logo
Засгийн газар орон сууцжуулах бодлогоо зарлалаа

Засгийн газар орон сууцжуулах бодлогоо зарлалаа

2013/04/15

Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох, иргэдийг орон сууцжуулах асуудлаар Засгийн газар хуралдаж, бодлогоо гаргалаа.

2012 оны байдлаар манай улсын нийт хүн амын 23,8 хувь, Улаанбаатар хотын хүн амын 40 хувь нь орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч байна.

Шинээр баригдаж бүрэн ашиглалтад орсон, 80 ам.метрээс дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийг жилийн 8 (-,+1) хувийн хүүтэй, 20 хүртлэх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг баталж, ипотекийн зээлийг арилжааны бүх банкуудаар дамжуулан иргэдэд олгох ажлыг зохион байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгалаа.

 Мөн орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зорилгоор 2013-2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, санхүүжилтийн асуудалтай байгаа орон сууцны барилгуудын судалгааг үндэслэн үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулахыг үүрэг болголоо.

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг боловсруулан батлуулж, 2013-2014 онд 1300 айлын түрээсийн орон сууцыг барих ажлыг зохион байгуулах үүргийг мөн өглөө.

Ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох талаар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар Төрийн ордонд гарын үсэг зурлаа.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн уялдааг хангах замаар хүртээмжийг сайжруулах, орон сууцны үнийг тогтворжуулах ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгоход хамтран ажиллахаар энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Орон сууцаар дамжиж хуримтлал бий болдог зөв тогтолцоо руу шилжих учраас Засгийн газрын энэ санаачилга, хөтөлбөрийг дэмжиж байна гэж Монгол банкны Ерөнхийлгөч Н.Золжаргал хэлэв.

Иргэд ажилтай, орлоготой л байвал орон сууцны урт хугацааны зээлд хамрагдах боломжтой болж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш