Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалт, 10. 2 дахь хэсэгт заасны дагуу дахин санал хураалтын зардлын хэмжээг 397.4 сая төгрөг байхаар санал ирүүлжээ. Уг зардлын саналыг Сонгуулийн ерөнхий хорооны 2013 оны төсөвт зардлаас санхүүжүүлэхийг Байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн байна. Ингээд "Дахин санал хураалтын зардал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн гишүүн Р.Бурмаа хуулиараа сонгуулийн тойрог, хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүст цалин биш урамшуулал олгох ёстой, гэхдээ энэ зардлын хэмжээг их байна гэж үзэж буйгаа хэлсэн бол гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Эрдэнэ нар дахин санал хураалтын талаар иргэд мэдээлэл муутай байна, иймээс дахин санал хураалт явуулах өдөр, цаг, санал авах байруудын талаар иргэдэд мэдээлэл сайн өгөх талаар анхаарах хэрэгтэй байна гэлээ.
Ингээд "Дахин санал хураалтын зардал батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 63 гишүүний 42 нь буюу 66.7 хувь нь дэмжсэнээр УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ирэх ням гаригт явуулах дахин санал хураалтын зардлын дээд хэмжээг 397.4 сая төгрөгөөр батлах тогтоол батлагдлаа.
Дараа нь Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2013 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцсэнээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Ш.Содномжамц