logo
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжинэ

2013/04/13

Хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилго бүхий Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4-р сарын 15-наас хэрэгжиж эхлэх гэж байна.

 Шинэ хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлын хүрээнд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу авсан хуульчийн гэрчилгээ эзэмшигч хуульч нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэхийн тулд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй.

 Бүртгэлийг 2013 оны 4-р сарын 15-наас хойш 90 хоногийн хугацаанд Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнд биеэр ирж болон Хуульчдын нэгдсэн мэдээллийн сан буюу www.jurists.gov.mn вебсайтанд хандана уу.

Хуульч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.

 1.Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягтыг www.jurists.gov.mn сайтаас татаж авах/;

2.Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан журмын дагуу авсан хуульчийн гэрчилгээний эх хувь;

           3.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа, бусад хуульч нар аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэтгэц, наркологийн кабинетын магадлагаа/.

 Таны энэхүү хуульчдын нэгдсэн бүртгэлд суурилж Хуульчийн анхдугаар их хуралд оролцох эрх болон Хуульчийн холбооны гишүүнчлэл нээгдэнэ.

 Дээрх хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ хүчингүй болно гэдгийг анхаарна уу

 Холбогдох мэдээллийг www.jurist.gov.mn, www.legalinfo.mn буюу Хуульчдын нэгдсэн мэдээллийн сангаас авна уу.

 Хууль зүйн яам

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш