Урам бас хүсэл алга
С. Баярцогт “Би энэ дансыг нээх хэрэггүй байсан юм. Компаниа ч мөн орлогын мэдүүлэгтээ хавсаргах ёстой байсан. Би өөрийн нэр хүнддээ санаа зовохгүй байна. Харин гэр бүлдээ л зовниж байна. Одоогийн албан тушаалаасаа огцрох шийдвэрийг хувьдаа бодож үзэх нь зүйтэй болов уу” хэмээн дээрх консерциумд хэлсэн байсан.
Харин дараа тэр хэвлэлийн хурал зарласан. С. Баярцогт “Би энэ дансаа 2008 оны тавдугаар сард нээсэн гэсэн. Түүний хэлснээр “Legend Plus Capital Limited” компани улс төртэй ямар ч холбоогүй миний хувийн бизнес. Би энэ компаниа найзуудтайгаа байгуулж байсан. Гэхдээ энэ компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй нь үнэн. Тиймээс ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл С. Баярцогтын хамт нууц данстай гэдэг нь илэрсэн гадны албан тушаалтнууд хэдийн хуулийн хариуцлага хүлээгээд хэдийн эхэлчихсэн. Тухайлбал Францын төрийн өндөр албан тушаалтан одоогийн эрх барьж буй Францын “Социалист” намын лидерүүдийн нэг Жером Каюзак offshore буюу татваргүй бүсэд компани байгуулан түүний эхнэрийн нэр дээр 600,000 евро байсан нь илэрч Ерөнхий сайд Франсуа Олландын Засгийн газрыг бүхлээр нь чичиргээнд оруулсан.
Эдүгээ 60 настай Францын Төсвийн сайдын албыг хашдаг Жером Каюзак өнгөрсөн Баасан гарагт өөрийн сайн дураараа огцорч, танхимаас гарч буйгаа зарласан бөгөөд түүнд Францын цагдаагийн газраас түүнийг “татвараас зайлсхийсэн, хөрөнгө орлогын мэдүүлгээ хуурамчаар бөглсөн, нууцаар гадаадад их хэмжээний хөрөнгө оруулсан, орлогоо нуун дарагдуулсан” зэрэг олон шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон.
Энэ тухай мэдээллийг миний бие өнгөрсөн Даваа гарагийн Дэлхийн тойм мэдээллийн хөтөлбөртөө онцлон оруулж, үүрэг, хариуцлагын тогтолцоо Франц болон болон Монголд хэрхэн хэрэгждэгийг өгүүлсэн юм. Тодруулбал 600 мянган еврогийн нууц данстай нь илэрсэн Францын Төсвийн сайд албан тушаалаасаа огцорч, гэр бүлийн хамт байцаагдан, өргөст торны цаана суучихлаа. Харин манай УИХ-ын Дэд дарга 1 сая долларын нууц данстай нь илэрсэн боловч өөрийгөө бараг буруугүй, Ёс зүйн хороо шийдэх биз гээд гадагшаа нисээд явчихсан тухай харьцуулан өгүүлсэн.
Гэтэл өчигдөр ТВ-ийн захирал, сэтгүүлч эгч орж ирээд “Улмаа чи С. Баярцогтын тухай мэдээ хийсэн үү? Тийм бол яг юу гэж ярьсан юм бэ? Ойрын үед тэр талаар мэдээ хийхгүй шүү” гээд гараад явчих юм. Өөрөө энэ салбарт 20 жил болсон. Телевизийн нүүр царай болсон хүн. Яагаад? Яагаад? Яагаад…Би аль нэг улс төрийн намын гишүүн биш. Зүгээр л ажлаа хийж яваа залуу. Харсаар байж ийм шударга бус зүйлтэй миний үеийн залуус хэзээ ч эвлэрч чадахгүй. Худал, хуурмаг зүйлийн өмнө нүдээ аниад, чихээ дараад, амаа татаад суу гэж байгаа бол ёстой “ҮГҮЙ” гээд хэлчихье. Миний бие “Ийгл Ньюс” телевизийн Гадаад мэдээг хүмүүст хүргэхийн тулд өнөөг хүртэл хичээсээр ирсэн. Хэрвээ энэ мэтчлэн дарамт, шахалт үзүүлсээр байх юм бол ажил хийх ямар ч урам бас хүсэл алга…