logo
Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2013/04/12

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-04-11/ үдээс хойшхи хуралдаан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр үргэлжиллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, хуулийн төслийн талаархи Эдийн засгийн Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нар танилцууллаа.

Дээрх танилцуулгуудтай холбогдуулан Су.Батболд, Д.Дэмбэрэл, Л.Энх-Амгалан, Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, А.Тлейхан нарын гишүүд асуулт асууж хариулт авсан.

Гишүүдийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалт эрс багасч Монгол Улсыг тойроод байгаа мэдээ, мэдээллүүд байнга гарч байгаа нь хир бодитой байна вэ, 100 тэрбум төгрөгөөс доошхи гадаадын хөрөнгө оруулалтыг Засгийн газар шийдээд явж болохгүй юу , эдийн засгийн үзүүлэлт саарч хөрөнгө оруулалт 60 гаруй хувиар буурч байгаад судалгаа хийж байна уу, хөрөнгө оруулалтыг 49 хувиас давсан тохиолдолд УИХ-аар оруулж шийдвэрлэх нь  хэр зохистой   талаар асууж байсан юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хариултдаа, “Дэлхий дахинд эдийн засгийн хямралтай байгаас улбаалж манайд дэлхийн зах зээлийн үнэ нөлөөлж байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурч байх жишээтэй. Одоогийн байдлаар Тавантолгой компани нүүрсний ачилт хийхгүй байгаа. Алдагдалтай бизнес хийснээс хийхгүй байсан нь дээр. Яагаад гэхээр гэрээний нөхцөл ийм байдлыг үүсгэж байна. Гэрээг засахгүйгээр Монгол улс эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй байдалд орчихоод байгаа. Энэ талаар манай яам ажиллаж байна. Одоогийн мөрдөж буй хуулиар гадаадын хөрөнгө оруулагч 34 хүртэл хувь эзэмшвэл яам зөвшөөрөл олгож байгаа. Харин 34-өөс дээш хувь эзэмших тохиолдолд Засгийн газраас зөвшөөрөл авах журам гарсан. Ингэснээр хувийн хэвшлийнхэнд нэг шат дамжлага багасч байгаа юм. Энэ хууль гарснаас болж гадаадын хөрөнгө оруулалт багасна гэж үзэж байвал эндүүрэл. Бодож байгаа зүйлээ тал талаас нь дэмжээд болохгүй зүйлээ засч залруулаад хамтарч ажиллаад явах хэрэгтэй. гэлээ.

Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ц.Дашдорж, Н.Энхболд нар үг хэлсэн бол харин дэмжихгүй байгаагаа илэрхийлж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ж.Батсуурь, Р.Гончигдорж нар үг хэлсэн.

Ингээд Байнгын хорооноос хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71,7 хувь дэмжсэнээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.  

Б.Янжинлхам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш