УИХ-ын гишүүн Д.ДЭМБЭРЭЛТЭЙ ярилцлаа.
-Чуулганы нээлттэй зэрэгцэн энэ хаврын улс төрийг МАН эхлүүллээ. Жижиг намууд, иргэний хөдөлгөөнийхний хийдэг байсан гудамжны жагсаал зохион байгуулах улс төрийг яагаад сонгов оо. Ер нь ингэх ямар шалтгаан байсан юм бэ?
-Нийгмийн байдлаас л тухайн үеийн улс төр шалтгаалдаг шүү дээ. Засгийн газрын ажлын үр дүнг сайтар харвал анхаарах ёстой зүйл олон гарч ирлээ. Сөрөг хүчний хувьд Засгийн газарт хяналт тавих, шаардлага тавих ажлаа эрчимжүүлсэн нь ерөөсөө л нийгмийн захиалга. Яагаад хаврын улс төр ингэж эхлэв ээ, улс төр л хийж байгаа юм биш үү гэж харах хэрэггүй. Энэ бол хоосон улс төр огт биш. Бодит шаардлага, шалтгаан байсан учраас бид жагссан юм.
-Тэр шаардлага, шалтгаанаасаа нэрлэж болох уу?
-Юмны үнэ өслөө. Мах л гэхэд кг нь 10 мянган төгрөг болж, зарим тохиолдолд 12 мянгад хүрлээ. Уг нь үнийн өсөлтийг хязгаарла гэж нийтдээ 780 тэрбум төгрөгийг улсаас Засгийн газарт гаргаж өгсөн юм шүү дээ. УИХ-аас өмнөх үе үеийн Засгийн газарт хэзээ ч үнийн өсөлтийг зохицуул гэж ийм хэмжээний мөнгө өгч байсангүй. Инфляцыг зохих төвшинд бариарай гэж боломжоор нь хангаад байхад юмны үнэ асар өсөөд байгаагийн шалтгааныг Засгийн газартай ярих ёстой биз дээ. Бас Засгийн газрын амлалтад яриад буй ажлын эхний үр дүн гарах цаг болсон. Энэ Засгийн газар ажлаа эхлүүлээд найман сар болчихлоо. Тэгэхээр ажилд нь дүгнэлт хийж, зохих шаардлага тавих нь зүйн хэрэг. Жишээ нь, өрийн асуудлыг ярья.
УИХ гадаад зах зээлд нийтдээ таван тэрбум ам.долларын бонд гаргах эрхийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу 1.5 тэрбум ам.доллар босгосон ч тэр мөнгөөрөө үлдэцтэй, ирээдүйтэй, бүтээлч ажил огт хийсэнгүй. Өөрөөр хэлбэл, өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах, бүтээн байгуулалтад зарцуулах эсэх нь одоог хүртэл тодорхойгүй явна. Ийм байж таарах уу. Одоо ганц тодорхой байгаа зүйл нь Монголбанкны хийж байгаа менежмент. Банкаар менежмент хийлгэх гэж Монгол Улсын Засгийн газрын нэрийг барьцаалж ийм их мөнгө авсан хэрэг үү. Үүндээ Засгийн газар тодорхой хариулт өгөх ёстой.
-МАН "Чингис" бондын хүүг авсан өдрөөс нь хойш тоолж байгаа. Одоо хэд хүрч байна вэ?
-Тийм ээ, тоолж байгаа. Хүүгийн зардал 35 тэрбум төгрөгт хүрчихсэн. Гаднаас мөнгө авчраад тэрэндээ хүү төлж байгаа нь ер нь зөв юм уу. Дотоодод ч гэсэн мөнгөний эх үүсвэр бий. Иргэдийн мөнгөн хадгаламжийг би энд хэлж байна л даа. Тэр 35 тэрбум төгрөгийн хүүгээ гадаадад төлж байснаас ард түмэндээ төлсөн бол арай л дээр байхсан. Энэ утгаар нь харвал тэр бонд одоо тийм ч ашигтай зүйл биш болж хувирлаа.
-Мэдээж шүүмжлэх нь сөрөг хүчний үүрэг байх. Тэгвэл цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх тухай МАН-ын санал ямар учиртай юм бэ. Популист алхам уу. Энэ тухайгаа тайлбарлаач?
-Энд ард түмний амьжиргааны асуудал. Инфляц өсч, юмны үнэ гүйцэгдэхээ байлаа. Гэтэл цалин, тэтгэвэр, тэтгэмж нь нэмэгдэхгүй хэвэндээ л байна. Уг нь энэ бүхэн тодорхой бодлоготой явах ёстой юм. Одоо яаж байна. Хүнээ л хохироохгүй гээд байгаа хэрнээ хамгийн ихээр хүнээ хохироож байна шүү дээ. Хуучин бол нэг зарчим баримталдаг байсан юм. Иргэдээ хохироохгүй гэсэн зарчим. Жишээ нь, инфляц 14 хувьд хүрэхэд бид цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь нэмж байлаа. Өөрөөр хэлбэл, 30 хувь цалин нэмэгдэж, 14 хувь инфляц өсөхөд зөрүү 16 хувь нь ард иргэдийн амьжиргаанд тус болдог. Одоо яаж байна. Инфляц 10 хувь өсчихөөд байхад цалин, тэтгэврийг нэмэхгүйгээр иргэдийг энэ хэмжээгээр ёстой цэвэр хохироож байгаа биз дээ. Тэгэхээр энэ бодлого зөв үү. Тиймээс л цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Үүнийгээ ч тэр гудамжинд болсон цуглааны үеэр ард түмэндээ хэлсэн.
-УИХ-д бүлэгтэй сөрөг хүчин гудамжинд жагсаад байгааг зарим хүн шүүмжилж байна лээ. Та түрүүнд гудамжны улс төр хийх хэлбэрийг сонгож авсан шалтгаанаа тоймтой яриагүй. Яагаад УИХ дахь гишүүдээрээ, намын бүлгээрээ дамжуулж улс төр хийхгүй байгаа юм бэ?
-Яагаад гудамжинд жагсаал, цуглаан хийв гэхээр парламентад бидний үгийг сонсох механизм одоог хүртэл гүйцэд бүрдээгүй. Энгийн жишээ татъя. МАН-ын бүлгийн гишүүд нэг л Байнгын хороонд харьяалагдаж байгаа. АН болон эвслийн бүлгийн гишүүд болохоор гурван Байнгын хороонд харьяалагддаг. Өөрөөр хэлбэл, тэд гурван Байнгын хороон дээр санал өгч байхад бид нэг л санал өгөх эрхтэй явна. Энэ бидний эрх гурав дахин доогуур буюу нэг ёсондоо тэнцвэртэй биш байдалд л ажиллаж байна. Тиймээс тэнцвэртэй биш байдлыг нөхөхийн тулд болбол хэвлэл мэдээлэлд ярих, болохгүй бол ард түмнийхээ дунд гарч ярилцах зайлшгүй шаардлага гарсан. Ер нь бол парламентын ардчилал хумигдлаа. Би хувьдаа үүнд сэтгэл зовниж л сууна.
-Зарим улстөрчийн тайлбараар бол харин ч илүү ардчилсан тогтолцоог нэвтрүүлж байгаа юм биш үү?
-Ардчилал, ардчилал гэж яриад байдаг. Үнэндээ ардчиллыг хөгжүүлэхийн тулд Монголд парламентын ардчиллыг бэхжүүлэх ёстой гэж би хувьдаа үздэг. Яагаад гэвэл, парламент нь ардчилсан байж чадвал тэр улс орны хэмжээнд ардчилал цаашаа явах боломжтой. Тэгэхгүйгээр парламентын ардчиллаа хумьчихаад, ганц нэгхэн нам давамгайлах байдлаар бүх асуудлаа шийдээд явна гэдэг угаасаа эргэлзээтэй зүйл. Хэн ч ийм ардчилалд эргэлзэнэ. Хяналтгүйгээр нэг нам туйлаад байвал ардчилал гэж хэлэхгүй.
-Хяналт тавих үүрэг нь аль ч утгаараа МАН-д, сөрөг хүчинд ногдсон биз дээ?
-Харин тийм. Гэхдээ түрүүнд Байнгын хороодоор жишээ авч хэллээ шүү дээ. Хуулиар олгогдсон эрхээ, боломжоо ашиглаж чадахгүй байна гэж. Үүнээс үүдэж хяналтын асуудалд ч сэтгэл зовж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл байна. Биднийг хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байхад цаана нь хэвлэл, мэдээллийн том хяналт байдаг байв. Гэтэл одоо дангаараа улс төрийн ноёрхол тогтоож байгаа хэсгийн гарт хэвлэл, мэдээллийн болон хяналтын зонхилох хэсэг нь шилжжээ. Тэгэхээр хяналтгүй болчихож байгаа юм. Ингэхээр яах уу. Цөөнх нь муу хяналттай, хэвлэл, мэдээлэл нь нэг талдаа шилжчихсэн тохиолдолд бид ард түмэнтэйгээ холбогдож ярих, тэднээс туслалцаа авах ёстой шүү дээ. Манайхан талбай дээр очиж үгээ хэлж байгаа нь үүнтэй л холбоотой. Арга буюу цөөнх өөрийн ашиглах ёстой боломж хаагдаад байхаар л гудамжинд гарч байгаа хэлбэр. Энэ нэг их сайн жишиг бол мэдээж биш. Гэхдээ дэлхийн бусад орны парламентад байдаг л зүйл.
-Хаврын чуулган нээгдэхтэй зэрэгцэн засагт байгаа намууд бас үл ойлголцолтой байгаа нь мэдэгдэж эхэллээ. Жишээ нь, хамтарч засаг барьж буй хэрнээ Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг МАХН хөндөх боллоо. Сайд огцруулах асуудлаар та ямар байр суурьтай байна вэ?
-Хууль зөрчсөн, ажлын хариуцлагагүй байна гэж үзэж байвал огцруулах асуудал ярьж болно. Асуудал тавигдаад ирвэл бид үнэхээр хууль зөрчсөн эсэхийг ярих л ёстой.
-Засгийн газар найман сарын хугацаанд дорвитой ажил хийсэнгүй гэлээ. Огцруулах асуудал тавих гэж байгаа гэсэн мэдээлэл байна?
-Ер нь бол Засгийн газарт шаардлага тавьсан. Үндсэн хууль зөрчсөн олон тохиолдол гарсан байна. Энэ чинь юу вэ гэж. Хоёрт, хууль зөрчсөн үйлдлүүд зөндөө гарлаа. Эндээс үндэслээд Засгийн газрын Ерөнхий сайд огцрох төвшинд байгаа. Ёс суртахууны хариуцлагын үүднээс үүнийг ухамсарлаж ажиллабал таарна. Засгийн газар өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Хууль зөрчсөн үйлдэл бүртээ Ерөнхий сайд уучлаарай би шийдвэрээ өөрчиллөө гээд өнгөрөөд байх хариуцлагагүй байдал бий болно. Энэ бол буруу жишиг.
-МАН-ын Удирдах зөвлөлөөс, бүлгээс Засгийн газарт хариуцлага тооцно гэсэн байна лээ. Энэ нь яг юу гэсэн үг вэ?
-Удирдах зөвлөл, намын бүлгээр яриад Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс энэ асуудлыг УИХ-д нэг их удахгүй оруулахаар болсон.
-Ерөнхийлөгч чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ тогтвортой байдал хамгийн чухал гэж байсан. Өөрөө ч бүрэн эрхийнх нь хугацаанд нэг ч Засгийн газар огцроогүй гэдгийг онцолж байна лээ. Танайхан хурал хаяад гарсан болохоор Ерөнхийлөгчийн үгийг сонссон эсэхийг сайн мэдэхгүй л байна. Засгийн газрыг тогтвортой ажиллуулж болохгүй гэж үү?
-Сонссон л доо. Улс орны хэмжээнд тогтвортой байдал бий болгоно гэдэг том ойлголт. Мэдээж Засгийн газраа аль болох тогтвортой ажиллуулах нь зөв. Гэхдээ зохисгүй үйл ажиллагаа явуулаад байхад нь тогтвортой байлгана гээд Засгийн газрыг хамгаалаад байж болох уу. Тэгж таарахгүй л байх.
Өнгөрсөн дөрвөн жилд бид Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хичээж тэр нь улс төрийн тогтвортой байдал бий болгож байсан. Манайд одоо хамгийн ноцтой асуудал бол улс төрийн тогтворгүй байдал улс орны хэмжээнд бий боллоо. Үүнийг сөрөг хүчин л тогтворгүй байдалд оруулж байна гэвэл буруу. Гол нь намуудад ижил тэнцүү, адилаар хандах ёстой юм. Эрх барьж байгаа улс төрийн хүчин нь парламентад илүү эрх эдэлж таарахгүй. Тэгэхээр намууд хоорондоо тэрсэлдэх, хэрэлдэх, маргалдах байдал руу шилжиж байна. Ингэхээр улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Хоёрт, шударга биш байдал их байна. Нэг нам нь өөрийгөө хамгаалсан үйлдэл л яваад байгаа.
Сонгуулийн дараа ийм явдал их газар авсан. Ардын намын гишүүдийг л авлига, хээл хахуулийн хэрэгт холбож шалгаад л. Энэ нь өөрөө парламентыг дотор нь эвгүй болгож байгаа юм. Улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа бас нэг зүйл нь парламентад итгэл өгч ажиллах тухай ойлголт байдаг. Сая чуулган дээр хэлсэн Ерөнхийлөгчийн үг нэг намын талыг давамгайлж, эсвэл нэг намынх нь дандаа буруу гэсэн нийгмийн сэтгэл зүйг бий болгох гэсэн янзтай байв. Энэ бол парламентад сайн зүйл үзүүлэхгүй ээ. Төр дандаа иргэдийг хохироодог, иргэд дандаа хохирдог гэвэл худлаа. Төр гэж хэнийг хэлээд байгаа юм бэ. Парламентын засаглалтай болохоор парламентаа хэлж байгаа юм уу. Ийм байдлаар иргэдийг төрийнх нь эсрэг болгож байгаа нь аюултай тогтворгүй байдлын үндэс болно.
Намууд хоорондоо мөргөлдөөд, иргэд төр хоёр хоорондоо мөргөлдөөд, тэнд шүүх хуулийн байгууллага асуудлыг шударга биш байдлаар, нэг талын өнцгөөс авч үзээд л тогтворгүй байдал ингэж л бий болж байна. Улс төрийн тогтвортой байдлыг хамгаалъя гэвэл ганц засгийг бөөцийлөх биш эдгээр дурдсан асуудлыг багцад нь авч үзэж тэнцвэржүүлэх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхоос 60 хувиар буурлаа. Энэ бол улс төрийн тогтворгүй байдал, хэтэрхий нэг намын давамгайлал бий болсонд гаднынхан эргэлзэж буйн илрэл. Улс төр нь тогтвортой байвал хөрөнгө оруулагчид итгэнэ.
-Сүүлийн үед бүх юмыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбож байх шиг байна. МАН, МАХН эвсч орох уу гэсэн асуулт байна. Жишээ нь, чуулганыг зэрэг хаяж гарч байгаа нь анхаарал татсан.