logo
Монгол Улсын иргэний санал өгөх эрхийг зөрчсөн гэж үзлээ

Монгол Улсын иргэний санал өгөх эрхийг зөрчсөн гэж үзлээ

2013/04/16
УИХ-ын 26 дугаар  тойрогт явагдсан дахин санал хураалтын тухай хэлэлцэв. 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулах үеэр Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон санал өгөх эрх зөрчигдсөн байна гэж Ардчилсан намын бүлэг үзэв.  26 дугаар тойрогт явуулсан дахин санал хураалтад хэн ялсан нь чухал биш, харин хууль зөрчсөн асуудал гарсан тухай бүлгийн гишүүд авч үзлээ.

Учир нь Монгол Улсын Их Хурлын 26 дугаар тойргийн хорооны дарга М.Баасандоржийн гарын үсэгтэй  гуравдугаар сарын 28-ны өдрийн  тойргийн хорооны тогтоолд “2013 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 07.00-20.00 цагийн хооронд дахин санал хураалт явуулсугай” гэсэн нь  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан “сонгогчдын саналыг санал авах өдрийн 07.00-22.00 цаг хүртэл хугацаанд  санал авах байранд авна, 46 дугаар зүйлийн 46.1-д хэсэгт санал тоолох ажиллагааг 22:00 эхэлнэ” гэж заасныг зөрчиж байгаа аж.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд  2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр өөрчлөлт оруулж, 07.00-20.00 цаг байсныг 07.00-22.00 цаг болгон өөрчилсөн байдаг. Арваннэгдүгээр сард болсон Баянзүрх дүүрэгт явуулсан дахин санал хураалт уг хуулийн дагуу явагдаж байсан аж.

Тиймээс сонгуулийн тойргийн хороо 400 орчим сая төгрөгийн төсөв зарлагадаж явуулж буй дахин санал хураалтын асуудалд хууль зөрчсөн шийдвэр, тогтоол гаргасныхаа төлөө ямар хариуцлага тооцох тухай  СЕХ-ноос  шаардах ёстой хэмээн Ардчилсан намын бүлэг үзлээ. 

Бүлгийн хуралдааны төгсгөлд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажилласан байдлын  талаар гишүүдийн санал бодлыг сонсов. Хөдөө орон нутагт бүтээн байгуулалтын ажил эхлэхийг хүлээж буй хүлээлт  өндөр байгаа тухай бүлгийн гишүүд онцлов. Мөн Улаанбаатар хотод хийгдэх ёстой зарим ажил саарч  байгаа, ялангуяа тендертэй холбоотой асуудлууд цаг хугацаа болоод графикийн хувьд хоцорч буйг санууллаа. Хөрөнгө оруулалт цаг хугацааны хувьд алдагдаж болзошгүй байгаа учраас Засгийн газарт  ажлаа шуурхайлах нь зүйтэй гэсэн үүргийг өгөхөөр болов. Хэдийгээр Шинэчлэлийн Засгийн газар нэлээд том ажлуудыг нуруун дээрээ үүрч байгаа ч гэсэн орхиж болохгүй, яаралтай шийдэх зохих ажлууд байна гэдгийг Ардчилсан намын бүлгийн гишүүд хэлж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш