logo
Ерөнхий сайдтай хамт

Ерөнхий сайдтай хамт "төөрсөн" залуус зарцуулсан зардлыг эргүүлэн төлөх болжээ

2013/04/12
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бурхан халдун ууланд авирч, "Улс орон, ард түмнийхээ хойч ирээдүйг даатган мөргөх" гэж яваад “төөрч”, “аврагдсан”  нэгэн дуулиантай асуудалд хуучраагүй байна.  Эгэл эх хүүхдийн амийг аврах гээд чадалгүй хил давуулан ор сураггүй алдсан Онцгой байдлын албаны удирдлагууд  харин ч энэ удаа авъяас чадвараа гаргасан билээ. Төрийн түшээ, гүйцэтгэх засаглалын тэргүүний амь нас улс оронд чухаг нь үнэн. Үүргээ биелүүлсэн аврагч албан хаагч дайчдын буруу ч үүнд юу байхав. Тэд амь насаа золин байж үүргээ л биелүүлдэг хүмүүс. Харин энгийн иргэн хөлдүү мөсөн дээр үрээ тэврээд амь насаа алдах гээд тэмцэж байхад нисдэг тэрэг, мөнгө төсөв нь олдохгүй байсан нь бодит үнэн.  Ард иргэдийн дургүйцэл, тохуурхалыг хөдөлгөсөн энэхүү асуудал дээр өнөөдөр дахин тос асгаж, гал өрдсөн үйл явдал болсон нь ерөнхий сайдтай хамт төөрсөн 70 хүний төлөөлөл гэгч  хувиараа бизнес эрхлэгч хэсэг залуус өөрсдийг нь аврах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг  "Эх оронч сэтгэлгээ гарган" хуваан төлөхөөр болсон тухайгаа өнөөдөр мэдээллээ. Хүний төлөө зарцуулах ёстой, гэхдээ хөрөнгөтэй нь эргүүлээд төлчихдөг татвар төлөгчдийн мөнгө гэж ийм байдаг ажээ. Тэр хэсэг залуус ийнхүү "ерөнхий сайдыг цээжээрээ хамгаалж", мөнгөтэйгээрээ аархаж байхаар сэтгэл гаргаад "Аврагч, тусгай албаныханд зориулсан тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авч өгнөө" гээд мэдэгдсэн бол ард олны чихэнд арай дөт дуулдах байсан болов уу. 

Санал бодлоо сийрүүлсэн өчүүхэн татвар төлөгч ХАРАМЧ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш