logo
Түркчүүд Хархорин хотод нисэх буудал барина

Түркчүүд Хархорин хотод нисэх буудал барина

2013/04/12
Манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан тэргүүтэй зочид өнөөдөр /2013.04.11/ УИХ-ын дарга З.Энхболдод бараалхлаа.

        Уулзалтын эхэнд парламентын тэргүүн “Энэхүү айлчлал олон зууны түүхийн хэлхээ холбоотой  Монгол, Түркийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л  салбарт улам бэхжүүлэн хөгжүүлэх,  ялангуяа хоёр талын эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлийн хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн манай улсын гуравдагч хөрш, дэлхийд болон бүс нутагтаа нэр нөлөө нь улам өсч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд 16-д ордог Түрк улстай бид хамтын ажиллагаагаа бүх салбарт хөгжүүлэх, тэр дундаа эдийн засаг, нийгмийн салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байдаг гэдгээ илэрхийлсэн юм.

Ноён Рэжэп Тайип Эрдоан 2005 онд манай улсад айлчилж байсан юм байна. Тэрбээр найман жилийн өмнө Монголд ирж байснаас хойш Улаанбаатар хот их өөрчлөгдөж, хөгжил хурдацтай явагдаж байгааг хараад сэтгэл хангалуун байна хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын урилгаар айлчилж буй айлчлалын хүрээнд ач холбогдолтой олон хэлэлцээрүүдийг амжилттай хийлээ хэмээгээд түүхэн харилцаа холбоотой хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт үргэлжилж байна. Худалдаа эдийн засгийн чиглэлээр манай улсын хөрөнгө оруулалт 36 сая ам.долларт хүрсэн ч энэ нь бага тоо. Тиймээс цаашид илүү өргөн хүрээнд тухайлбал, эрчим хүч, дэд бүтцэд хамтран ажиллах бололцоотой гэлээ.

        УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгаас хоёр удаа, нэрсийн жагсаалтаар өнгөрсөн жил гурав дахь удаагаа парламентад сонгогдоод байна гэдгээ уулзалтын үеэр танилцуулаад Түркийн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу  олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ТИКА/ Монголын эртний нийслэл, Хархорин хотоос эртний Түрэгийн  Билгэ хаан, Культегин хаадын хөшөө дурсгал орших Хөшөө цайдам хүртэл 46 км засмал тавьсан нь тийш зорчих нөхцлийг үлэмж сайжруулсан хэмээн онцлон дурдсан. Түүнчлэн Хархорины нисэх буудлыг Түрктэй хамтран шинэчлэн байгуулахаар Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдааны үеэр яригдсанд баяртай байгаагаа илэрхийлээд энэ нь миний мөрөөдөл юм хэмээн мэдэгдсэн. Өвөрхангай аймгийн Хархорин суманд нисэх буудал баригдсанаар Түркийн иргэд Истанбул-Улаанбаатар-Хархорин чиглэлд онгоцоор ирж, өвөг дээдсийнхээ хөшөө дурсгалд хүрэх боломж нээгдэхийн зэрэгцээ аялал жуулчлал хөгжих ач холбогдолтой гарц болно хэмээн парламентын тэргүүн үзэж байгаагаа дурдсан юм.  Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Рэжэп Тайип Эрдоан Хархоринд нисэх буудал барих асуудалд хамтран ажиллахаа мэдэгдээд, Түркийн нисэх компани Монгол руу өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа ч дуулгалаа.

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Түркийн бүлгийн дарга А.Бакей Монголын парламент дахь бүлгээ танилцуулж Баян-Өлгий аймагт эрүүл мэндийн оношилгооны төв байгуулах болон бусад хамтын ажиллагаагаа энэхүү айлчлалаараа бататгаж  байгаад талархал илэрхийлсэн. Түүнчлэн хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

        Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга З.Энхболд Түрк улсын Үндэсний их хурлын дарга Жэмил Чичэкд  мэнд дамжуулж, тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьж байгааг уламжлахыг хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш