logo
“Шинэчилж шийдье-222” уулзалтаар үндэсний баялаг бүтээгчдийг сонслоо

“Шинэчилж шийдье-222” уулзалтаар үндэсний баялаг бүтээгчдийг сонслоо

2013/04/10

Сap бүрийн хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр тодорхой салбарын асуудлыг шийдвэрлэх гарц хайдаг"Шинэчилж шийдье-222" хэлэлцүүлэг өнөөдөр “Хамтран ажиллаж, хамтдаа хөгжицгөөе!” уриан дор боллоо. 

Үйлдвэрлэлийн шинэ эрин үеийг эхлүүлэх бодлого хэрэгжүүлж буй Шинэчлэлийн Засгийн газарт бизнес эрхлэгчид талархлаа илэрхийлээд ярьснаа ажил болгох хурдаа улам нэмэхийг захилаа. “Импортын бүтээгдэхүүний дийлэнхийг дотооддоо үйлдвэрлэх боломж бидэнд байна. Баялаг бүтээгч та бүхэн хэрэгтэй бараа бүтээгдэхүүнээ гаднаас биш дотоодоосоо сонгоорой” гэж Ерөнхий сайд уриалаад бие биеэ дэмжвэл хөгжил ойрхон байгааг онцоллоо. 

 

Хэлэлцүүлгээр олон чухал санааг дотоодын үйлдвэрлэгчид дэвшүүллээ. Барилгын салбарыг дөрвөн улирлын ажлаар хангах зохицуулалтыг төрөөс хиймээр байна, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлье, мэргэжлийн холбоодоор нь дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүтээн байгуулалтын нэг гол хүч болгооч, дотоодын үйлдвэрлэгчдийн зах зээлийг импортын болон татварын бодлогоор хамгаалаач, ажил олгогчийг бус зөвхөн хөдөлмөр эрхлэгч иргэнийг хамгаалсан Хөдөлмөрийн хуулиа эргэн хараач, Монголд үйлдвэрлэсэн бараа худалдаалах төв байгуулж өгөөч, үйлдвэрлэл эрхлэгчдэд ихээхэн дарамт болдог НӨАТ болон түрээсийн төлбөрийг багасгаач, тендерийн хугацааг богиносгох, шат дамжлагыг цөөрүүлэх шаардлагатай байна зэрэг санал дэвшүүллээ. Мөн үйлдвэрлэгчдээ том жижгээр нь ялгаж байна, угтаа том нь жижгээ чирч хөгждөгийг анхаараарай гэлээ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг үйлдвэрлэгчдийн асуултуудад хариулт өгөөд, эх орныхоо бүтээн байгуулалт, баялаг бүтээх үйлсэд ажил олгогч, үйлдвэр худалдааны эздийн оруулж байгаа хувь нэмэр их, тийм ч учраас Шинэчлэлийн Засгийн газар үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад анхаарлаа илүү хандуулж байгаа юм шүү гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш