logo
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоолоо

2013/04/12
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнөөдөр /2013.04.12/ Төрийн ордноо хэвлэлийн хурал хийж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тухай мэдээллээ.

  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 5.1 дэх заалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2011 оны 04 дүгээр сарын 5-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөг байхаар тогтоосон байдаг.

   Уг хуулийн 5.4 дэх заалтад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жилд нэг удаа тогтоож байх, ингэхдээ нийгмийн түншлэлийн аль нэг тал эсхүл талууд хамтран Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх санал гаргаж, түүнийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороогоор хэлэлцүүлж, шийдвэрлэхээр заажээ.

   Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар шинэчлэн тогтоож, энэ оны 09 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр талууд шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх хэмжээнээсээ 36,7 хувиар нэмэгдэж байгаа аж.

  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж буй ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм .

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш