logo
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал өргөн барилаа

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал өргөн барилаа

2013/04/12
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар УИХ дахь МАН-ын бүлгийн 25 гишүүн гарын үсэг зурсан саналыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд огцруулах хүсэлтийг ирэх долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэв. Үүний дараа МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Я.Содбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах зургаан үндэслэлийг танилцуулсан юм.

Нэгдүгээрт, Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчин Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчийг томилсон. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхийн өмнөх өдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамжаа хүчингүй болгож, ингэснээрээ Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө өөрөө хүлээн зөвшөөрч нотолсон.

Хоёрдугаарт, Тагнуулын ерөнхий газрын дэд даргыг томилсон захирамжаа Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны өмнөхөн хүчингүй болгож, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнөө дахин хүлээн зөвшөөрч нотолсон.

Гуравдугаарт, Төрийн албаны хуулийн дагуу тангараг өргөсөн төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг олноор нь хоморголон халж, хууль бус томилгоонуудыг хийж, хүний эрхийг ноцтой зөрчин ажилгүйдлийн тоог нэмсэн.

Дөрөвдүгээрт, иргэн бүрийн Үндсэн хуулиар хамгаалагдсан итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, олон телевиз, вэб сайтын үйл ажиллагааг хаасан.

Тавдугаарт, хоёр хөршийн асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн.

Зургадугаарт, нийгэм, эдийн байдал дордож буйд эрх баригчдын анхаарлыг хандуулах зорилгоор олон мянган иргэд жагсаж, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Зарим нутагт хаваржилт хүндэрч байхад Засгийн газраас нэг ч сайд газар дээр нь очиж байдалтай танилцаагүй хэрнээ уг асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстой Ерөнхий сайд Н.Алтанхуяг олон хүний амь насыг эрсдэлд оруулан ууланд мөргөх хувийн аялал, зугаалгаар явж, цас шуурганд төөрөн, нүсэр эрэл хайгуул хийхэд хүргэн олон арван сая төгрөгийн үргүй зардал гаргуулж, ард иргэдийг түгшээж байгаа нь ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл юм.

Иймд удаа дараа хууль зөрчиж, Засгийн газрын ажлыг зангидан зохион байгуулах үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, дээр дурдсан ноцтой алдаа дутагдлуудыг гаргасан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал өргөн барьснаа мэдэгдлээ.

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг долоо хоногийн дотор байнгын хороо, долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг ажээ гэж УИХ дахь МАН-ын бүлгийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш