logo
Ч.Бат-Эрдэнэ: Би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон

Ч.Бат-Эрдэнэ: Би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон

2013/04/09

Монгол Улсын гавьяат жүжигчин Чинбатын Бат-Эрдэнэтэй ярилцлаа.  

-Дөрвөн жилийн өмнө алсын Ирланд руу сурахаар мордсон. Сургуулиа төгсөөд эх орондоо ирэх сайхан байгаа биз дээ. Ингэхэд та чинь яг ямар чиглэлээр сураад ирэв ээ? 
-Хоёр сарын өмнө Мон¬голдоо ирлээ. Цээж дүүрэн амьсгалаад сайхан байна. Энэ хугацаанд эх орноо, ах дүү амраг садан, Монголын ард түмнээ ямар их санасан юм бэ гэдгээ мэдэрсэн. Сургууль соёлын тухайд гэвэл мастерын дараахь сургалтад манлайлан удирдах чиглэлээр сураад төгслөө. 
 
-Удахгүй өөрийн бие даа¬сан тоглолтоороо Монголын ард түмэндээ бэлэг барих гэж байна гэж дуулсан. Хамгийн сүүлд таван жилийн өм¬нө тоглолтоо хийсэн байх аа?
-Бие даасан тоглолтоо хийлгүй бараг таван жил болчихсон байна. Энэ хугацаанд гэхдээ зүгээр байгаагүй.  Олон уран бүтээлчидтэй хамтран ажил¬лаж, амралтаараа хоёр гур¬ван ч дүү нарынхаа тоглол¬тыг зохион байгууллаа. Найз нөхөд, уран бүтээлч андууд, ард түмнийхээ хүсэлтээр тоглолтоо хийхээр болсон. Хэдэн жил уран бүтээлийн тоглолт хийгээгүй болохоор аятайхан тоглолт хийчих юм¬сан гэж л хичээж явна.  Дөрөвдүгээр сарын 17, 18-нд тоглохоор төлөвлөсөн. Анхны бие даасан тоглолтоо  2003 онд хийж байлаа. Тухайн үед нээрээ “Хонхны нулимс” тоглолт маань тэр үеийнхнийгээ хошууруулж л байлаа. Зохиолын дуу ид хүчээ авч байсан үеийг ч хэлэх үү. Түүнээс хойш  нийт долоон удаа бие даасан тоглолтоо ард түмэндээ тайлагнажээ. Зургаан удаа эх орноо нар зөв бүтэн тойрсон. Энэ удаагийн тог¬лолт ч гэсэн өмнөх тоглолтуу¬дын үргэлжлэл байх болно. Харийн оронд хэдэн жил боллоо. Монголчуудтайгаа, тэднийхээ халуун алга та-шил¬тан дунд хоёр оройг өн¬гө¬рөөмөөр бай¬на шүү. Дуучин хүнд урам зориг эрч хүч өгч байдаг халуун сэтгэл, алга ташилтыг ахин мэдэрмээр байна. Энэ удаагийн тоглолт “Хонхны нулимс”-ыг тоглох гэж байсан үе шиг л эрч хүч, энерги, сэтгэл догдлолыг на¬дад өгч байна даа. Тайзан дээрээ хурдан гарах юмсан гэж бодохоос цаг хугацаа хүртэл удаан өнгөрөөд ч байх шиг. Төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн болохоор санасанд нь хүртэл тоглочих юмсан л гэж хичээж явна. 
 
-Харийн оронд байхад Монголын тухай юу бодогдож байх юм. Тоглолтынхоо нэрийг “Монголын тухай”  гэж нэрийдсэн байсан? 
-Тоглолт маань “Монголын тухай” гэдэг нэртэй. Миний дуулсан уран бүтээлүүд тэрхүү цаг хугацаа “Монголын тухай” байсан бол цаашид ард түмэндээ хүргэх уран бүтээлүүд хүртэл “Монголын тухай” байх юм. Бид ер нь Монголынхоо тухай тэр сайн сайхан зүйлсийг дуулдаг юм байна. Уур амьсгалаас эх¬лээд аж байдал, үнэт зүйл, тэрхүү соёл бүрийг дуу бол¬гон ард түмэндээ илгээдэг нь дуучид бид юм. Нэг аав, ээжийн тухай дуулахад л Монгол аав, ээжийн тухай дуулдаг. Газар нутаг, эх орон, элгэн садан, уул ус, ургамал амьтан тэр бүгд Монголын тухай юм байна гэж бодсон. Р.Чойном агсны “Сүмтэй бударын чулуу” номонд
 
“Гүн зузаан хөвчийнхөө тухай
Гүйдэлгүй жороо мөрөн голынхоо тухай
Асгасан ч сав нь цагаан үлддэг сүүнийхээ тухай
Алдалсан ч үзүүр нь газар хүрдэггүй хадагны тухай” гээд шүлэг байдаг. Тийм ч болохоор би Монголынхоо тухай дуулах учиртай юм байна гэж итгэх болсон. Магадгүй дэлхий дээрх долоон тэрбум хүнээс би монгол гэж ялгарах онцлог нь энэ байж мэднэ. 
 
Харьд байгаа хүн бол эх нутгаа, тэр ахуйгаа үгүйлдэг юм билээ. Ирландад очоод эхний зургаан сар үнэхээр хэцүү байсан. Би ер нь юунд ирчихээд байна вэ гэж хүртэл бодогдсон. Хөгжчихсөн хот хөгжиж байгаа хот хоёрын хооронд асар их ялгаа бий. Гэвчиг бид юуны төлөө, хэний төлөө яваад байгаа юм бэ гэх бодол адгаж эхэлсэн. Өнөөдөр бид хэн байсан, хэн бай¬гаа, одоо хэн болох гээд бай¬гаа юм гэдгийг бүгдээрээ бие биенээ¬сээ асуумаар санагдсан. Бид америк, солонгос болох гээд байгаа юм уу эсхүл монголоороо байх гээд байгаа юм уу. Энэ бүхнийг тодорхой болгож гэмээнэ бид урагшаа зүтгэх ёстой. Эх орноо гад¬наас харахад болж бүтэж байгаа зүйл харагдаж байхад болохгүй байгаа нь харагдаж  л байна. Монгол¬чууд омогтой, ууртай болс¬ноос эхлээд янз бүрийн зүйл харагдаж байна шүү дээ. Яваандаа энэ бүхэн илаарших байлгүй. 
 
 
-Монголд ирээд Алтай нутгаараа очив уу. Өдийд уулсын сэрвээ¬гээр эрэмгийн салхин исгэрсэн нэг тийм таа¬вар ч гэмээр юм уу хавар болж байгаа байх даа?
-Сайхан хавар болж байгаа гэж бодож байна. Ах дүү хамаатан садангууд нутагтаа байгаа болохоор ийм байна, тийм байна гэж хэлдэг. Ирээд нутаг явж амжаагүй байгаа. Харин тоглолтоо дуусгаад 21 аймагтаа очиж ая дуугаа өргөнө. 
 
-Хэзээнээс аялан тог¬лолтоо эхлэх гэж байна вэ?
-Энэ сарын 22-ноос эхэлнэ. Нэг сарын дотор эх орноо бүтэн тойрчих болов уу гэж бодож байгаа. 
 
-Манай хамтлаг дуучид аялан тоглолт хийхээрээ аймгийн төв томоохон хотуудаар л явчихаад ирдэг. Тэдний цаа¬на өчнөөн суманд олон хүн уран бүтээлчдээр цангасан байдаг?
-Бүх сумдаар аялан тоглох боломж бий. Урлаг соёл хэнд  яаж хүрэх  вэ гэдэг Төрийн бодлого байх ёстой.  Соёлын тухай хуулинд ч байгаа. Уг нь сум бүрт ард иргэддээ үйлчилдэг урлагийн хүмүүс нь байгаа. Ч.Бат-Эрдэнэ бүх сумдаар очно гэвэл асуудал¬тай. Бүтэн жилийн хөтөлбөр боловсруулж байж бид сум бүрт очно. Магадгүй удахгүй тийм боломж нээгдэх биз. Өнөөдөр уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ олж буй хэдэн төгрөгөөсөө зардлаа гаргаад орон ну¬тагт очиж байгаа нь үнэлүүш¬тэй. Бидний хэдэн уран бүтээлчид жим гаргаснаас хойш Монголыг сарын дотор тойрдог болсон. Тэр жимээр л яваад байгаа. Удахгүй энэ өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. “Хонхны нулимс” тоглолтоо ард түмэндээ хүргэх гэж 45 хоногт монголоо тойр¬сон. “Хайрын хишиг” тоглол¬тоос эхлээд хугацаа нь богино болсон. Хамгийн сүүлд Г.Эрдэнэбат гавьяаттай хамт “Хит” тоглолтоо 28 хоногт бүх аймагт тоглосон. Бүх аймагт 28 хоногийн дотор уран бүтээлээ хүргэсэн хүмүүс бид хоёроос өөр байхгүй байхаа. 
 
-Ирландад байхдаа уран бүтээлээ хийж байв уу. Таныг гавьяат болоод л таг болчихлоо гээд байгаа?
-Гавьяат болчихлоо гээд өөрөө л дуулаад байх нь тийм ч сонин биш. Өөрийн дотор байгаа зүйлээ гадагш нь гаргахын тулд уран бүтээлч дүү нартаа олон ч уран бүтээл зориулан хийж өглөө. Бат-Эрдэнэ өөрөө дуулж, тоглолт хийж байснаас бидний араас гарч ирж буй нэгэн бүлийнхээ залуусыг дуучны дайтай болгочих юмсан гэж хичээлээ. Дуу¬чин Д.Намсрайноров, П.Идэр¬жавхлангийн тоглол¬тыг хийлгэлээ. Үүнийг хий¬хийн тулд би төр түмнийхээ хайр хишгийг хүртсэн гэж ойлгож байгаа. Дэлхий дээрх бүх хүмүүсийн дотор Бат-Эрдэнэ гэж хэн бэ. Ямар байх ёстой вэ гэдгээ мэдэхийн тулд би Ирланд явсан. Монголынхоо урлагийг хариас нэг харъя. Дэлхийн урлагийн үнэт зүйлийг судалъя гэж л бодсон. Бид дотор талдаа талцсан, бужигнасан хүмүүс байгаад байдаг гаднаас ямархан харагдаж байгааг мэдэхийг хүссэн. 
 
 
 
-Урлагийн салбарт ам барих явдлыг цэгцэлье гээд байгаа. Нийтийн дуучдыг л ам барьдаг гэлцэх юм?
-Нийтийн дуучид ам барьдаг гэж хэлээд байгаа хүмүүс өөрсдөө “но”-той. Дуучид ам бариад байгаа юм бол хэн нь ам бариад байгааг шалгаад гаргаад ир л дээ. Монголчууд хаана ч явсан  ардын дууны үргэлжлэл нийтийн дууг л дуулдаг, дуулцгааж байна шүү дээ.   Урлаг гээд нэг том мод байлаа гэхэд түүнээс салбарласан мөчрүүдийг алийг нь ч муу хэлж чадахгүй. Яагаад гэхээр энэ чинь өөр өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Өнөөдөр хошин урлагийг муулаад л байна. Гэтэл цаа¬на чинь хүмүүст өгөх ёстой эрч хүч, инээд баясал, тэмүү¬лэл, итгэл үнэмшлийг өгч чадаж байгаа. Үүнийг муу¬лаад л байж болохгүйтэй адил юм. Рок попын дуучин гэхэд л өөрийн үнэт зүйлтэй болохоор харин түүнийг нь судлах хэрэгтэй. Манайд энэ муу, энэ сайн гэсэн нэг ойл¬голт яваад байгаа. Ийм байж болохгүй. Сайн, муу гэдгийг хэн шүүгээд байгаа юм. Цаг хугацаа өнгөрсний дараа түүх шүүгээд өгнө. Харин түүхийг хэн ч шүүдэггүй. Түүнээс биш хэн яаж дуулж байна вэ гэдэг нь сонин. Дуучид болгон л өөр өөрс¬дийн гэсэн өнгөтэй шүү дээ. Дуугаа хэр¬хэн амьдруулж байгаа нь л сонин.  
 
-Сүүлийн үед дууны яруу найраг элгээрээ хэвтэж байна. Үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Шүлэг гэж яг юуг хэлдэг юм бэ. Тодорхойлсон тодорхойлолт байна уу. Б.Галсансүхийн “Бурхан чамд хэлэх нэг зөвлөгөө байна Чи битгий хуц аа” гээд энэ шүлэг л байна шүү дээ. Үүнийг хэн шүүх юм. Харин логикийн алдаа байж болно. Ээжийн тухай бичиж байгаад ээжийгээ чулуутэй зүйрлэвэл цагаан цайлган сэтгэл энэ тэр нь алдагдах жишээтэй. Юуг яаж бичиж байгаа нь чухал биш. Түүнийг хүн хүлээж авч байна уу гэдэг нь чухал байхгүй юу. Шүлгийг ингэж бичнэ гэх юм бол бүгд нэг хайрцаганд орсон шүлэг бичнэ биз дээ. Хүмүүс өөр өөрсдийнхөөрөө бичиж, туур¬виг хамаагүй. Би бол бүр халбага, сэрээ, ундааны соруул¬ны тухай дуу байхгүй байгааг гайхдаг. Яагаад энэ тухай бичихгүй байгаа юм бэ. Бичих ёстой шүү дээ. Тэр дууны шүлгийг ойлгохгүй бол дахин дахин унш л даа. Хүмүүс яруу найрагч, шүлэгч л гээд байх юм. Яг алийг нь яруу найрагч, алийг нь шүлэгч гэж нэрлэдэг юм бэ. Хүний оюунаас гарсан өмчийн бү¬тээ¬лийг нэг нөхөр шүүмжилнэ гэдэг их зориг байгаа биз. 
 
