Малчид болон малчин өрхийг дэмжсэн эдийн засгийн бодлого үгүйлэгдэж байгаа учраас Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Я.Санжмятав, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн нарын гишүүдийн хамт санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2013-04-10/ өргөн барилаа. Жилийн дөрвөн улирлын эрсдэлтэй хүнд нөхцөлд үйлдвэрлэлээ явуулдаг малчид, малчин өрхийг жижиг дунд үйлдвэрлэгч хэмээн хуульчлахаар хуулиийн төсөлд тусгасан байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эдийн засгийн үр ашигтай өрсөлдөх чадвартай болгоход малчид хамгийн чухал үүрэгтэй байдаг. Малчид ажлын байраа өөрсдөө бий болгож, төр засагт ямар ч ачаалал дарамт үзүүлэхгүйгээр бие даан үйл ажиллагаагаа явуулж, амьжиргаагаа авч явахад нь энэхүү хуулийн төсөл чухал дэмжлэг болно хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Түүнчлэн малчид, малчин өрхийг дэмжсэнээр малчдын залуу халааг системтэйгээр бэлтгэх, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой болох юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.