logo
Барилгын салбарынхан зөвлөлдлөө

Барилгын салбарынхан зөвлөлдлөө

2013/04/12

Барилгын салбарын удирдах ажилтны «Бүтээн байгуулалт-Хөгжил» зөвлөлгөөн өнөөдөр боллоо.  Зөвлөлгөөнд 600 гаруй төлөөлөгч оролцож  төрөөс барилгын салбарт баримтлах бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар сонсож, мөн санал бодлоо солилцов.

Зөвлөлгөөнийг нээж  УИХ-ын гишүүн, Барилга, Хот байгуулалтын Сайд  Ц.Баярсайхан “Бүтээн байгуулалт- Хөгжил”сэдэвт илтгэл тавьлаа.

Тэрээр илтгэлдээ: Барилга хот байгуулалт нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд ирсэн та бүхэнд ажлын их амжилт хүсье. Монгол улсад шинэ үеийн бүтээн байгуулалт үүсч хөгжөөд 87 жилийн нүүр үзэж улс орны барилгажилт, өнгө төрхийг бүтээгээд байна.

Иргэдээ орон сууцжуулах, нийгмийн дэд бүтцийг барьж байгуулах бодлого нийтийн өмнө тавигдаж үүнийг барилга нийтийн аж ахуйн салбарынхан  хэрэгжүүлж ирсэн.

Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед бий болсон барилгын салбарын бүтэц зохион байгуулалт, материаллаг бааз үйлдвэрлэлийн хүчин чадал зах зээлийн шилжилтэнд задарч манай салбарт зарим бэрхшээл  бий болгосон.  Гэвч үүнийг бид салбар бүртээ шийдэж ажиллахыг зорьж байна.

Бүтээн байгуулалтын ажилд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн тулд эрх зүйн зохицуулалт нэн тэргүүнд шаардлагатай. Тиймээс Монгол улсын иргэдэд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуультай хамтран хэлэлцэгдэхээр болоод байна.

 Мөн барилгын салбарын гол баримт болох “Хот байгуулалтын тухай хууль”, “Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсэг гарч олон улсын байгууллагын дэмжлэгээр хуулийн төслийн боловсруулалт хийгдэж байгаа.

Бүтээн байгуулалтанд анхаарах эрх зүйн болон, барилгын салбарын хамтын ажиллагаа, төлөвлөгөө, санхүүгийн төсөв тодорхойлох, барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэн ашиглах зэрэг асуудлыг илтгэлдээ дурьдав. 

Монгол улсын эдийн засаг өсч бүтээн байгуулалтын шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх эхлэл барилгачид, барилга, нийтийн аж ахуйн салбарын ажилтан та бидэнд ирээд байна. Тиймээс мэдлэг чадвар ,арга барил, туршлага, хүсэл эрмэлзэлдээ тулгуурлан их бүтээн байгуулалтандаа амжилт олохыг хүсч байна гэсэн юм.

Барилга, хот байгуулалтын яам бие даан байгуулагдснаас хойш найман сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг зөвлөлгөөнд оролцож буй салбарынхандаа өглөө.

Барилгын салбарыг авч яваа бүтээн байгуулагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээсэн мэндчилгээг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан сонордууллаа.

Мөн энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөдөлмөрийн дэд сайд Ж.Батхуяг нар бүтээн байгуулалтын салбарын хөрөнгө оруулалт, ажиллах хүчний талаар мэдээлэл хийв.

Барилга угсралт, нийтийн аж ахуй, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэл гээд салбарын бүхий л удирдах ажилтнууд цугларах зөвлөлгөөнд Барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Хот байгуулалт, барилгын зураг төслийн институт, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн удирдлагууд оролцож  хэлэлцүүлэг өрнүүллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш