Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн А.Бакей, “ Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлаад хэрэгжүүлж байгаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс монгол судлалыг хөгжүүлэх сан байгуулах тухай зарлиг гаргаад хэрэгжүүлээд явж байна. Тэгэхээр энэ хоёр бодлогын баримт бичиг хэрэгжиж эхлээд аль аль нь жил ч болоогүй хэрэгжилтийн эхний шатандаа байхад заавал Академи гэсэн бүтцийн байгууллага байгуулах шаардлага байгаа юу. Мөн монгол судлалын академи байгуулах эрх зүйн үндсийг судалж үзсэн үү. Монгол Улсын ШУА-ийн эрх зүйн тухай хуультай академи байгуулах асуудал хэр уялдаж байгаа вэ. Түүнчлэн монгол судлал гэдгийг зөвхөн дотроо ярьдаг асуудал биш гадаадын олон улсад монгол судлалаар олон жил хөдөлмөрөө зориулж ирсэн гадаадын эрдэмтэн судлаачид байгаа. Иймд монгол судлалын асуудлыг гадаадад хөгжүүлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгаж болсонгүй юу” гэсэн асуудлыг тавьж байлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн хариултдаа, “ШУА-ийн дэргэд Анагаах ухааны академи, ХАА-н академи зэрэг статус бүхий академүүд байдагтай адил монгол судлалын талаар төрийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол судлалын академи байгуулахыг зарчмын хувьд зөв гэж үзэж байгаа. Олон улсын монгол судлалын холбоо гэж байдаг. Монгол судлалыг таниулах, өвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй хэрэгжүүлж байгаа ч 15 жилийн хугацаанд 5 жилд нэг удаа хурал зохион байгуулснаас өөр дорвитой үйл ажиллагаа явуулаагүй. Тэр утгаар Монгол Улс өнөөдөр гадаадын судалгаан дээр суурилж, эсвэл тэдний гаргасан зүйлийг орчуулж монгол судлалаа ойлгох биш харин монгол судлалын үндсэн төв нь монголдоо суурилж монголд хүмүүс ирж судалгаа хийдэг байх, бид гадныхнаас зөвхөн мэдээлэл авдаг байдлаар судалгааг Монгол Улсад илүү төвлөрүүлээсэй гэж хүсэж байгаа. Тусгаар тогтносон аливаа улс орон шинжлэх ухааны салбарыг онцгойлон авч үздэг. Засгийн газар, Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг үгүйсгэсэн юм уу давхцуулсандаа бус хууль тогтоох буюу төрийн эрх барих дээд байгууллагынхаа хэмжээнд шинжлэх ухааны тэргүүлэх салбарыг монгол судлал гэж хэлж байгаагаараа онцгой ач холбогдол бүхий түүхэнд бичигдэх үйл явдал болох юм” гэлээ.
Хуралдааны явцад гишүүдийн зүгээс шинжлэх ухааны салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх асуудлыг дэмжиж байсан бөгөөд харин тогтоолын төсөл энэ хэлбэрээрээ болж байна уу үгүй юу гэдэг дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, статус, бүтэц зохион байгуулалт, хамрах хүрээг нь тодорхой болгож зөв шийдэл гаргах хэрэгтэйг хэлж байсан юм.
Эцэст нь тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв.
Хуралдааны удаах асуудал “Засгийн газарт үүрэг өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал байлаа.
Өмнө нь уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан бөгөөд энэ удаад тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Тогтоолоор төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын зориулалтыг өөрчилж Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газрын контор болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь холбогдох бодлого, хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Засгийн газарт үүрэг өгөх тухай асуудлыг хөнджээ.
Хуралдаанаар эхлээд эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 9 гишүүн уг саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ.
Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Тлейхан, О.Баасанхүү, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ нарын гишүүд байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудлаархи хууль тогтоомжийн талаар тайлбар хийж хуулиа биелүүлэхэд онцгой анхаарч санал дүгнэлтээ гаргахыг хүсэж байлаа.
Цаашид Байнгын хорооноос уг асуудлаар маргалдах талуудыг оролцуулалгүйгээр хөндлөнгийн мэргэжлийн хүмүүс оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Б.Янжинлхам