 
-Халтуурны гэгдэх захиалгын уран бүтээлүүд уран бүтээлийн үнэ цэнийг алдагдуулаад байгаа даа?
-Уран бүтээл бүтээх нь уран бүтээлчдэд нээлттэй ганцхан тэр нь хуулийн дагуу л байх ёстой. Ямарваа нэгэн зүйлд хэмжүүр тогтоох гэдэг учир дутагдалтай. Оюуны өмчийн хууль гэж айхтар том юм байна шүү цаана чинь Монгол Улсын хил гараад л бүгд адилхан л хүмүүс. Тий¬мээс бид бие биедээ хүндэт¬гэлтэй хандаж хийж байгаа уран бүтээлийг нь ч гэсэн шүүмжилхээсээ өмнө зөвөөр ойлгохыг хичээх хэрэгтэй. Үүнд хэмжүүр тавиад байх шаардлага ч байхгүй. 
 
-Тэгвэл “Халуун элгэн нутаг” шиг ч юм уу. Тийм сайхан дуу төрөхөө байжээ гэх болсон. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Би энэ ойлголтоос хол байдаг хүн. Уламжилдаа суу¬рилсан хөгжил яваад байгаа. Хөгжөөгүй юм бол энэ олон зохиолч байгаад яах юм. Тэр олон хөгжмийн зохиолч, дууч¬дыг сургаад яах юм. Эд юу бүтээх гээд ингэж олноороо төрөөд байгаа юм бэ. Нийгэм хөгжихийн хирээр цаг мөч бүртэй уралдан хүмүүс хөг¬жиж байна. Өглөө бүр хүмүүс шинэ сайхныг мэдэрч, харж байгаа. Уламжлал, шинэчлэ¬лээ аваад л явж байгаа гэж боддог. Үүнийг хөгжил гэж ойлгож байгаа юм уу эсхүл хүний амьдрал үргэлжилсээр байгаа гэж ойлгож байгаа юм уу. Монгол Улс хөгжөөд бай¬гаа юм уу эсвэл энэ чигтээ байсаар байх уу. Магадгүй бид 70 нас хүрчихээд “Бидний үеийнх шиг дуу гарахаа байж ээ” гэж байх ч юм билүү бүү мэд. Дууг хэдэн жил нас¬лахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. 
 
-Хувь хүмүүсийн салах нийлэх олонд хамаагүй ч дуучин Э.Оюумаа та хоёрын тухай янз бү¬рээр ярих юм. Саллаа, буцаад нийллээ гээд байгаа?
-Миний алдаа гэвэл энэ л байсан. Би ямар мундаг гайхалтай зүйл хийчихсэн биш үүнийг би яриад байхыг хүсдэггүй. Миний хувьд цамц¬ныхаа товчийг зөрүүлээд товчилчихсон байсан юм аа. Одоо харин зөв товчлох гэж хичээж байна. 
 
 
-Олон зүйл дээр сайхан ярилцлаа. Таны хувьд “Монголын тухай” тоглолтдоо шинэ уран бүтээлүүдээ дуулах уу. Эсвэл бусдын адил хуучин дуунуудаа дуулах гэж байна уу?
-Мэдээж шинэ уран бүтээ¬лээ үзэгчдэдээ хүргэнэ. Үүний зэрэгцээ шилдэг уран бүтээлүүдээ хүртэл эгшиг¬лүүлнэ дээ. Хуучны сайхан дуунуудаа сэргээн дуулах болно. 
 
-Таны дуу болгон өөрийн гэсэн түүхтэй байх. Гэвчиг үүн дотроо сэтгэлд тодхон дур¬самж үлдээсэн ямархан бүтээл байдаг бол?
-Яалт ч үгүй бүгд л өөрийн гэсэн түүхтэй. Яахав хамгийн сайхан дурсамжтай нь “Хонх¬ны нулимс” дуу минь юм аа. Бүх зүйл дээр л “Хонхны ну¬лимс” дуу хамгийн түрүүн сэтгэлд буудаг. Оюутан байх¬даа халаасандаа мөнгөгүй байхад Аранзаа ах, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Болормаа эгч хоёр надад туслаж хямд үнээр дууг нь минь үнэгүй шахам бичиж өгөөд л. Энэ мэтчилэн хараад байхад хамгийн дурсамжтай нь яах аргагүй “Хонхны ну¬лимс” байгаа юм. Ганц дуутай хүн шиг л “Хонхны нулимс”-аа ярьж байна даа. Гэхдээ анхны уран бүтээлд гэдэг бол яалт ч үгүй л дурсамжийн эхлэл юм.
 
Э.ЭНХБОЛД
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш