УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн асуултын хариуг УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа “Голдмен сакс” компанийг санхүүгийн зөвлөхөөр авч ажиллуулсан. Гэтэл Монголын талд зөвлөсөн тус компани нь “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигч “Айвенхуо Майнз Лимитед” буюу одоогийн “Туркойз Хиллс Ресурс” компанийн томоохон хувьцааг эзэмшиж, хувьцааны борлуулалтаас нь ашиг хүртэж байсан тухай дотоод гадаадын хэвлэл, сайтууд мэдээлсэн байна. Иймээс ашиг сонирхлын зөрчилтэй, гэрээнд оролцогч нөгөө талтай шууд холбоо бүхий компанийг Монгол Улсын Засгийн газар зөвлөхөөрөө сонгон ажиллуулсан болон тус компанийн зүгээс энэхүү мэдээллээ нуун далдалж Монголын талд мэдэгдэлгүй зөвлөгөө өгсөн үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг хамтад нь шалган судалж дүгнэлт гарган холбогдох материалыг ирүүлэх тухай асуултыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Уул уурхайн сайдад хандаж тавьсан байна.
Сайд Д.Ганхуяг гишүүний асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад санхүүгийн зөвлөхөөр ажилласан “Голдмен сакс” компани нь “Айвенхуо Майнз Лимитед” компанийн топ 10 хувьцаа эзэмшигч компанийн нэг болох нь судалгаагаар тогтоогдсон. Түүнчлэн “Голдмен сакс” компанийн 99 хувийн эзэмшилтэй охин компани болох “Голдмен Сакс Ассет Менежмент” нь “Айвенхуо Майнз Лимитед” компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд хөрөнгийн биржийн арилжаанаас тодорхой хэмжээний ашиг олсон байхаар байна.
Ашиг сонирхлын зөрчилтэй, гэрээнд оролцогч нөгөө талтай шууд холбоо бүхий компанийг Монгол Улсын Засгийн газар зөвлөхөөрөө сонгон ажиллуулсан болон тус компанийн зүгээс энэхүү мэдээллээ нуун далдалж Монголын талд зөвлөгөө өгсөн үйлдэл, эс үйлдэл байгаа эсэхийг Хууль зүйн яаманд тавьж дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Яамны зүгээс энэ талаар “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэ Оюутолгой” компаниудад тодорхой чиглэл өгөх болно. Харин “Голдмен сакс” компанийн зүгээс ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн албан тоот ирүүлсэн гэдгээ хэллээ.
Гишүүний асуултад сайдын өгсөн хариулттай холбогдуулан Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ж.Энхбаяр, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Н.Энхболд, Ж.Батзандан, Д.Ганбат нарын гишүүд Уул уурхайн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс зарим зүйлийг тодруулж, хариулт авлаа. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн энэхүү компани нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэхийг шүүх, арбитрын байгууллагаар нягталж тодруулах, хэрэв гэрээнээс үүдэж манай талд зохих хохирол учруулсан бол түүнийг барагдуулах, хариуцлагагүй гэрээ хийсэн эзэдтэй нь хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг асуулт асуусан гишүүд хэлж байлаа. Ер нь сүүлийн үед Монгол Улс, монголчууд баялгийнхаа эзэн байж чадахаа больсон, манай уул уурхайн лиценз эзэмшдэг гаднын компаниуд Монголын газрын баялаг дээр дөрөөлөн гадаадын хөрөнгийн бирж дээр их хэмжээний мөнгө босгож байхад түүнийг буцааж оруулж ирэх талаар анхаарал тавихгүй байгааг ч зарим гишүүн шүүмжилж байв. Сайдад асуулт тавьсан гишүүн Б.Бат-Эрдэнэ эцэст нь хэлэхдээ, асуултын хариуд яам тодорхой ажил зохион байгуулж судалгаа тооцоо хийж ирүүлснийг дурдаад сүүлийн үед гадаадын хөрөнгө оруулалт буурч байгаад Засгийн газар, салбарын яам улс төрийн өнгө аясаар хандалгүй зөв зүйтэй дүгнэлт хийж, бодитой арга хэмжээ авахын зэрэгцээ байгаль орчин, экологийн асуудалд анхаарал сулруулмааргүй байна гэлээ.
Дараа нь ОХУ, ХБНГУ-ын Элчин сайдын яамдын 2011-2012 оны улсын төсвийн, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, газар, байрны асуудалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн тухай тайланг сонслоо. Энэ талаар байнгын хорооны дарга Ц.Цолмон гишүүдэд танилцуулав.
Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор Байнгын хорооны даргын ахалсан ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сарын дундуур Монгол Улсаас ХБНГУ, ОХУ-д суугаа Элчин сайдын яамдын 2011-2012 оны улсын төсөв, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, бүтэц, орон тоо, зохион байгуулалт, газар, байрны асуудалтай танилцсан байна. Ингээд ажлын хэсэг бэлтгэсэн тайландаа дээрх Элчин яамдын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах, хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс цаашид авах арга хэмжээний талаархи зарим санал болон энэ талаар байнгын хорооноос гаргах тогтоолын төслийг гишүүдэд танилцуулав.
Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гарсангүй. Байнгын хорооноос Засгийн газарт хандаж Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Берлин хотын төвд 2012 онд худалдан авсан байрны хоёрдугаар давхрыг худалдан авах 1.2 тэрбум төгрөгийг 2013 оны төсөвт нэмж тусгах, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар байрны А болон Б корпусыг түрээсээр ашиглаж байгаа ОХУ-ын “Центр Регион Эстейт” компанитай холбоотой түрээсийн гэрээг дүгнэх, өр авлагын талаар түрээслэгчтэй хэлэлцээ хийж, үүссэн нөхцөл байдлыг эцэслэн шийдвэрлэх хоёр заалт бүхий тогтоолын төслийг гишүүд дэмжсэнээр энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.
Ш.Содномжамц