Хөдөө орон нутагт ажиллаж байгаа багийн эмч нар айлуудаар явж малчидтай уулздаггүй гэсэн шүүмжлэлийг иргэд хэлжээ. Зарим хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх төлбөрт нь эм тариа, шинжилгээний мөнгө нь орохгүй, мөнгө нэмж авч байна гэсэн гомдлыг эмнэлгийн нэр зааж ирүүлжээ.
Их, дээд сургуулийн зарим оюутан 70 мянган төгрөгийн тэтгэлгээ аваагүй байгаа юм байна. Тэд тэтгэлэг олгогдохгүй байна гэж 11 11 төвд ханджээ.
Хүний хөгжлийн сангийн мөнгөө авч амжаагүй болон амьжиргааны түвшнээс доогуур орлоготой зарим иргэд хүнсний талонд хамрагдаж чадахгүй байна гэжээ. Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас иргэдийн асуултад хариу өгөхдөө “Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөгөө аваагүй иргэдэд 2013 онд багтаан олгоно. Хүнсний талоны асуудлаар судалгаанд хамрагдсан хүмүүст олгож байгаа. Одоогоор нэмж хамрагдах өрхийн судалгаа явуулах эсэх нь шийдэгдээгүй байна” гэжээ.
Нийслэлийн зарим байрны халаалт хангалтгүй байна, хөнгөлөлттэй үнээр зарагдаж байсан нүүрс борлуулах цэг цөөрлөө, нөөцийн махны олдоц муу байна гэсэн гомдол олон иржээ.
Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдлыг холбогдох хүмүүст явуулан хариу өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.