Төслүүдийн танилцуулгыг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана” гэж үзвэл 4 дүгээр сарын 22 гээд зарлах болж байна. Мөн 8 дугаар зүйлийн 8.2.-д “Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна” гэсэн заалтыг үндэслэн энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах саналтай байна гэдгээ Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга танилцууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү сонгууль явуулах өдрийг хэрхэн тогтоосныг асууж, мөн УИХ-ын гишүүн Р.Бурмаа сонгуулийн зардлыг үндэслэлгүй өсгөсөнд шүүмжлэлтэй хандлаа.
СЕХ-ны дарга дээрх асуултад хариулахдаа, Сонгууль явуулах өдөр нь хуульд зааснаар энэ өдөр таарч байна. Үүнээс гадна саналын хуудас хэвлүүлэх, хүргэх хугацааг тооцсон гэж тайлбарлав. Үүнээс гадна сонгуулийн журам заавар хэвлүүлэх, гадаадад байгаа иргэдээс санал авах хуудас хүргүүлэх, сонгуулиар ажиллах хүмүүсийн зардлаас гадна сонгогчийн тоо 258 мянгаар, сонгуулийн тойргийн хороо 200-аар тус тус нэмэгдсэн байна.
Дахин санал хураалтын зардлыг 2013 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан сонгуулийн зардал болох 17,2 тэрбум төгрөгөөс гаргах нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд үзлээ .
Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.
Л.Баярсайхан