Зүүн хойд Азид Эрчим хүчний асуудлаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын механизмын Ахлах албан тушаалтнуудын хорооны ээлжит 8 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо 2013 оны 04 сарын 10, 11-ний өдрүүдэд явагдаж байна.
Уг механизм нь 1998 оноос үйл ажиллагаа нь эхэлсэн бөгөөд Монгол Улс, ОХУ, БНСУ бүрэн эрхэт гишүүн, БНХАУ ажиглагчийн статустайгаар үйл ажиллагаанд нь оролцдог.
Ээлжит 8 дугаар хуралдааныг Монгол Улсын Эрчим хүчний яам зохион байгуулж, удирдан явуулж байгаа бөгөөд гишүүн орнуудын Эрчим хүчний бодлого, зорилтод гарч буй өөрчлөлтийн талууд саналаа солилцлоо. Түүнчлэн Эрчим хүчний бодлого төлөвлөлтийн болон нүүрсний ажлын хэсгүүдийн 2012 оны судалгааны ажлын тайлан болон эрчим хүчний үр ашгийн талаар Зүүнхойд Азид хийгдсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Энэхүү хуралдаанд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат болон тус яамны Ахлах мэргэжилтэнүүд, Уул уурхайн яам болон Гадаад хэргийн яамдаас төлөөлөл оролцож байгаа бол БНХАУ, ОХУ, БНСУ-ын Эрчим хүчний яамны ахлах албан тушаалтнууд хүрэлцэн ирээд байгаа юм.
Дэлхий нийтийн эрчим хүчний чиг хандлага зөвхөн нэг улс орны эрчим хүчний эх үүсвэр хангамж төдийгүй үндэстэн дамнасан сүлжээг байгуулах нь үр дүнтэй гэдэгт чиглэж, энэ хуралдааны үеэр ч мөн Зүүн хойд Азийн орнууд санал солилцож байгааг зохион байгуулагч ЭХЯ-ны удирдлагууд хэлж байлаа.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт “Зүүн хойд Азийн орнууд эрчим хүчний салбарт хамтран ажиллахыг манай улс идэвхтэй дэмжиж ирсэн. Монгол Улсын хувьд Азийн орнуудыг эрчим хүчээр хангах, холбох гүүр болох боломжтой. Тухайлбал, Японы Засгийн газраас “Азийн супер сүлжээ” төслийг эхлүүлчихсэн байна. Манай улсадсэргээгдэх эрчим хүчний нөөц хангалттай байгаа учир энэ төсөлд хамтран ажиллах боломж бий. Энэ талаар бид Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний олон улсын хуралдаанаар мөн санал солилцож байсан бол одоо энэ бүс нутагт судалгаа хийж байгаа. Өнөөдөр талууд эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийн талаарх судалгааг танилцуулж байна” гэв.
Засгийн газар хоорондын ахлах албан тушаалтнуудын 8 дугаар хуралдаанд оролцож буйБНСУ-ын төлөөлөгч Kyung Sool Kim “Дэлхий нийт ногоон хөгжлийн зүг явж байна. Тэгвэл ногоон хөгжлийн тулах баганы нэг бол сэргээгдэх эрчим хүч. Монголд энэ талын нөөц их тул Зүүн хойд Азийн орнуудад сэргээгдэх эрчим хүч экспортлоход хамтран ажиллаж болно” хэмээн илтгэлдээ дурдаж байлаа. Хуралдаан маргааш үргэлжилнэ.
Эрчим хүчний салбарт хамтран ажиллах Зүүн хойд Азийн Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны механизмынүйл ажиллагаанд уг санаачлагыг анх байгуулагдсанаас эхлэн Монгол улс идэвхтэй хамтран ажиллаж ирлээ. Манай улс экспертүүдийн болон ажлын хэсгүүдийн уулзалтуудад оролцож, уг механизмын хүрээнд хийгдэж буй судалгаанд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.