Залуучуудыг аялал жуулчлалд өргөнөөр хамруулах, тэдэнд хямд зардлаар, сонирхолтой маршрутаар аялж, мэдлэг мэдээлэл авч, шинэ соёлтой танилцуулах боломжийг олгох зорилгоор МЗХ дэргэдээ “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг байгуулж, өнгөрсөн 3-р сараас идэвхтэй үйл ажиллагаа эхлүүлсэн. Монгол залуу хүн таны заавал очиж үзэх хэрэгтэй дурсгалт газруудыг багтаасан, залуучуудыг эх оронтойгоо танилцуулах, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулах “Хээрийн цай” явган аялал маргааш буюу 04-р сарын 13-наас эхлэн зохион байгуулагдаж байгаа юм байна. Дэлхий дээр сансарт хүн анх хөл тавьсан олон улсын сансар судлалын түүхт өдрийг тохиолдуулан энэ удаагийн явган аялалыг сансар огторгуй, одон орон судлалын талаар оюутан залуучуудад тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэл олгох, танин мэдэх сэтгэгдлийг төрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулж байгаа гэдгийг онцоллоо. Цэвэр агаарт явганаар аялж, түүх соёлын дурсгалтай газруудаар зочлох аялалд Монгол Улсын баатар, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуай оролцож, оюутан залуучуудтайгаа сонирхолтой нээлттэй яриа өрнүүлэх гэнэ. Харин дараагийн явган аялалыг дэлхийн номын өдөрт зориулж энэ сарын 27-нд зохион байгуулах юм байна. “Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв”-өөс явган аялалыг 2 долоо хоногт нэг удаа зохион байгуулж байхаар тогтжээ.