Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авахаар тусгажээ.
Байнгын хорооны хуралдаан дээр гишүүн М.Энхболд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авах нь “хугацааны хувьд арай эрт байгаа, саналыг эрт авснаар маргаан үүсэх” зэрэг асуудлаар саналаа илэрхийлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар ирүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Нямдоржоос өөр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны 6 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар болж байна.
Ш.Содномжамц