logo
”Бүдэг улаан од”-ны туяанд ..

”Бүдэг улаан од”-ны туяанд ..

2013/04/12
"Өөрсдийгөө энэ ертөнцийн хамгийн ухаантайд тооцдог хүмүүс бид оюун ухааны тийм ч гайхам чадавхи бүхий мундаг бодьгал хараахан биш бөлгөө". Эдүгээ 70 насны босгонд дөхөж ахай Замбалгаравын Жадамбаа гуайн "Бүдэг улаан од" номынхоо өмнөтгөлд ийн бичжээ. Үнэхээр ч хэдий гэгээрсэн бурхан л бус бол хүмүүн төрөлхтөн оройгүй эрдмийн дээд ном лугаа нэвтрэн орчлон ертөнцийг бараан сүүдэр бүхнээс ангижруулах "мундаг бодьгал" болон хөгжих хөгжлийн нэгэн нэгээхэн шатандаа л явна. Далд ертөнцийн нууц бүхнийг ил болгох зохиолчийн сэтгэлийн учиг хөвөрсөөр энэхүү ном бүтсэн түүхтэй ч гэнэ.
Чухам юуны учир яагаад гэсэн олон асуулт уншигчдын сонирхолыг татаж, бодлыг хөтлөх учраас энэ тухай хожим өгүлье. Харин одоо Замбалгаравын Жадамба гэгч хэн болох тухай цөөн үгийг эвлүүлэн бичвэл: Гуравдагч ертөнцийн үзэл сурталгүй материалыг нам засгийн хэвлэлд тавихыг санаархагч, ногоон талбайд "буруу хэрэг" тарьчихаад сургуулийн захирлын тушаалаар хөөгдөх дөхсөн "гэмтэн", бакалныхаа түрийнд 12 мөнгөний дэвтэр нугалж хийчихээд лекцийн танхимын арын ширээнд "гүн нойрсогч" гээд олон зүйлийг анд нөхөд нь ярина. Нэгэн зүйл сонирхуулахад бүрх малгайнаас салдаггүй толгой нь орой дээрээсээ аль хэдүйн халзарсан ч шооч, нэг хүний үгийг нэг л удаа сонсоод гайхалтай хурдан ургуулан сэтгэгч яг л хэвээрээ байгаа гэнэ лээ. Энэ занг нь ангийн нөхөд нь "Энэ нөхөр хичээл хийдэггүй байсан, тэгсэн хэрнээ дандаа онц авдаг хэмээн атаархаж" байсан цагаа дурсан сууна.
Монголд бурхан багшийн, Далай ламын англи хэл дээрх сургаалийг орчуулсан гуравхан хүн байдгийн нэг нь энэ эрхэм. Харин үүнийгээ их л даруухнаар "Би амьдралдаа хоёрхон удаа нийтлэл бичсэн. Тэгээд л хэдий эмч хэрнээ утга зохиол гэдэг ертөнц рүү хальтарч орсон доо" гэх.
Түүний дөнгөж саяхан хэвлэлтнээс гарсан "Бүдэг улаан од" романы тухай төрийн шагналт, ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн: "Далд ертөнц, дотоод сэтгэлийн гайхамшигт хүчин чадлыг мөнх хөх тэнгэр бидэнд харамгүй хайрласны үр шим, адал явдал, ер бусын тохиолдолуудыг  эндээс унших" хувьтайгаа хэлснээр "Бүдэг улаан од"-ны туяанд "гэгээрье". Түүний олон сайхан бүтээл бий. З.Жадамбаа нь Сайн ноён хан аймгийн Далай жонхор  вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд мэндэлсэн бөгөөд түүний "Бүдэг улаан од" роман нь тайлагдашгүй оньсого, байж болшгүйд тооцогдож асан олон үйл явдал, үзэгдэлийг тайлан илчилэхэд оршсон аж. Тэрээр хүний их эмч мэргэжилтэй МУ-ын эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, АНУ-ын намтар судлалын хүрээлэнгийн 2000 оны Мянганы алтан медалийн шагналт, НҮБ-ын Ази номхон далайн нийгэм, Эдийн засгийн комисст суух ДЭМБ-ын төлөөлөгчөөр олон жил ажилласан ч утга зохиолын ертөнцөөс тусгаар байж чадахгүй, бүтээл туурвихгүй явах нь  байж болзошгүй зүйл болохыг 80 гаруй бүтээлээрээ харуулж яваа нэгэн юм. Түүнийг нь ч МУ-ын СГЗ Одончимэд "залуу зохиолч", Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав "Уншдаг романы амьд түүх, даанч хожуу гаргаж байгаа нэгэн" хэмээн ёгтлох нь ч бий. Гагцхүү энэ удаа энэ номынх тухай арай чадан хэдэн үг эвлүүллээ. Удахгүй уншигч таныг зохиогчтой нь, түүний дотоод сэтгэлтэй нь уулзуулах болно.


































Д.Батсүх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш