logo
Долоон буудлыг Дарханаас 2 дахин том хот болгон хөгжүүлнэ

Долоон буудлыг Дарханаас 2 дахин том хот болгон хөгжүүлнэ

2013/04/14
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж. Баянхошуу дэд төв , Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж хөгжүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих  төслийг эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14-р хороо, Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хорооны иргэдтэй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл,  Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа  нар уулзлаа.

Долоон буудал орчмын нийт 156 га талбайг Улаанбаатар хотын 2 дахь дэд төв болгон хөгжүүлэхэд 200 мянган хүн амыг хамарсан үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой хот сүндэрлэн босно гэж урдчилан төлөвлөөд байна. Энэ нь Дархан хотоос 2 дахин том  хот болно гэсэн үг юм. 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар энэхүү Сэлбэ дэд төвийг байгуулж хөгжүүлэх бөгөөд Азийн хөгжлийн банкнаас  500 сая ам долларын санхүүжилтийг олгох юм.

Сэлбэ дэд төвд урдчилан төлөвлөж байгаагаар парк ногоон байгууламж, оршин суугчдын соёл амралтын 2 томоохон хүрээлэн барихаас гадна, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг мөн барихаар төлөвлөж байна. Гэхдээ Азийн хөгжлийн банкны энэхүү төслийг УИХ-аар хэлэлцэж хэрэгжүүлэх эрхийг нь өгөх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш