logo
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

2013/04/10

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын 2013 оны хаврын чуулганы анхны хуралдаанаа хийж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

   Уг хуулийн төслийг дагалдан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар мөн өргөн барьжээ.

   Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр гишүүдэд танилцуулж, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр дотоодын хөрөнгийн биржийн оролцогчдыг олон улсын арилжаанд оролцох боломжоор хангах, үнэт цаасны хадгаламжийн асуудлыг зохицуулахыг зорьж буйг мэдээлсэн. УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл шинэ хууль батлагдвал хөдөө орон нутгийн иргэд арилжаанд хэрхэн орох талаар асуусан бол УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өмнөх хуулиа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгааг шүүмжлээд  дахин шинэ хууль баталлаа гээд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэх талаар сонирхож байлаа. Гишүүдийн асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Хөдөө орон нутгийн иргэд брокер диллерийн компаниар дамжуулан оролцоно. Орон нутагт бид Хаан, Хас банкуудад зөвшөөрөл олгосон байгаа. Мөн цахим хуудсаар online хэлбэрээр оролцох боломжтой байхаар ажиллаж байна. Гэхдээ үүнийг заавал хуульчлах албагүй, хөрөнгийн бирж дотоод асуудлынхаа хүрээнд зохицуулах боломжтой” хэмээн хариулт өгсөн. Ингээд санал хураалт болж, хуралдаанд оролцсон 11 гишүүний ес нь дэмжснээр  чуулганы хуралдаанд оруулахаар болсон.

Н.Батбаяр: Монгол Улсын Хөрөнгө оруулалтын нэгдсэн хуультай болохоор ажиллаж байна

   Үүний дараа Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар асуух асуулттай гишүүн байсангүй.

  Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Манай улс төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хувьд тогторгүй байдал үүсч байна.  Ганцхан жилийн дотор гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурна гэдэг том асуудал. 2009 онд ийм нэг төсөл Засгийн газарт орж ирж байсан. 24 саналыг хууль санаачилсан хүмүүст нь өгч байсан. Тооцоо судалгааг нь үз гэсэн. Сонгуулийн өмнө энэ хууль батлагдаад явчихсан. Ер нь сонгуулийн өмнө ийм хууль баталдаг чинь зөв үү гэсэн. Сүүлийн үед эдийн засагтай холбоотой зүйл анхаарал татаж эхэллээ. Энэ хуульд ингэж өөрчлөлт оруулах биш, эсвэл энэ хуулийг байхгүй болгох. Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээ давах хэрэгтэй байна шүү дээ” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Харин хариуд нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Дэлхий ямар байдалтай байна тэр нь Монголд мэдрэгдэх нь ойлгомжтой. Тиймээс өөрсдийнхөө хувь заяаг гадныханд даатгах хэрэггүй. Өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй байна. Хамтран ажиллах саналыг хүлээж авна. Бид Монгол Улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль гэж нэгдсэн нэг хуультай болохоор төсөл дээр ажиллаж байна” гэлээ.

Харин “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2013 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн байнгын хорооны гишүүд хаалттай хэлэлцэв.

Чингис бондын орлого эдийн засагт эерэгээр нөлөөлсөн гэв

   Эдийн засгийн байнгын хорооны гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэлийн биелэлт болон Монголбанкнаас зарим яамдтай хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, байдлын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээллийг сонслоо. Түүний танилцуулснаар өнгөрсөн онд манай улсын эдийн засаг 12,3 хувийн өсөлттэй байсан бол алдагдал ДНБ-ийн 7,7 хувьтай тэнцжээ. Нийгмийн халамжид нэг ихнаяд төгрөг зарцуулсан бол нийт зээлийн 17 хувийг хэрэглээний зээл эзэлсэн нь 3 өссөн үзүүлэлт болсон байна. Энэ мэтчилэнгээр сүүлийн зургаан сар эдийн засгийн өсөлт буурч, харин энэ байдалд Чингис бондын орлого эерэгээр нөлөөлсөн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээллээ.

  Монголбанкнаас зарим яамдтай хамтран Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, шатахүүн, газрын тосны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах, өргөн хэрэглээний импортын барааны үнэ, нийлүүлэлтийг жигдрүүлэх, мөн барилгын салбарыг дэмжих гэсэн дөрвөн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ хүрээнд ч ахицтай үзүүлэлт гарж байгааг ч мөн хэлсэн юм.

 

Л.Жаргалмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш