logo
Баянхошууг Улаанбаатарын дэд төв болгон хөгжүүлнэ

Баянхошууг Улаанбаатарын дэд төв болгон хөгжүүлнэ

2013/04/11
Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл,  Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа  нар Баянхошууны иргэдтэй уулзлаа.  Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошуу орчмын 162 га талбай  бүхий газрыг Улаанбаатар хотын  200 мянган хүн амтай дэд төв болгон дахин төлөвлөж, хөгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Азийн хөгжлийн банкнаас Баянхошуу орчмыг хэрхэн дахин төлөвлөж, Улаанбаатар хотын дэд төв болгон хөгжүүлэх тухай төслөө иргэний танхимд цугласан иргэдэд  дэлгэрэнгүй танилцууллаа.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн баг Баянхошууг 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтад Азийн хөгжлийн банкнаас нийслэлд 500 сая ам долларын санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд 240 сая ам долларын хөрөнгөөр эхний 2 шатны ажлыг хийж хэрэгжүүлэхээр урьдчилан төлөвлөжээ. Эхний шатны ажлыг  2013-2018 онуудад хийж гүйцэтгэх бол 2 дахь үе шатны ажлыг 2015 оноос эхлүүлэн хийхээр тооцсон байна. Баянхошууг дахин төлөвлөж хөгжүүлснээр хамгийн чухал нь иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжирч, нийгмийн үйлчилгээ чанартай хүртээмжтэй болох юм.

Төслийн багийн төлөвлөж байгаагаар энэ хэсэгт 2,73 км бохир усны шугамыг барьж дэд төв хүртэл өргөтгөх, зам дагуу 6 км дэд бүтцийн шугам, 2 уурын зуух шинээр барих юм байна. Мөн Баянхошуу дэд төвд Бизнес хөгжлийн 2 томоохон төв, худалдаа үйлчилгээ бүхий 2 том цогцолбор, автомашины зогсоол зэргийг барьж байгуулахаар төлөвлөжээ. Гэхдээ энэхүү төлөвлөлтийн дагуу ажлаа эхлүүлэхэд тухайн хэсэгт оршин суугаа иргэдийн оролцоо хамгаас чухал гэдгийг онцлон хэлж байлаа. Баянхошууны иргэд бүлэг болон нэгдэж, дахин төлөвлөлтийн тухай мэдээ мэдээллээ солилцон хөрөнгө оруулагчидтай хэд хэдэн удаа уулзсан байна. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрөөс иргэдэд 3 сонголтыг өгч байгаа бөгөөд инженерийн дэд бүтцэд холбуулах зардлаа тухайн оршин суугч өөрөө төлж хашаандаа байх, эсвэл өөрийн эзэмшиж байгаа газрынхаа нэг хэсгээс  бүтээн байгуулалтад өгөөд үүнийхээ зардлаар инженерийн шугам сүлжээнд холбуулах, мөн хөрөнгө оруулагчидтай тохиролцсоны үндсэн дээр орон сууцаар газраа солих гэсэн сонголтуудыг санал болгож байгаа юм.

Уулзалтын үеэр Баянхошуу орчмыг дахин төлөвлөлтөд оруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа төслийн багийхан болон нийслэлийн удирдлагуудад Баянхошууны иргэд талархаж байгаагаа илэрхийлж, нэг өдрийн өмнө ч гэсэн тав тухтай тохилог байшинд амьдрах хүсэлтэй байна, тиймээс ажлаа яаравчлан эхлүүлэх хэрэгтэй гэж байлаа.  Азийн хөгжлийн банкны энэхүү төслийг УИХ-аар хэлэлцэж хэрэгжүүлэх эрхийг нь өгөх юм.
Маргааш Нийслэлийн Засаг дарга Долоон буудлын иргэдтэй уулзаж  Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн дахин төлөвлөлтийн тухай нээлттэй хэлэлцэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш