logo
Энэ өдрийг шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн эсрэг өдөр болголоо

Энэ өдрийг шинэ үеийн хэлмэгдүүлэлтийн эсрэг өдөр болголоо

2013/04/12
Өнөөдөр буюу 4 сарын 12-н нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлан авч яваад нэг жил болсон өдөр. Энэ өдөр МАХН-ынхны хувьд Монгол Улсад шинэ хэлмэгдүүлэлт эхэлсэн өдөр. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хууль хяналтын байгууллага баривчлан авч явахаас эхлээд шүүж, яллах, хорих цагдах бүрийдээ хууль зөрчиж хүний эрхийг уландаа гишгэж байсан тухай олон баримтыг МАХН-ынхан дэлгэн гаргасан. Тэгвэл тэд энэ өдрийг Монгол Улсыг нөмрөөд байгаа шинэ үеийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, эсэргүүцэх өдөр болголоо.
    Энэ өдөр МАХН-ынхан олон арга хэмжээ зохион байгуулсан. Өчигдөр тэд улс төрийн хэлмэгдүүлэлтийг судалдаг судлаач, эрдэмтэд, АНУ, Франц зэрэг орнуудын Элчин сайдуудтай хамтран Чингис зочид буудалд “Ардчилал ба улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Харин өнөөдөр МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлагууд болох Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян хэвлэлийн хурал зарласан юм.
    Хэвлэлийн хурлыг нээж УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Бид өнөөдөр Монгол Улсад шинэ үеийн хэлмэгдүүлэлт хэн бүхнийг айлгаж байгааг харж байна. Ардчилсан нийгэм тогтоод 20 гаруй жил болж байгаа манай оронд хэн нэгэн олигарх өөрийн эрх ашгийн төлөө шударга үнэний дуу хоолой болсон хүмүүсийг барьж хорьж байна. Тэд шүүх, хууль хяналтын байгууллагыг өөрсдийн гар хөл болгож олон хүнийг хэлмэгдүүлж байгааг бид хамтдаа эсэргүүцэх ёстой” гэсэн юм. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “МАХН-ын дарга, “МАХН, МҮАН-ын шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаярыг улс төрийн зорилготой, хүч түрэмгийлэн, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг бүдүүлгээр зөрчин баривчилсан 2012 оны 4 сарын 12-13-нд шилжих шөнийн гутамшигтай үйл явдлаас хойш даруй нэг жил өнгөрсөн байна. Өчигдөр болсон эрдэм шинжилгээний бага хурлаар хэлмэгдүүлэлийн золиос нь хэн болох түүнийг таслан зогсоохын тулд юу хийх ёстойг эрдэмтэн судлаачид ярилцлаа. Ингээд Монгол улс, улс төрийн хэлмэгдүүлэлтийн улмаас улс төрийн хоригдолтой улс болон хувирсан, МАХН-ын дарга Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр нарт тулган оноосон ял гэгч нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй, Монгол улсад бодит байдлаар оршин тогтнож буй улс төрийн хэлмэгдүүлэлтийн эх үндэс болсон МАНАН-г устгахаас нааш улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох боломжгүй. Хэрэв одоо ч байсаар байгаа зүсээ хувиргасан МАНАН-г бүрэн устгаж чадах юм шударга ёс жинхэнэ утгаараа тогтож, бидний зорьж байгаа тэр ардчилсан нийгэм тогтох болно” гэсэн юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш