 орчим тоноглолоос дээж авахад 6500 орчим кг тос хэрэглэж байна гэсэн дүн гарчээ. Үүнээс зөвшөөрөгдөх хэмжээнээс /50ppm-ээс/ дээш бохирдолтой 224 тоног төхөөрөмжинд 250 орчим кг тос байгаа нь тогтоогджээ. Эдгээр тоног төхөөрөмжийг байгаль орчинд ээлтэй аргаар цэвэрлэх технологийг “Монгол Улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхи бий болгох төсөл”-ийн хүрээнд  “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-д цэвэрлэж эхлээд байна. Төсөл хэрэгжиж дуусахаас өмнө эрчим хүчний үйлдвэр, компаниуд бохирдсон тоног төхөөрөмжөө “Битүү хэлхээт үргэлжилсэн системээр ПХБ-ийг цэвэрлэх” машинд  яаралтай оруулах шаардлагатай байгаа юм. Иймд “Үндэсний цахилгаан дамжуулах сүлжээ” ХК, “Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ” ХК-ны удирдлага, инженер, техникийн ажилтнуудын дунд сургалт зохион байгууллаа.

Сургалтад оролцогчид тоног төхөөрөмжийг ПХБ-ээс цэвэрлэх нэг хэрэг, хамгийн гол нь үүнтэй ойр ажилладаг инженер, техникийн ажилтнууддаа ПХБ-ээс хордохоос урьдчилан сэргийлэх талын мэдлэг мэдээлэл өгч, тэднийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж, нэгэнт хордсон хүмүүст үзүүлэх нийгмийн халамж, тусламж дэмжлэгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх талаар цогт асуудал боловсруулж, шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналыг хэлж байлаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш