Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Тоомас Лукк, Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Алберто Браданини, Бүгд Найрамдах Филиппин улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, хатагтай Эрлинда Ф.Басилио нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан баяр хүргэж хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тоомас Луккийг хүлээн авч уулзах үеэрээ Эстони бол мэдээллийн технологи, цахим мэдээлэл өндөр хөгжсөн орон. Чөлөөт Wi-Fi, интернэтийн эрх чөлөөгөөр Эстони улс тэргүүлэх орны нэг болсон байдаг. Иймд мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах, туршлага судлах бололцоотой талаар ярилцлаа.
Хуучин социалист тогтолцоотой байсан Эстонид авлига их байсан ч олон жил тууштай тэмцэн авлигаас ангижирсан улс юм. Монгол Улс ч сүүлийн үед авлига огцом буурсан орны тоонд орсон. Энэ чиглэлд мөн хамтран ажиллах талаар ярилцлаа. Элчин сайд Тоомас Лукк хоёр орны харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллана гэдгээ илэрхийлэв.
Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Алберто Браданинитай уулзахдаа тус улстай жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар, нэхмэл, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл, дизайны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдаг талаар танилцууллаа. Монгол Улсын Элчин сайдын яамыг Италид байгуулаад удаагүй байгаа. Монгол Улс мал аж ахуйн гаралтай түүхий эдийн баялаг нөөцтэй. Үүнийг төрөлжүүлэн гадаадад гаргах, Монгол брэндийг дэлхийн зах зээлд гаргах чиглэлээр хамтран ажиллаж болох талаар уулзалтын үеэр ярилцав. Мөн Итали, Монгол хоёр соёл, түүхийн их өв сантай орнууд. Энэ чиглэлээр ч хамтран ажиллах талаар ярилцлаа.
Элчин сайд Алберто Браданини Ромын эзэнт гүрэн, Чингисийн эзэнт гүрнээс эхлээд хоёр улсын ард түмний ахуй амьдралд төстэй талууд байдгийг дурдав.
Бүгд Найрамдах Филиппин улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, хатагтай Эрлинда Ф.Басилиотой уулзахдаа эдийн засаг, бизнесийн чиглэлээр Монгол Улс Филипин улстай хамтран ажиллах чиглэлээр ярилцлаа.
Филиппин улс нь авлигын улмаас хөгжил нь удааширч байсан гашуун түүхийг ардаа орхиж авлигатай тууштай тэмцсэн орон юм. Монгол Улс ч авлигатай тууштай тэмцэж үзүүлэлт нь буурч байгааг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын уулзалтын үеэр тус улсын Төрийн тэргүүнтэй уулзаж сайн найзууд болсон. Давосын уулзалтад оролцож байхдаа Филиппиний Ерөнхийлөгчтэй мөн уулзаж байсан талаар дурдаад “Монгол Улсын Засгийн газар таны ажилд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Баяр хүргэе” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайд нарт хандан “Та бүхний үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам бүх талаар дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Элчин сайд нар талуудын харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.