logo
Дэд бүтцэд 240 тэрбум төгрөг төсөвлөжээ

Дэд бүтцэд 240 тэрбум төгрөг төсөвлөжээ

2013/04/11
Засгийн газрын сайдууд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон харьяа яамдад хэрэгжүүлж буй бодлогоо танилцуулж буй. Үүний дагуу Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг үе, үеийн Засгийн газар хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл Засгийн газрын гишүүд солигдох бүрт өөрчлөгдөж, хувирдаг байлгахгүйн тулд Барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцжуулах нэгдсэн хөтөлбөртэй болохоор ажиллаж байгаа аж. “Өнгөрсөн Засгийн газрын үйл ажиллагаа, сонгуулийн хоосон амлалтаас болж зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд олгож эхэлсэн. Үүнээс болж иргэд хохирч, жагсаал, цуглаан хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Төрийн үйл ажиллагаанаас болж иргэд хохирох учиргүй гэж үзэн зургаан хувийн зээлийн хохирогчдын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа” гэдгийг Ц.Баярсайхан сайд онцолсон.

Иргэдээ орон сууцжуулахаар Засгийн газар 2003 оноос “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнээс  хойш нийт 29 мянган иргэн орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, эргэн төлөлт ч хэвийг явагдаж байгаа аж. Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлж байгаа учраас Засгийн газар найм, ес, эсвэл долоо хувийн хүүтэй хөнгөлөлттэй орон сууцны зээлийг олгохоор ярилцаж байгаа юм байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд инфляци, зах зээлийн үнэд нөлөөлөхгүйгээр хүүгийн хувийг тогтоохоор судалж байгаа гэнэ. Тиймээс ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг шийдвэрлэвэл албан ёсоор олон нийтэд танилцууна гэдгийг салбарын сайд нь хэллээ.

Үүнээс гадна дулааны улиралд барилгын материалын үнэ хөөрөгдөх, нийлүүлэлт багасах хандлага гардаг. Барилга, хот байгуулалтын яамнаас орон барилгын материалыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр арматур, цемент нийлүүлдэг аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгохоор гэрээн гарын үсэг зурсан. Ингэснээр үнэ нэмэгдэхгүй байх, одоогийн байгаа ханшид үнийг тогтворжуулж, үнэ нэмэгдэхгүй байхаас хамгаална гэж албаныхан үзэж байгаа юм байна.

Орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд энэ жил 17 хороолол шинээр барьж, тэдгээрийн дэд бүтцэд 200 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн нийслэлийн төсвөөс 40 орчим тэрбум төсөвлөж, нийт 240 тэрбум төгрөгөөр дэд бүтэц шийдэгдээгүй барилгын орон сууцны асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш